• Өнөөдөр 2024-04-27

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн сэргэлтэд оруулж, “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг төрийн өмч болгосон ДОЛОО ХОНОГ

2022-03-26,   352

Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт бүр өнгөрөгч долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг төрийн өмч болгож, “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн сэргэлтэд оруулахаар болсон зэрэг улстөр онцлох үйл явдлууд болж өрнөсөн.

            Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч та бүхэнд өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

Э.ЦЭНДБААТАР ОЛИМПОД ХҮЧ ҮЗНЭ

            Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, ХХ зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Боксын насан хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Тус тэмцээнд Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар оролцож байгаа юм. Энэ талаараа Э.Цэндбаатар манай сэтгүүлчид өгсөн тодруулгадаа “Энэ удаагийн улсын аваргад би хүч үзэхээр болсон. Бэлтгэл, сургуулилалт сайн байгаа учраас өөртөө итгэлтэй байна. Цаашид сонирхогчдын боксоороо хичээллэх, амжилт үзүүлэх туйлын хүсэлтэй байгаа. Ийм учраас түр хугацаанд мэргэжлийн боксын тулаанд оролцохгүй. Улсын аварга болоод, шигшээ багтаа дуудагдахыг хүсэж байна. Шигшээ багт орж, олимпод хүч үзэх болно. Миний туйлын хүсэл олимпын аварга болох. Энэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө бүх хүчээ дайчлах болно. Иймд үзэгч та бүхнийг намайг дэмжиж, урам хайрлаасай гэж хүсэж байна. Үргэлж дэмжиж байдаг Монголын ард түмэндээ баярлалаа” гэсэн юм.

 

ОСАКАГИЙН КИНО НААДМААС Б.БАЯРЦЭЦЭГ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮРИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ

Япон Улсын Осака хотод жил бүр зохион байгуулдаг олон улсын Азийн кино наадмын 17 дахь жилдээ зохион байгуулагдав. Тус киноны сүүлийн шатанд кино найруулагч Ж.Сэнгэдоржийн  "Худалдагч охин" кино шалгарч, Гран при" цомд азийн бусад шилдэг 14 кинотой зэрэгцэн өрсөлдсөн.

            Тэгвэл тус наадамд Монголын "Худалдагч охин" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан юм.

 

МОНГОЛ УЛС ЦЭВЭР УСНЫ НӨӨЦӨӨР ДЭЛХИЙН 145 ОРНООС 22-Т ЖАГСЖЭЭ

Дэлхийн усны өдөр өнгөрөгч долоо хоногт тохиосон. НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурал (UNCED)-ын үеэр 1992 онд дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг анх дэвшүүлжээ. Үүний дагуу цэвэр усаар гачигдаад буй улс орнууд энэхүү байдлаас гарах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор 1993 оноос гуравдугаар сарын 22-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн гол зорилго унд болон ахуйн ус болон усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийт, нийгмийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

            Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг, усны нөөц багатай орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Гэхдээ газрын доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, хэдэн зууны жилээр нөхөн сэргээгддэг байна.

 

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД "АСГАТ"-ЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт өнгөрөгч долоо хоногт Баян-Өлгий аймагт ажилласан. Аймгийн удирлагуудтай уулзаж нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар эхлээд мэдээлэл сонссон юм. Ерөнхий сайд,

  • Тендерийн сонгон шалгаруулалтыг яаралтай дуусгаж хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, тавдугаар сарын 1-нээс  орон даяар эхлэх эрүүл мэндийн үзлэг оношилгооны бэлтгэл ажлыг сайтар хангах, Атрын IV аянд идэвхитэй оролцохыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн иргэдэд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулж, саналыг сонсжээ.

            Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын цөм нь Монгол Улсын эдийн засгийн суурийг тэлэх, 40 их наяд төгрөгийн эдийн засгийг 3-4 дахин нэмэгдүүлэх юм. Энэ зорилгод хүрэхийн тулд Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж байна. Орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоонд тулгуурлах зарчмыг Засгийн газар баримтална."Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно" гэсэн юм.

Уулзалтад Баян-Өлгийн аймгийн сум бүрийн төлөөлөл болсон 400 гаруй иргэн оролцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх , ажлын байр дэмжих төслүүдэд иргэдээс санал авлаа. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож 80 хувь нь дэмжив. Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болгожээ.

            Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Асгат"-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах танилцуулга хийсэн юм. Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож Засгийн газар тэмдэглэл гаргасан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг тэмдэглэлийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд гардуулж өгөв. Монгол Улсын стратегийн ордуудын нэг болох "Асгат"-ын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж байна.

            Боомтын сэргэлтийн хүрээнд Цагаан нуур, Даянгийн боомтуудыг авто замаар холбож, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг нутгийн иргэд дэмжлээ. Цагаан нуур боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож, чөлөөт бүс байгуулахаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан юм. Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөвдүгээр бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг нутгийн иргэдэд танилцууллаа. Мөн Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн иргэдийн саналд үндэслэн Алтай таван богд чиглэлд авто зам барих ажлыг 2023 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгажээ.

Уулзалтын үеэр иргэд орон нутагт ажилгүйдэл, инфляци, валютын өсөлт иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй зэрэг асуудлыг хөндөж байна.

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн залуучуудын төлөөлөлтэй өнөөдөр мөн уулзаж, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. “Алсын хараа -2050” баримт бичиг нь 590 гаруй салангид баримт бичгийг нэгтгэсэн. Тус баримт бичигт манай улс хөгжлийн стратегиа гурван, арван жилээр тодорхойлсны эхний арван жилийн бодлого нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Энэ бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Баян-Өлгий аймаг 113.3  мянган хүн амтай. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 2022 оны тооллогоор 2.3 сая толгой мал тоолуулжээ. Тус аймагт "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нийт 1282 иргэн, аж ахуйн нэгжид 45794,4 сая төгрөгийн зээлийг олгосон байна.

 

“ХАСЫН ХҮЛЭГҮҮД” БАГ ДОЛОО ДАХЬ УДААГАА АВАРГЫН ЦОМ ХҮРТЭВ

“Хасын хүлэгүүд” баг сагсан бөмбөгийн 2022 оны "Янзтай” дээд лигийн аварга болсноор Монголын сагсан бөмбөгийн түүхэнд долоо дахь удаагаа аваргалсан цорын ганц баг . Тус баг 2004 оны Дээд лигээс эхлэн өнөөг хүртэл монголын сагсан бөмбөгийн дээд түвшинд маш амжилттай оролцсоор байгаа юм. Сагсанбөмбөгийн 2022 оны улирлаас олон жил талцаж хуваагдсан сагсан бөмбөгийн холбоод эв эеийг хичээн нэгдэж ийнхүү Дээд лигийг амжилттай зохион байгуулсан юм. Мөн хоёр жил үргэлжилсэн “Ковид-19” цар тахлын үеэр сагсан бөмбөгт хайртай хүүхэд, залуус, сонирхогчиддоо Дээд лигийн тоглолт зориулагдсан гэдгээрээ ач холбогдол өндөр байв. Хүлэгүүд багийнхан энэхүү содон улиралд түрүүлэхийн төлөө багаараа хичээсний үр дүнгээ үзлээ. Түүнчлэн 2022 оны "Янзтай Дээд лиг"-ийн финалын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Хасын Хүлэгүүд багийн ахлагч Б.Билгүүн, “Шилдэг дасгалжуулагч”-аар Хасын Хүлэгүүд багийн дасгалжуулагч Д.Пүрэвдорж тус тус шалгарчээ.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА МҮОХ-НЫ ДАРГАД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ

 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлж, өдгөө 21 аймгаараа намын гишүүдтэйгээ уулзалт хийж буй. Тэгвэл тэрбээр АН-ын даргад өрсөлдөхөөс гадна МҮОХ-ны даргад мөн нэрээ дэвшүүлжээ. Тус хорооны ээлжит чуулган энэ сарын 28-нд болох юм байна.

            Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гадна одоогийн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ч мөн нэр дэвшүүлээд байгаа юм байна.

 

ЭНЭ ОНД 120 ЗЭЭЛ, 31 ТУСЛАМЖИЙН ТӨСӨЛ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИНЭ

Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаанаар Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн.

            “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 466 малчдын бүлэгт 14,000 хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулах, 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулахаар тусгагдсан. Малыг эрүүлжүүлэх ажлын хүрээнд нийтдээ 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулахаар төсөлд тусгагдсан аж.

            Мөн 2022 онд 120 зээлийн төсөл, 31 тусламжийн төсөл Монгол Улсад хэрэгжинэ. Үүнээс Азийн хөгжлийн банкнаас 45 төсөл хэрэгжиж байна. Зээл, тусламжийн төслүүдэд Үндэсний аудитын газраас жил бүр аудит хийдэг байна. Мөн санхүүжүүлэгчдийн зүгээс улирал тутам хяналт тавьж, хэрэгжүүлэгч  байгууллагуудтайгаа  авах арга хэмжээгээ тохиролцдог аж.

 

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬЧЛАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ТӨРД АВАХ ШИЙДВЭР ГАРАВ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас "Хөтөлийн цемент, шохой" үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгох талаар хэлэлцэж, хувьчлалыг нь хүчингүй болгох шийдвэр гарлаа. 

            Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг "Бэйзмент" ХХК-д концессоор 10 жилийн хугацаатай шилжүүлсэн. Энэ хугацаа нь 2021 онд дуусах байсан. Гэвч 2015 онд өр төлбөртэй нь хувьчлах шийдвэр гарсан. Хувьчилж авсан нэг хүнтэй "Бэйзмент" ХХК нь нэрээ "Хөтөл" ХХК болгосон. Гэтэл одоо эзэнгүй болсон. Тэр ганц эзэн нь нас барсан, өв залгамжлагчид нь авахгүй гэсэн. Ингээд эзэнгүй болчихсон. Улмаар "Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгож байна" гэсэн юм.

