• Өнөөдөр 2024-04-19

Эр зоригийн эзэн, мотоциклтэй нисгэгч

2021-06-27,   873

Өнгөрсөн жил мото спортын улсын аварга шалгаруулах тэмцээний өсвөр насны ангилалд 10 гаруйхан настай эгч, дүү хоёр эрчүүдтэй өрсөлдөж, шуугиулж байлаа. Түүгээр ч зогсохгүй, хамгийн хэцүү бартаат, эр зориг шаардсан  төрөлд тэр олон эрчүүдээс торойгоод, хоёулаа үзүүр, түрүү булаацалдаж байсан юм. Эмэгтэй бүү хэл, эр хүн ч төдийлөн хичээллэж зүрхэлдэггүй мото спорт тэвчээр, хатуужлын дээд цэг. Тэр дундаа арван нас хүрээгүй хоёр охин мото спортын бартаа ихтэй замын тамирчид болно гэдэг бахархам, бас сүрдмээр.
 
Тэд амрах ч завгүй өдөржин бэлтгэл хийж, оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэж, өөрсдийнхөө авьяас, билгийг тод томруунаар гэрэлтүүлж яваа тамирчид юм. Мото спортын тамирчин ОУХМ Э.Амгалангийн хоёр охин гэхээр спорт сонирхогчид охидыг анддаггүй.  Тэднийг спортын мастер А.Анар, А.Алтжин гэдэг. А.Анар 17 настай бол дүү А.Алтжин нь 15 настай. Монголд насных нь ангилалд өрсөлдөх өөр эмэгтэй тамирчин үгүй тул эгч, дүүс эрэгтэй хүүхдүүдтэй уралдаж, авхаалж, самбаа, ур чадвараа сорьдог. Тэд зөвхөн эл спортыг сонирхоод зогсохгүй, амьдралаа болгочихсон гэлтэй. 

А.АЛТЖИН: МОТОЦИКЛЭЭР ХАРАЙХААР ТЭНГЭРТ НИСЭЖ ЯВАА ШУВУУ ШИГ САНАГДДАГ

Эгч, дүүсийн дүү нь болох спортын мастер А.Алтжинг “Монголын гэрэлт ирээдүй” булангаараа уншигч тантай уулзуулж байна. 
 
-Энэ спортод хүч сорихоор сэтгэл шулуудсан нь мэдээж аавынх нь үлгэрлэл байх. Эмэгтэй хүүхдэд энэ спорт хэцүү биш гэж үү?
-Аав маань залуу байхдаа уралдааны мотоцикл их сонирхдог байсан юм билээ. Тэгээд сүүлдээ мото спортын тамирчин болсон. Эгч, бид хоёрыг бага байхад мото спортын тэмцээн болохоор аав биднийг дагуулж явдаг байлаа. Аавыгаа яаж уралдахыг гурав, дөрвөн жил үзэгчийн суудлаас харсан.  Харин 2012 онд Монголд мото спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход гэр бүлээрээ хамтдаа үзсэн юм. Олон хүн нисэж байгаа мэдрэмжийг мэдэрч чадахгүй. Харин мото спортын тамирчид үүнийг мэдэрч чадах юм байна гэдгийг тэндээс ойлгож байлаа. Тэгээд л үүний дараахан эгч, бид хоёр аав, ээжид мотоциклээр хичээллэх санал тавьсан. Гэхдээ “Эмэгтэй хүүхдүүд аюултай спортоор хичээллэж болохгүй” гээд зөвшөөрөхгүй байх гэж бодож байсан юм. Би зургаа, эгч найман настай хичээллэж эхэлж байлаа. Бид аавынхаа үргэлжлэл учраас тийм ч хэцүү биш. Бид хамгийн гол нь үнэн сэтгэлээсээ энэ спортод дуртай, хайртай.
 
-Аав, ээж нь дургүйлхээгүй хэрэг үү?
-Нисэж байгаа мэт мэдрэмжийг хэзээ ч хамаагүй мэдрэх хамгийн сайхан шүү дээ. Аав, ээж зөвшөөрөхгүй байх гэтэл харин ч бүр баяртай хүлээж авсан. Аав бүр илүү их баярлаж, дэмжсэн. Манай аавыг мото спортын тамирчин болоход гэрийнхэн нь тийм ч сайн дэмждэггүй байсан юм билээ. Тийм болохоор аав биднийг дараа нь харамсуулахгүйн тулд бүх мөрөөдлийг маань дэмждэг юм шиг санагддаг. Харин ээж маань багахан айдастай л байсан байх. Гэхдээ бидэнд тэгж хэлээгүй л дээ. Түүнээс хойш тасралтгүй долоон жил энэ спортоор хичээллэж байна.
 
