• Өнөөдөр 2025-05-13

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдуудыг цуглуулж, Ардчилсан нам хуралдаж, С.Жавхлангийн бие муудав

2021-11-06,   692

             Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног тутам тухайн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудыг онцлон тоймлогдог билээ. Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудаас МУГЖ С.Жавхлан эрүүл мэндийн шалтгаанаар суултаа өндөрлүүлсэн, Урлаг, соёл, спортын салбарын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, Ардчилсан нам Онц их хурлаа зарлан хуралдуулсан, Их эзэн Чингис хааны мэндэлсэн ойг ес дэх жилдээ тэмдэглэсэн зэрэг үйл явлуудыг онцолж байна. 

Урлаг, соёл, спортын салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээлээ 

              Өнгөрсөн даваа гарагт Засгийн газрын шийдвэрээр урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд нээгдлээ. Цар тахлын улмаас хаалга бариад байсан урлаг, соёл, спорт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээсэн нь хариуцлагатай бас эдийн засгаа дэмжсэн шийдвэр байсан гэж болно. Гэхдээ дээрх салбаруудын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа заалны 50 хувийн дүүргэлттэй байх, халдвар хамгааллын дэглэм барих үндсэн шаардлагыг ягштал мөрдөх шаардлагатай юм. 
 

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,600 гаруй иргэн хамрагдаад байгаа. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урлаг, соёл, спортын арга хэмжээг нээх шийдвэрийг танилцуулах үеэрээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, урлаг, соёл, спортын салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаа нь иргэдийн гуравдугаар тунд хамрагдах идэвхийг сайжруулах ажлын нэг хэсэг гэж ойлгож болох юм. 

 
Түүнчлэн, Улсын онцгой комиссоос соёл, урлаг, спорт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилэхээр болсныг танилцуулсан. Мөн цаашид зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь чиглэл барьж байгаагаа Улсын онцгой комисс танилцуулсан. 
 
Сонирхуулахад, нийслэлийн хэмжээнд 43 мянган аж ахуйн нэгж, 678 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаагаас 11 мянган аж ахуйн нэгж, 80 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  
 

Ардчилсан нам зөрчил, хагарлаа эцэслэхээр Онц их хурлаа хуралдууллаа 

           Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Ардчилсан нам Их хурлаа өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойлголцол, УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал зэргээс шалтгаалан энэ удаад “Онц их хурал” болгон хуралдуулахаар болсон юм. 
 

Ардчилсан намын Онц их хуралд УИХ дахь АН-ын бүлгийн 12 гишүүн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Лу.Гантөмөр тэргүүтэй Ардчилсан намын “лидер”-үүд болон 21 аймаг, есөн дүүрэг, сум, хороодын Ардчилсан намын дарга нар, гишүүд, дэмжигчид цугласан. Нийт 1258 төлөөлөгч цугласнаар ирц 95 хувь бүрдэж, Онц их хурлыг эхлүүлсэн юм. 

 
            Харин Онц их хуралтай зэрэгцээд С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам тусдаа хэлэлцүүлэг зохион байгуулсан учраас УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Тулгат нар О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын Онц их хуралд оролцсонгүй. 
 
Энэхүү хурлын гол зорилго нь нам дотроо үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн цэг тавих гэж Онц их хуралд оролцогчид онцолж байлаа. 
 
Тухайлбал, 
 
Арчилсан хувьсгалын анхдагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл "Өнгөрсөн сонгуулиар би намынхаа залуучуудтай хамтарч ажиллахдаа үнэхээр бахархсан. Тэд бие биеэ нөхөж, багц болж ажиллаж чадаж байсан. Хувьсгалын үеийн залуус ийм байдаг. Бид ардчилсан хувьсгал эхлүүлж байхдаа яг тэдэн шиг ажиллаж, хувьсгал амжилттай болсон. Одоо та нарт жаахан зориг, уур, бухимдал хэрэгтэй.
 
Өнөөдрийн аюултай тогтолцооноос гарахын тулд манай нам нэгдэхээс өөр ямар ч аргагүй. М.Тулгат тэргүүтэй залуус энд ирээгүй ч битгий тэдэнд уурлаарай. Тэд нэгдэхгүй гээгүй. Нэгдэх гинжин урвал явж байгаа, цаашид ч үргэлжилнэ. АН анх удаа хагараагүй, хагарч нэгдэж сурсан арвин туршлагатай нам. Хагарч үзсэн нэгдэж чаддаг нам шүү дээ. Бид өнгөрсөн хугацаанд МАН-д нэг ч ялагдаагүй, зөвхөн хагарсан үедээ л ялагдсан байсан. Одоо нэгдэж чадвал дахин 30 жил ялна. Миний насан дээр залуучууддаа өгөх гээд сууж байна. Асуудлыг сэтгэл хөдлөлөөр битгий шийдээрэй. Нөгөө талд байх хүмүүстээ хаалгаа нээлттэй хэлэлцээрт бэлэн байгаарай. Манай нам нэгдэхдээ ямар хэцүү зам туулдгийг би мэдэх учраас дотоод асуудлаас гадна тогтолцооны асуудал болчихлоо. Ардчилсан нам сая яагаад хагарсан гэхээр дарга удирдах гээд байсан. Ардчилсан намыг дарга биш  манлайлагч удирдаж авч явдаг шүү" хэмээсэн. 
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “"Ардчилсан аргаар улсыг удирдаж чадахгүй байна. Нам ямар байхаас төр, төр ямар байхаас улс тийм байдаг. Хэрүүл дарах гэж бид энд цуглаад байгаа. Тиймээс газрын хол, өвчин тахлыг үл тоон ардчиллаа хамгаалахаар ирсэн Их хурлын төлөөлөгчдөдөө хандан үг хэлж, урам зориг өгөхөөр өөрийн биеэр ирсэн.
 
"Энэ өдрийг маш удаан хүлээлээ. Та бүхэнтэйгээ хамт байгаагаа илэрхийлж Монголын газар дээр очиж гарын үсгээ зуръя. Ардчилсан нам хагараагүй, цулаараа байгаа. Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай хэмээн энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ардчилсан намын дарга хэн байхыг та бүхэн шийддэг болохоос Дээд шүүх, бүртгэлийн байгууллага шийддэггүй юм. Гэхдээ бид бас цаг хугацаа их алдлаа. Гэвч үүнээс өөр ямар баталгаа хаана байна. Бид хэн нэгнээс тамга тэмдэг гуйж явах ёсгүй. МАНАН-д барьцаалагдсан хэдэн хүний төлөө хэлмэгдэж болохгүй" гэсэн юм. 
 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой тохиолоо

             Их эзэн Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн  сарын шинийн 1-н өчигдөр буюу баасан гарагт тохиолоо. 
 
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлсэн юм. 
 
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан нийт ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр “Дэлхий ертөнцөд сүр хүчээрээ гайхагдаж, суу алдраа мөнхөлсөн аугаа хүчирхэг өвөг дээдсээрээ бид бүхэн бахархах ёстой ард түмэн. Одоогоос 859 жилийн өмнө Тэмүүжин – Их эзэн Чингис хаан мэлмий гийж, “Монгол” хэмээх нэрийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн Мянганы суут хүн билээ.
 
Чингис хааны цогцлоон хөгжүүлсэн нүүдлийн соёл иргэншил чухамхүү энэ бүхнийг багтааж чадсан билээ. Тиймээс даяаршлын давалгаанд ижилсэхээс гадна ондоошиж байгаа энэ цаг үед монголчууд бид олон зууны туршид оршин тогтнож ирсэн Монгол соёл иргэншлээ дээдлэн хөгжүүлэх учиртай.
 
Тиймээс эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид эзлэн түрэмгийлэгчид бус харин амар амгаланг тогтоож, соёл иргэншлийг байгуулж, дэлхийн хөгжлийг түүчээлэгчид байсан юм. Өнөөдөр бид энэ үнэн бодит түүхийг хүн төрөлхтөнд сурталчлан таниулахын тулд соёл урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлэн, холбогдох шинжлэх ухааны салбаруудаа олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай байна.
 
Энэ ажлын хүрээнд “Чингис хааны өв соёлын хүрээлэн”, “Чингис хаан” музей байгуулж байгаа бөгөөд “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулахаар ажиллаж байна. Монголчууд бид өнгөрсөн зуунуудад ямар түүх бүтээснээ сайн мэдэж байж ирээдүйн түүхээ бүтээх үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай” хэмээсэн юм. 
 
             Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний зарлигаар Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог ШУА-ын саналд үндэслэн, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н хэмээн тогтоож, уг өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон. Үүнээс хойш жил бүр Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ес дэх жилтэйгээ золгож байгаа юм.
 

Үе үеийн Ерөнхий сайдууд уулзлаа

           Өнгөрөгч мягмар гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа.
 
Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар оролцсон. Харин Ерөнхий сайд асан Д.Содном, Р.Амаржаргал нар хүндэтгэн үзэх шалтгаантай, Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-д Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа шалтгаанаар Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдуудын уулзалтад оролцсонгүй. Мөн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгайлан уулзсан учраас дээрх уулзалтад оролцоогүй юм. 
 
Энэхүү уулзалтын хүрээнд цар тахлын нөхцөл байдал, эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөлөл, гарах арга замын тухай голчлон ярилцсан. Түүнчлэн, Оюутолгой төслийн нэмэлт хэлэлцээр, гадаад худалдааны асуудлаар санал солилцож, туршлагаа хуваалцсан. 
 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан  Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллахаар болсон. Уг зөвлөл нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үе үеийн Ерөнхий сайд нарыг цуглуулж уулзсан нь нэг талаас нам, улс төрийн харьяалал харгалзахгүйгээр буюу эв нэгдэлтэйгээр эдийн засгийн хүнд үеийг даван туулах, тэдний туршлага, санаа, шийдлийг Засгийн газрын бодлогод тусгах, нөгөө талаас улсын төрийн карьераа өсгөх, тогтвортой байдлыг хангах гэсэн Л.Оюун-Эрдэнийн уран нүүдэл гэж улс төр судлаачид онцолж байлаа.
 
Түүнчлэн, Төрийн ордонд цугласан үе үеийн Ерөнхий сайдуудаас дөрөв нь шоронд хоригдоод гарч ирсэн, хоёр нь одоо ч хууль, хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа нь өнгөрч долоо хоногийн бас нэгэн ярианы сэдэв байлаа. 
 

МУГЖ С.Жавхлан суултаа өндөрлүүллээ

         “Засгийн газар огцор, УИХ тар” гэх шаардлага тавьж, төв талбайд суулт зарлаад байсан УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлангийн бие муудаж, өнгөрөгч даваа гарагт эмнэлгийн тусламж авлаа.  Энэ тухай түүнтэй хамт суулт зарлаж байсан иргэд цахим орчинд "МУГЖ С.Жавхлан нуруу нь татаад хамраас нь цус гараад биеийн байдал нь муудаж яаралтай тусламж авахаар явлаа. Бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнэ" хэмээн бичиж, анх нийтэд мэдээлсэн. 
 
Харин С.Жавхлан өөрийнхөө цахим хуудсаар өнгөрөгч лхагва гарагт “Жавхлан чинь бие илааршуулж байгаад Монголоо сайхан болтол тэмцэнэ ээ. Би аав хүн, эцэг хүн, урт наслахгүй бол болохгүй юм байна. Өдөр цаг ирэх бүр Жавхлангийн хэлж, ярьж, уриалж, тэмцэж байсан бүхэн нотлогдоно, батлагдана. Амьдралд бодитой мэдрэгдэнэ” хэмээн 
 

МУГЖ С.Жавхлан нь аравдугаар сарын 15-наас эхлэн "Монголоо аваръя" хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардан 15 хоногийн турш суулт зарласан ч ийнхүү эрүүл мэндийн шаардлагаар эмнэлгийн тусламж авч, суултаа өндөрлүүлсэн юм. 

 
“Засгийн газрыг огцруулах хүртлээ Төв талбайгаас алхам олдохгүй” гэж мэдэгдэж байсан С.Жавхлан ийнхүү суултаа өндөрлүүлснийг “Эрүүл мэндийн шалтгаан гэхээсээ илүү улс төрийн ямар нэг тохиролцоонд хүрсэн байх” гэж хардах хүмүүс ч цөөнгүй байсныг дурдах нь зүйтэй болов уу. Түүнчлэн, МУГЖ С.Жавхлан суулт хийж эхэлсэн цагаас “Ардаа ямар нэг ашиг сонирхол агуулж, төв талбайд жагсаж байна”, “Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн ч өгөөгүй учраас шантааж хийж ийн суулт хийж байна” гэх зэрэг мэдээллүүд цацагдаж байсан билээ. 
 
 
 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдуудыг цуглуулж, Ардчилсан нам хуралдаж, С.Жавхлангийн бие муудав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188