Дэвжээ рүү цагаан, хөх, хар өнгийн кимонотой хүүхдүүд толгойгоо бөхийлгөн ёслон гарцгаана. Энэ бол дэвжээ, өрсөлдөгч, багш, спортоо хүндэлж байгаа үйлдэл юм. Бэлтгэл эхлэхийн өмнө тамирчид нэг эгнээнд жагсаад, эгнээний хамгийн дээр зогсох тамирчин цовоо дуугаар “сэза” хэмээн хашгирахад бүх хүүхэд, багш доош суув. Бэлтгэл нь хоёр ээлжээр орох бөгөөд өглөөний ээлж 9:00-11:00 цаг, өдрийнх 15:00-17:00 цаг хүртэл хичээллэдэг аж. Арваннэгдүгээр сарын 6-9-нд Абу-Даби хотод жюү жицү бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд энэхүү тэмцээнд “Баялаг” клубээс 14 тамирчин оролцохоор болсон юм.
Р.ӨСӨХ-ИДЭР: ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Жюү жицү бөхийн өсвөрийн улсын таван удаагийн аварга, 153 дугаар сургуулийн 6д ангийн сурагч Р.Өсөх-Идэр “Зургаан настайдаа клубтээ элссэн. Эхэндээ хаана, юу хийж байгаагаа сайн мэдэхгүй будилж байсан ч бэлтгэлээ таслахгүй явсаар миний хамгийн дуртай зүйл жюү жицү болсон. Энэ спортоор хичээллэснээрээ бусдыг хүндэтгэж харилцах, сахилга баттай, ёс суртахуунтай байхыг сурч байгаа. Шантармаар санагдсан үедээ “Таван удаагийн улсын аварга болчхоод одоо шантраад байхдаа яах вэ дээ” гэж өөрийгөө зоригжуулаад хичээдэг. 2022 онд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авсан. Энэ жил харин алтан медаль авч, дэлхийн аварга болохыг хүсэж байна” гэлээ.
ААВЫНХАА, УЛСЫНХАА НЭРИЙГ ОЛИМПЫН ДЭВЖЭЭН ДЭЭР ДУУДУУЛАХ ЗОРИЛГОТОЙ О.НОМИН-ЭРДЭНЭ
"Эмэгтэй тамирчин байна гэдэг бас нэгэн шалгуур шиг санагддаг. Ангийн хөвгүүд ноцолдох гээд, эргэн тойрны хүмүүс “Эмэгтэйлэг бай, барилдахаа болих юм уу” гэж хааяа хэлдэг. Тэр үгнүүдийг сонсоод хэсэг сонин болдог ч зорилгоо бодох төдийд энэ бүхэн мартагддаг" гэж нүдээрээ инээх Жюү жицү бөхийн өсвөрийн улсын дөрвөн удаагийн аварга, Жюү жицү бөхийн өсвөрийн дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Жүдо бөхийн өсвөрийн улсын аваргын алт, мөнгөн медальт, самбо, ноги, куреш, бүстэй бөхийн улсын аварга, нийслэлийн 67 дугаар сургуулийн 8а ангийн сурагч О.Номин-Эрдэнэ ярина. Тэрбээр “Зургаан жилийн өмнө аав клубээ нээхэд нь зааланд очиж үзээд уур амьсгал нь таалагдсан учраас “Би ч бас оролдоод үзье” гээд клубтээ элссэн. Ааваасаа үлгэр дуурайлал авч, энэ спортод илүү дуртай болсон. Аавынхаа, улсынхаа нэрийг олимпын дэвжээн дээр дуудуулах зорилготойгоор бэлтгэлээ сайн хийж, энэ спортод эргэлт буцалтгүйгээр зүтгэж байгаа” гэв.
О.ДАШБАЛБАР: ГЭР БҮЛИЙНХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ
Жүдо бөхийн өсвөрийн улсын аваргын хүрэл медальт, жюү жицү бөхийн өсвөрийн улсын дөрвөн төрлийн аварга, 154 дүгээр сургуулийн 9б ангийн сурагч О.Дашбалбар “Энэ спортоор хичээллээд дөрвөн жил болж байна. Анхны тэмцээндээ эхний тойрогтоо л хожигдсон. Тэр үед их муу барилддаг байлаа. Эхний жилүүддээ медаль аваагүй болохоор шантраад “Больдог юм уу” гэж бодсон ч дотроо “Заавал түрүүлнэ дээ” гэж өөртөө амлаж, урагшаа тэмүүлсэн. Анх дүүргийн аваргад түрүүлээд, маш их урам зориг авсан. Одоо гаргасан амжилтуудаа ахиулж, дэлхийд нэрээ гаргасан тамирчин болохыг мөрөөддөг. Гэр бүлийнхэн маань ч намайг их дэмждэг. Тиймээс тэднийхээ итгэлийг алдахгүй мундаг тамирчин, сайн хүн болохыг л хичээдэг” хэмээлээ.
