-Сайн уу. Шинэхэн киногоо нээсэн танай баг хамт олонд халуун баяр хүргэе, сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн байна уу? Юуны түрүүнд танай уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Намайг У.Нартай гэдэг, 14 настай. Айлын гурав дахь хүүхэд. Ном унших, кино үзэх, контент бүтээх маш их дуртай. Би хамгийн анх жүжгийн дугуйланд явж эхлээд “Моралаш” олон ангитай адал явдалт хүүхдийн кинонд туслах дүр бүтээж байсан. Түүний дараагаар “Ганцхан шалтгаан” кинонд тоглосон. Өмнө нь дүр бүтээгээд үзчихсэн байсан болохоор зураг авалтын үйл явцыг гадарлаж, тоглоход дөхөм байлаа. Зурагтаар л харж өссөн томоохон жүжигчидтэй, олон киноны туршлагатай, салбартаа хамгийн сайн нь байдаг кино багийн ах, эгч нартай ажиллаж үзэх боломж олдсонд талархаж байгаа. Тийм болохоор өөрийгөө дайчилж ажилласан.
-“Хувь заяа” кинонд анх хэрхэн тоглох болсон бэ. Киноны санал хэрхэн ирж байв?
-“Хувьсал” продакшны фэйсбүүк хуудаст сонгон шалгаруулалт зарласан байгааг хараад, шалгаруултад оролцож 800-1000 хүүхэдтэй өрсөлдөж, шалгарсан.
-Киноны зургийг говьд авсан шүү дээ. Гэрээсээ хол кино зураг авалтад явах ямар байсан бэ?
-Зураг авалт Өмнөговь аймгийн Хүрмэн сүмийн Жанжин баг дээр 40-50 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Мэдээж, ээжийгээ маш их санасан. Гэхдээ зураг авалт маань маш шахуу хуваарьтай, бүгд шаргуу ажиллаж байхад "Би ээжийгээ саналаа, ядарлаа, зовлоо" гэж зүрхлэхгүй шүү дээ. "Хувьзаяа охины дүрээ л сайн гаргачих юм сан" гэж бодож зүтгэсээр хэцүү байгаа бүхнээ мартчихдаг байсан.
-Кинонд тоглохын хамгийн гоё дурсамжтай зүйл нь юу байсан бэ?
-Салбартаа хамгийн сайн, зогсоо зайгүй ажилладаг, нэг зүйл эхлүүлсэн бол тэрнийхээ төлөө шаргуу зүтгэдэг хамт олны дунд ороод, хамт олных нь нэг хэсэг болж ажиллаж үзсэн маань кино натурын хамгийн сайхан, дурсамжтай зүйл нь байлаа. Мөн кино урлаг гэдэг хүнийг ингэж хүмүүжүүлдэг юм байна, ийм олон зүйлст сургадаг юм байна гээд л олон зүйл олж мэдэж, мэдэрч байсан. Тэрнээс гадна 12 насны төрсөн өдөр маань кино натурын үеэр болсон л доо. Урнаа эгч, Заанаа ах хоёр маань хажууд суучихсан, сумын төвд торт байхгүй болохоор чокопайгаар торт хийгээд голд нь хоёр лаа зоочихсон байсан. Хэзээ ч мартахааргүй хамгийн сайхан дурсамж минь. Миний төрсөн өдрийн өмнөх өдөр цуг дүр бүтээсэн Үүлэн найзын маань төрсөн өдөр бас болсон.
"ХУВЬ ЗАЯА” КИНО ХОЙТ ЭЭЖ, ОХИН ХОЁРЫН АДАРМАА, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ ӨГҮҮЛНЭ
-Чиний бодлоор энэ киногоор дамжуулан нийгэмд ямар санааг илэрхийлэхийг хүссэн бол?
