• Өнөөдөр 2024-05-04

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Цөлжилттэй тэмцсэн, Ю.Цэдэнбалыг цагаатгасан, Оффшорчид ба Нобелийн шагналтнуудтай танилцсан ДОЛОО ХОНОГ

2021-10-09,   277

             Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс эх оронд болон дэлхий дахинд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлуудаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн, Ю.Цэдэнбал агсныг цагаатгасан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сү.Батболд нар олон улсын оффшорчдын жагсаалтад багтсаныг “Пандора баримт” илчилсэн, Дэлхийн Нобелийн шагналтнууд тодорч эхэлсэн, Манай улсын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-ний хүрэл цомын эзэн болсон зэрэг үйл явдлыг онцлон тоймлож байна. 
 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн: Цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 129 сая га талбайг дөрвөн хувиар бууруулна

 
             Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх санаачилга гаргасан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт нээж, ХУД-ийн XIV хороо, “Ногоон хэрэм” төслийн талбайд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд мод тарьсан.
             Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.
 

Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй өртсөн байна гэсэн тооцоо, судалгаа бий. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 129 сая га талбайг 4 хувиар бууруулна. Түүнчлэн манай газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэхээр зорьж байгаа юм. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргаад байгаа юм. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Дархан-Уул аймаг 11 жилийн хугацаанд 20 сая, Баянхонгор аймаг 10 жилд 10 сая, Говь-Алтай аймаг 10 жилд 108 сая мод тарьж, ургуулахаар аян өрнүүлж эхлээд байна. 
 

Ю.Цэдэнбал агсныг шүүхийн шийдвэрээр цагаатгалаа

 
         Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт хянан хэлэлцлээ.
 
Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буюу Ю.Цэдэнбал агсныг цагаатгаж шийдвэрлэсэн тухай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон нийтэд мэдээлсэн. 
 
Өмнө нь, УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр "Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байна. Эдгээр хүнийг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг одоогоор байхгүй байгаа” хэмээн мэдэгдэж байсан юм. 
 
Түүнчлэн, 2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг “Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн байна” гэдэг дүгнэлтийг түүхийн бүхий л эх сурвалжуудад үндэслэж тогтоосон байдаг билээ. 
 

ПАНДОРА БАРИМТ: Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ч.Сайханбилэг нар оффшорчдын жагсаалтад багтсаныг зарлав

 
Өнгөрөгч долоо хоногт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум “Пандора баримт” эрэн сурвалжлах төслийн нийтлэлүүдээ дэлгэсэн нь дэлхий нийтэд шуугиан тариад байна. 
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум, “BBC”, “The Guardian”, “New York Times” тэргүүтэй 150 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслийн 600 гаруй сэтгүүлч хамтран оффшор бүсэд данстай дэлхийн 90 орны нөлөө бүхий 330 гаруй улстөрчийн мэдээллийг нэгтгэн ийн цацаж эхэлсэн юм. “Пандора баримт” эрэн сурвалжлах төслийн нийтлэлүүд бэлтгэн, ийнхүү дэлхий нийтэд цацаж эхэлсэн юм. 
 
Тэгвэл “Пандора баримт”-д Монгол Улсаас хоёр улстөрч буюу Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ч.Сайханбилэг нарын нэр багтсан нь шуугиан тарьж байна. Олон улсын оффшорчдыг илчилсэн “Пандора баримт”-д 10 орны Ерөнхий сайд багтсанаас хоёр нь ийнхүү манай улсын  26, 28 дахь Ерөнхий сайдууд байлаа.  
 
“Пандора баримт”-д Ерөнхий сайд асан Сү.Батболдын тухай бичсэнийг орчуулбал “Сүхбаатарын Батболд нь 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Монголын парламентын гишүүн юм. Улс төрд орохоосоо өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өргөн цар хүрээтэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр 2000 онд анх Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон. 2003 оны арваннэгдүгээр сард тэрээр Виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компани болох “Бату Майнинг Лимитед”-ийн хувьцаа эзэмшигч болсон.
           
