• Өнөөдөр 2024-05-14

МАН-ЫНХАН ТАТВАР НЭМЖ, ХАЛАМЖААР ТЭТГЭХ АЖИЛДАА ШУУДАРЛАА

2023-01-04,   1719

        Сонгууль ч дөхлөө, халамж ч хавтгайрах нь. Гэхдээ нөгөө талд нь ажил хийсээр байгаа ч ядуу амьдардаг азгүй нийгэмд залуус хөл тавьж буй. “Ажилтай байгаа тулдаа өртэй амьдарч байна” гэх залуусын хошигнол ч үнэний ортой. Хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө ийм ч татвар, тийм ч төлбөр, тэр ч хураамж гэсээр гарын салаагаараа урсгаж, тал тал тийш нь цацаад л дуусгаж байгаа нь өнөөдрийн бодит үнэн.


         Аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй. Бор зүрхээрээ явж байгаа хэдэн хуваариа бизнес эрхэгч нараас ашиг хонжоо олоод хагартлаа баяжсан нэгэн манай нийгэмд лав одоогоор алга л байна. Тэр байтугай татварын дарамтаас болж, хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүд ч цөөнгүй. Тэд хэдэн “бор” ажилчдынхаа хоногийн хоолыг залгуулах гээд цаг наргүй зүтгэсээр олсон ашгаасаа  арай хийж цалингаа тавиад үлдсэнийг нь татварт өгнө. Гэлээ гээд аль алийнх нь амьдрал ахуй сайжирсан зүйлгүй, гал алдчихгүй шар нар, бор хоногийг аргацааж байгаа нь нууц биш юм.

        Жил болгон төсөв батлахдаа ямар нэг байдлаар татвар, татаас нэмж, хөл дээрээ арай ядан тогтож байгаа цөөн хэдэн дундаж давхаргынхандаа ачаа үрүүлээд, бүсийг нь чангалаад л байх. Засгийн газар, харьяа яамд нь төсвийн үрэлгэн зардлаа татварын орлогоор бүрдүүлнэ гээд зүтгэчихдэг. Ингээд арай гэж хөл дээрээ өндийх гэж байгаа нэгнээ татвараар дарамталж, доош нь дардаг гаж тогтолцоо манайд ужгирчихлаа.

        Татвар нэмэх гэхээрээ манай төр, засагт суугаа “томчууд”-ын толгой сайн ажиллах гэж жигтэйхэн. Ингэхдээ янз бүрийн оносон, цохсон шинэ нэр нэршил олж, түүнийгээ эвтэйхэн эвлэгхэн гэгч нь тайлбарлаад түүндээ зориулж, уухайн тас хууль баталж, гаргадаг нь бодит үнэн. 2023 онд гэхэд л “Шаталсан татвар бий болгоно” гээд ХАОАТ-ыг нэмчихлээ. Уг өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авна гэж байгаа. Ингэхдээ 10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь, 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь, 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлнө гэх. Нэг ёсондоо иргэдийнхээ халааснаас соёлтойгоор хулгай хийж эхэлсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй л болов уу. Энэ хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн талаар Сангийн сайд Б.Жавхлан "817 мянган хувь хүний орлогын албан татвар төлөгч нарын зөвхөн 0.1 хувийг хамрах хэмжээнд 1300 иргэнд очих  татварын зохицуулалтыг хийнэ. 0-10 сая хүртэл орлоготой иргэд хуучнаараа буюу 10 хувийн татвараа төлнө. Үүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулна" гэх тайлбар өгч байлаа. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ андуу ташаа мэдээлэл өгч, түүнийг залруулж, “иргэний нийт орлого 10 сая төгрөгөөс дээш бол татвар нэмэхээр зохицуулалт хийсэн” талаар буруу мэдээлэл өгсөнд хүлцэл өчье.

