• Өнөөдөр 2024-05-10

Б.БАТЗОРИГ: ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨӨР УЛСТӨРЧИД НЭГНЭЭ НАМНАХ НЬ ТОДОРХОЙ, ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР НАМНАХ БОЛОМЖГҮЙ

2022-12-24,   855

       УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийн ял, шийтгэлийг чангатгах хуулийн зүйл заалт оруулаад буй. Энэ талаар Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзоригтой ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлж баталлаа. Та энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад судлаачийн байр сууриа илэрхийлж, оролцсон. Цаг үедээ нийцсэн хууль болж чадсан уу?

     -Авлига албан тушаалын хэрэгтэнд өндөр ял оноодог байя гэж олон жил иргэд шаардаж байсан. Энэ асуудлаас ямар ч парламент зугтдаг, хойшлуулдаг байв. Энэ удаад анх удаа авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнийг бусдыг санаатай алсан хэрэгтэй адилтган өндөр ял оноодог байхаар хуульчиллаа. Энэ хууль жагсаал, цуглаан болоод өргөн барьсан хуулийн төсөл биш. Өнгөрсөн хавар парламентаар оруулж, хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн байв. Урьд нь өргөн барьсан хуулиас зөвхөн авлига, албан тушаалын хэргийг тухайлж аваад хэлэлцсэн. Олон нийт авлига албан тушаалын хэрэгт холбогдсон томчуудад бага ял оноож байна, торгуулийн ялаар шийтгэжбайгааг нь шүүмжилдэг байсан. Энэ хуулийн өөрчлөлтийн үндсэн өөрчлөлт нь авлигын хэргийг торгуулийн ялаар шийтгэх боломжгүй болж байгаа юм.

-Энэ хуульд орсон онцлог зүйл заалтын талаар та мэдээлэл өгөөч?

     -Эрүүгийн хууль бол айлгах, урьдчилан сэргийлэх зорилготой. Өмнө нь хэрэглэж байсан хуулиар авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст торгох ял оногдуулах боломжтой байсан. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөд торгох ялыг байхгүй болгосон. Тэрбум төгрөгийн хулгай хийчихээд хэдэн сая төгрөгөөр шийтгүүлээд байсныг таслан зогсоож байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэн авлиыгн гэмт хэрэг үйлдвэл 20 жил хүртэл жилээр хорих ял эдэлнэ.

    Мөн бүх насаараа төрд дахин ажиллах боломжийг нь хассан. Эрүүгийн хууль урьдчилан сэргийлэх зорилготой. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс төрийн хуулиас айхгүйгээр гэмт хэрэг үйлдвэл өндөр ял  эдэлнэ гэсэн үг. Түүнчлэн халдашгүй дархан эрхтэй хүмүүс буюу УИХ-ын гишүүд хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшдаг байдлыг хязгаарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, халдашгүй дархан эрхээр хамгаалуулсан хүни бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа дууссан хойно хэргийг сэргээн дахин шалгана.

-Хуульд авлилын гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлж байгаа нь буцаагаад хэн нэгнийг хэлмэгдүүлэх вий гэдэг болгоомжлол байна. Ийм нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаа байна уу?

    -Улс төрд нөлөөтэй, тэдэнд ойр байдаг хүмүүс нь энэ асуудлыг яриад байх шиг бололтой. Эрүүгийн хуулийг өрсөлдөгчөө намнадаг хүч хэрэгсэл болгож, олон жилээр хорьдог болох вий гэсэн болгоомжлол бий. Эрүүгийн хууль бол ийм хэрэг хийвэл шийтгэлтэй шүү гэсэн анхааруулах хууль. Насаараа хоригдож, төр, нийтийн албанд томилогдох эрхийг нь хязгаарлана, хууль бус хөрөнгийг чинь хураана шүү гэдэг анхааруулж байгаа юм. Тэгэхээр энэ хуулиас ямар хүн айх вэ гэдэг нь тодорхой. Жирийн хүн үүнээс айна гэж байхгүй. Тэгэхээр ямар нэг байдлаар болох болохгүй зүйлд холбогдсон хүмүүс л айна. Энэ хуулийг буцаан хэрэглэгдэхгүй гэдэг нь онцлог. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш хэрэг хийвэл ийм ял шийтгэл хүлээх нь. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөхгүй байх хамгийн энгийн арга бол авлигын хэрэг үйлдэхгүй байх.

