• Өнөөдөр 2024-05-05

ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨ”-Г ДЭЛГЭСЭН ЕРӨНХИЙ САЙДЫН ГУРВАН ЗОРИЛГОТОЙ ТАНИЛЦ

2022-01-28,   1606

        Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 841 тэрбум төгрөгийн  чанаргүй зээлтэй нэр бүхий 26 компанийг нийтэд зарласан. Улмаар дээрх компаниудын цаад эзэд нь ихэвчлэн улс төрийн томчууд байгаа нь захаасаа илчлэгдэж, дуулианы гол сэдэв болж хувирлаа. Тэгвэл Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдээ зарлаж, цаад эздийг нь нийтээр хэлэлцүүлсэн нь ил тод байх үүднээс эсвэл аж ахуйн нэгжүүдээс авах ёстой мөнгөө авч чадахгүй арга ядахдаа хийсэн үйлдэл биш, харин цаана нь хэн нэгний, хэсэг бүлгийнхний улс төрийн нүүдэл яваад байна уу гэж хардаж байна. Тодруулбал, Хөгжлийн банк бол Засгийн газрын банк гэсэн үг. Энэ утгаараа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарлах замаар улс төрийн тайзнаас хууччуулаа хөөж явуулах, нөгөөтээгүүр шинэ зээлдэгчдийг оруулах замаар улс төрийн хүрээлэл, нөлөөллөө өргөжүүлэх, эсвэл Хөгжлийн банкийг нэн даруй цэвэрлэх шаардлагатай болсон мэтээр харагдуулж, бүтцийг нь өөрчлөх зорилготой нүүдэл хийж байна уу” гэж хардах гурван хувилбар байна. 

ХУВИЛБАР 1: ХӨГЖЛИЙН БАНК ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧДЭЭ ЗАРЛАСАН НЬ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХУУЧЧУУЛАА ХӨӨЖ ЯВУУЛАХ НҮҮДЭЛ ҮҮ

          Төрийн бүх эрх мэдэл одоо Л.Оюун-Эрдэнийн гарт буй мэт харагдаж байгаа. Тэр Үндсэн хуулиар олгогдсон хамгийн их эрх мэдэлтэй анхны Ерөнхий сайд, бас эрх баригч МАН-ын дарга гэдэг утгаараа. Гэхдээ улс төрийн тайзан дээр одоо ч хууччуул байсаар байгаа. Ийм нөхцөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дангаараа тайзыг эзэгнэж, тодорч гарч ирэх боломжгүй, нөгөө талаасаа хууччуулыг өөрсдөө тайзнаас буухыг хүлээх хугацаа ч байхгүй. Энэ утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууччуулаа сул талаар нь “базах” замаар улс төрийн тайзнаас буулгах нүүдэл хийж байх боломжтой. Улс төрд он удсан хууччуулын хувьд хамаарал бүхий этгээдүүдийнхээ, халаасныхаа компаниудаар төрөөс нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авчихсан байдаг нийтлэг сул талтай. УИХ-ын гишүүд тэргүүтэй улс төрийн 40 гаруй өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүд нэр холбогдсон алдарт “ЖДҮ”-гийн дуулиан бол хамгийн тод жишээ нь. Тэр их баримтыг хэн нэгэн санаандгүй олж мэдээд нийтэд дэлгээгүй, харин зориудаар буюу үүний цаана улс төрийн том нүүдэл байсан гэлцдэг. Үр дүнд нь “ЖДҮ” сантай нэр холбогдсон эрхмүүд энэ хэргээсээ болж багагүй “хохирсон”. Хэд хэд нь хүчээр шахуу тэтгэвэртээ сууж, улс төрийн тайзнаас буусан бол зарим нь нэг удаад нэр дэвших эрхээ хасуулж “хохирсон”. Нэмээд зарим нь аавын хаалга татсан бол ихэнхийнх нь улс төрийн карьерт хар тамга дарагдаж, цааш дэвших боломж нь хязгаарлагдсан. Товчхондоо, “ЖДҮ”-гийн дуулианыг дэлгэснээрээ ирээдүйн улс төрийн зурхайг тэр чигт нь өөрчилсөн гэж болно. 
 
         Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкаар дамжуулан яг ийм нүүдэл хийж байгаа юм биш биз. Хөгжлийн банк бол “ЖДҮ” сантай яг ижил буюу улс төрийн томчуудын “саалийн үнээ” болчихоод байгаа нь үнэн. Гэхдээ онцлог нь “ЖДҮ” сантай харьцуулахад зээлдэгч нар нь илүү том. Ялангуяа том толгойтой чанаргүй зээлдэгч нар нь улс төрд он удсан хууччуул. Энэ утгаараа Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн дуулиан бүрэн утгаараа тэсрэлт хийвэл ЖДҮ-д нэр холбогдогчдын дуулианаас илүү хохирол учруулах том нүүдэл. Чухамдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрөөс зээл авсан, буцааж өгөхгүй луу унжсан сул талаар нь хууччуулаа хөөж явуулъя гэдэг нүүдэл бодож олсон бол Хөгжлийн банк яг тохирох газар нь мөн. Нэгэнт төрөөс буюу Хөгжлийн банкнаас албан тушаал, эрх мэдлээ ашиглаад тэрбум тэрбумаар нь зээл аваад буцааж төлөөгүй нь нийтэд ил болчихвол цаашдын улс төрийн карьерт нь хар тамга дарагдаж, цаашилбал улс төрийн тайзнаас хүссэн хүсээгүй буух нь тодорхой. Эхний жишээ нь улс төрд он удсан хууччуулын нэг Ё.Отгонбаяр боллоо. 
 
         Гэхдээ тэр Хөгжлийн банкаар дамжуулан хууччуулаа хөөх энэ нүүдлээ хоёр үе шаттай хэрэгжүүлж байна гэж харагдаж байна. Эхний шат нь, Хөгжлийн банк өнгөрсөн пүрэв гарагт 841 тэрбум төгрөгийн зээлтэй 26 аж ахуйн нэгжийн нэрийн нийтэд зарласнаар хэрэгжсэн. Тэдгээр чанаргүй зээлдэгчдийн цаад эздээс одоо Ё.Отгонбаяр, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Х.Баттулга гээд захаасаа ил болж байна. Үлдсэн аж ахуйн нэгжүүдийн цаад эзэд удахгүй тодорцгоож, дуулианууд үргэлжилнэ. Гэхдээ энэ бол мөсөн уулын орой төдий зүйл. Харин хоёр дахь шатанд зорилтот буюу улс төрийн тайзнаас хөөж явуулахыг хүссэн хууччуулынхаа аж ахуйн нэгжүүдийг зарлана. Гэхдээ зарлах эсэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ба хууччуул хоорондын тохиролцоо шийдэх байх. Ингэж хардахын учир нь өнгөрсөн оны наймдугаар сард Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн банк 3.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаагаас 1.3 их наяд төгрөг нь чанаргүй зээл болсон байна. Манай Засгийн газар Хөгжлийн банкийг хүлээж авснаас хойш буюу энэ оны нэгдүгээр сараас ямар ч зээл олгоогүй. Харин чанаргүй зээлийн асуудлууд дээр маш эрчимтэй ажиллаж байна. Ер нь бол Хөгжлийн банк шинэ зээл олгох байтугай, татан буугдах хэмжээний чанаргүй зээлтэй байна” гэх мэдэгдэл хийж байсан. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн банк 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй” гэж зарласан байтал Хөгжлийн банк өнгөрөгч пүрэв гарагт 841 тэрбум төгрөгийн зээлтэй 26 аж ахуйн нэгжийн нэрийг зарласан. Тэгэхээр цаана нь 450 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй аж ахуйн нэгжүүд зарлагдаагүй үлдсэн гэсэн үг. Зарлагдаагүй үлдсэн тэр аж ахуйн нэгжүүдийн цаад эзэд нь хэн байх нь сонирхолтой буюу улс төрд он удсан хууччуул байх магадлал өндөр. Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдэнтэй өөрсдийн саналаар улс төрийн тайзнаас буух тохиролцоо хийгээд, тэд зөвшөөрөөгүй тохиолдолд нэрсийг нь нийтэд зарлаж, “ЖДҮ”-гийн дуулианы түүхийг давтана гэдэг төсөөлөл харагдаж байна. 

ХУВИЛБАР 2. ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХӨГЖЛИЙН БАНКНААС ХУУЧЧУУЛЫГ ХОЛДУУЛЖ, ӨӨРИЙНХӨӨ ҮЕИЙНХНИЙГ ОРУУЛАХ ЗАМААР УЛС ТӨРИЙН ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЖ, САНХҮҮГЭЭ БАТАТГАХ НҮҮДЭЛ ХИЙЖ БАЙНА УУ

         Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой дуулиан анхных биш л дээ. Жишээ нь, 2016 онд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд буюу одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банканд шалгалт хийж, 1.2 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой зөрчил илрүүлсэн. Гэхдээ энэ үед чанаргүй зээлдэгч нартай, тэдний цаад эзэдтэй холбоотой асуудал нэг их яригдаагүй буюу Хөгжлийн банк төрөөс хамааралтай, бас тусгайлсан хуульгүй байна гэдэг асуудал голчлон яригдсан. Улмаар 2017 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны тухай хууль батлагдаж, Засгийн газар хоёр жил тутамд, Монголбанк нэг жил тутамд Хөгжлийн банканд шалгалт хийхээр хуульчилж байв.
 