        Тус татварын зохицуулалт нь зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод хамаарах буюу иргэний сарын цалин, хөдөлмөрийн хөлс нь 10 сая төгрөг ба түүнээс дээш байгаа тохиолдолд татвар нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл дансны гүйлгээний орлого, зээл болон хувиараа бизнес эрхлэгчдэд уг хуулийн заалт үйлчлэхгүй" хэмээж байлаа. Ямартай ч татварыг тодорхой хэмжээгээр энэ жил бас л нэмсэн гэсэн үг. Хууль хэрэгжиж эхэлснээр арай гэж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж тэмцэж явсан цөөн хэдэн бизнес эрхлэгчээ боомилж орхилоо доо, хөөрхий. Нөгөө талаараа шударгаар хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэх боломжоос нь төр хумсалж байгаа гэсэн үг.

      Үүнээс өмнө ч МАН-ынхан эрх барьж байх хугацаандаа Олон улсын валютын сангийн шаардлагаар далимдуулж, нийгмийн даатгалаас эхлээд хэдэн хэдэн татварыг тэнгэрт тултал нь нэмсэн дээ. Цалингийн доод хэмжээ нь 420 мянган төгрөг хэр нь түүнээсээ хавь илүү татвар, шимтгэл сар болгон авсаар л байх.

Татвар нэмэхийн хэрээр халамж хавтгайрч, нөгөө хэсэг нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байгаа нь нууц биш юм. Өөрөөр  хэлбэл, татварын орлогоор бүрдүүлсэн эх үүсвэрээрээ халамжаа санхүүжүүлж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр өдөр хоногийг аргацааж сууна.

      Нэг жишээ дурдахад л Монгол Улсад давхардсан тоогоор хоёр сая хүн халамж авдаг. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 60 гаруй хувь нь 72 төрлийн халамжаар 1.8 их наяд төгрөгийн тэтгэмж авч байгаа гэх судалгаа байна. Түүнчлэн Сангийн яамнаас одоогоос хоёр жилийн өмнө сард хоёр сая төгрөгийн халамж авдаг 5000 өрх байна гэх цочирдом тоог ч танилцуулж байлаа.  Нэг хүний сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгийг нөгөө айл нь халамжийн мөнгөөр авч байгаа гээд тооцоолохоор хэн ажил хийж, биеэ зовооё гэж бодох билээ.

         Халамжаар угжуулсны гороор өнөөдөр үнийн өсөлт тэнгэрт хадаж, үндэсний үйлдвэрлэл гэж гялтайх үйлдвэргүй сууж байна даа бид. Уг нь манай Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Халамжаас хөдөлмөрт” гэх сүржин нэртэй даржин хөтөлбөр хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж буй. Цар тахлын үед хямарсан эдийн засгийг сэргээх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн уг хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн мянган ажлын байр бий болгож, МСҮТ-ийн төвд суралцагчдыг дэмжинэ гээд л баахан бэлэн амлаж, чамгүй төсөв зарцуулсан. Харамсалтай нь, гурван сайдын нүүр үзэж байгаа энэ ажил биеллээ олоогүй, өнөөдөр төсөвлөсөн хөрөнгө нь юунд зарцуулагдаж, ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй алга болчихжээ.

          2023 онд гэхэд л татвар нэмэхгүй, халамжаа багасгаад төсвийн үрэлгэн зардлаа танах хангалттай боломж эрх баригч намынханд байв. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөгийг зорилтод бүлэгт хүртэхээс эхлээд халамжийн бодлогоо хумих боломж  өчнөөн байсан. Гэвч эрх баригч намынханд тийм сонирхол огтоос байгаагүй нь тодорхой байна. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нэртэйгээр ДНБ-ийн дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг халамжийн бодлогод зарцуулж орхисон. Ингэж татвараа нэмж, халамжийг шуудруулахын цаад шалтгаан нь дээр дурдсанчлан сонгууль дөхсөнтэй холбоотой юм.


МАН-ЫНХАН ТАТВАР НЭМЖ, ХАЛАМЖААР ТЭТГЭХ АЖИЛДАА ШУУДАРЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188