• Өнөөдөр 2025-05-13

МАН-ын ивээлд багтсан Х.Булгантуяа

2021-10-26,   863

-Х.Булгантуяа улс төрд орж ирсэн нь МАН-д бурхнаас заяасан бэлэг аятай хүндлүүлж байгаа. Гэвч энэ магтаал, саймшрал түр зуурынх байхыг ч үгүйсгэхгүй юм-

        Эрх баригч намынхан энэ удаагийн парламентад шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэж, нэлээд олон залуу гишүүн төрүүлсний нэг нь Баянзүрх дүүргээс сонгогдсон Х.Булгантуяа байв. Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа л улс төрийн карьер нь нэлээд дээгүүрт бичигдэж, Их хуралд дэвшсэн тэрбээр тойрогтоо ч нэр хүндтэйд тооцогддог нэгэн. 
       Гишүүн болсноосоо хойш эмэгтэй гишүүд дундаа хөдөлгөөнтэй, үг хэл нь цэгцэрсэн, чадварлаг боловсон хүчний нэг хэмээн намынхандаа төдийгүй Их хуралд үнэлэгдэж байв. Гэвч булавч бултайна, даравч далдайна гэдгийн үлгэрээр Х.Булгантуяа гишүүн оров бололтой. Угтаа бол Х.Булгантуяа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөөс болж, олны дунд нэр хүндээ алдсанаар МАН-ынхан тэр чигтэй түүнийг магтах, сайшаах давалгаанд нэгдсэн харагдана. 
 
      Дор бүр нь өөрсдийн цахим хаягаараа дамжуулж, чухам Х.Булгантуяаг мэдлэг боловсролтой, ур чадвартай залуу боловсон хүчин хэмээн ам уралдан магтацгааж, хамт авахуулсан зургаа хүртэл ээлж дараалан хийсэн байх.
     Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа “2013 онд анх сэтгэлийн дуудлагаар намд элсэж “Ардын намын Ариунаа” гэж намын газрын даргаар ажиллаж билээ. Тэр үед намайг хариуцсан Намын нарийн бичгийн даргаар Х.Булгантуяа ажиллаж байсан. Х.Булгантуяа англи, хятад, бага зэрэг япон, орос хэлтэй. Намын гадаад харилцааг ч хариуцдаг, олон ч түвшний уулзалт зохион байгуулдаг байсан. Шүүмжилсэн ч ажил хэрэгч байдлаар бодлого шүүмжилбэл бид чинь бас засаад, улам хичээгээд явна шүү. Бидэнд арай зөөлөн хандаарай. Эрэгтэй улс төрчдөөс илүү зөөлөн биш ээ. Ядаж яг ижил түвшид” хэмээн бичсэн. Энэ мэтчилэн намын гишүүд нь түүнийг дуу нэгтэйгээр тэнгэрт тултал магтацгааж харагдана лээ.
 
       Гэвч хэт их магтах нь буцаагаад том асуудал дагуулдгийг сануулах нь зүйтэй болов уу. Одоо бол Х.Булгантуяа улс төрд орж ирсэн нь МАН-д бурхнаас заяасан бэлэг аятай хүндлүүлж байгаа. Гэвч энэ магтаал, саймшрал түр зуурынх байхыг ч үгүйсгэхгүй юм. 
 
     УИХ-д гишүүнээр сонгогдсоноосоо хойш нэлээд олон хуулийн төсөлд гар бие оролцон, хэд хэдэн хуулийн төсөл санаачлан, боловсруулсны  дунд нэг хуулийн төсөл олны анхааралд зүй ёсоор орлоо. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нартай хамтарч өргөн мэдүүлж, чуулганы хуралдааны хэлэлцүүлгээр оруулсан ч гишүүдээс, олон нийтээс багагүй шүүмжлэл хүртсэн. 
     Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэл нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй зүйл заалт орсон гэдгийг зарим гишүүн чуулганы хуралдаан дээр хатуухан шүүмжилж, цахим орчинд түүнтэй холбоотой эерэг, сөрөг комментууд ар араасаа хөврөх болсон. Удалгүй хуулийн төсөл өргөн мэдүүлсэн хоёр гишүүн нь “Өмнө нь байгаагүй зүйл заалт оруулсан байна. Биднийг улс орны эсрэг дайсан болгох гэсэн оролдлого” гэх агуулгатай мэдэгдэл хийснээр гол буруутан нь Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар болж хувирсан. Уг хуулийн төслийн талаар анх УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Би хуулийн төслийг дэмжихгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж байсан 100 мянган ам.долларын босгыг 50 мянга ам.доллар буюу худалдаж авсан байраа үзүүлчихвэл эсвэл нэг үнэтэй машинаа үзүүлээд оршин суух виз авах нь. Тиймээс уг асуудлыг ҮАБЗ-өөр ярь. Гаднын хөрөнгө оруулагч гэдэг далбаан дор дэвээд байж болохгүй" гэж шүүмжилснээр асуудлууд ар араасаа ундрав.
 
    Түүгээр ч зогсохгүй УИХ-д яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төсөл нь гацаанд орж, цаашид дахин хэлэлцүүлэх эсэхийг шийдэж чадахаа больчихоод буй. Намын гишүүд ч олон нийт ч дээрх хуулийн төсөлтэй огт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлснээр МАН шалаанд орж, хуулийн төслийг нь буцаах уу, үгүй юү гэдэг эргэлзээнд дээр гацаж орхив. Олны харж буйгаар Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарын ард эрх баригч намын нөлөө бүхий хүн байгаад учир байгаа гэлцэх. 
 
Харин Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар намын томчуудаараа өөрсдийгөө хамгаалуулж, хуулийн төслөө ч олон нийтэд сурталчлах гэж хэрэндээ хичээж байгаа харагдана. 
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Магадгүй бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж дүгнэж байна. Гадаадын иргэн харьяаттай холбоотой асуудалд тайлбар өгье. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад 500 мянган ам.доллар, 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын оршин суух эрх үүсдэггүй. Үүнийг Гадаадын иргэн харьяат эрх зүйн байдлын тухай хуулиар визний асуудлыг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн харьяатын газар зохицуулдаг. Хүмүүсийн ярьж байгаа шиг Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталбал гадаадын иргэд сая саяар Монгол Улсад нэвтэрнэ, оршин сууна гэсэн үг биш. Монгол Улс олон жил Үндэсний аюулгүй байдлыг хангаж оршин тогтнохдоо маш олон хуулиар зохицуулдаг. Монгол Улсад нэвтрэх, түр болон байнгын оршин суух эрх, иргэншил ялгаатай” гэж хуулийн төслөө хамгаалж буй. 
 
Ямартай ч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөөр олны хараанд өртсөн Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар цаашид энэ төслөө хамгаалж ядах уу гэдэг нь олны анхааралд байсаар байна.
 

МАН-ын ивээлд багтсан Х.Булгантуяа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-26 19:44:38
    Зочин: Зурагтын нэвтруулэгт оролцохын харсан, унэн дур эсгэмэн боловсролгуй нэгэн байлаа!!! Гутмаар, намын нь дур терх, тувшин нь ийм л юм, зайдуул!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-26 10:06:03
    Попуудын ээлжит явуулга: Даваасүрэн сда л хутгасан болохоос хөрөнгө оруулалтын хууль зөв байсан шүү. Байр майр гэж шал худлаа гүжирдсэн. МАН энэ 10 хувиасаа салах хэрэгтэй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188