• Өнөөдөр 2024-05-15

ТӨР ХУЛГАЙЧААСАА САЛЖ, ТӨМӨР ЗАМУУДАА НЭЭЖ, ТОМ ТӨСЛҮҮДДЭЭ АНХААРЧ, ГАДААД ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛСЭН, ТОМ АМЖИЛТЫН ЖИЛ БАЙЛАА

2023-02-20,   438

      Бар жил улирч, туулай жил морилох нь. Улирч буй усан бар жилийг өнгөц харвал, өмнөх жилүүдээс өөрчлөлт багатай мэт харагдана. Улс төр ундуй сундуй болж, утаа, униар урьд жилүүдээс нэмэгдэж, хэрэглээний үнэ өсөхийн хэрээр хөргөгч хоосон өрхүүд олширсон гэх мэтээр. Гэхдээ том зургаар нь харвал, бар жил бидний хувьд том амжилтын жил байлаа. 
 
Жишээ нь, төр тонуулчдаасаа салах эхлэлийг тавилаа. Хууль хяналтынхан ч хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, АН, МАН харгалзахгүйгээр авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг шалгадаг, хамгаалж, хаацайлахгүйгээр шүүхэд шилжүүлдэг жишиг рүү явж эхэллээ. Төрийн өндөрлөгүүд гадаад харилцаандаа анхаарч, онцлууштай нь зээл тусламж гуйхаасаа урьтаж том төслүүдээ ярьдаг боллоо. Томоохон төмөр замын төслүүдээ хэрэгжүүлж, хил холболтын цэгт тулгаж, нүүрсээ хямд өртгөөр зөөх, зах зээлд ойртох алхмуудаа хийлээ. Олон жил “попролт”-ийн сэдэв байсан “Оюу толгой” төсөлд ч онцлууштай амжилт гаргалаа. Энэ бүхнийг нэгтгэж харвал, алсдаа ард түмний амьдрах сайжрах, эдийн засаг сэргэх, төр авлигагүй, хүнд сурталгүй болж цэгцрэх түүхэн эхлэлийн жил байлаа, бар жил. 
 

Төр хулгайчаасаа салах, авлигаас ангижрах эхлэл тавигдав

     Улирч буй усан бар жил улстөрчид бужигнасан, хууль хяналтынхны ажил ундарсан жил байлаа. Төр хулгайчтайгаа, хээл хахуулийн хэрэгтнүүдтэйгээ тэмцэж эхэлсэн жил байв. Өөрөөр бол, түүхэндээ анх удаа шахуу төр нь өөрөө “шүгэл үлээгч” болж, Төрийн ордонд хулгайгаа хэлэлцдэг, түүнийгээ шууд дамжуулж, түмнээр шүүлгэдэг жишиг тогтоолоо. Ёстой л, “Загас толгойноосоо өтдөг” гэх ёж хэлцийн утга “амилж”, түшмэд нь төрөө ч, түмнээ ч тонодог хулгайч болцгоосон байсныг бар жилд бодитоор нь харцгаалаа. 
 
Тухайлбал, төрд үүрлэсэн хулгайч нарт хариуцлага тооцох төрийн, хууль хяналтынхны ажил Хөгжлийн банкаар эхэлсэн. Жилийн хугацаанд Хөгжлийн банкны үе үеийн удирдлага, шат шатны дарга нараас нь тайлбар мэдүүлэг авч, тайлан тооцоог нь шалгасны эцэст нийт 87 хүнийг яллагдагчаар татсан. Хөгжлийн банкийг хуу тоносон, хамаарал бүхий этгээдүүддээ давуу тал бий болгосон, эргэж төлөгдөхгүй зээлд эрх мэдлээрээ нөлөөлсөн хэрэгт холбогдсон албан тушаалтнууд дунд Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Ардын намаас Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар багтаж буй. 
    Бар жилийн бас нэг дуулиан нь “Нүүрсний хулгай”-н хэрэг байв. Энэ хэрэг “Эрдэнэс тавантолгой” ХК-д Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилж, тус компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарыг хань, хамсаатнуудтай нь баривчлахаас эхэлсэн. Өдгөө хууль хяналтынхан “Нүүрсний хулгай”-н хэрэгт 66 хүнийг яллагдагчаар татан шалгаж буй. Тэдний дунд Ардчилсан намаас Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Ардын намаас Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан тэргүүтэй 10 гаруй төрийн түшээ багтаж буй. Нийтээр нь жагсааж, нийгмээр нь бухимдуулсан “Нүүрсний хулгай”-н гэх хэрэг хэр том хэрэг болохыг хэдхэн жишээгээр тайлбарлах боломжтой. Тухайлбал, хувийн цэцэрлэг төдий бизнестэй, хувьсгалч, жагсагчийн дүртэй явсан Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг дөрвөн жил удирдахдаа Богд уулын аманд 20 гаруй хаустай, орон сууц, спортын цогцолбортой, хотын төвд байрлалтай хоёр шилэн барилгад 10 гаруй тэрбум төгрөгийн тансаг оффистой болж хөрөнгөжсөн нь тогтоогдсон.  Бусдыгаа бодвол, хувийн бизнесгүй, халаас нимгэн түшээ гэгдэж ирсэн Т.Аюурсайхан гэхэд л туслахаараа дамжуулан хоёр ч хаус хороолол барьж, хууль бус мөнгө эргэлдүүлж байсан нь ил болгосон байдаг. 
 