        Харин дараа нь буюу 2019 оны тавдугаар сард Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой дуулиан дэгдэх үед Л.Оюун-Эрдэнэ гол дүр нь байсан. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга буюу одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг нийтэд танилцуулж байлаа. Ингэхдээ “Хөтөл”, “Мон лаа” , “ТОСК, “МАК цемент” тэргүүтэй есөн аж ахуйн нэгж чанаргүй зээлтэй байгааг онцолж, мөн нууцлалын зэрэгтэй хэд хэдэн аж ахуйн нэгжийн зээл байгааг цухалзуулж, шаардлагатай бол нууцлалаас гаргах асуудлыг хөөцөлдөнө гэж байв. Бас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах болсноо зарлаж байсан. 
      Тэгвэл одоо Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд буюу Хөгжлийн банкны “эзэн” байх эрхтэй нэгэн. Хөгжлийн банкны тухай хуулиар Хөгжлийн банканд үйл ажиллагааг ТУЗ нь удирдах боловч шууд хяналт тавих эрхтэй байгууллага нь Засгийн газар. Засгийн газар нь Хөгжлийн банкны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийг батлах, санхүү, төлбөрийн чадварын хэвийн, тогтвортой байдлын хангах арга хэмжээ авах, дүрмийн батлах, хоёр жил тутам ээлжит, шаардлагатай бол ээлжит бус шалгалт хийх, ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулах журмыг батлах эрхтэй. Маш ойлгомжтойгоор хэлбэл, Хөгжлийн банк бол Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн дэд бүтэц, стратегийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах үүрэгтэй Засгийн газрын банк гэсэн үг. Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдээсээ мөнгөө авахгүй бол дахин зээл олгох боломжгүй” гэж мэдэгдсэн. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ өөрийн Засгийн газрын мэдлийн банкаа хууччуулаас салгах байж шинэ зээлдэгч нар зээл өгөх боломжтой гэсэн үг. Харин Хөгжлийн банкнаас хууччуулаасаа өр төлбөрөө бүрэн аваад, хөөж явуулахыг тулд чанаргүй зээлдэгч нарын нэрсийг нийтэд зарлаж, цаад эздийг нь тодруулах нийтээр жигшээлгэх загварыг ашиглаж байж болох. 
 
        Хууччуултайгаа төдийлөн таарамжгүй, дангаараа ноёрхлыг тогтоохыг хичээж байгаа Л.Оюун-Эрдэнийн хувьд улс төрийн хүрээллээ өргөжүүлж, нөлөөллөө бататгах нь юу юунаас илүү чухал. Тэгвэл улс төрийн хүрээллээ өргөжүүлж, нөлөөллөө бататгах нэг арга нь Хөгжлийн банк байх боломжтой. Тухайлбал, хамаарал бүхий этгээдийнхээ компаниар Хөгжлийн банкнаас маш бага хүүтэй, хэдэн арван тэрбумаар хэмжигдэх зээл авах хүсэлтэй шинэ цагийн улс төрчид олон байж таарна. Хэрвээ тэдэнд Засгийн газраараа дэмжүүлж, Хөгжлийн банкаар дамжуулан зээл өгчихвөл түүний талд ямагт зогсох улс төрийн хүрээлэл нь өргөжиж, нөлөөлөл нь томорно гэсэн үг. Өөрийнх нь дэмжлэгтэйгээр таван тэрбумын зээл авчихаад өөрийнх нь гараа өргөхгүй, өөдөөс нь муухай аашлах хүн лав гарахгүй л байх. 
 

ХУВИЛБАР 3: ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХӨГЖЛИЙН БАНК ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧДИЙН ҮҮР БОЛСОН ГЭЖ ЗАРЛАХ ЗАМААР БҮТЦИЙГ НЬ ӨӨРЧЛӨХ НҮҮДЭЛ ХИЙЖ БАЙНА УУ

      Ингэж хардахын учир нь Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны наймдугаар сарын 18-нд “Ер нь бол Хөгжлийн банк шинэ зээл олгох байтугай, татан буугдах хэмжээний чанаргүй зээлтэй байна. Сонгодог утгаараа бол Хөгжлийн банк цаашид томоохон төсөл, хөтөлбөрүүд болон эдийн засагт дорвитой өөрчлөлт авчрах экспорт, гадаад худалдааны төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай юм. Тэгэхийн тулд өнөөгийн алдагдлыг нөхөхгүйгээр цааш үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тиймээс ойрын хугацаанд хийх асуудал бол бүтцийн өөрчлөлтийн асуудал. Энэ бол хүний асуудал биш шүү” гэж мэдэгдсэн. Бүтцийн өөрчлөлт гэдэг нь хүний буюу албан тушаалын өөрчлөлтийг хэлээгүй юм бол тухайн банкны үйл ажиллагааны чиглэл, нэршлийн өөрчлөлтийн тухай ярьж байсан гэсэн үг. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” гэх урт хугацааны бодлого боловсруулж, УИХ-аар батлуулсан. Тэгвэл энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкийг чанаргүй зээлдэгчдээс нь салгаад бүтцийг нь өөрчилж, Хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ашиглахаар буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг санхүүжүүлэгч банк болгохоор зорьж байгаа дүр зураг төсөөлөгдөж байна. 
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨ”-Г ДЭЛГЭСЭН ЕРӨНХИЙ САЙДЫН ГУРВАН ЗОРИЛГОТОЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188