• Өнөөдөр 2024-04-27

ХАВРЫН УЛС ТӨР ХААХААС ӨМНӨХ ХУУЛЬ БА БАРИВЧИЛГАА

2022-06-06,   834

           УИХ-ын хаврын чуулган хаахад ганцхан сарын хугацаа үлдэж байна. Үндсэндээ уугьж байсан улс төр өнөөдрөөс наадам хүртэл “ноцно”. Улс төрийн цаг агаарын төлөвөөр энэ долоо хоногт улс төр ширүүхэн маргаантай, шил шилээ дарсан хуулийн төслүүдтэй, шуугиан дагуулсан баривчилгаатай, шүүхийн шийдвэртэй байх нь. Тодруулбал, УИХ-ын чуулганаар энэ зургадугаар сард 40 хууль хэлэлцэх жагсаалт гаргасан. Хамгийн их хэл ам, хэрүүл дагуулах нь, Үндэсний баяр наадмын тухай хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэх хүлээлт байна. Дээрээс нь, энэ долоо хоногт шуугиан тарих нэг сэдэв нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын баривчилна гэх мэдээлэл байна. Мөн олон удаа хойшилсон Олимпын аварга Н.Түвшинбаярын хүн амины хэргийг эцэслэх шүүх хурал энэ долоо хоногт болно.
 
Товчхондоо, телевизүүд мэдээгээр, твиттер жиргээгээр “хахсан” долоо хоног болох төлөвтэй байна. 

ЭРХ БАРИГЧИД НААДМЫН ӨМНӨХ НАЗГАЙРЛЫН ӨДРҮҮДИЙГ ДАЛИМДУУЛЖ ҮНДСЭН ХУУЛЬД ДАХИН ГАР ХҮРЭХ ҮҮ

      Эрх баригч МАН-ынхан УИХ-ын хаврын чуулганы хугацаанд багтаж Үндсэн хуульд дахин гар хүрэх төлөвлөгөөтэй байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулган нээх үеэр “ам алдсан”. Улмаар хэзээ, гол нь ямар өөрчлөлт хийх бол гэх хүлээлт нийгэмд бий болсон. Харин эрх баригчдаас дахин хэн нь ч Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар ам нээгээгүй буюу чанд нууцалж, чимээгүйхэн дотооддоо хэлэлцсээр өдий хүрэв. Учир нь, эрх барьж буй хэдий ч эцэг хуулиараа дахин дахин оролдох нь ард түмэнд таалагдахгүй учраас ийн нууцалсан хэрэг. 
 
Тэгвэл тэд тохиромжтой цаг нь болсон гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчид наадмын өмнөх назгайрлын өдрүүдийг далимдуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шуурхайлж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ингэхийн тулд эхлээд МАН-ын бүлгийнхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар заалтуудыг багтаахаа энэ долоо хоногт хэлэлцэж, эцэслэх гэнэ. МАН-ын бүлгээс эцсийн шийдвэр гарчихвал УИХ-аар батлагдсанаас өөрцгүй гэж үзвэл Үндсэн хууль өөрчлөгдөх нь өдрөөр тоологдох ойрхон боллоо. 

Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр, эрх баригчид эхний байдлаар Ерөнхий сайд нь танхимаа зөвхөн УИХ-аас бүрдүүлдэг буюу Засгийн газрын гишүүд нь давхар дээлтэй байх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх буюу сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэсэн гурван том өөрчлөлтийг хийхээр тохиролцоонд хүрч байгаа гэх. Гэхдээ аль аль заалт нь МАН одоогийн ноёрхлоо “мөнхлөх”-ийг хүссэн заалтууд учраас нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. 