Товчхондоо, төр хулгайчтайгаа, хээл хахуулийн хэрэгтнүүдтэйгээ хайр, найргүй тэмцэж эхэлсэн. Хулгайчаасаа салж байж хөгжил ярих ёстойг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн. Төрийн зүгээс ч нам, нутаг ус, найз нөхөд гэж нэгнээ хамгаалахгүйгээр “шүгэл үлээдэг” болж байна. Хаалттай хэлэлцдэг байсан “хулгай”-н хэргүүдээ Төрийн ордонд тойрч суугаад ил ярьдаг, шууд дамжуулж, ард түмнээр шүүлгэдэг болж байна. Ард түмэн ч хөгшин, залуу гэхгүй хэрсүүжиж, авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг хамгаалахгүй, хатуу хариуцлага тооцдог байхыг төрөөс шаарддаг, шаардлагыг нь биелүүлэхгүй бол тайван замаар жагсдаг, үзэл бодлоо үг хэлээрээ ойлгуулдаг дадалд сууж байна. 
 
      Хулгайч, хээл хахуулийн хэрэгтнүүдтэй тэмцэх ажил энэ жил ч үргэлжилнэ. Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгож зарласан. Эхний ээлжид, 10 тэрбум төгрөгийн дуулиантай “Төмөр замын хэрэг”, Банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө хүүлсэн албан тушаалтнууд, Газар зарж хөлжсөн албан тушаалтнуудыг хэргийг нэг тийш болгоно. Дараа нь, орлогоосоо давсан тансаг хэрэглээтэй төсвийн цалинтай төрийн албан хаагчдын шалгаж, ХОМ-т нь зарлагыг нь тусгадаг болохоор төлөвлөж буй. Бүтэн зургаар нь харвал, бар жилийн төр, түмний хамтын хамгийн том ололт энэ байж болох юм. 

Дэлхийн зах зээлд ойртуулах экспорт, импортын шинэ гарцууд нэмэгдэв

      Төр төмөр зам барих тогтоол баталж байхтай зэрэгцэж төрсөн хүүхэд өнгөрөгч онд ахлах сургуулиа төгссөн. Ингэж жишвэл, төр төмөр замын асуудлыг ярьж эхлээд хэчнээн удаж вэ гэдэг нь илүү ойлгомжтой харагдана. Харин өнгөрсөн онд, өнөөх хүүхдийн ахлах сургуулиа төгсөхтэй зэрэгцээд төр хоёр ч төмөр замыг төслийг хэрэгжүүлж дуусгалаа. Бар жилийн хамгийн том бүтээн байгуулалт бол яах аргагүй Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн хоёр төмөр зам юм. Өөрөөр бол, төмөр замуудаа барьж, төв Азийн зах зээлд гарах гарцаа нэмэгдүүлсэн нь бар жилийн баярлууштай үйл явдлууд байлаа. 
 
Тухайлбал, дээр дурдсанчлан 16 жил гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг ашиглалтад орууллаа. Тус төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын 600 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчнийхэн, 5000 гаруй инженер, техникийн ажилчид 2000 гаруй техник, машин, механизмаар барьж дуусгасан. 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь жилд дунджаар 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрс тээврийн өртгийг 3.8 дахин багасгаж, 2000 орчим ажлын байр бий болгож, улсад жилд 44 сая ам.долларын татвар төлөх тооцоо гарсан. Түүнчлэн манай улсын эдийн засгийг хоёр дахин тэлэх, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх, БНХАУ төдийгүй далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломж бүрдэж байгаа юм. 
 
Түүнчлэн, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг арваннэгдүгээр сарын 25-нд ашиглалтад орууллаа. Төмөр замын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид найман сарын дотор барьж, ашиглалт оруулсан. Тус төмөр зам нь 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, гуравдугаар зэрэглэлийн дохиолол, хориглолтын системтэй, манай улсын анхны гурвалсан төмөр замын уулзварыг бий болгосон гэдгээрээ онцлог юм.
 
     Хамгийн гол нь, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, өртөг, хугацаа хэмнэгдэх тооцоо гарч буй. Цаашид, тус төмөр замыг БНХАУ-ын Мандал боомттой шууд холбох юм. 
 

