• Өнөөдөр 2024-04-29

2023 ОНД СОНГУУЛЬ ХИЙВЭЛ МАН-Д АШИГТАЙ

2022-12-16,   1004

         Нүүрсний хулгайн хэргийг яаралтай шийдэж чадахгүй бол УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдана шүү” гэх Ерөнхийлөгчийн сануулга зүгээр ч нэг дарга нарыг загнахдаа ам алдчихсан үг биш л болов уу даа. Олон хоног үргэлжилж байгаа талбайн жагсаал ямар нэг байдлаар улс төрийн шийдэлд хүргэж  байж л намжих янзтай. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 нэрийг АТГ-аас нэрлэж, тэдний бухимдлыг хэсэг дарав. Гэвч энэ мэдээлэл жагсагчдын санааг олон хоног тайвшруулахгүй л болов уу. Тэгэхээр эрх баригч намынхан, хууль хяналтын байгууллагынхан дугтуйтай үлдсэн дараагийн 18 нэр болох жинхэнэ дуулиантай хүмүүсээ зарлах уу, эсвэл улс төрийн зоригтой алхам хийж, УИХ-аа тараах уу, гэдэг сонголтод аваачиж байна.

       Хэдий өнөөдөр төрийн эрхийг МАН дангаараа барьж байгаа ч одоогийн УИХ-ыг тараах сонирхол эрх баригч намынханд их бий. Тиймдээ ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийг наашлуулах санаатай байгаа. Энэ санаагаа ч Ерөнхий сайд өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ тодорхой илэрхийлчихлээ.

      Тэрбээр “Сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна” хэмээсэн нь Засгийн газраас тун удахгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж ирнэ гэх санааг агуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог нэг мөр шийдэж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг хэд хэдэн том өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа нь тодорхой байна. Цаашлаад сонгуулийн хугацааг наашлуулж, 2023 онд хийх талаар ч яриад эхэлсэн гэх цуу яриа Саарал ордноор түгээд буй. Мэдээж сонгуулийн хугацааг наашлуулах нь МАН-д ашигтай.

       Одоогийн УИХ-ын гишүүдийн тэн хагас нь хууль хяналтын байгууллагад ил, далдаар шалгуулж байгаа. Тиймдээ ч МАН ард түмний дунд нэр хүнд муутай байна. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн товыг наашлуулж, гишүүдийн тоог нэмэх, шинэ гишүүдээр цус сэлбэх нь МАН-д юу юунаас илүү чухал байгаа бололтой. Үүнээс гадна нэг асуудал бий. Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Их хуралд өргөн мэдүүлж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчдийн ялын бодлогыг чангаруулж, “ял наймаалцах” буюу хялбаршуулсан журмаар шийддэг байдлыг таслан зогсооно гэж байгаа.  Тэгэхээр эрх баригч намынхан энэ хуулиа ногоон гэрлээр түргэн баталж, Үндсэн хуулийг өөрчлөх ажилдаа ханцуй шамлан орох биз ээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлаа яаравчилж байгаагийн цаад шалтгаан сонгуультай холбоотой байж таарах нь.

      Сонгуулиас өмнө эрх баригчид дайснуудаа “дарж” Эрүүгийн хуулийн шинэ зүйл заалтаар улс төрд шаанстай гол өрсөлдөгчдөө “яллаж” орхиод, өөрсдөө хүч тэнцүүгүй өрсөлдөөнд орцгоох гэж байгаа гэсэн үг.

     Одоогийн нүүрсний хэрэгт Ардын намын дайснуудаас чамгүй олон нь нэр холбогдож, хуулийн байгууллагаар шалгуулж байна.  Дан ганц нүүрсний хэрэг ч гэлтгүй Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улстөрчдийн холбогдсон том хэргүүдээ буцаан сэргээж, дайснуудаа намнах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр зэхэж эхэлсэн бололтой.

      Дээр нь өнгөрсөн сонгуулиас хойш МАН улс төрийн хоёрдогч хүчин гэгдэх АН-ыг хүчгүй болгох төлөвлөгөөт ажил хэрэгжүүлж, өөрсдийн гартаа оруулчихсан гээд хэлчихэд болохоор байна. Ингэхдээ АН-ын гишүүн С.Баярцогтод намыг нь хариуцуулаад хараандаа оруулахад бэлэн болсон гэх олны яриа бий.

       Харин Үндсэн хуульд гар хүрэх гол санаачилгыг гаргаж буй ХҮН намынхныг МАН-тай тохиролцсон гэх. Тэд ирэх сонгуульд намынхаа суудлын тоог нэмэх тохироотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, МАН-д “туслах” төлөвлөгөөт ажилдаа орсон гэдэг.

        Одоогоор өөр улс төрд хоёрдогч хүчин болоод гарах боломжтой нам тун ховор байгаа. Тиймдээ ч сонгуулийг эрх явуулах нь МАН-д том боломж авч ирнэ гэсэн үг. Харин сонгууль явуулахад МАН дотроо ойлголцох л ажил байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг яах вэ гэдэг дээрээ шийдэлд хүрч чадахгүй, хоорондоо толхилцсон байх боломжтой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн парламентаар томилдог байх уу, үгүй юү гэдэг дээр санал зөрсөн байж мэдэх. Магадгүй Засгийн газар нүүрсний хулгайн хэргээр өөрсдөө шүгэл үлээсэн нь ч сонгуультай холбоотой байж гэж харж болохоор байна. Нүүрсний хулгайг илчлэхийг шаардаж, жагсаж эхэлсэн үеэс л эрх баригч намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмнэ гэх асуудлыг яриад эхэлсэн. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч үзэх хэрэгтэй гэж үзсэн. Иймээс УИХ-ын 54 дүгээр тогтоолын хүрээнд УИХ-ын тоо болон сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг Засгийн газар судалж, энэ ондоо багтаан хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзлээ” гэх мэдээллийг хийж байв. Мөн нүүрсний хулгайн хэрэгт нэр нь дурдагдаад байгаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Төрийн ордноос хулгайг хайх хэрэгтэй. Биднээр туг дахиж байгаа нь сонгууль эхэлж байгаа юм байлгүй дээ” гэсэн. Эндээс харахад УИХ-ын ээлжит сонгуулийн тов наашилж, 2023 онд сонгууль хийж мэдэхээр байна.


2023 ОНД СОНГУУЛЬ ХИЙВЭЛ МАН-Д АШИГТАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-16 10:57:37
    зочин: шинэ хүмүүсийг улс төрд оруулах ялангуяа мэдлэг сайтай залуусыг оруулмаар байна хуульч нараас бол Тэмүүжин Энхбаяр Мэргэн Эрэхмбаатар Баттөр Мягмар Сайн зориг болон эмэгтэй багш хуульч нар заавал оруулмаар байх юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188