-Манай кино маш олон төрлийн асуудлыг хөндөж чадсан гэж бодож байгаа. Гэхдээ хамгийн гол нь эмэгтэй хүн бүрийн сэтгэлд эх хүний сэтгэл оршдог шүү дээ. Түгээмэл ойлголтоор хойт ээж гэхээр л нэг тийм цаанаасаа муу гэж бодоод байдаг. Манай кино өөртэй нь ямар ч холбоо байхгүй бусдын үрийг өөрийн юм шиг хайрлаж, энэрч буй талаар, арга эвээ олчих гээд оролдож байгаа хойт ээж, охин хоёрын адармаа, хичээл зүтгэлийг өгүүлнэ. Зөвхөн адгуус амьтад л үрээ голдог юм биш, одоо үед зарим эх хүүхдээ орхиод явдаг болсон. Тэр битгий хэл, төрүүлсэн үрээ хогийн саванд хаяаад явдаг тохиолдлууд бий. Киноны маань нэгэн чухал хэсэг бол яалт ч гүй өнчин ботгыг өөр ингэд хөөслөх зан үйлээр ивэлгэж авахуулдаг хэсэг юм. Мал, адгуус хүртэл бусдын үр төлийг хайрлан энэрч чадаж байхад хүн төрүүлсэн үрээ хаяж, голдог яасан айхтар, адгууснаас дор юм бэ. Манай үеийнхэн мөн адил энэ киног үзээсэй гэж хүсэж байна. Учир нь одоо цагт бидний олонх нь аав, ээжтэйгээ элбэг дэлбэг, хангалуун, халуун гэртээ аав ээжийнхээ зовж олсон хоолыг идээд л сууж байгаа шүү дээ. Харин киног маань үзвэл, өөрсдийн гэсэн хүрээллээсээ цааш гараад, бидний огт мэдэрч үзээгүй мэдрэмжүүд, мэдэхгүй амьдралууд, алс хол нутагт хайрлаж хамгаалах аав, ээжгүй хүүхдүүд, хүмүүс байдаг гэдгийг ухаарах байх аа гэж бодож байна. Говь нутгийн уудам сайхан байгаль, дуу авиагаар мал, адгуустай холбоо тогтоож буй зан үйл, ёс заншил, хөдөөгийн амьдралыг мэдэрч манай киног үзнэ.
-Гэр бүлийнхэн болон найзууд нь кинонд тоглох болсныг хэрхэн хүлээж авсан бэ?
-Эхлээд сонгон шалгаруултдаа гадаад төрхөөсөө болж тэнцээгүй. Тэгэхэд гэрийнхэн маань маш их урам зориг өгч байсан. Гэтэл миний “Царайг хувиргаад үзье” хэмээн "Хувьсал" продакшнаас утасдахад нөгөө гутрах үед урам зориг өгч байсан хүмүүс бөөн баяр болж, бүгд л санаа тавин, хөөрцгөөж байсан. Ялангуяа ээж маань миний бүх юмыг бэлдэж өгөөд л, охиноо хөөрхий олон хоногоор явуулах гээд санаа нь их л зовсон байх. Олон зүйлс сануулж, захиж явуулсан даа.
-Дүрийнхээ талаар ярихгүй юу. Дүрээ хэрхэн гаргах талаар хэрхэн судалсан бэ?
-Дүр маань миний хувь хүнээс их өөр байсан. Бүгдийг өөрөө болгоод сурчихсан, биеэ даасан, уйлагнаж, гомдоллодоггүй. Эхэндээ ийм охиныг хэрхэн гаргах талаар ямар ч төсөөлөл, бодол байгаагүй ч зураг авалтын дундуур бага багаар төсөөлөлтэй болж эхэлсэн. Мэргэжлийн биш учраас санаа зовж байсан ч дүрийнхээ талаар судалж мэдэхэд найруулагч Бямбаа эгч маань маш их тусалсан. Харилцан ойлголцоход их амар хүн гэх юм уу даа. Надад бүгдийг чин сэтгэлээсээ тайлбарлаж өгч, заримдаа ойлгохгүй байгаа зүйлсийг нүдэнд харагдтал ярьж, зөвхөн яриад зогсохгүйгээр ингэвэл зүгээр, ингээдэх гээд л жүжиглэж үзүүлдэг байсан. Мөн зураглаач Баатар ах маань нилээн их тусалсан. Дүрээ гаргах хор шар, эрч хүчийг бэлэглэдэг байсан гэх юм уу. Ах маань аливаа зүйлсийг их өөр талаас, өөр өнцгөөс нь хардаг юм шиг надад санагддаг л даа. Тийм ч болохоор дүрийн маань талаар өгч байгаа зөвлөгөөнүүд нь ойлгоход их энгийн мөртлөө яг л голыг нь оноод хэлчихсэн байдаг. Мэдээж хамтран тоглож буй гавьяат жүжигчин Урнаа эгч, Заанаа ах, Мэндбаяр эгч, Бадарч ах гээд л тэднээс ойлгохгүй, мэдэхгүй байгаа зүйлсээ асуухаас гадна тэднийг их ажигладаг байсан.