2005 оны арванхоёрдугаар сард буюу Худалдаа, аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “BVI” компанийн хувьцаагаа Хонконгод төвтэй “Ever Legend Engineering Limited” компанид шилжүүлсэн” хэмээн дурджээ.
“Пандора баримт”-ийн талаар Ерөнхий сайд асан Сү.Батболд ямар нэг тайлбар хийгээгүй байгаа бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийгээд байна. Тодруулбал, тэрбээр “Хамаг хог новшоо чихдэг шуудай гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд “Овт шар” болгох санаатай. Тэр оффшороосоо миний компани, хөрөнгийг олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай” хэмээн бичсэн байна.
 
             Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой хэрэг өнөөг хүртэл эцэслэгдээгүй байгаа. Тэрбээр өөрийгөө өмгөөлүүлэхээр олон улсын “Amsterdam & Partners” хуулийн фирмийг хөлсөлсөн бөгөөд гаднын иргэншил авахаар хөөцөлдөж байгаа гэх мэдээлэл бий. Түүнчлэн манай улсын хууль хяналтын байгууллагууд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа бөгөөд шилжүүлж авах асуудлаар холбогдох байгууллагад хандаад байгаа билээ. 
 

Нобелийн шагналтнууд тодорсоор байна

 
          Шведийн химич, инженер, зохион бүтээгч, хүмүүнлэгийн үйлстэн, эрдэмтэн Альфред Нобелийн нэрэмжит шагналд шалгарсан дэлхийн шилдгүүдийг тодруулах 120 дахь удаагийн Нобелийн шагнал гардуулах ёслол өнгөрөгч долоо хоногт эхэлсэн.
 
Нобелийн шагнал гардуулах эхний ёслолоор Америкийн физиологич Дэвид Юлиус, Америкийн молекулын биологич Ардем Патапутиан Нобелийн физиологи, анагаах ухааны шагналаар шагнасан. Мөн цаг уур судлаач Сюкүро Манабэ, Германы их сургуулийн профессор Клаус Хассельман нарыг Нобелийн физикийн,   Германы химич Бэнжамин Лист, Их Британийн химич Дэвид МакМиллан нарыг Нобелийн химийн, Танзанийн зохиолч Абдулразак Гурнаг Нобелийн утга зохиолын, ОХУ-ын “Новая Газета” сонины сэтгүүлч Дмитрий Муратов, Филиппиний “Рапплер” компанийн гүйцэтгэх захирал Мариа Ресса нарыг Нобелийн энх тайвны шагналаар тус тус шагнаад байгаа юм.
 
Одоо Нобелийн шагнал гардуулах сангаас зөвхөн эдийн засаг, шинжлэх ухааны шагнал олгох үлдээд байна.
 

“Осло-2021”: Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг хүрэл цомын эзэн боллоо

 
         “Осло-2021” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлөөс манай баг нийт зургаан хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүллээ. Тодруулбал, дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн боллоо. Харин Япон улс 196 оноогоор тэргүүлж, АНУ 147 оноогоор аман хүзүүдсэн юм.
 
Манай эмэгтэй бөхчүүд хамгийн сүүлд 2013 онд Унгарын нийслэл Будапештад болсон ДАШТ-д багаараа хоёрдугаар байр эзэлснээс хойш анх удаа шагналын тавцанд зогссон нь энэ юм. 
 
“Осло-2021” ДАШТ-ийн чөлөөт бөхийн төрлийн хамгийн хүнд жин буюу 125кг-ийн жингийн хамгийн анхны медалийг М.Лхагвагэрэл эх орондоо авчирсан бол хамгийн хөнгөн жингээс Спортын мастер Д.Отгонжаргал медаль хүртэж, улсынхаа далбааг мандуулсан юм. 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Цөлжилттэй тэмцсэн, Ю.Цэдэнбалыг цагаатгасан, Оффшорчид ба Нобелийн шагналтнуудтай танилцсан ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188