Тамирчид заал тойрон бие халаалт, сунгалтаа хийсний дараагаар багт хуваагдан зогслоо. Зүүн талд хэвтээ барилдах, баруун талд босоо барилдах тамирчид зогсож, өрсөлдөгчөө сонгон мэхээ давтаж эхлэв. Эрэгтэй, эмэгтэй, бүсний өнгө хамаарахгүйгээр хоорондоо 10 минут мэх давтан, дараагийн хүнээ сонгож харагдана. Сондгойрсон тохиолдолд дэвжээндээ ёслоод 10 минут сууж, дараачийн ээлжээ хүлээдэг гэнэ. Мэхээ давтаж буй бусдыгаа ажин суух тамирчидтай хэсэгхэн хором ярилцлаа.
Ү.АНХБОЛД: ДЭЛХИЙН АВАРГАД АНХ УДАА ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА
Жюү жицү бөхийн өсвөрийн улсын аваргын алт, мөнгөн медальт 162 дугаар сургуулийн 6г ангийн сурагч Ү.Анхболд “Аав маань бөхөд их сонирхолтой болохоор намайг явуулсан. Олимпод оролцох бол миний мөрөөдөл. Гэр бүлийнхэн маань намайг их дэмждэг. Оролцох боломжтой тэмцээн бүрд оролцуулж, урмын үг харамгүй хэлж, намайг ойлгодог. Удахгүй болох дэлхийн аваргад анх удаа оролцох гэж байгаа болохоор сандарч байна” гэлээ.
А.МӨНХЖИН: ААВЫН НАДААР БАХАРХСАН ХАРЦ, ЭЭЖИЙН БАЯРЛАСАН СЭТГЭЛ, ЭМЭЭГИЙН ХИЙСЭН ХАЛУУН ХООЛ ХАМГИЙН ТОМ МАГТААЛ БАЙДАГ
Жүдо бөхийн өсвөрийн улсын аваргын хүрэл медальт, самбо бөхийн спортын дэд мастер, жюү жицү бөхийн өсвөрийн улсын гурван удаагийн аварга, нийслэлийн 124 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч А.Мөнхжин “Клубтээ яваад зургаан жил болж байна. Анхны тэмцээндээ 11 настайдаа орж, алтан медаль хүртэж байлаа. Тэр үед урамшиж, “Энэ л миний хийх ёстой, чадах зүйл маань мөн юм байна” гэж итгэсэн. Би клубийнхээ хамгийн том нь болохоор хааяа дүү нараа авч явж, тэмцээнд оролцдог. Барилдах үед нь өмнөөс нь сандраад хэцүү байдаг. Сургуулиа төгсчихвөл клубийнхээ нэрэн дор явахаа болино. Гэхдээ ирж бэлтгэл хийх, багш, дүү нартайгаа уулзах боломжтой. Төгсөх анги болохоор олон зүйлд санаа зовж, сатаарч байгаа ч бэлтгэлээ таслахгүй, дэлхийн аваргадаа анхаарлаа төвлөрүүлэхээр хичээж байгаа. Дэлхийн аваргын тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож байна. Анх 2020 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ороод ялагдчихаад их уйлсан. Тэр үед намайг багш тайвшруулаад, аав утсаар ярьж, дэм болсон. Ер нь манай багш хүүхдүүдтэйгээ маш эелдэг, найрсаг, найз шиг ханддаг. Энэ нь манай клубийнхэн спортдоо дуртай байх, дурлаж, хүндлэх хамгийн том хүч болдог гэж би боддог. Манай гэр бүлийнхэн мөн анхны тэмцээнээс өнөөдрийг хүртэл намайг чадах чинээгээрээ, хамгийн сайнаараа дэмжиж байгаа. Тэмцээнээс медаль хүртээд гэртээ очиход аавын надаар бахархсан харц, ээжийн баярласан сэтгэл, эмээгийн хийсэн халуун хоол хамгийн том магтаал, шагнал шиг санагддаг” гэв.
Г.ОТГОНБААТАР: ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ НАЙЗ ШИГ ДОТНО БАЙХ НЬ МИНИЙ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ
“Хангай наран аав минь сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ижий минь сүүгээ өргөсөн нутаг аа хө...” гэж эвлэгхэн хоолойгоор дуулан, хүүхдүүдтэйгээ найз шиг, аав шиг, ээж шиг, ах шиг нь хөгжилтэй инээн ярилцах энэ хүн бол Жүдо, самбо бөхийн спортын мастер, жюү жицү бөхийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Баялаг” клубийн дасгалжуулагч, багш Г.Отгонбаатар билээ. Түүнтэй клубийнх нь зорилго, түүний мөрөөдлийн талаар цөөн хором ярилцлаа.
-Танай клубийнхэн анхны тэмцээндээ хэзээ оролцож байсан бэ?