Мөн өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны баасан гарагт “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн захирлаан Л.Наранбаатарыг түр хугацаанд томилсон юм.

 

Б.ЖАВХЛАН: ХОЙД ХӨРШ РҮҮ АШИГ ОЛОХ ЗОРИЛГООР АМ.ДОЛЛАР ГАРГАЖ БОЛЗОШГҮЙ АСУУДАЛД ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД ХЯНАЛТ ТАВИНА

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудаар салбарын сайдууд мэдэгдэл хийсэн. Сүүлийн үед ОХУ, Украинд үүсээд буй асуудалтай холбогдуулан рублийн ханш унаж, ам.долларын эрэлт хэрэгцээ ихсэж буй. Үүнээс улбаалж ашиг хонжоо хайсан иргэд хойд хөрш рүү ам.доллар их хэмжээгээр гаргаж, арилжаалах эрсдэлтэй. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өгч байна.

            Тэрбээр “Рубль бол манай төв банкны нөөцийн нэгж биш. Өөрөөр хэлбэл, манай гадаад худалдаанд маш бага хэмжээтэй оролцдог. Хойд хил, чөлөөт бүс, орон нутгийн үүргийн худалдаачдын түвшинд л хэрэглэгддэг. Бид шатахуун болон бусад стратегийн бүтээгдэхүүнүүдээ бүгдийг нь ам.доллароор авдаг. ОХУ тэрийг шаарддаг, ялангуяа шатахуун дээр. Манай нүүрс гаднаас ам.доллар оруулж ирдэг гол бүтээгдэхүүн бол ОХУ-ын хувьд ам.доллар болгодог гол бүтээгдэхүүн нь газ, нефть хоёр. ОХУ-д рубль унаад эхлэхээр манай хоёр улсын хооронд үүргийн шинжтэй арилжаа яваад байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бид одоо байгаа хууль дүрмийнхээ хүрээнд гааль дээрээ хяналтаа чангаруулна. Түүнээс биш хойд хөрш рүү нэг ам.доллар ч гарч болохгүй, нэг рубль ч гарч болохгүй гэдэг шаардлага тавихгүй. Гарч болдог хэмжээнд нь бид зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.доллароос дээш хэмжээгээр гаргахыг хуулийн байгууллагууд хянана. Харин богино хугацаанд ашиг олох сонирхлоор зөвшөөрөгдсөн хэмжээнээс их ам.доллар, рубль гаргахыг, арилжаа хийхийг бид зөвшөөрөхгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ чиглэлээр тагнуул, цагдаа, хүчний байгууллагуудад үүрэг өгсөн. Миний хувьд Гаалийн ерөнхий газарт үүрэг өгч ажиллалаа. Би дахиад хэлье, богино хугацаанд ашиг олох зорилгоор ам.доллар, рублийн арилжаа хийх бол гарч болзошгүй эрсдэл. Тиймээс хууль хяналтын байгууллагууд хяналтаа сайжруулах шаардлагатай” гэлээ.

 

НӨӨЦИЙН МАХЫГ 468 ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРЭЭР ХУДАЛДААЛЖ БАЙНА

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах Засгийн газрын шийдвэр гарчээ.

•Үхрийн ястай мах 8900 төг/кг

•Хонины мах 8300 төг/кг

•Ямааны мах 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалах юм байна.

            Үүнээс гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох аж. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 23 аж ахуйн нэгж нийт 12.6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна. 2021 онд нөөцийн үхрийн мах 7,700, хонь 6,700, ямаа 6,200 төгрөгөөр худалдаалагдаж байв. Энэ жил нөөцийн махны үнэ нэмэгджээ.

 

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛОВ

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнгөрсөн пүрэв гарагийн 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулав. Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад идэвхтэй оролцсон юм. Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн хоёр телевиз, 10 FM радиогоор дамжуулан ажиллажээ.

            Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.

 

УЛСЫН ХЭМЖЭЭНД 3.8 САЯ ТОЛГОЙ МАЛ ТӨЛЛӨЖЭЭ

Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг долоо хоног бүрийн пүрэв гарагт орон нутгаас хүлээн авч, нэгтгэн мэдээлж байна. Гуравдугаар сарын 24-ний байдлаар төллөвөл зохих 27.9 сая хээлтэгчийн 13.8 хувь буюу 3.8 сая нь төллөж, 3.8 сая төл хүлээн авчээ. Төл бойжилт 99.2 хувьтай байна.

            Мал төллөлтийг газар зүйн бүсээр нь авч үзвэл баруун бүсэд төллөвөл зохих эх малын 24.3 хувь, хангайн бүсэд 11.0 хувь, төвийн бүсэд 14.0 хувь, зүүн бүсэд 4.8 хувьтай мал төллөсөн нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.

 


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн сэргэлтэд оруулж, “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг төрийн өмч болгосон ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188