• Өнөөдөр 2024-03-29

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ МАН-ЫНХНЫ ХАВРЫН УЛС ТӨР БУЮУ УЛС ТӨРД ОРШИН ТОГТОХЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН

2023-03-02,   818

       Хаврын улс төр идэвхжиж эхэллээ. Чуулган эхлээд л улс төрийн хоржоонтой, халуун үйл явдлууд эд өрнөж, унтаа улс төр сэрнэ. Унтаа улс төр сэрэхтэй зэрэгцээд улстөрчдийн увайгүй бичлэг, элдэвтэй зураг, хор хутгасан харилцан яриа зэрэг юу л байна тэр нь дэлгэгдэх гээд хавтастай баримтууд хууль хяналтын байгууллагын ширээн дээр овоолоотой байгаа нь гарцаагүй. 
 

 

      Намрын чуулганаас хойш найр наадмын амралтдаа гарч, Үндсэн хуулийн өөрчлөлтийн ухуулгыг хот, хөдөөгүй хийсэн гишүүд Төрийн ордонд 10 гаруйхан хоногийн дараа цуглаж, хэн даргатай нэгдэж, хэний фракцтай нийлж, хэрхэн улс төрд амьтай үлдэх вэ, гэдэг ширүүхэн өрсөлдөөн ч өрнөх нь. Энэ хаврын чуулган өнгөрсөн удаагийн чуулганы хуралдаануудаас илүү халуун, “амьтай”, маргаантай, өрсөлдөөнтэй байж ч мэдэхээр байна. 
 
     Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ынхан төрд “эргэлт” хийж, төрийн эрхэнд удаан тогтнох уу, үгүй юү гэдгээ шийдэх том тэмцэл, чухал өрсөлдөөн эхлүүлэхээр зэхээд буй. Иймдээ ч гишүүнээр сонгогдсон хэдэн улстөрчөө дарга нар нь дуудаж, улстөржүүлэх сэдэв тус бүрээ тус тусад нь хувааж өгөөд, хэл амаа билүүдэх, попрох эрхийг нь өгчихсөн суугаа нь тодорхой. 
 
      Өчигдөр гэхэд л Эх орончдын өдрөөр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намуудыг Төрийн ордонд цуглуулж, Үндсэн хуульд гар хүрэх, цаашлаад сонгуулийн тогтолцоог өөрчилж, ирэх намар сонгууль хийх тухай ч яриад амжина лээ. Ингэхдээ улс төрийн намуудын санхүүжилтийг нээлттэй ил тод болгож, засаглалын өөрчлөлт хийнэ гэх зэргээр тулган шаардах, үүрэгдэх, захирангуй шийдвэрүүдээ  танилцуулсан. Ухаандаа одоогийн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 улс төрийн намыг амьтай болгож, улс төрийг жинхэнэ утгаар нь идэвхжүүлнэ гэх агуулгыг ч энэ үеэр цухас дурдсан. 
 
     Тэрбээр энэ талаараа “Авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээгчийн тухай хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулна.
 
   “Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад пасспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд оруулна” хэмээн улс төрийн намын төлөөллүүдийг тойруулж суулгаад албан ёсоор зарлачихсан. 
 
     Улс төрийн намуудтай өнгөрсөн хугацаанд ханцуйндаа наймаалцаж, Үндсэн хуулийг дэмжүүлэх санаагаа олон нийтийн өмнө илэрхийлж байгаа агуулга цухас анзаарагдаж байв. Ерөнхий сайдын эл үйлдэл яалт ч үгүй улс төрийн одоогийн болон өнгөрсөн цаг үеийн бүх улстөрчдөд өгч байгаа том сануулга. Хэн нь улс төрд тогтож, хэн нь улс төрөөс бүрэн мөсөн арчигдах вэ, гэдэг улс төрийн жинхэнэ тулаан ирэх хавар эд эхлэх гэж байна даа. Мэдээж, өмнөх болон одоогийн улстөрчид Ерөнхий сайдыг хазааргүй морь шиг сул давхиулахгүй нь тодорхой.
 
      Наанадаж, Засгийн газраас хэрэгжүүлэх таван Ш ажиллагаанд онилогдчихсон улстөрчид Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын одоогийн гал тогоог баригчдын эсрэг хариу үйлдэл үзүүлж, улс төрд оршин тогтохын төлөөх жинхэнэ дайн эхэлнэ. 
 
      Хаврын чуулганаар шуурхайлах гол ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн тоглоомыг өөрчилж, ард түмэнд дасал болсон мажоритар тогтолцоог холимог болгож, шинэ өөрчлөлт оруулсан гэх хуучин технологийг нэвтрүүлнэ. Парламентын тогтолцоотой ч улс төрийн намууд нь хангалттай төлөвшиж чадаагүй манайх шиг улсад сонгуулийн хуучин арга барилаасаа салах, улс төрийн шинэчлэлийг ор үндсээр нь өөрчлөх хэцүү. гэхдээ хуучин арга барилаараа улс төр хийхэд түүнээс хэцүү энэ үед өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Тиймдээ ч хуучин тенхологио боловсронгүй болгож, иргэдийг төөрөгдүүлэх замаар дараагийн улс төрд бэлдэх 80-аад оныхны шинэ төлөвлөгөө нь энэ болоод буй.
 