-2018 онд клубээ үүсгэн байгуулсан. Анх 20 орчим хүүхэдтэй байсан бол одоо 80 орчим тамирчинтай хичээллэж байна. Манай клуб жилд цөөхөн элсэлт авдаг. Учир нь, манай хүүхдүүд тогтвортой, удаан хугацаагаар хичээллэдэг. Тиймээс хүүхдүүдтэйгээ тулсан, чанартай бэлтгэл хийхийн тулд олон элсэлт авдаггүй. 2018 оны Бага зэрэгтний тэмцээнд анх манай клуб оролцож байсан. Тэнд манай таван хүүхэд оролцоод, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль авсан. Тухайн үед клуб байгуулагдаад хоёр сар болж байсан ч хүүхдүүдээ тийм өндөр амжилт үзүүлсэнд нь их баярлаж, тэндээс маш их урам авч байсан шүү. Улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр 2022 онд хүрэл медаль, 2023 онд алт, 2024 онд мөнгөн медаль хүртсэн.
-Нэг сургалтын төлбөрөөр хоёр төрлөөр хичээллэх боломжтой гэсэн үү?
-Тийм ээ, жүдо, жюү жицү, самбо бөхөөс сонгон хослуулаад анхан шатны мэдэгдэхүүн авах, тэмцээн уралдаанд орж, өөрийгөө сорих, бие бялдраа хөгжүүлэх зэрэг боломж олгохыг зорьдог юм, бид.
-Хүүхдүүдтэйгээ их нээлттэй, чөлөөтэй харилцдаг юм байна. Энэ нь таны сургалтын нэг арга барил уу?
-Хүүхдүүдтэйгээ дотно байх тусам тэд маань эрсдэлтэй, хэцүү үедээ надад итгэж, намайг түшнэ гэж боддог. Мэдээж загнах, уурлах үе бий. Тунг нь тааруулж, хүүхдүүдтэйгээ ойр байх нь миний баримталдаг зарчим.
-Багш байхын сайхан нь юу вэ?
-Анх учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд тамирчин болохоор ирээд нүдний өмнө өсөж томроод, багшийгаа өргөөд шидчихээр хэмжээний болохыг харах их сайхан байдаг. Хүүхдүүд маань хэнтэй ч зөв сайхан мэндлээд сурчихсан, дэвжээгээ хүндэлдэг, хэрэг төвөгт орооцолдохгүй, хүмүүжилтэй, биеэ зөв авч явж байгааг харах их урамтай. Тэмцээн уралдаанд оролцоод өөрийнхөө, клубийнхээ нэрийг гаргах бол мэдээж сайхан. Бас хүүхдүүдээ том болоод амьдралд хөл тавьж, жигүүрээ дэлгэн нисэхийг харахад гунигтай хэрнээ бахархам мэдрэмж төрдөг.
-Танай клубийн цаашдын зорилго?
-Клубээсээ олимп, дэлхийн аваргатай болох зорилготой. Гэхдээ эрүүл монгол хүн бэлтгэх нь бидний хамгийн том зорилго. Хүн бүр бие бялдрын хувьд, сэтгэл санаа, хүмүүжлийн хувьд ч тэр эрүүл байх нь чухал гэж боддог. Хүүхэд бүрийг багаасаа бусдыг хүндэлдэг, нээлттэй харилцдаг, ёс суртахуунтай болж өсөөсэй гэж бодож, түүнийхээ төлөө ажиллаж байна.
-Дэлхийн аваргын бэлтгэл өнөөдөр 17:30 цагаас эхэлнэ гэсэн. Энгийн бэлтгэлээс юугаараа ялгаатай вэ?
-Өсвөрийн дэлхийн аваргад манай клубээс оролцох 14 тамирчиндаа тусгай багшаар бэлтгэл оруулна. Дэлхийн аваргад оролцох хүүхдүүд маань энгийн бэлтгэлийн хүүхдүүдээс зэрэглэл өөр, бие бялдар ур чадвар илүү. Тиймээс илүү эрчимжүүлсэн, шаардлага нэлээд өндөр бэлтгэл эхлүүлсэн байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
Заалны хаалгаар орохоос эхлээд гарах хүртэл нэгэнтэйгээ хүндлэлтэй харилцах энэ клубийн тамирчдын нэг өдрийн бэлтгэл хүүхэд багачуудад бие бялдраа хөгжүүлэхээс гадна хүн байхыг заадаг нь илтэд мэдрэгдэж байлаа. Ялалтын амтыг мэдэрч, өөрөөрөө бахархаж, ялагдлын гашууныг амсаж, улам их хичээж, спортын сайхныг ойлгож байгаа энэ хүүхдүүд ирээдүйд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуудуулан, Төрийн дууллаа олимпын тэнгэрт эгшиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
ДЭВЖЭЭНД ЁСЛОГСОД |
|
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |