• Өнөөдөр 2024-04-19

МОНГОЛД МОНОПОЛ НОЁРХЛОО ТОГТООСОН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ЭДИЙН ЗАСГАА ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЛЭЭ

2022-11-23,   681

         Ойрын хэд хоногт дизель түлш хайсан автомашинууд шатахуун түгээх станцын гадуур дараалал үүсгэж, эрэл сурал болсоор хоосон “гуяа ганзагалаад” буцах болов. Жилийн жилд өвлийн хүйт орохтой зэрэгцээд л шатахуун, түлшний хомстолд орж, Хойд хөршөө царайчилдаг гаж тогтолцоо манайд бий болчихлоо.

          Засгийн газрын “давхар дээл”-тэй сайд нар үнэнтэй нүүр тулаад ирэхийн цагт учраа олохгүй мунгинаж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр “Эрчим хүчний салбартай холбоотой гурван уурхайн асуудал бий. Дизель түлшний нөөцгүй болсон асуудал бий. Иймд УОК-ын хуралдаанаар дизель түлшний нөөцийг улсын нөөцөөс гаргуулахаар боллоо. Манай яам сайжруулсан шахмал түлшний нөөц, чанарын асуудлыг бүрэн хариуцна” гэх ноцтой мэдэгдлийг хийсэн. Цаад утгаараа бол Монгол Улсын газар тариалан, уул уурхай, зам тээвэр, барилгын салбарын хэдэн мянган техник хөдлөх үү, үгүй юү, хот хөдөөгийн иргэд хөл дүүжлэх унаагаа хөдөлгөх үү, үгүй юү гэдэг маш ноцтой асуудал энд хөндөгдөж байгаа юм.

      Үнэндээ шатахуун, түлшгүй бол улс даяараа тэг зогсолтод орж, эдийн засаг эргэлтгүй болох нь өнөөдрийн гашуун үнэн. Шатахууны нийлүүлэлтээ ОХУ бага зэрэг л хойшлуулаад ирэхээр  шатахуун, түлш импортлогч компаниуд нь  нөөцөө нуугаад, хаалгаа барьчихдаг сул талтай. Нэг үгээр хэлбэл, чоно борооноор гэгчийн адилаар хүнд хэцүү цаг үед ард түмнээс нүүрээ буруулж, бизнесээ цэцэглүүлдэг нь шатахууны импортлогчид юм уу даа.

       Яг үнэндээ өнөөдөр монголд монопол тогтоож, ард түмнээ шахан хавчиж, эдийн засгаа элгээрээ хэвтүүлэгчид нь шатахуун, түлш импортлогчид байна гээд хэлчихэд болохоор байна. Цар тахлын хүнд үед шатахууны үнийг тогтвортой барьсан, ард түмний амьдрал ахуйд хамгийн их дэм авчирч байгаа гэх нэрийг нийтээрээ зүүчихээд хачир дээрээ хамаг нөөцөө хойш нь хийчихээд үнэ ээ нэмдэг нь өнөөдрийн бодит байдал.

    Өнөөдөр шатахууны нөөцөө бүрдүүлэх үү үгүй юү, шатахуун дизель түлшний үнийг нэмэх үү гэдгийг гарын арван хуруунд багтах цөөн хэдэн импортлогч компани шийддэг гэсэн үг. Хачир дээрээ Засгийн газар, төрийн өндөрлөгүүдээс илүү ОХУ-тай учраа олж, хужраа тунгаадаг нь манай шатахуун түгээх станцуудын босс гэгдэх хэдэн хүн болов уу даа. Тэд хүссэн цагтаа шатахууны нөөцөө барж, хүссэн үнээ тогтоодог зах зээлд дураараа дургиж байна. Үүний хамгийн тод жишээ нь өнгөрсөн оны есдүгээр сард хойд хөрш шатахууны экспортоо зогсооход "ОХУ шатахуун нийлүүлэхгүй, БНХАУ-аас чингэлэг гаргаж өгөхгүй" гэхэд нь улс даяараа шатахууны хомстолд орж, шинэ Ерөнхий сайд хэрдээ сандарч, хоёр хөршөөсөө мөн ч царай алдсан даа.