“Оюу толгой”-н Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэллээ 

      “Оюу толгой” төслийн анхны гэрээг үзэглэснээс хойш 14 жил өнгөрсөн ч сайн мэдээ саараасаа бага сонсогдсон. Ялангуяа, “Оюу толгой” төсөл анх эхлэхэд тохиролцсон Монголын тал 53, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол замын дундаас алдагдаж, эсрэгээрээ үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өрөнд орох, ногдол ашиг мартагдах ноцтой нөхцөл байдал үүсэж байсан нь саяхан. Улмаар УИХ-аас 2019 онд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92-р тогтоол баталж, УИХ-аас Түр хороо, Засгийн газраас Ажлын хэсэг гарч байв. Хоёр жил гаруй хугацаанд хэлэлцээрүүд хийсний үр дүн эхнээсээ гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларыг өрийг үүсгэхгүй болгож, “Өрийг хүчингүй болгох тухай болон өрийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурсан байдаг. Ингэснээр манай улс “Оюу толгой” төслөөс бодит үр өгөөж хүртэх боломж дахин нээгдсэн юм. 
 
     Тэгвэл улирч буй бар жил “Оюу толгой” төслийн хүрээнд бас нэгэн сайн мэдээ сонсогдсон нь тус төслийн Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн буюу анхны тэсэлгээг хийсэн үйл явдал байлаа. Талууд Гүний уурхайн бүтээн байгуулалтыг энэ оны эхний хагаст ашиглалтад оруулахаар тооцоолсон. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор “Оюу толгой”-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэж, жил тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, манай улсын эдийн засаг болон төсөв оруулах өгөөж нь гурав дахин нэмэгдэх тооцоо гарч байгаа юм. 
 

Халдварт тахлын нөлөөгөөр “0” зогсох шахсан гадаад харилцаагаа эрчимжүүллээ 

    Халдварт тахалд хоёр жил гаруй хугацаанд хөл хориулж, харилцаа, хамтын ажиллагаа зогсох шахаад байсан бол улирч буй бар жилд улс төрийн айлчлалууд олныг хийж, гадаадад харилцаандаа онцгойлон анхаарлаа. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур, ОХУ, ХБНГУ, БНХАУ, Япон, Солонгос улсуудад албан ёсны айлчлал хийсэн. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ, Япон зэрэг улсад айлчилжээ. 
 
    Хамгийн гол, Төрийн тэргүүнүүд гадаад орнуудад албан ёсны айлчлал хийхдээ бадар барьж, зээл тусламж царайчилдаг асан “ёс”-ыг халж, хоёр орны хооронд хэрэгжих боломжтой төслүүд, хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг, ярилцдаг болсон нь сайшаалтай. Жишээ нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үхэр жилийн босгон дээр БНХАУ-д айлчилсан. Айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр зам, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл зэрэг том төслүүдэд хамтарч ажиллахаар тохиролцсон. Үр дүн нь эхнээсээ гарч буй. Мөн ОХУ-д айлчилж, “Эдийн засгийн чуулган”-нд оролцох үеэрээ Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станцын төслүүдийнхээ тухай хэлэлцсэн. Гэх мэт олон жишээг дурдаж болох юм. 
 
    Энэ мэтээр эргэж харвал, бар жил алсдаа ард түмний амьдралд өөрчлөлт авчрах суурийг тавьсан таатай жил байлаа. Морилон ирж буй туулай жил ч үйл явдлаар арвин, үсрэнгүй хөгжилд хөтөлсөн жил байна гэх төлөв байгаа. Улсын төрийн хувьд хэд хэдэн хүлээлт байна. Улс төрийн төлөвөөр, учир мэдэх хүмүүсийн таамгаар бол туулай жилд сонгууль болно. Өөрөөр бол, эрх баригч намынхан энэ хавар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийг хийж, намартаа багтааж сонгууль хийхээр төлөвлөсөн мэдээлэл бий. Хэрвээ тийм бол туулай жил бидэнд сонголтын жил байх болно. Хэн нь хулгайч, хэн нь худалч болохыг хангалттай харсан дээрээ сонголтоо хийх нь илүү хялбар ч байх. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэж үгтэй юм. Улс төрд ужгирсан хулгайч түшээдэд хариуцлага тооцож, харин зорилготой, зүтгэлтэйг нь сонгож байж зөв хөгжих учиртай. Эдийн засгийн хувьд, энэ оноос төмөр замуудын эцсийн холболтуудыг хийж, байгалийн баялгаа олон улсын зах зээлд хямд зардлаар, өндөр үнээр гаргах тооцоолол хийгдсэн. Дээрээс нь, нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт “шилэн” болж буй. Нүүрсээ биржээр зарж, “С” зөвшөөрлөө цахимаар олгож эхэлсэн. Товчхондоо, төсвийн талыг бүрдүүлдэг нүүрсээ төмөр замаар, гацаагүйгээр, авлигагүйгээр гаргаад эхэлбэл эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх төсөөлөл байгаа юм. 
 
 
 

ТӨР ХУЛГАЙЧААСАА САЛЖ, ТӨМӨР ЗАМУУДАА НЭЭЖ, ТОМ ТӨСЛҮҮДДЭЭ АНХААРЧ, ГАДААД ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛСЭН, ТОМ АМЖИЛТЫН ЖИЛ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188