• Өнөөдөр 2024-05-04

МАН-ын бялуу хуваалт буюу төлбөрөө авсан гишүүд

2021-10-13,   765

             Түмнээ төлөөлж, төр түшилцэж, чөлөөндөө гарах хугацаа нь хэдийнээ болчихсон ч сэтгэл нь хандаггүй, зөөлөн сэнтийд залрах сонирхолтой гишүүд манайд олон бий. Улс орныхоо төлөө хийж бүтээсэн зүйлээсээ илүүтэй, намдаа, намынхаа нөлөө бүхий хүмүүст таалагдах ажил хийж, түүнийхээ хариуд төрийн том албанд очдог нь нууц биш юм.
 
            Өнгөрсөн парламентад ажиллаж байсан гишүүдийн олонх нь Их хуралд буцаан сонгогдсон бол үлдсэн цөөн хэд нь элчин сайдаас эхлээд төрийн өмчийн томоохон компаниудад дарга, даамал хийж, мандаж явна. Монголын төрд мэдлэгтэй, чадвартай, мэргэжлийн боловсон хүчинг ажиллуулахаас илүүтэй, намынхаа төлөө ажилласан, эрх мэдэлтэй, хууччуул нь том тушаалд очдог хууль үйлчилдэг гээд хэлчихэд хол зөрөхгүй биз. Энэ нь ч үе үеийн парламентад байсан тогтсон жишиг. Одоо ч энэ бичигдээгүй хуулиар төрийн албаны томилгоо явж байна.
 

2020 онд Их хуралд МАН олонх болсон учир төрийн том алба хийгээд, элчин сайд, төрийн өмчит компанийн захирал гээд аль өнгөтэй өөдтэй, эрх ямбатай албанд энэ намынхан очно. Дан ганц энэ намыхан ч гэлтгүй, сонгуульд МАН-ыг ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, ил далдаар төрийн эрхийг авахад нөлөөлсөн эрхмүүд ч үүнд багтдагийг дурдах нь зүйтэй биз ээ.

 
           Эрх баригч бялуу хуваалт, сонгуулийн тохироо өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл, төрийн түшээдээр сонгогдож чадаагүй эрх баригч намын гишүүд намынхаа төлөө хийсэн ажлынхаа хариуг дор бүрнээ чамлахааргүй авч, гарын 10 хуруунд багтах цөөн хэдэн л дараагийн ээлжинд жагсаж, албан тушаалаа хүлээж авахаар зэхэж сууна. Бид энэ удаад 2016-2020 оны парламентад суусан төрийн түшээд ямар албанд томилогдож, бялуугаа хэрхэн хүртсэн талаарх баримтыг эргэн сануулж байна.
 
“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Д.ХАЯНХЯРВАА
 
          М.Энхболдын бүлэглэлийнх хэмээн намдаа хэсэг ад үзэгдсэн ч, У.Хүрэлсүх даргатайгаа учраа олж, бие биенээ үнсэж байгаа зураг нь хүртэл  цахим орчин шуугиан тарьсан УИХ-ын гишүүн асан Д.Хянхярваа өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.
          “Эрдэнэс Монгол” ХХК нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулдаг том компани юм. Иймдээ ч Д.Хаянхярваа гишүүний суудлаасаа буусан ч эрдэс баялгийн том эх үүсвэр дээр очиж, даргын сэнтийд залраад буй.
 
ХӨШИГИЙН ХӨНДИЙН БҮТЭЭН БОСГОЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Д.ОЮУНХОРОЛ
          Олны дунд унтдаг, нойрмог гишүүн хэмээн "адлагддаг" ч МАН-д нөлөөтэй, хөрөнгөтэй гишүүн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилладаг байсан. Мөн тэрбээр БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр хуулийн байгууллагад шалгуулсан гэдэг. Тэрбээр УИХ-ын сонгуулийн дараа эл хэргээсээ мултрах гэж хил даван зугтсан.
 
Ийн гаднын улсад хэрэг дарагдтал чимээгүй амьдарсан тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа   Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй.
 
ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН
         Төрд хэрэгтэй зайран гэгчээр залуу үедээ халаагаа өгөх хугацаа нь хэдийнэ болсон ч явдаггүй МАН-ын хууччуул бий. Түүний нэг нь Шадар сайд асан Ө.Энхтүвшин юм. Өмнөх парламентад давхар дээлтэй сайдын үүрэг гүйцэтгэж байсан түүнийг ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилсон билээ.
 
     Цар тахал дэлхий нийтэд тархаж, манай улсад дөнгөж орж ирэх үед Шадар сайдын албыг Ө.Энхтүвшин хашиж байв. Түүнийг Элчин сайдаар томилогдох үед олон нийт коронавирусийг дотоодод алдсан, хийгээд ковидтой холбоотой асуудлаар түүнийг шалгах хэрэгтэй гэсэн шаардлагыг ч тавьж байлаа. Гэвч түүнд хариуцлага тооцох нь битгий хэл дараагийн албанд нь томилж, албан тушаалаар шагнаад гаднын улсад чих амар суух бололцоог нь хангаж өгсөн юм.
 
ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТЫН БҮРЭН ЭРХТ ЗАХИРГААНЫ ДЭД ДАРГА Н.АМАРЗАЯА
         Н.Амарзаяа нь 2016-2020 онд  УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хийсэн гавьяагүй, хэлэх үггүй, сул гишүүний нэг байв. Тэрбээр тойрогтоо ажиллахдаа бохь зажиллаж, тойргийнхоо сонгогч нартай муудаж “Та нар намайг сонгоогүй” хэмээн хэрэлдсэнээр олны шүүмжлэлд өртсөн. 
 
       Тэрбээр мөн ЖДҮ-гээс зээл авсан дуулианд холбогдож байсан удаатай. Харин өдгөө Гашуунсухайт хилийн боомтын Бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилогдож, хилийн боомтыг цэгцлэх ажилд оролцохоор болов.  Ямар ч байсан өнгөрсөн дөрвөн жил УИХ гишүүн хийсэн түүнийг нам нь хаясангүй.
 
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.БАТНАСАН
 
       Өмнөх парламентад мөн л сул гишүүний үүрэг гүйцэтгэж, олонд танигдаагүй нэгэн бол О.Батнасан. Түүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дуугүй, томоотой байсных нь төлөө намын “ах” нар нь шагнаж, төрийн томилгоонд шургуулахаа мартсангүй. Угтаа бол парламентын сул гишүүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, багагүй шан хүртээжээ.
 
О.Батнасан нь 1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд багш, Замын цагдаагийн газарт сургагч багш, 2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал, 2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байжээ.
 
"ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ДЭД ЗАХИРАЛ Л.ЭНХБОЛД
        МАН-ынхан өнгөрсөн сонгуульд ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдээ дахин нэр дэвшүүлэхгүй гэж ам тангараг өгсөн ч өгсөн амлалтаасаа буцсан удаатай. Өөрөөр хэлбэл төрөөс хулгай хийсэн түшээд нараа шийтгэх нь битгий хэл шагнаж урамшуулаад толгойг нь илж, албан тушаалын томилгоо хийсээр байгаа. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Л.Энхболд юм.
 
      ЖДҮ-чин хэмээн цоллуулсан Л.Энхболд Их хуралд нэр дэвшилгүй өнжсөн ч “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилогдоод буй. Түүний хувьд Өмнөговь аймгийн угшилтай, УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө тус аймагт дөрвөн жил ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан, түүнээс өмнө зөвхөн бизнесийн байгууллага, төрийн бус байгууллага тэргүүлж байсан намтартай. Өөрөөр хэлбэл, улс төрд хожуу орж ирсэн нэгэн.
 
ЭР ХОЁР ЗАГАЛ БУЮУ МАН-ААС БЯЛУУ ХҮРТСЭН ШИНЭН-ЫН ДАРГА НАР
            УИХ-д эр хоёр загал хэмээх хоч зүүсэн гишүүн асан З.Батзандан, Л.Болд нар МАН-ын бялуунаас хүртэж, МАН-д “ажилласныхаа” төлбөрийн авсан. Тэд Шударга таван гишүүнээр улс төрд тоглолт хийн, МАН-ын бөөрөнд наалдсаар нам нь ялагдал хүлээсэн ч өөрсдөө шангаа хүртээд буй. УИХ-ын гишүүн асан Л.Болдын тухайд Бельгийн Хаант Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар суухаар явсан бол Ж.Батзандан Австрали Улсад суух Элчин зөвлөхөөр томилогдож, тус улсыг зорьсон билээ.
 
 Ийн тэд Их хурлын сонгуулийн дараа өр өөрийн амбицийг хөөж, үүсгэн байгуулсан намаа орхиод явсан удаатай.
 

МАН-ын бялуу хуваалт буюу төлбөрөө авсан гишүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-13 12:42:47
    zochin: engiin chumuus ,ard irged n yduuraad ucheedel baidag ???, dandaa ene muusain ynz ynziin luivarchdiin bach n chandag biz!!!, neg l odor tanar gesgeel churtej nuglee edelne tun udachgui!!! schuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188