Аав биднийг хэлэхээс өмнө өөрийнх нь хичээллэдэг спортод дуртай байгааг гадарлачихсан байсан юм билээ. Нэг өдөр бид хоёрт жижигхэн мотоцикл авч өгсөн. Тэгээд л түүнийгээ унаж, уралдах болсон. Мото спортоор хичээллэж эхэлснээс хойш хамгийн сайн сурсан зүйл маань хатуужил. Спорт хүнийг маш их тэвчээртэй, хатуужилтай болгодог. Бидний хамгийн сайн чаддаг зүйл мотоцикл унах юм шиг заримдаа санагддаг болсон. Аав мотоцикл бэлэглэхдээ биднийг “Гадаа цасаар тоглоё” гэж дуудсан. Тэгээд гараад очсон чинь хоёр цаасан хайрцагтай мотоцикл байсан. Тэр бидний хамгийн сайхан дурсамжийн нэг.
 
-Энэ спортоор хичээллэхийн сайхан нь бас хэцүү нь юу вэ?
-Өөрийн гэсэн зорилго, тэмүүлэлтэй болсон. Бидэнд бараг л чөлөөт цаг гэж гардаггүй. Өөрөөс шалтгаалах бүхнээ зохицуулах юм сан гэж хичээдэг. Олон жил уралдаж байгаа болохоор мото спортын жаргал, зовлонг мэддэг болсон. Энэ хэрээрээ ч хатуужил, тэвчээртэй болсон байх. Туршлагажих тусам уралдаанд алдаа бага гаргаж, ухаан суудаг юм шиг санагддаг. Гараанаас гарахдаа, барианд орохдоо юу хийхээ сайн мэддэг. Хамгийн сайхан нь уралдах мөч. Бас гараанаасаа амжилттай гарч, бариандаа түрүүлж орох, бартаатай, эргэлт ихтэй замаар уралдах гээд сайхан зүйлс олон. Ер нь мотоциклээ унахаар орчлонгоос тасарч байгаа юм шиг сайхан мэдрэмж төрдөг. Тэр хэрээрээ энэ спорт эрсдэл ихтэй. Хэрэв алдаа гаргах л юм бол насаараа ч тахир дутуу болох магадлалтай. Бэлтгэлээ сайн хийж, туршлага судлах хэрэгтэй. Айдсаа даван туулж, бүгдийг ялах сайхан шүү дээ.
 
-Анхны тэмцээндээ хэрхэн оролцож байв?
-Хичээллээд удаагүй зургаан настай байхдаа анхныхаа тэмцээнд оролцож байсан юм. Тэмцээнд оролцож байгаагаа ч мэдээгүй, аав уралдааны замд гаргачихсан. Туршлагагүй оролцоод, уралдааны замд бариагаа мэдэхгүй будилж зогсож байлаа. Тэр тэмцээнд эгч мөнгөн медаль хүртэж, би VI байрт шалгарсан. Хэдийгээр амжилттай оролцож чадаагүй ч нэлээн дурсамжтай сайхан тэмцээн болж үлдсэн. Гараанаасаа амжилттай гараад, бариандаа цагтаа багтаж орж ирсэндээ баярладаг. Тэгээд удалгүй дараагийн тэмцээнээсээ анхны медалиа хүртсэн. Хөөрч баярлаад, үнэхээр гоё байсан шүү.
 
-Аав нь ямар зоригтой юм бэ. Балчирхан хоёр охиноо мотоциклтэй уралдааны замд гаргаж байдаг?
-Тийм шүү. Гэхдээ өмнө нь олон удаа мотоцикл унаж байсан болохоор аав бидэнд итгэсэн байх. Тэгээд ч бас тэмцээнд оролцож, цаашдаа энэ спортоор хичээллэх, эсэхээ шийдэг гэж бодсон байлгүй.  Манай аав маш зоригтой. Бас бидний үнэнч дэмжигч, түргэн тусламжийн “машин”. Харин ээж бол аав, эгч, бид гурваас хэзээ ч урвахгүй үнэнч дэмжигч маань. Биднийг бэлтгэлээ хийхээр гарахад халуун хоол, цай хийж өгөөд, хувцсыг маань бэлдээд л явуулдаг. Бас гэр бүлийнхэн болон цөөн хэдэн найз маань биднийг сайн дэмждэг. Огт ойлгодоггүй хүмүүс ч бас бий. 
 
-Мото спортоор хичээллэдэг гэхээр үеийнхэн нь яаж хүлээж авдаг вэ?
-Энэ спортоор хичээллэдэг гэхээр хүмүүс “Үнэн үү” гээд гайхаж, асуудаг юм. Эмэгтэй хүүхэд ийм хүнд спортоор хичээллэдэг гэхээр итгэдэггүй байх л даа. Биднийг хүмүүс эхэндээ охид гэж мэддэггүй. Уралдааны дараа малгайгаа авахаар “Хөөх, эмэгтэй хүүхэд уралдаж түрүүлсэн байна шүү дээ” гэж гайхдаг. Намайг мото спортын тамирчин гэхээр эрэгтэй хүүхдүүд “Чи нээрээ мотоциклээр уралддаг гэж үү” гээд итгэхгүй, басдаг. Уралдааны бичлэг үзээд “Хөөх, чи чинь эрчүүдээс дутахгүй уралддаг юм байна” гэхээр нь “Тамирчин болохын тулд эхлээд тэвчээртэй болж, дараа нь эр зориг гаргаж уралддаг” юм гэж хариулдаг.
 
-Уралдахдаа ямар тактик хэрэглэдэг вэ. Сандардаг уу? 
-Гараанаас гарахад л жаахан сандардаг. Тэгээд л тайвширчихдаг юм. Тэмцээн дөхөхөөр уралдаанаас өөр зүйл бодогддоггүй. Яаж амжилттай уралдах вэ гэж бодоод байхаар хоол ч хоолойгоор давахгүй үе гарна. Мото спортоор хичээллэдэг эмэгтэй тамирчид Монголд байтугай Азид цөөн. Гараанд орж ирэхэд “Та хоёрын уралдааныг харах гэж зорьж ирлээ. Сайн байна, амжилт хүсье, дараагийн гараанд дахин түрүүлээрэй. Шантарч болохгүй шүү, хичээгээрэй” гэж урам өгдөг хүмүүс олон. Мотоциклтэй бартаат замын төрөлд уралддаг эмэгтэй тамирчин эгч бид хоёроос байдаггүй.
 
Тийм болохоор бид хоёр эрэгтэй хүүхдүүдтэй уралддаг. Би уралдаанд аль болох өндөрт харайх дуртай. Тэнгэрт нисэж яваа шувуу шиг санагддаг. Хүн сонирхсон зүйлдээ тэмүүлэхээр зорилготой болдог юм билээ. Дурлаж байгаа тэр зүйлдээ цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулахдаа харамсдаггүй. Бэлтгэлээ сайн базаасан ч тооцоолоогүй саад, бэртэл гэмтэл, осол гарахаар байр хойшлох үе бий. Уралдааны өмнөх өдөр сэтгэл зүйгээ тайван байлгаж, техникээ сайн шалгаж, алдаа, осол гаргахгүй байхаар тооцоолох хэрэгтэй. Биднийг тэмцээнд оролцохын өмнөх өдөр аав мотоциклийг маань шалгаж, эд ангийг нь засаж өгдөг.

“ААВ МИНИЙ ХУВЬД МОТО СПОРТЫН БААТАР”

-Ямар арга барилаар уралддаг вэ?
-Бид өөрийн гэсэн арга барилтай. Түрүүлэх нь гол биш, мэдэрч уралдах нь чухал. Өрсөлдөгчийнхөө хаана явааг, хэр ойрхон дөхөж ирснийг мотоциклийн дуунаас нь мэддэг болсон. Автомашины уралдаанд явалтын техник байдаг шиг мотоциклд ч бас бий. Эгчтэйгээ хамт уралддаг болохоор тэмцээнд тактик боловсруулж оролцдог. Эгч урд явж байвал би хойноос нь хором ч алдахгүй дагана. Энэ мэтчилэн уралдааны замд нэгнээ дэмжих тохиолдол олон бий. Хэрэв бид өөр өөр гараанаас гарсан бол гар, хөлийн дохио зангаагаар ойлголцоно. Тухайлбал, гараа эргүүлэх хөдөлгөөн хийвэл энэ нь хурдаа нэм, хөлөө өргөвөл араагаа хүндрүүл, дөрвөн хуруугаа өргөвөл IV араандаа хий, гарын алгаа дээш харуулаад хэдэн удаа өргөж, буулгавал суудлаасаа босож уралд, эргэлт рүүгээ даруй ор гэсэн үг. Сүүлийн гурван тойрогт өөрт байгаа бүх боломжоо шавхаж уралддаг. 
 
