• Өнөөдөр 2024-04-25

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шар түвшинд шилжиж, МАН-ын таван гишүүн "хөөгдөж", Хөгжлийн банкны хуучин захирлууд хоригдож, Ч.Мөнхбаяр баривчлагдав

2022-02-19,   662

          Өнгөрөгч долоо хоног дуулиан шуугианаар дүүрэн байлаа. Тухайлбал, Монгол Улс хоёр жилийн дараа өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ цуцалж, шар түвшинд шилжлээ, Хөгжлийн банкны хэрэг болон авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан таван хүн МАН-аас "хөөгдлөө", "Тэмцэгч" гэгддэг иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласныхаа хариуд мөнгө авч байхад нь ТЕГ үйлдэл дээр нь илрүүлж баривчилснаа зарлалаа, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүс болон найдваргүй зээлдэгчдэд холбогдох шүүх хурлууд боллоо. Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрөгч долоо хоногт өрнөсөн дээрх дуулиан шуугиантай үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

МОНГОЛ УЛС ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ШАР ТҮВШИНД ШИЛЖЛЭЭ

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай чухал шийдвэр гаргалаа. 

Тодруулбал, Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, 79 хоног хатуу хөл хорионы буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байсан. Тэгвэл Засгийн газраас халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал зэргийг харгалзан гамшгийн үеийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, зорчих хөдөлгөөний албан ёсоор нээлээ. 

Монгол Улсын хэмжээнд вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт III тунд 52 хувь, IV тунд 90 орчим мянган иргэн хамрагдаад байна. Дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсан энэхүү үзүүлэлт нь шар түвшинд шилжиж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах үндсэн шалтгаан болсон юм. 

Нөгөөтээгүүр, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг байсан хугацаанд буюу улбар шар түвшний үед экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн орлого 23 хувиар тасарсан зэрэг нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, улбар шар түвшнээс шар түвшинд шилжих бас нэгэн том шалтгаан болсон юм. 

Шар түвшинд шилжих шийдвэр гаргасныхаа дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд алдагдсан тэр бүх боломжийг нөхөж, эдийн засгаа сэргээж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бодлого барьж ирсэн. Цаашдаа энэ байр суурин дээрээ зогсох болно. Шар түвшинд шилжсэнээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл бүрдэж байна” хэмээн онцолж байсан юм. 
 

МАН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ТАВАН ГИШҮҮНЭЭ "ХӨӨЛӨӨ"

         Хөгжлийн банкны дуулиан дэгдсэн цагаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хэрвээ манай намын гишүүд Хөгжлийн банкнаас албан тушаал, намын харьяаллаа ашиглан зээл авсан, зээлээ эргэн төлөөгүй, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, зээл авахдаа авлига өгсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдвол нам харгалзахгүй хатуу тэмцэнэ” гэж мэдэгдэж байсан. Тиймдээ ч Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэн төлөөгүй найдваргүй зээлдэгчдийн цаад эзэд болон улс төрийн томчуудтай хэрхэн тэмцэхийг олон нийт чих даран хүлээж байлаа. 
 
Улмаар өнгөрөгч баасан гарагт МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, нэр бүхий гишүүдээ намаас хасах болон Бага хурлын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан. 

Тодруулбал, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн асуудал болон авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа гэсэн таван хүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасаж, намаас гарсанд тооцсон

Мөн Ж.Эрдэнэжамъян, Б.Даваасамбуу, Э.Цасчихэр, Г.Батсайхан,  Д.Дуламсүрэн нарын таван хүнийг МАН-ын Бага хурлын гишүүнээс хасах шийдвэр гаргаснаа танилцуулсан. 
 
Харин Хөгжлийн банктай нэр холбогдсон МАН-ын гишүүд болох УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Дамдинням, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат, М.Билэгт, БХБ-ын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нараас тайлбар авна гэж мэдэгдсэн. 

Гэвч МАН-ын Хяналтын хорооны энэ шийдвэр олон нийтийн хүлээлтэд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банктай нэр холбогдсон бүх гишүүддээ ижилхэн хариуцлага тооцохгүйгээр цөөн хэдэн хүнийг намаасаа хассан нь заримыг нь хамгаалж үлдэх, заримаар нь “туг тахих” гэсэн үйлдэл боллоо гэж олон нийт шүүмжлэлтэй хүлээж авсан юм. 

       Уг нь МАН 30 дахь их хурлаараа намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, албан тушаал, эрх мэдлээ ашиглан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнчлэлээс хасах, бүх шатны сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай хатуу заалт тусгасан байдаг.
 
ТодруулбалМАН-ЫН ҮНДСЭН ДҮРЭМ
 
4 дүгээр зүйл. Монгол Ардын Намын гишүүний эрх, үүрэг
 
-4.2.5. Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;
 
-4.2.9. Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх.
 
6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах
 
6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:
 
6.5.1. намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн
 
6.5.2. намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
 
6.5.3. намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан.
 
6.5.4. намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн.
 

“ТЭМЦЭГЧ” ГЭГДДЭГ Ч.МӨНХБАЯРЫГ “ГАДААДЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ, ХАРИУД НЬ МӨНГӨ АВДАГ БАЙСАН” ГЭЖ ТЕГ ЗАРЛАВ

        Өнгөрөгч пүрэв гарагт ТЕГ-ын тусгай албаныхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, иргэн Ч.Мөнхбаярыг “Наран” плаза орчимд гудамжинд явж байхад нь баривчилсан. Улмаар тэр оройдоо түүний гэрт нэгжлэг хийсэн байдаг. Тухайн үед цахим ертөнцөд “Иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан нь түүний хамгийн сүүлд хийсэн хэвлэлийн хуралтай холбоотой буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-тай холбож шүүмжилснийхээ хариуд баривчлагдлаа” хэмээн бичицгээж байв. 
 
Улмаар маргааш нь буюу баасан гарагт ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг ямар шалтгаанаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан тухайгаа танилцуулж, хэвлэлийн хурал хийсэн. Тодруулбал, ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр “Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, тэдний даалгавраар ажиллаж, хууль бусаар хамтарч ажиллаж, хариуд нь мөнгөн урамшуулал авч байсныг тогтоосон. Иймд ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Ч.Мөнхбаярын хууль бус ажиллагааг таслан зогсоож, үйлдэл дээр нь баривчлан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Мөн иргэн Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийх үеэр зохих хэмжээний валют илэрснийг эд мөрийн баримтаар хурааж аваад байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Харин иргэн Ч.Мөнхбаяр нь ямар улсыг тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан, ямар даалгавар авч, ямар мэдээлэл дамжуулсан, хэдий хэмжээний мөнгө авч байсан зэрэг мөрдөн шалган ажиллагааны нууцад хамаарах мэдээллийг танилцуулах боломжгүйгээ ТЕГ-аас хэлсэн.
 
Иргэн Ч.Мөнхбаярын тухайд ӨМӨЗО-ны сургуулиудад Монгол хэл, бичгийн хичээлийг хориглосон БНХАУ-ын бодлогыг эсэргүүцсэн “Эх хэлээ аваръя” жагсаалаас эхлээд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдтой холбоотой хэргүүд, “МАНАН” бүлэглэлийг эсэргүүцсэн жагсаал, Хазара дүрвэгчдийг эх орондоо хүлээж авах тухай жагсаал, Багануурын цахилгаан станцын концессыг эсэргүүц жагсаал, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон Хармагтайн ордтой холбоотой асуудлууд тэргүүтэй хэд хэдэн жагсаал, хөдөлгөөн, хэвлэлийн хурлуудыг удирдахад оролцож байсан нэгэн юм. Тиймдээ ч нийгмийн зарим хэсэг нь түүнийг “Тэмцэгч” гэж хүлээж авдаг байсан. Гэтэл ТЕГ-аас түүнийг “Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаж, хариуд нь мөнгө авч байсан” хэмээн зарласан нь олон нийтийн дунд дуулиан болоод байна. 
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУЧИН ЗАХИРЛУУДЫГ ЦАГДАН ХОРИВ

         Хөгжлийн банкны нийт зээлийн 53.3 хувь нь эргэн төлөгдөхгүй найдваргүй зээл болсон дуулиантай холбоотойгоор тус банкны үе үеийн захирлуудыг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу тал бий болгосон үндэслэлээр цагдан хорилоо. Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Ч.Мөнхбаярыг нарыг нэг сарын хугацаатай цагдан хорих, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханыг цагдан хохироос татгалзаж, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг шүүх хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ. 
 
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос: 
 
Яллагдагч Б.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа",
 
Яллагдагч Ч.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…"  гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй/,
 
Яллагдагч Д.Дэлгэрсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэг яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” үндэслэлээр тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр буюу өнгөрөгч баасан гарагт хянан хэлэлцсэн. 

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр нарт 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 

        Харин яллагдагч Д.Дэлгэрсайханд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 
 
Яллагдагч Б.Чойжилжалбуугийн хувьд “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшлуулсан юм. 
 
 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шар түвшинд шилжиж, МАН-ын таван гишүүн "хөөгдөж", Хөгжлийн банкны хуучин захирлууд хоригдож, Ч.Мөнхбаяр баривчлагдав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188