1. Үндсэн хуулийн өмнөх өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгосон. Тухайн үед Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох хувилбар оруулж ирэхээр яригдаж байсан ч олон эсэргүүцэлтэй тулгарч, унасан. Тухайлбал, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга эрс эсэргүүцэгчдийнх нь нэг байсан гэдэг. Харин одоо Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох заалт оруулж ирвэл дэмжигдэх нь тодорхой. Учир нь хэрвээ энэ заалт хэрэгжиж эхэлбэл ямар нам олонх байна тэр нам Ерөнхийлөгчөө сонгодог болно гэсэн үг. МАН-ын хувьд Ц.Элбэгдорж, Х.Баттулгын хоёрын дараа буюу 12 жилийн дараа анх удаа Ерөнхийлөгчийн суудлыг өөрсдийн талд авч чадсан. Дахин алдахгүйн тулд МАН-ынхан хоёр гараа, хөлтэйгөө өргөж дэмжих нь тодорхой. 
 
Нэг жишээ сонирхуулахад, УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн хавраас хойш “Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё. Эсвэл өргөтгөсөн парламент буюу нийслэл, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс сонгодог байя” гэж ярьж яваа. Энэ бол Т.Доржхандаар дамжуулан олон нийтийн чихийг зөөллөж, улмаар УИХ-аар оруулж дэмжүүлэх гэсэн  технологи гэж харагдаж байгаа. 
 
2. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол заалт байх нь тодорхой. УИХ-ын дарга Г.Занданшатар ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх яриа шинэ тутам асуудал биш. Тухайлбал, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед УИХ-ын гишүүдийг тоог нэмэх эсэх асуудал мөн л орж ирсэн. Тухайн үед УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, цаашлаад 150 болгох асуудал яригдаж байсан. Харин сонгуулийн тогтолцооны тухайд холимог буюу нийт гишүүний 50 хувийг пропорционал, 50 хувийг нь мажоритар системээр оруулж ирэх саналыг хэлэлцэж байв. 
 
Ардчилсан нам амь голтой төдий байгаа буюу ирэх сонгуульд Ардын намтай “ана мана” үзэх чадамжгүй дүр зураг харагдаж байгаа. Ийм үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь Ардын намд ашигтай. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүдийн тоог байж болох хамгийн олноор нэмэхээр оруулж ирнэ гэх яриа байна. Харин ард түмний дунд эсрэгээрээ 76 гишүүний булхай, луйвар, төсөв тонодог, тендер иддэг байдлыг дийлэхгүй байхад гишүүдийг тоог дахин нэмэх нь төрийг данхайлгаж, чадамжгүй улстөрчдөөр дүүргэхээс хэтрэхгүй гэж байр суурь давамгайлж буй. 
 
3. Дараагийн гол асуудал бол Засгийн газрын гишүүдийн давхар дээлийн хязгаарлалтыг цуцлах заалт. Одоогийн Үндсэн хуулиар Засгийн газрын дөрөв хүртэлх гишүүн нь давхар дээлтэй байж болохыг зөвшөөрч байгаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ заалтыг цуцалж, Засгийн газрын гишүүдээ цөмийг нь давхар дээлтэй болгох замаар хүчирхэгжүүлэх сонирхолтой байгаа гэх. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдэл, санаачилга нь УИХ дээр орж ирээд унасан жишээ олон бий. Харин УИХ-ын гишүүдэд давхар дээл нөмрүүлж, Засгийн газрын сайд болговол Л.Оюун-Эрдэнийн шийдвэр УИХ дээр ойчихгүй байх боломжтой болно. Тиймээс ч Л.Оюун-эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэвчээртэй хүлээж, хол замд хань болохгүй холгодог гутал шиг хариуцлагагүй хэдэн сайд нараа хөөж явуулахгүй, хамгаалсаар өдий хүрсэн ч гэдэг.  
 
Ямартай ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд ямар сонирхолтой үйл явдлууд өрнөхийг харах л үлдэж байна. 

ХАВАРЖИН ХЭВЛЭЛЭЭР “МАТУУЛСАН” ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХОРИХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ 

      Өнгөрсөн хаврын хэвлэлийн “од” нь Худалдаа хөгжлийн банкны эзэн “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр байсан. Тэднийг Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч хэд хэдэн компанийн цаад эздээр нэрлэж, хэвлэлийн бай болгосон. Эцэст нь, “Сахал” Д.Эрдэнэбилэгийг сараар цагдан хорьж, нэг удаа сунгаад буй. Харин одоо Х.Баттулгын ээлж ирж байна. 
 
Тодруулбал, хавар эхлэхэд Х.Баттулга Хөгжлийн банктай холбоотойгоор хэвлэлүүдээр баалуулж байсан бол Хятад махны үйлдвэрүүдтэй холбоотойгоор “балбуулсаар” хаврыг дуусгалаа. Товчхондоо, эрх баригчид, хууль хяналтынхан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хорих хөрсөө хэвлэлээр дамжуулан хангалттай бэлдсэн. Харин одоо түүнийг баривчлахад нийгмийн сэтгэлзүй бэлэн болсон гэж үзсэн бололтой, энэ долоо хоногт түүнийг дуулиан шуугиантайгаар баривчилна гэх мэдээлэл байна. 
 
Өмнөх Ерөнхийлөгч нараас улс төр лүү буцаж “мацсан” нь Х.Баттулга, Н.Энхбаяр хоёр. Үе үеийн Ерөнхийлөгч нар улс төрд буцаж ирэхийг улс төр өөрөө зөвшөөрдөггүй “хуультай”. Жишээ нь, Ерөнхийлөгчөөс буусан Н.Энхбаяр улс төрд эргэн ирэхийг оролдсон ч түүнийг тун эмгэнэлтэй хувь тавилан угтаж авсан. Х.Баттулгын хувьд ч мөн улс төрд эргэн ирэх бүх оролдлогуудыг хийж байгаа ч үнэндээ Н.Энхбаяртай адилхан ирээдүй хүлээж буй нь тодорхой болж байна. 
 
Ташрамд, өнөөгийн эрх баригчид болон хууль хяналтынхан баривчлан хорих хүнээ хэвлэлээр баахан матаж, муулж, эцэст нь ганц шөнийн дотор цагдан хорьж, хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрт нэгжлэг хийдэг арга барил болж, олон жишээгээр батлагдсаар байна.

ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН ХУУЛИЙГ ШИНЭЧИЛСНЭЭР ДОПИНГИЙН ХАВТГАЙРЛЫГ ХАЛАХАД ДОРВИТОЙ АХИЦ ГАРНА ГЭХ ХҮЛЭЭЛТ БАЙНА

      Халдварт тахалтай холбоотойгоор хоёр жил цахимаар наадсан. Ялангуяа Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой өнгөрсөн жил тохиосон ч халдварт тахлаас болж цахимаар тэмдэглэсэн. Харин энэ жил 101 жилийн ойтой хавсарган, нөхөж бас нүсэр тэмдэглэхээр бэлдэж буй. Гэхдээ энэ жилийн наадмыг өргөн дэлгэрээс гадна найраа, допингийн хэрүүлгүй тэмдэглэх хүрээнд Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж, өнгөрсөн сарын 4-нд УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн.
 
Үндэсний баяр наадмын тухай хуулийг анх 2003 оны зургадугаар сарын 19-нд баталсан. Түүнээс хойш зургаан удаа, давхардсан тоогоор 54 удаа зүйл, хэсэг, заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд Үндэсний баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс допинг илэрч, цол, чимэгийг нь хураах эсэх асуудал маргаан дагуулж, эцэстээ шүүхэд шилждэг “уламжлал” тогтсон.  Тэгвэл энэ удаад Үндэсний баяр наадмын тухай хуулийг өөрчлөхдөө допингийн асуудлыг цэгцлэх заалтуудыг багтаасан гэж хууль санаачлагчид тайлбарлаж буй. 
 
Тухайлбал,
 
Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад наадмын бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, Үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас шинжилгээ авахаар заасан. Хэрвээ допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн бөх болон харваачийн Үндэсний баяр наадамд оролцох эрхийг нь Дэлхийн допингийн эсрэг кодед заасан хэмжээгээр хасах тухай заалт оруулсан. Одоогийн хуулиар тав давсан бөхөөс шинжилгээ авдаг байсан бол одоо дөрөв болгон наашлуулж буй нь ололтой заалт гэж хүлээн авч байгаа. 
 