-МУГЖ У.Уранчимэг, П.Эрдэнэзаан нартаа хамтран тоглох ямар байсан бэ. Их зүйл сурсан байх.
-Сурсан зүйлсээ яривал тоолж баршгүй олон байгаа. Хамтран тоглоход тэднийг ямар их хайр татам хүмүүс вэ гэдгийг маш тод томруунаар олж мэдсэн. Өгч буй зөвлөгөө, харилцаа, хандлага бол цаанаасаа нэг тийм хайр хүргэм, хүндлэхгүй байхын аргагүй, халуун дулаанаас гадна яг л миний аав, ээж шиг санагдаж байсан. Энэ хоёр жүжигчнээс л би нэгэнтэйгээ харилцах зөв хандлага, асар их хариуцлага, ёс зүйгийн талаар ойлгосон. Мөн Мэндбаяр эгчийгээ дурдахгүй байхын аргагүй. Энэ хүнийг харахаар цаанаасаа л жүжигчин хүний хүмүүжил, дэг журамтай байдал ямар байх ёстойг мэдэрдэг. Ярьж өгдөг зөвөлгөө, дурсамж, түүхүүд нь нэг л тийм өвөрмөц, онцгой мэдрэмжийг төрүүлдэг дээ. Ийм сайхан жүжигчидтэй, ах эгч нартай хамт 40-50 хонгийг өнгөрүүлсэн маань үнэхээр л аз завшаан хэмээн боддог доо.
-Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
-Ирээдүйд кино урлагтайгаа салшгүй холбоотой байх болно. Одоо байгаагаасаа ч илүү сайжирсан байх болов уу гэж найдаж байна. Гэхдээ би яг жүжигчний сургуульд сураад, жүжигчин мэргэжил эзэмшихгүй гэж боддог. МУГЖ У.Уранчимэг эгч маань “Жүжигчний мэргэжил эзэмшээгүй ч гэлээ яг л мэргэжлийн юм шиг өндөр түвшинд тоглох хэрэгтэй” гэдэг. Ингэж байнга хэлдэг болохоор би мэргэжлихйг нь эзэмшээгүй ч цаашдаа олон зүйлсийг суралцсаар яг л мэргэжлийн юм шиг тоголдог жүжигчин болно гэж байнга боддог доо. Ирээдүйн мэргэжлээ бол яг баттай шийдээгүй байгаа. Надад одоо ахиад хэдэн жил байна, өөрийгөө таньж мэдэх нилээд их хугацаа байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ ер нь шүдний эмчийг ихэд сонирхож байгаа. Ирээдүйд шүдний эмчээр сурч төгсөөд, мэргэжлээрээ ажилласан ч гэсэн киноны саналууд ирвэл мэдээж харгалзаж үзээд, танилцаад сайхан уран бүтээл, сайхан хамт олонтой байвал тоглоно гэж боддог оо.
-Хэр хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд вэ. Дүрээсээ өөр үү?
-Найзуудтайгаа байхдаа хааяадаа сахилгагүйтчихдэг гэж боддог. Гэхдээ дүрээсээ нилээд өөр. Хувьзаяа охин болон миний хувь хүн хоёр өсөж төрсөн газраасаа авахуулаад маш том ялгаатай. Хувьзаяа мотоцикл сурамгай унадаг. Гадаад төрх нь ч надаас тэс ондоо. Хувьзаяа охин бид хоёрын ганц адилхан зүйл нь ном унших. Би ном уншаад тэмдэглэл хөтлөх их дуртай.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Би ахтай, эгчтэй, дүүтэй, өөрийгөө их л баян гэж боддог. Хэцүү, алдаа, оноотой үед түшээд босгох ах, эгч, дүү байна. Надад ч халамжлах олон хүн байна. Манай гэр бүлийнхэн маш хөгжилтэй, хошин хүмүүс байдаг. Тийм ч учраас намайг их марзан хүүхэд болоход нөлөөлсөн байх даа. Гэрийнхэн маань л миний болох, болохгүй зүйлсийг ажиглан харж, засаж өгдөг хүмүүс. Тэд байхгүй бол би байхгүй шүү дээ.
-Өөрийнхөө тоглосон киног дараа нь үзэх ямар байдаг вэ?