        Шинэчлэл хийнэ гэж байгаа ч нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Одоогийн улс төрийн гал тогоог баригчид хуучин арга барил, хуучин технологиор өнөөдрийг улс төрд гарч ирсэн учраас, хуучин гишүүдээсээ бүр мөсөн ангирч чадахгүй. Энэ богино хугацаанд өөрчлөлт хийх нөхцөл ч бүрдээгүй. 

 
         Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэх тооцооллоор хуучин гишүүдээ татах нэг тактик шинэ төлөвлөгөөнд багтсан гэдгийг ч энэ сануулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийг тоог 108 болгож, сонгуулийн холимог тогтолцоогоор сонгуулиа явуулаад хуучин гишүүдээ намын жагсаалтаар оруулах тооцоололтой Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төлөвлөгөө бий. Энэ тухайд Ерөнхий сайд өчигдрийн хэлэлцүүлгээр “Гишүүдийн тоо нэмэхийг ард нийтээр зөвшөөрүүлж чадвал сонгуулиа холимог тогтолцоогоор явуулъя. Үгүй бол хуучин тогтолцоогоороо үзэлцэхэд бэлэн байна” хэмээн санаагаа тодорхой хэлчихсэн. Их хуралд суудалтай гурван нам гишүүдийн тоогоо нэмэх, суудалгүй намууд цөөн хэдэн суудал авах тохироонд хүрэх үү, үгүй юү гэдэг тулган шаардалтыг эндээс тодорхой харж болно. 
 
      Үндсэн хуульд гар хүрэх асуудалд улс төрийн намууд нэгдэж, дэмжлээ ч өөрчлөлт оруулах одоогийн парламент хэр чадамжтай вэ, гэдэг нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж, маргаан дагуулсан хэвээр байгаа. Угтаа бол Үндсэн хуулийнхаа агуулгын бүрэн ойлгоогүй хүмүүс парламентад сууж, одоогийн Үндсэн хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаагүйг учир мэдэх нэгэн хангалттай сануулж, шүүмжилж буй. Үндсэн хуульд гар хүрэх компанит ажил эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн болсон гэдгийг  ч тэд сануулсаар байгаа юм.
 
        Хаврын улс төрийн халуун сэдэв нь Үндсэн хуулийн өөрчлөлт байхаас гадна Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын одоогийн “томчууд” эрх мэдлээ баталгаажуулах, нэмэх ажлаа шуурхайлна. 
 
      Угтаа бол намын дарга Л.Оюун-Эрдэнэ,  намын генсек Д.Амарбаясгалан нар намын ах нарын хараат байдлаасаа ангижирч, төрийн албыг улс төрийн комбинат ажилдаа дайчлах шат дараатай арга хэмжээгээ энэ хавар идэвхжүүлнэ гэсэн үг. Түүний хамгийн тод жишээ нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг энэ онд бий болгож, төрийн албаны хяналтыг тэр чигт нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд авсан явдал юм. Угтаа бол төрийн аппаратыг Хяналт хэрэгжүүлэх газраараа удирдаж, хэмжээгүй эрх мэдлийг өөртөө бага багаа төвлөрүүлж байгаа гэсэн үг.
 
      Энэ мэтээр улс төрд эрх мэдлийн төлөөх чимээгүй өрсөлдөөн өрнөж, ирэх хавар ил болох нь тодорхой боллоо. Улс төр идэвхжих цагаар нийгмийн сэтгэл зүй ч тэр аяараа үймж, иргэний нийгмийн байгууллагууд санаатай, санамсаргүй байдлаар идэвхэжнэ. Үндсэндээ Төв талбай хөлд дарагдаж, түмэн бужигнасан завгүй цаг хугацаа энэ хавар л үргэлжлэх нь дээ.
 
      Улс төр хэсэг бужигнах ч ард түмний амьдрал нэг хэвэнд зутгасан тэр хэвээрээ урсаж, цалингаас цалингийн хооронд эсвэл нэг удаагийн мөнгө тараалтад “баясах” хуучин хэмнэл хэвээр үлдэх нь ээ.
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ МАН-ЫНХНЫ ХАВРЫН УЛС ТӨР БУЮУ УЛС ТӨРД ОРШИН ТОГТОХЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-02 10:13:06
    Иргэн: Оюунэрдэнэ ЕС илрүүлсэн хулгайчиддаа хариуцлага тооцож,улс төрд дахин орох нөхцөлийг нь хааж чадвал иргэдийн олонхийн дэмжлэгийг авч чадна. Төр хулгайчгүй болчвол түүний гавьяа мөнхөрнө. Чадахгүй бол өөрөө улс төрөөс арчигдана.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188