      Гэтэл "Петровис", "Сод монгол групп" зэрэг шатахуун импортлогч компани өөрийн төлөөллөө ОХУ руу явуулаад холбогдох албан тушаалтантай нь уулзаж, яриа, тохироо хийгээд л шатахууныг тонн тонноор оруулж ирж байлаа. Тэгэхээр шатахууны зах зээлд хойд хөрштэй хэл амаа ололцдог цөөн хэдэн хүн л улсаа тэр чигт нь атгачихаад эрх баригч намынхныг хөдөлгөөнгүй барьдаг гэх таамгийг ил үйлдэл бодитоор батлагдаж байгаа юм. Манай улс өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэггүй, хоёр хөршөөсөө 100 хувь хараат байж ирсэн нь шатахуун импортлогч хувийн аж ахуйн нэгжүүдийн эздийг ийм хүч, нөлөөтэй болгочихжээ.

      Тэгвэл энэ зах зээлд чухам хэн ноёрхож, иргэдээ, эдийн засгаа элгээр нь хэвтүүлж байгааг дурдъя.

       Монгол орны өнцөг булан бүрд салбараа нээж, шатахуунаар хангадаг гол тоглогчийн нэг бол яах аргагүй “Петровис”ХХК. Тус компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан О.Содбилэг ажилладаг. Тэрбээр  “НИК” ХХК-ний тэргүүн дэд захирал, “Мон ойл энд Газ”ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүн болж, 2016 онд улирч сонгогдсон, бизнесийн салбарт ч, улс төрд ч өөрийнхөө тугийг хатгасан зайтай нэгэн.

       "Петровис" ХХК-ийн араас шил дарж яваа томоохон шатахуун түгээх станц нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил болох “Сод монгол” группийн “Сод монгол шатахуун түгээх станц”. УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Анандбазар Булган аймгийн иргэдтэй уулзах үеэрээ тойргийнхоо сонгогчдод шатахуунаа 100 төгрөгийн хямдралтай түгээнэ гэж алга ташуулж харагдсан. Харамсалтай нь түүний бизнес улс төрд орсноос нь цэцэглэж, шатахууны үнэ тасралтгүй нэмэгдсээр иргэдийн нуруунд хамаг ачаагаа үүрүүлчихсэн тууж явна.

        Мэдээж УИХ-д шатахууны бизнесээрээ толгой цохидог дараагийн улстөрч нь “Тэс петролиум”ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Далд эдийн засгийг ил гаргаж, эдийн засгаа өсгөх хэрэгтэй гэж байнга ярьдаг түүний ам ажил хоёр нь байнга зөрдөг гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Угтаа бол далд эдийн засагт хамгийн нөлөөтэй бизнесийг тэр тултал нь цэцэглүүлсний дээр шатахуун түгээх станцуудаараа төрийн тендерийн төвөггүй завшдаг баримтууд ч бий. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Ойн бирж” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Жэй Эм Ойл” ХХК, “Сэлэнгэ петрол” ХХК тэргүүтэй шатахуун импортын компаниуд болон “Хөх ган” ХК, “Жаргалант төв” ХК, “Монгол шевро” ХХК, “Монгол эд импекс” ХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг. Тиймдээ ч яалт ч үгүй Монголд монопол ноёрхлоо тогтоосон шатахуун импортлогчид нэг нь.

    Түүнчлэн УИХ-ын гишүүн асан П.Батсайханы "Шунхлай" ХХК-ийн босс, УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Б.Пунсалмаа "М-Ойл групп"-ийн захирлаар ажилладаг.  "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбоотойгоор нэг хэсэг шалгагдаж, дуулиан тарьж байсан Р.Ганзоригийн "Магнай трейд" ХХК-ийг мартаж болохгүй. Энэ мэтчилэн Монголд  шатахууны бизнесээрээ толгой цохидог хэдэн бизнесмэнүүд өнөөдөр улсын эдийн засгийг гартаа оруулчихаад Засгийн газрыг хуруугаар удирдаж суугаа нь нууц биш юм.


МОНГОЛД МОНОПОЛ НОЁРХЛОО ТОГТООСОН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ЭДИЙН ЗАСГАА ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-23 20:22:05
    zochin: chuchirchiilegch Anandbazar !!! schrond chiigeechee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188