Өөр нэг онцлох заалт нь Үндэсний баяр наадмын түрүүлсэн, болон байр эзэлсэн бөх, харваачдын улсын цолыг шууд олгохгүй, зөвхөн батламж гардуулна. Харин допингийн шинжилгээнийх нь хариу гарсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шинжилгээнийх нь хариуг үндэслэн улсын цолыг нь олгохоор заасан байна. 
 
Түүнчлэн, Үндэсний баяр наадмын тухай хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор бөхчүүдэд цол нөхөж олгох асуудал яригдаж эхэлсэн. Тухайлбал, Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталбал Улсын аварга О.Балжинням даян аварга, Улсын гарьд П.Сүхбат, Б.Гантогтох, И.Доржсамбуу нарт улсын арслан цол нөхөж олгох гэх мэтээр нийт 68 бөх цол нэмэх яриа гараад буй.

ОЛОН УДАА ХОЙШЛОГДСОН ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯРЫН ХЭРЭГ ЛХАГВА ГАРАГТ ЭЦЭСЛЭГДЭХ ҮҮ

        Цагтаа хагарсан улс төрийг эвлэрүүлж, басхүү нийслэлийн талыг төв талбайд цуглуулж асан Олимпын аварга Н.Түвшинбаяр одоо торны цаана сууж буй. Түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаан олон удаа хойшилсон. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан болсон. Гэвч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэн тус хэргийг шүүхээс татгалзсан. Шалтгаанаа шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөлөхийг завдсан гэж тайлбарласан. Шүүхийн ерөнхий зөвлөл хянаж үзээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болсон. Ингээд Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хуралдааныг зургадугаар сарын 8-нд буюу ирэх лхагва гарагт товлосон билээ. 
 
Саяхнаас Э.Энхбат агсны аав, ээж анх удаа хэвлэлд ярилцлага өгч, хүүгийнх нь хэрэгт Монголын шүүх шударга шийдвэр гаргаж, Н.Түвшинбаярт цохих ялыг нь өгөөсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ. Харамсалтай нь, Э.Энхбат агсныг өнгөрснөөс хойш Н.Түвшинбаяр шүүхэд нөлөөлөх, шүүгчээс татгалзах, эсрэгээрээ шүүгч нь татгалзах зэргээр шүүх хурлаа хойшлуулж, хариуцлагаас мултрахыг санаархаж байна гэх агуулгатай мэдээллүүд цацагдах болсон. Харин энэ удаад Н.Түвшинбаярыг шүүх хурал шийдвэрт хүрнэ гэх хүлээлт байна. 
 
        Ямартай ч, хаврын улс төр хаахаас өмнө хэд хэдэн чухал хууль батлах, хэд хэдэн хүнийг баривчлах, хорих гэх мэтээр улс төр өнөөдрөөс бужигнаантай байх нь. Гэхдээ хэчнээн бужигналаа ч наадмын өдрүүдэд мартагдах нь тодорхой, тийм ч байж ирсэн. Тиймдээ ч наадмын өмнөх, цагаан сарын өмнөх гэх мэт назгайрлын өдрүүдэд эрх баригчдын эрх ашиг бүхий хуулиад батлагдаж, баривчилгаанууд хийгддэг билээ. 

ХАВРЫН УЛС ТӨР ХААХААС ӨМНӨХ ХУУЛЬ БА БАРИВЧИЛГАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-06 09:46:34
    Zochin: Dorjkhand yagaad KHan-Uuld yalsan n' todorkhoi l bolood baikh shig bna doo. MAN-iin nuuts gihsyyn bsan yum bna. Tegeed khar mashinaaraa yalt ch ygyi garch irsen yum bna l daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-06 09:01:00
    khosoo: Херо Оюукийн хажууд байгаа цагт ч хоригдох нь юу л болдоо...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188