• Өнөөдөр 2024-05-10

УЛС ТӨРИЙН НАМУУД МАН-ТАЙ "ГАР БАРИЛЦАЖ", ИРЭХ ОНД СОНГУУЛЬ ХИЙХИЙГ ДУУ НЭГТЭЙГЭЭР ДЭМЖСЭН ҮҮ

2022-12-28,   627

      Оны өмнө улс төрийг зохиомлоор идэвхжүүлж, шинэ он гарахтай зэрэгцээд эрх баригч намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хар зургаа зураад эхэлсэн бололтой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, цаашлаад Сонгуулийн тухай хуулийг шинэчилснээр 2023 онд шинэ тогтолцоогоор сонгууль хийх төлөвлөгөө гаргасан гэх яриа Саарал ордноор нисэх болов.


      Өнгөрсөн удаагийн сонгуулийн дараагаас л сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-д суудалтай ХҮН намын төлөөлөл Х.Доржханд тэргүүтэй хэд хэдэн хуульч тавьж, эрх баригч намынхныг шалгаасан.  Мэдээж энэ эрх баригч намынхны хувьд байж болох санал байсан ч, цаг хугацааны тохироог хүлээ байсан учир асуудлыг хойшлуулж, нам доторх тохироогоо хийн, цаг хожиж байсан байж мэдэхээр байна.

       МАН сонгуулийн тогтолцоонд салхи оруулж, шинэ арга барилаар улс төрд хүч үзэхгүй бол ард түмний хандлага өөрчлөгдөж, дараагийн сонгуульд ялалт байгуулна гэдэг нь хүндхэн даваа болсныг тооцоолсон байх учиртай. Дан ганц сонгуулийн тогтолцоог энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ярихгүй. Хамгийн чухал нь гишүүдийн тоог нэмэх. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан төрд олуулаа болох шинэ хувилбараа гаргаж эхэлсэн гээд хэлчихэд болохоор байна.

      Нүүрсний хулгайн хэрэг сөхөгдөж, жагсаал, цуглаан эрчээ авах үед ч Сонгуулийн тогтолцоо болохгүй байна. Өөрчлөх нийгмийн захилга үүссэн гэдэг мессежийг олон нийтэд удаа дараа өгч байсныг санаж байгаа биз ээ.

       Энэ тухай Ерөнхий сайд мэдээлэл өгч байлаа. Тэрбээр “Сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна” хэмээсэн нь Засгийн газраас тун удахгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж ирнэ гэх санааг агуулж байна. Тэгэхээр Үндсэн хуульд гар хүрэх ажлыг МАН эрчимжүүлж эхэлсэн нь тодорхой. Энэ тухайд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч “Энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч үзэх хэрэгтэй гэж үзсэн. Иймээс УИХ-ын 54 дүгээр тогтоолын хүрээнд УИХ-ын тоо болон сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг Засгийн газар судалж, энэ ондоо багтаан хэлэлцүүлнэ” гэсэн мэдээлэл өгсөн удаатай. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, энэ асуудал түр хойшлох нь тодорхой болсон.

     Мэдээж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд улс төрийн намуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд эрх баригч намтай тохиролцоонд хүрч, сонгуулийн товыг наашлуулахаар тогтсон байж мэдэх.

