• Өнөөдөр 2024-04-26

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Омикрон хувилбарын давлагаа нэмэгдэж, Үндсэн хууль баталсны 30 жилийн ой тохиосон ДОЛОО ХОНОГ

2022-01-15,   354

Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож, Монгол Улсад бүртгэгдэж байгаа коронавирусийн халдварын нийт тохиолдлыг омикрон хувилбар эзэлж, нийслэл хотын утааны асуудлыг тойрсон үйл явдлуудыг онцлон хүргэж байна.

 

Шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ой тохиов

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн баяр өнгөрсөн пүрэв өдөр болсон. Шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хууль батлалцсан төр нийгмийн зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль гардуулсан юм.

           Үндсэн хууль боловсруулах комисст ажиллан Үндсэн хууль батлалцаж,  парламент Ерөнхийлөгчийн институтэд олон жил үр бүтээлтэй ажиллан Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжихэд бодитой хувь нэмэр оруулсан төр нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын их хурлын нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчийн тамгын газрын анхны дарга, малын гавьяат эмч Ч.Дашбэмбэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

           Мөн Үндсэн хуулийг боловсруулах, батлах, сахин хамгаалах, их үйлсэд 20 гаруй жил идэвх санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад бий болгох, төлөвшүүлэхэд 26 жил Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр ажиллан, мэдлэг боловсрол, хичээл зүтгэлээ зориулан Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын их хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан гавьяат хуульч Н.Жанцан нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагнасан юм.

 

“Дрон нисгэж, утаа их гарч байгаа айлуудыг шахмал түлш түлж байгаа эсэхийг шалгана”

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан агаарын бохирдол нэмэгдэж байгаа талаар сэтгүүлчид мэдээлэл өгөх үеэрээ “Иргэд шахмал түлш түлхүү худалдан авч байгаа учир агаарын бохирдол их байна” гэж мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийнхээ дараа агаарын бохирдлын үүсвэрийг олохын тулд дрон нисгэж, айлуудыг шахмал түлш түлж байгаа эсэхийг шалгах тухай мэдэгдэл хийсэн юм.

           Тэрбээр “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4500 гэрээт ажилтан шахмал түлштэй холбоотой шалгалт хийж байгаа. Шалгалтын үеэр иргэдээс “Шахмал түлш нойтон байна, үйрмэг ихтэй байна” зэрэг гомдол их ирж байсан. Тиймээс шуурхай ажлын хэсэг гаргаж хяналт, шалгалт дахин хийлээ. Маргааш “Таван толгой түлш” ХХК-ийн  үйлдвэрт очиж шалгалт хийнэ. Мөн Улаанбаатар хотод утааны голомт болж буй газруудад дрон нисгэж утаа их гарч буй айлуудад очиж, шахмал түлш хэрэглэж байна уу, түүхий нүүрс болон бусад зүйлс түлж байна уу гэдгийг шалгана. Учир шалтгааныг зөв олох хэрэгтэй. Утаа ихсэж буй нөхцөл шалтгааныг зөв тогтоохгүйгээр буруу ташаа мэдээлэл тараах нь зохимжгүй байна. Тийм учраас шалгалтын ажиллагааг сайжруулж, ажиллах хэрэгтэй” гэв.

 

Гашуунсухайт боомтоор 15 сая орчим тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна

           Гаалийн Ерөнхий газраас Гашуунсухайт боомтоор 15 сая орчим тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа талаараа мэдэгдсэн. Энэ талаар ГЕГ-ын албаны мэргэжилтэн “Замын-Үүд боомтод өнгөрсөн жил 72, Гашуун сухайтад 42, Шивээ хүрэнгийн боомтод 72 өдөр цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй байна. Тиймээс энэ жил Гаалийн байгууллага хүлээсэн үүргээ 98.6 хувьтай биелүүлсэн. Шинэ сэргэлтийн бодлогын зургаан багц асуудлын нэг нь Гаалийн боомтын шинэчлэл юм. Тиймээс энэ жилээс хүн хүчний оролцоо багатай тээврийн үйл ажиллагааг явуулах зүйтэй гэж үзсэн. Тээвэрлэлтийн шинэ гормыг бий болгохоор төлөвлөж байгаа. Ингэхдээ иж бүрэн автоматжуулсан  хүний оролцоо багатай эдийн засгийн гол нөөцийг бүрдүүлдэг эрдэст бүтээгдэхүүний экспортыг хийхэд зориулсан чингэлэг тээврийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн жил Шивээ хүрэн боомтод чингэлэг тээврийн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтайгаар түр зогсоосон. Тус боомтоор жилд 7.6 тонн нүүрс, Гашуунсухайт боомтод 15 сая орчим тонн нүүрс экспортлох хүчин чадалтай байхаар төлөвлөж байна” гэсэн юм.

 

Засгийн газрын "Хуримтлалтай хүүхэд" бодлого хэрэгжиж эхэлсэн

2022 онд байгалийн баялгаас олох орлогын хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрд Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлал үүсгэнэ.

           Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Ирээдүйн өв сангаас Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг мөнгөн хэлбэрээр авах боломжтой юм. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, долдугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувийг мөнгөн хэлбэрээр авах боломжтой байна.

           Хүүхдийн хуримтлалаа мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг иргэдэд хамгийн чирэгдэл багатай байхаар зохион байгуулж байгаа бөгөөд хүсэлтээ ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан сар бүр цахимаар, мөн өөрийн харьяалагдах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст биечлэн очиж жилд нэг удаа гаргаж болно.

           Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан бол сар бүрийн 20-ны өдөр банкан дахь хүүхдийн нэрийн дансанд орно.

 

 

Замын-Үүдийн боомтоор ачаа бараатай чингэлэг оруулж эхлэв

           Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг өчигдөр Замын-Үүд боомтод ажиллаж, арга хэмжээ авч ажилласан. Улмаар БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээврийн үйл ажиллагааг халдвар, хамгааллын өндөр хяналтад зохион байгуулж, чингэлэг тээврийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

           Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа барааг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд тэг цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм. Улмаар чингэлэг тээврийг түр хугацаагаар зогсоогоод байсан ч Монголын талаас төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын алба хаагч, жолооч нарыг тусгаарлан, халдвар хамааллын өндөр дэглэм дор ачаа тээврийн үйл ажиллагааг  ажиллуулах юм.

Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс ахлах цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн хоёр улсын хил дундын тэг цэгээс ачаа, бараа тээвэрлэх үйл ажиллагааг эхлүүлэв.

           БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх  улс руу импортлох ачаа бараа, чингэлэгүүд төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “СиноТранс” компани тэг цэг дээр авч ирэх эрхийг авсан. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг тусгаарлан байрлуулах,  тэг цэгээс Замын-Үүд дэх ложистикийн төв рүү чингэлэг бүхий ачааг  зөөх шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Ложистикийн төвд буусан чингэлэг бүхий ачаа барааг  Улаанбаатар  хот болон бусад аймаг хот руу уртын тээврээр хүргэнэ.

           Цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, халдварын эерэг тохиолдол гаргахгүй бол хилийн боомтуудын хооронд чингэлэгтэй ачаа тээврийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, өдөрт гарах чингэлэгийн тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

 

Монгол Улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын 70 хувь нь омикрон хувилбар байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийх үедээ Монгол Улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын 70 хувийг омикрон хувилбар эзэлж байгаа талаар онцолсон юм.

           Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Омикрон хувилбарын давалгаа нэмэгдэж байна. Манай улсад нэгдүгээр сарын дунд үеэс хоёрдугаар сарын эхэн хүртэл халдвараар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Цагаан сарын баяраа гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх, бусадтай цахимаар золгохыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас коронавирусийн халдвараар дахин өвдсөн иргэдэд эмийн багц олгож байгаа. Өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж 160 мянган төгрөгийн Үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 160 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Омикроны шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа учир иргэд гэрээр эмчлэх боломжтой. Тэгэхээр заавал эмийн багц авах шаардлагагүй. Манайд бүртгэгдэж байгаа коронавирусийн халдварын 70 орчим хувь нь омикрон хувилбар байна” гэв.

 

Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорихоор болов

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан. Ингэхдээ хэргийн материал Хан-Уул дүүргийн прокурорт шилжсэн, Н.Түвшинбаяраас өөр хүнийг яллагдагчаар татаагүй байна" гэж Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээлсэн юм.

           Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх хүсэлтийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр ирүүлж, шүүх хүсэлтийг хангасан байна.

 

 


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Омикрон хувилбарын давлагаа нэмэгдэж, Үндсэн хууль баталсны 30 жилийн ой тохиосон ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188