• Өнөөдөр 2024-04-26

ИХ ХУРАЛД СУУДАЛГҮЙ НАМУУДААР МАН “МОГОЙ БАРИУЛЖ”, ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗҮТГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2023-01-27,   470

     МАН зоригтой хэдий ч бодлогогүй байна даа. Эрх баригч гэсэн нэрээр далайлгаж, эцэг хуульдаа ямар ч эргэлзэх зүйлгүй гар хүрэх гэж байгаагаа удаа дараа зарлах боллоо. Эхэндээ ард түмэнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж чихэнд нь дасгаж, одоогийн нийгмийн болж бүтэхгүй бүхнийг Үндсэн хуулиас болж буй мэтээр ойлгуулах гээд арга аа барж байна.


      Ард түмэн ч үнэхээр Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчилчихөд буруудах зүйлгүй гэх нэгдсэн ойлголтод хүрээд байв. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэх яриа ердөө цонхны цаанаас чихэр долоолгосон үйлдэл байлаа.  Угтаа бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан улс төрийн гэх хэдэн нам шинэ Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлснээр 1992 оноос хойш дагаж, мөрдөж ирсэн Үндсэн хуулиа шинэчлэх гэж байгааг дуулгав. Энэ тухайгаа нэр бүхий намын төлөөллүүд саяхнаас боловсруулсан хууль биш. Өнгөрсөн хугацаанд судалж, мэдсэн хуулиа нэгтгэн боловсруулсан гэх ядмагхан тайлбараар аргалах гэж, ойлгуулах гэж хэрэндээ л хичээцгээж байна.

       Гэвч Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраа захиалж, Ерөнхий сайд захирамжилсан гэх албан бичиг ил болчихсон байдаг. Үүнийгээ булзааруулах гээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаачилгыг гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хуулийн судлаач нар Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтээ тавиад, Ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилж явбал улс орны хөгжил дэвшилд илүү хэрэгтэй гэдэг саналаа бид боловсруулж өгөх хүсэлтэй байсан. Үндсэн хуулийг биччихлээ гэхэд шууд батлагдахгүй. Үүнийг Монголын нийт ард түмэн шийднэ. МАН Үндсэн хуульд өөрчлөлт байна гэж үзээд, тодорхой хэмжээнд асуудлыг олон нийтийн зүгээс санал асуулгын үндсэн дээрээс шийдвэрлэх боломжтой” гэж үгүйсгэх гэж, булзааруулах гэж оролдсон. Харин ард түмэн үүнийг ялгаж, салгаж ойлгохтойгоо л байна даа.

      Үндсэндээ МАН шинэ Үндсэн хуультай болох захиалга аа аль эрт өгч, Н.Энхбаяртай нэгдэж, гар барилцах даа л тохирчихсон байж мэдэх. Үндсэндээ хуучин МАХН-тай ойр байсан улс төрийн хүчнүүдийг татан оролцуулж, Их хуралд суудалгүй намын төлөөллүүдээр “могой бариулах” төлөвлөгөөгөө хэдийнээ гаргачихсан байжээ.

      Харин МАН  дангаараа шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулсан, түүнийгээ хэлэлцүүлэн батална гэвэл ард түмний том эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Тиймээс тэд хариуцлага нэхэх боломжгүй, Их хуралд суудалгүй намын төлөөллүүдийг татан оролцуулж, галыг өөрсдөөсөө зайлуулах төлөвлөгөө гаргасан гэсэн үг.

      Тавдугаар Үндсэн хуультай болно, болохгүй гэх маргаан хэсэг үргэлжлэх нь тодорхой. Маргах тусам, МАН-д ашигтайгаар эргэж, ард түмний талцал дээрээс өөрсдөд ашигтай хувилбар дэвшүүлэхээр чулуу хөөлгөсөн байж ч мэдэх юм. Эрх баригч намынхан Үндсэн хуульд гар хүрэхдээ гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар дурдаж байв. Гэвч Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон зүйл заалтыг задалж үзвэл засаглалын хувьд ч, үзэл суртлаараа ч нэлээд том өөрчлөлт орох нь тодорхой байна.

       Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулсан гэх ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Ардчилсан Үндсэн хуулийн хугацаа дууссан гэх агуулгатай мэдээлэл өчигдөр өгсөн. МАН-ын гол санаа, энд нуугдаж байж болох юм. Тэрбээр “Өнгөрсөн онд улс төрийн 24 нам "Шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй" гэж нэгдээд, Төрийн ордонд тунхаглалд гарын үсэг зурсан. Төр муу байгаа, Үндсэн хууль муу байна. Төр авлигатай байна уу. Төрд хулгай нүүрлэж байна уу. Энэ бүхэн Үндсэн хуулиас бий болсон ужиг хямрал юм гэж бид бүхэн үзэж байна. Тийм ч учраас 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг халах цаг ирсэн гэж үзэж байна” хэмээн одоогийн Үндсэн хуулиа ор тас үгүйсгэсэн. Харин Н.Энхбаяр хал үзэж, халуун чулуу долоосон туршлагаараа “1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн. Одоо харин 1992 оны Үндсэн хуульд 35-аас дээш хувиар өөрчлөлт орж байгаа учраас хуулиараа шинэчилсэн найруулга, шинэ Үндсэн хууль гэж хэлэхээс өөр арга байхгүй. Энхбаяр чинь коммунист нийгэм тогтоох нь гэж хэлнэ л дээ. Би тэгж хэлэхээс нь өмнө мэдэж байгаа юм чинь. Би та нартай хрилцсаар байгаад маш сайн мэддэг болчихсон. Тийм учраас Элчин сайдуудад өгчих ёстой байхгүй юу. Коммунист дэглэмтэй, хүний эрхийг дээдэлсэн, хүний эрхийг асуудлын гол болгож тавилаа гэсэн асуудлаар ЭСЯ-даар судлуулъя гээд өгчихвөл гадаадынхан санаа нь зовоод, "Та нар ямар хууль хийх гээд байна вэ, Монголыг хаашаа өгчих гээд байна, юу болох гээд байна" гээд санаа зовно шүү дээ” хэмээн учирлахыг хичээв.

      Тэд энэ хуулийн төслийг боловсруулахад хаанаас ч, хэнээс ч санхүүжилт аваагүй. бор зүрхээрээ, улс орныхоо сайн сайхны төлөө Үндсэн хуульд гар хүрсэн гэх агуулгыг өгөх гэж дор бүрнээ хичээв.

      Гэвч зүгээр ч нэг Үндсэн хуулийн төсөл боловсруулж, түүнийг нь парламент дэмжвэл дэмж, үгүй бол боль гэдэг цаг үе өнгөрсөн л болов уу.

    МАН, АН, ХҮН Шинэ Үндсэн хуулийн талаар нэг ч үг цухуйлгаагүй л яваа. Нийгэм ийм эмзэг үед тэд буруу үг хэлбэл өөр дээрээ гал дуудна гэдгээ сайн ойлгож байгаа. Гэхдээ гол шийдвэрийг тэд гаргана. Тиймээс эхний ээлжид улс төрд суудалгүй намын төлөөллүүдийг татан оролцуулж, нийгэмд дасгах, хуучин арга барилаараа явж байгаад л нэг л өдөр туушиндахыг үгүйсгэхгүй юм.


ИХ ХУРАЛД СУУДАЛГҮЙ НАМУУДААР МАН “МОГОЙ БАРИУЛЖ”, ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗҮТГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-27 10:04:47
    иргэн: 1990 онд яг РУмын улс шиг шийдсэн бол өнөөгийн МАН бхгүй байх байсан биш үү................
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188