-Тэгэхээр чи эгчтэйгээ өрсөлддөггүй байх нь ээ?
-Би эгчийгээ өрсөлдөгч гэж боддоггүй. Намайг харайхад эгч тойрогдож, зам тавьж өгдөг. Араас шил дарж яваа тамирчны зайг холдуулахын тулд өөрийн тоглолтод оруулна. Би эгчтэй уралдаад түрүүлсэн удаа цөөнгүй. Эгч дүүдээ үргэлж үлгэр дууриалал болох ёстой гэсэн байдлаар бүх зүйлд ханддаг. Тэмцээнд ч гэсэн энэ нь ажиглагдана. Уралдаанд эргэлтийн техникийг эгч гаргууд эзэмшсэн бол би харайхдаа сайн.
 
-Танай гэр бүлийн гол ярианы сэдэв мото спорт уу?
-Тийм ээ, орой хооллож байхдаа амжилтаа ахиулах, мотоциклийнхээ эд ангийг засах, өрсөлдөгчдийнхөө давуу талаас хэрхэн суралцах тухай ярилцдаг. Бас нэг нэгнээсээ шүүмжлэл сонсоно. Мөн хойшид оролцох тэмцээнийхээ төлөвлөгөөг боловсруулдаг. Энэ жилийн тухайд хөл хориотой байгаа учраас тэмцээн, уралдаан болсонгүй. Спортын гэр бүл байх сайхан. “Уралдъя, дүүлье, урагшаа, амжилт” гэсэн яриа байнга сонсоно. Байнга ийм хүсэл тэмүүлэлтэй үг сонсохоор эрч хүчтэй амьдардаг юм шиг санагддаг.
 
-ОУХМ Э.Халиунболд та хоёрын багш юм билээ. Та хоёрыг хэрхэн дасгалжуулдаг вэ?
-Аав бидний анхны багш. Ааваасаа л бүх зүйлийг сурсан. Харин биднийг илүү сайн тамирчин болгохын тулд дөрвөн жилийн өмнөөс Э.Халиунболд, Эрдэнэбилэг багшийн удирдлага дор бэлтгэл хийлгэх болсон. Эгч, бид хоёр уралдааны явцад нэгнийхээ давуу талаас байнга суралцдаг. Биднийг сайн тамирчин болгохын төлөө Э.Халиунболд багш маань байнга зааж, зөвлөдөг. Багшийнхаа зөвлөснөөр тэмцээнд оролцож, хэлсэн зүйлийг нь хэрэгжүүлэхийг хичээдэг. Гараанаас гарахын өмнө багш “Шавь нар минь яаж уралдахыг харуулаад өг. Тамирчин хүн өөртөө итгэлтэй байхад хэцүү бүхэн ард үлддэг юм” гэж хэлдэг. Тэр нь их урам өгдөг дөө.
 
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Хүссэн мэргэжлээ эзэмшиж, түүгээрээ ажиллах. Бас хүнд хэрэгтэй хүн болох сон гэж боддог. Гэхдээ миний хамгийн том мөрөөдөл мото спортын дэлхийн аварга тамирчин болох. Гэхдээ миний хувийн нууц болохоор ямар мэргэжилтэй болох тухайгаа бусдад хэлдэггүй юм. Найзууд маань намайг дараа нь өөрийнхөө хүссэн мэргэжлээрээ ажиллаж байхад “Аан Алтжин ийм мэргэжилтэй болох байсан юм байна” гэж бодох байх.
 
-Үлгэр дууриалал авдаг олон тамирчин байдаг уу?
-Би багшийнхаа уралдааны техникээс эргэлтийн налууг төгс эзэмших юм сан гэж боддог. Багш эргэхдээ газар унах гэж буй мэт харагддаг ч маш хурдан босож, уралдаанаа үргэлжлүүлдэг. Мото спортын тамирчны хувьд энэ техник маш гоё, торгон мэдрэмж. Миний хамгийн сайн гэж боддог, номер нэг тамирчин бол аав маань. Аав миний хувьд мото спортын баатар.
 