   Ямар ч байсан одоогийн хууль, эрх зүйн орчин социализм, коммунизмын үеийнх шиг байхаа болчихсон. Манайд хэрэгжиж байгаа процессын хуулиуд харьцангуй хүний эрхийг дээдэлсэн. Тэгэхээр ор үндэсгүй хүнийг хэлмэгдүүлэх боломжгүй болсон гэсэн үг. Зарим дарга нар 60-аад оны процессын хууль руугаа буцна гээд байгаа юм. Тэгвэл жинхэнэ хэлмэгдүүлэлт үүснэ.

Одоогийн Эрүүгийн хуулиар улстөрчид биенээ намнах нь намнана. Гэхдээ үндэслэлгүйгээр намнах боломжгүй. Хоёр хулгайч харилцан бие биеэ намнах нь бидэнд хүртээлгүй шүү дээ. Хэдэн хулгайч нар хэн намайг шоронд хийх вэ, гэдэг таамаг өрнөж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, хулгай хийсэн хүнийг л энэ хуулиар шийтгэнэ. Тэгэхээр үүнээс зайлсхийхийн тулд шударгаар өрсөлдөж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.

-Хялбаршуулсан журмаар ял завшдаг байдлыг энэ удаагийн хуулиар хэрхэн хязгаарласан юм бэ?

   -Хэрэгт холбогдсон яллагдагч хэргээ хүлээж, АТГ-тай хамтарч бусад авлиагчдаа илрүүлэхэд бодитой дэмжиж ажилласан бол хөнгөн ял оноодог. Үүнийг өөрчилж болохгүй. Энэ нь хэвээрээ байгаа_ Хамтран ажиллах гэрч буюу нууц гэрчийг хамгаалалтад авч, шаардлагатай бол ял шийтгэлийг бууруулна. Шаардлагатай бол ялаас чөлөөлж ч болно. Харин улс төрд нөлөө бүхий хүмүүс энэ хуулийн цоорхойгоор гарч торгуулийн ял авч олон нийтийг бухимдуулж байсныг өөрчилсөн. Одоо торгуулийн ял оноохгүй. Хахууль өгсөн хүн шийтгүүлээд байдаг гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд бий. Хэрвээ хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, хахууль өгсөн бол ялаас чөлөөлж, авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ. Жишээлбэл, нэг байгууллага үйл ажиллагаа явуулах гээд зөвшөөрөл авахад төрийн алба хаагч хясан боогдуулж, бизнес эрхлэгчээс хахуульавсан бол түүнийг нь илчилсэн хүн ял шийтгэл эдлэхгүй. Харин төлөвлөж, зохион байгуулалттай хийсэн бол шийтгэнэ. Харин нь хэргээ илчилсэн бол ялыг нь хөнгөрүүлнэ.

-Энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр нүүрсний хулгайн хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс өндөр ялаар шийтгүүлэх үү гэсэн эргэлзээ бий. Энэ дээр тайлбар өгөөч?

     - Эрүүгийн хуулийн шинээр батлагдсан заалтууд уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт буцаж үйлчлэхгүй хуулийн суурь зарчим хэвээрээ байна. Улсын дээд шүүхийн тайлбарлах харин эргэлзээ төрүүлж байгаа. Үндсэн хуулийн цэц аль нэг талд гаргах байхаа.

-Одоогийн парламентын гишүүдийн олонх нь авлига албан тушаалын хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгуулж байгаа гэх мэдээлэл бий. Тэгэхээр энэ хуулийн төслийг хэлэлцүүлж батлах чадамжтай парламент мөн үү гэдэг маргаан ч олны дунд бий. Та судлаачийн хувьд үүнийг хэрхэн харж байгаа бол?

    -Одоогоор энэ хүмүүст ард түмнийг төлөөлөх бүрэн эрх нь бүгдэд бий. Энэ хуулийг олонхоороо дэмжиж баталсан нь сайн хэрэг. Авлигатай тэмцэхэд хамгийн чухал нэг асуудал бий. Энэ бол улс төрийн хүсэл эрмэлзэл. Авлигатай тэмцэнэ гэж ярьж байгаа ч хүсэл эрмэлзэл байхгүй бол үүнтэй тэмцэж чадахгүй. Тэгэхээр энэ удаагийн парламент зоригтой байлаа. Гэхдээ авлигатай тэмцэнэ гэдэг бол дан ганц Эрүүгийн хуулиар зохицуулагдахгүй. Хамгийн түрүүнд тэдний айдаг хүмүүс ажиллах орчинг бүрдүүлэх ёстой.