      Өчигдөр гэхэд Ардчилсан намынхан мэдээлэл хийж, намаа нэгтгэхээр Эв нэгдлийн ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэл хийв. Үндсэндээ Ардчилсан намынхныг эв зүгээ олсон мэтээр нийгэмд өрсөлдөөн бий болгож байгааг харуулах гэсэн сонгуулийн компанит ажил өрнөж эхэлсэн гэдэг өнцөг харагдаж байгаа юм. Түүнчлэн Ардчилсан нам дундаа гал алдчихгүй дундын баримталж яваа С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа эрх баригч намынхны бодлогыг тойруу замаар, эвтэйхэн зарлаж байгаа харагдсан. МАН-ынхан АН-тай тохиролцсоныг илтгэх дараагийн алхам нь Сангийн сайд асан С.Баярцогтын мэдэгдэл байв. Тэрбээр “Улс төрийн тогтолцооны өөрчлөлтийн суурь үр дагавар юунаас гарч байна вэ гэвэл, хамгийн түрүүнд Үндсэн хуулийн тогтолцоотой шууд холбогддог. Тиймээс Үндсэн хуулийг 1992 онд батлахдаа хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын гэсэн Монголын онцлогтой Үндсэн хуулийг баталсан. Аль нэг сонгодог тал руу нь гаргаагүй. Өнөөг хүртэл явсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүд бүхэлдээ парламентын засаглалтай улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөршүүлэх өөрчлөлтүүдийг хийж байсан.

       Монголын 32 жилийн түүхэнд хоёр сонгууль дараалж нэг нам үнэмлэхүй ялж байсан тохиолдол байхгүй учраас Үндсэн хуулийн, эдийн засгийн системийн шинжтэй өөрчлөлтүүдийн алдаа дутагдал маш их гарч ирж байна” хэмээсэн.

       Ингээд харахаар яалт ч үгүй улс төрийн хүчнүүд дуу нэгтэй Үндсэн хуульд гар хүрэх нь тодорхой болчихлоо. Гэхдээ Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болно гэх заалт бий. Үндсэн хуулийг батлах явц үргэлжилсээр оны эхэнд Сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг өөрчилж, ирэх оны зургадугаар сард сонгууль явуулах боломжгүй нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Сонгуулийн тухай хуульд гарах хүрэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчлахаас өөр гарцгүй болж таарах нь.

       2023 онд сонгууль хийж, сонгуулийн товыг наашлуулах нь МАН-д ашигтай. Гуравдагч хүчнүүд хүчгүй, хоёрдогч хүчин доторх хагарлаа бүрэн шийдээгүй энэ цаг хугацаанд УИХ-ын гишүүдийн тоо нэмэх хувилбар оруулж ирвэл одоогийн эрх баригч намынханд бүрэн нөөц бололцоо бий гэсэн үг.

     Мөн төрийн тэргүүнүүдийг гаднын улсад оноос өмнө хийсэн айлчлалууд амжилтай болж, эдийн засгийн амь тариатай болсон энэ цаг хугацаанд сонгуулийг яаравчлах нь тэдний хувьд хамгийн боломжит хувилбар болчихоод байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нүүрсний хулгайтай холбоотой шүгэл үлээсэн нь ч сонгуультай холбоотой, өөрт ашигтай хувилбараар тохиролцсон цаг хугацаа байсан гэж харж болох юм.

      Үндсэндээ улс төрийн карьераа дуусгах уу, үгүй юү гэдэг сонголт дээр ирсэн түүний тоглолт энэ удаад “бай”-гаа онож, хамгийн боломжит тохироон дээр буусан гэж хэлж болно. Энэ хувилбар дээр Л.Оюун-Эрдэнэ улс төрийн тоглолт хийж чадвал залуу улстөрчдөөс цус сэлбэж, өөрийн  хүрээллээ нэмэх ашигтай тал байна гэсэн үг.


УЛС ТӨРИЙН НАМУУД МАН-ТАЙ "ГАР БАРИЛЦАЖ", ИРЭХ ОНД СОНГУУЛЬ ХИЙХИЙГ ДУУ НЭГТЭЙГЭЭР ДЭМЖСЭН ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-28 14:22:42
    зочин: Гишүүдийн тоо нэмсэнээр хариуцлага сайжрахгүй хэн тэдэнд байнга хяналт тавих юм. 4 жил цаг нөхцөөнө. Хүлээнэ. Заавал орон тооны бус 500 хүнтэй дээд танхим цахим байж болно байх шаардлага үүсчихсэн.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188