-Та хоёр хэдэн мотоциклтэй вэ?
-Ур чадвар нэмэгдэх тусам мотоциклээ сольж, шинийг худалдаж авдаг. Эгч 15, би найман мотоцикл сольсон. Аав бидний жилээс жилд гаргаж байгаа амжилтыг хараад хэнд нь шинэ мотоцикл авч өгөхөө шийддэг. Тиймээс хоёулаа амжилт гаргаж, шинэ мотоциклтэй болохыг хичээнэ. Бидний уралдах мотоциклийн загвар, өнгийг нь аав сонгоод, Америкаас захиалж авчруулдаг юм.  Ирсэн мотоциклийг задалж, уралдааных болгож шинэ эд анги нэмнэ.
 
Тэмцээнд байнга оролцдог болохоор бидний эрүүл мэндэд аав, ээж минь их анхаардаг. Мото спорт өвлийн улиралд түр завсарладаг. Энэ үеэр аав бидний гарын барилтыг сайжруулах зорилгоор хүчний дасгал хийлгэж, усанд сэлэлт, фитнесээр хичээллүүлдэг юм.
 
-Ээж нь та хэдийн хамгийн үнэнч дэмжигч бололтой?
-Биднийг энэ спортод амжилт гаргахад чин сэтгэлээсээ тусалж, дэмждэг аав, ээждээ баярладаг. Аав маань тэмцээнтэй өдөр мотоциклийгг маань гялалзтал арчаад, дугуйг нь сольчихсон байдаг юм. Аав, ээжийнхээ ач тусаар бид өртөг өндөртэй энэ спортоор хичээллэж, сэтгэл зовохгүй бэлтгэл сургуулилалт хийж байгаа. Мэдээж ээж бидний үнэнч дэмжигч, туслагч. Заримдаа шантрахаараа ээжийгээ боддог.
 
Бидний төлөө хийж байгаа бүхнийг нь харахаар үнэхээр их хайр хүрдэг шүү. Ээж бидний сонирхдог спортоос хэзээ ч урвахгүй, үнэнч дэмжигч маань. Тэгээд л шантрах үе гарвал “Шантрах хэрэггүй. Илүү сайн хичээхэд л болно” гэж боддог. Гол нь сэтгэл зүй маш сайн байх хэрэгтэй. Хэрэв аав, ээжийнх нь нэг дэмждэггүй байвал энэ спортод дуртай байсан ч үлдэх хэцүү.
 
-Гаргаж байсан томоохон амжилтуудаасаа дурдвал? 
-Шилдэг болохын тулд сайн хичээх хэрэгтэй. Оролцсон тэмцээн болгондоо байнга түрүүлнэ гэж байхгүй. Харин тэр тэмцээнээс хоосон буцахгүй байхыг боддог. Улс, хотын аварга, нэрэмжит тэмцээнүүдэд олон удаа түрүүлж, айрагдаж байсан. Эгч надаас ч их түрүүлсэн. Гэхдээ түрүүлэхээсээ гадна аль болох алдаа гаргахгүй байхыг хичээж уралддаг гэв.
 
Тэрсхэн хоёр охин дэлхийн аварга болох нэг л зорилго, мөрөөдөлтэй. Мото спорт эрсдэл ихтэй. Тэд уралдааны үеэр олон удаа бэртэж байсан гэсэн. Хэдэн жилийн өмнө нэг тэмцээнд оролцож байхдаа хоорондоо үл ойлголцсоны улмаас мөргөлдөн, мөрөө гэмтээж байжээ. А.Алтжин нэг том толгод дээгүүр даваад буухдаа доор нь эгчийгээ явж байсныг мэдэлгүй мөргөлдчихсөн юм билээ. Түүнээс хойш тэд бие биенээ илүү их мэдэрдэг болсон гэсэн.  
 
Аав нь хоёр охиндоо “Амжилт хүсье. Түрүүлээрэй” гэж огт хэлдэггүй гэнэ. Зүгээр л “Болгоомжтой байгаарай. Гэмтэж болохгүй шүү” гэж захидаг хэмээн охин аавынхаа тухай бахархангуй ярьсан юм. Дүүлэх, нисэх мэт мэдрэмж авах нь А.Алтжингийн энэ спортоос авах хамгийн том таашаал нь. Аавынхаа үргэлжлэл болж, амжилтыг нь буухиалан яваа ийм нэгэн эгч, дүү хоёр мото спортоор ур чадвараа гайхуулан, алдартай тамирчин болохын төлөө нисэж явна. 

Эр зоригийн эзэн, мотоциклтэй нисгэгч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188