     Авлигачид дөрвөн хүнээс л айдаг юм. Нэгдүгээрт, сэтгүүлчид. Манай улс Хэвлэл мэдээллийн тухай хуулиа шинэчилсэн үү, хэчнээн жил ярив гэдгийг анзаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэний нийгмийн хяналт. Холбоо, сангийн хууль хийж иргэний нийгмийн байгууллагуудаа боомилж байна уу гэдгийг анхаарах. Гуравдугаарт, эрх чөлөөтэй, үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүсээс. Тэд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж чадаж байгаа юу гэдгийг анзаарах. Дөрөвдүгээрт, бие даан хараат бус судалгаа хийдэг судлаач нар орно.

-Эрүүжсэн нийгэм бий болгоод байна гэх шүүмжлэл байдаг. Эрүүгийн хуулийн энэ удаагийн өөрчлөлт өмнөх нийгэм рүүгээ ухрах боломж бий болгох вий гэсэн болгоомжлол байна. Хуулийн процесс дээрээ алдаа гарахгүй гэх баталгаа байна уу?

     -Эрүүжсэн нийгэм гээд байгаа асуудлыг хөндж байгаа нь таны зөв. Монгол төр бүхнийг хориглож, цагдаж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хуучны арга барилаараа ажиллаж байгаа болохоор ингэж үзэх нь зөв.Төр өөрөө дотроо албадлага хэрэглэхгүйгээр ажиллаж чадаж байна уу? Төрийн байгууллагын бүх үйл ажиллагаа нээлттэй болж чадаж байна уу, төрийн албаны мерит зарчим хэрэгжиж байгаа юу, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж чадаж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Шинэлэг сэтгэлгээтэй дарга төрийн байгууллага дээр шинэчлэл хийлээ гэхэд систем нь түүний эсрэг ажиллаж байдаг.  Тэгэхээр хөрс сууриар нь өөрчлөх ёстой. Төрийн үйл ажиллагааг цахимжуулах нь авлигын эсрэг хийж байгаа том хувьсгал. Үүнийг эрчимжүүлэх хэрэгтэй.

    Процесс шударга байдаг гэж хэлж чадахгүй. Процессын хуулийг олон жил судалсан хүний хувьд алдаа байна гэж хардаг. Хуулийн процесс шударга явж байгаа эсэх Rule of Law Index судалгаагаар манай улс 139 орноос 61 дугаарт эрэмбэлэгдэж байна. Тэгэхээр дунджаас дээгүүр сайн байна гэж үзэж болно. Эндээс харахад хууль нь боломжийн байна. Харин хэрэгжүүлэх талаар дээр ямар байна гэдэг тусдаа асуудал. Энэ асуудал тусдаа асуудал.

-Эрүүгийн хуулиар авлига албан тушаалын хэрэг дээр ялын бодлогыг нь чангатгалаа. Гэхдээ манайд хууль, шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл буурсан байдаг. Шүүхийн байгууллага шударга ажиллаж чадах уу?

    -Шүүх шударга бус байна гэж хардаж ярьдаг. Гэхдээ авлига, албан тушаалын хэрэг дээр шийтгүүлсэн хүмүүсээс хэлмэгдүүлсэн хэрэг байна гээд цагаатгасан хэрэг одоогоор гараагүй байна. Цаашид ийм хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Магадгүй хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа бол  шүүхээр дахин орж, цагаатгаж болдог.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа судалгаатай хийж чадсан уу?

    -Нобелийн шагналт эдийн засагч Гари Бекерийн 1968 оны ажлаас эхлэн эдийн засагчид хувь хүмүүсийн рационал зан үйлийн загварыг ашигласан. Авлигачдад хөнгөн ял оноовол тэд хуулиас айхгүй гэмт хэрэг үйлдэнэ. Шалгаж чадахгүй, илрүүлж чадахгүй гэвэл шүүх прокурор, АТГ-г үл тоон хэргээ үйлдэнэ гээд тогтоочихсон. Нөгөө талаас хууль бол төр иргэний гэрээ. Олон нийт хуулийг зөвшөөрөхгүй бол тэр хууль хэрэгжихгүй. Эцэст нь хэлэхэд сэтгүүлчид хараат бус судлаачдын үгийг тусгайлан хүргэдэг баймаар, судлаачид ч эмээлгүй, нэрэлхэлгүйгээр үгээ хүргэдэг болмоор байна.

 

 

 

 


Б.БАТЗОРИГ: ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨӨР УЛСТӨРЧИД НЭГНЭЭ НАМНАХ НЬ ТОДОРХОЙ, ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР НАМНАХ БОЛОМЖГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-21 21:56:43
    иргэн: Шүүх нь шударга биш байхад сайхан хууоиар яах ч юм билээ?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188