-Маш их ичдэг, бас алдаануудаа маш их анзаарч хардаг. Дараа дараагийн удаа энэ дээр анхаарах ёстой юм байна, жоохон л ингээд явчихдаг байж гээд л. Одоо байгаа маань хангалтгүй, энэнээс ихийг эрэн хайж, олж мэдэж, сурах шаардлагатай юм байна гэдгээ л мэддэг дээ. Гэхдээ киногоо үзэхдээ Нартай гэдэг хүүхэд гэсэн нүдээр биш, яг л кино үзэж байгаа юм шиг Хувьзаяа охиныг өрөвдөх үедээ өрөвдөж, өхөөрдөх үедээ өхөөрдөж үзэх гэж хичээдэг. Тухайн сцен, хэсгийг авах гэж ард нь хүмүүс яаж бужигналдаж, нойр хоолоо хасан ажиллаж байсан бүхэн нүдэнд харагдаад байдаг.
-Үеийн найзууддаа хэлмээр санагддаг үг байгаа юу?
-Манай үеийнхэн нэгэнтэйгээ өдөр тутамдаа маш муухай харилцдаг юм шиг санагддаг. Бие биетэйгээ маазрах, хөгжилдөх юм байх ч тэр нь хэтрээд, дээрэлхэлт болоод явчихдаг. Бие биентэйгээ хүндлэлтэй харилцъя. Мэдээж, бусадтай эерэг зөв харилцахын тулд эхлээд өөрийгөө хүндэлдэг байх хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Би чадна, би үүнийг хийх болно гэсэн хүсэл эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй байгаарай. Тэглээ гээд бусад хүн надаас доор, би бусдаас илүү, би хамгийн сайн, мундаг нь гэж бодож болохгүй шүү гэж хэлмээр байна.
-Чиний дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Одоогоор бол нэг хэсэгтээ хичээл номондоо шамдаж, гадаад хэлээ сайжруулна гэсэн бодол байна. Гэхдээ хүнд мэдээж дараагийн томоохон зорилго, төлөвлөгөө хэрэгтэй. Олон өөр жүжигчин, кино багийнхантай, надаас огт өөр сонирхолтой дүр дээр ажиллаж үзэх хүсэл битүүхэн байдаг. Энийг би хичээгээд явж байвал бүтнэ гэж бодож байгаа. Тэгээд л өөрийгөө олж мэдмээр байна, мэргэжлээ сонгомоор байна. Одоо байгаа нэгнээсээ тэс ондоо хүн болж дээшилмээр байна. Олон сайхан зүйлс олж мэдэж, суралцмаар байна гээд л төлөвлөгөө, хийх зүйлс ч олон байна даа. Би олон жижигхэн үйл явц, шат дараалал нийлэн томоохон зүйлийг бүтээдэг гэж боддог болохоор яг оноод хэлэх том зорилго, төлөвлөгөө бол одоогоор алга даа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
У.НАРТАЙ: ХУВЬЗАЯА ОХИНЫГ ӨРӨВДӨЖ, ӨХӨӨРДӨЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН |
|
2024-09-11 10:13:05
2024-09-11 10:11:58
2024-09-11 09:47:20
2024-09-11 09:34:32
2024-09-11 09:25:19
2024-09-11 09:01:24
2024-09-11 09:00:00
2024-09-11 08:39:28
2024-09-11 08:00:00
2024-09-11 07:58:11
2024-09-11 07:54:20
2024-09-11 07:41:44
2024-09-11 07:36:52
2024-09-11 07:11:56
2024-09-11 07:01:08
2024-09-11 07:00:00
2024-09-11 07:00:00
2024-09-11 07:00:00
2024-09-11 07:00:00
2024-09-11 07:00:00
2024-09-11 06:00:00
2024-09-11 06:00:00
2024-09-10 19:57:22
2024-09-10 18:20:26
2024-09-10 16:26:13
2024-09-10 15:30:42
2024-09-10 15:17:52
2024-09-10 14:28:54
2024-09-10 14:22:37
2024-09-10 14:01:45
2024-09-10 13:52:04
2024-09-10 13:35:02
2024-09-10 13:17:26
2024-09-10 13:09:05
2024-09-10 12:51:58
2024-09-10 12:47:12
2024-09-10 10:49:16
2024-09-10 10:41:34
2024-09-10 10:21:01
2024-09-10 08:55:21
2024-09-10 08:43:10
2024-09-10 08:14:33
2024-09-10 07:57:21
2024-09-10 07:00:31
2024-09-10 07:00:15
2024-09-10 07:00:00
2024-09-10 07:00:00
2024-09-10 07:00:00
2024-09-10 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |