• Өнөөдөр 2024-05-03

Торонтогийн их сургуулийн 100 хувийн тэтгэлэгт шалгарсан Монголын анхны сурагч Б.ЭНХЖИН: “Охиныхоо сургалтын төлбөрийг яаж төлнө дөө” гэж бодож байсан аав, ээж минь охиноороо бахархаж, баярлаж байгаа нь сайхан байна

2023-07-02,   4432

    Б.Энхжин 18 настай. Тэр тун удахгүй ахлах сургуулиа төгсөнө. 12 жилийн өмнө тэрбээр “Шинэ Монгол” сургуулийн босгоор алхаж байсан бол өдгөө сургуулиа төгсөх гээд догдлонхон байна. Гэхдээ тэр зүгээр ч нэг төгсөхгүй. Хүүхдүүдийн оюун ухаан, бие бялдар, зүрх сэтгэлийг өв тэгш хөгжүүлэхийг зорьдог гэгддэг “Шинэ Монгол” сургуулийн шилдэг төгсөгч болж, гадаадын 11 их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахаар тэнцсэн амжилттайгаар ахлах сургуулиа дүүргэж байгааг уншигч тантай хуваалцахад сэтгүүлч надад ч сайхан байна. Та бод доо, монгол хүүхэд зургаан улсын 11 их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар тэнцэж, урилга авсан байна гээд. Б.Энхжин тэнцсэн 11 сургуулиасаа Канадын Торонтогийн их сургуулийг сонгосон. Учир нь, тэр Торонтогийн их сургуулийн Lester b Pearson-ийн нэрэмжит 100 хувийн тэтгэлгийг эрдэм мэдлэг, оюун санаа, хөдөлмөр зүтгэлээрээ авсан Монгол Улсын анхны сурагч болжээ. Хүссэн хүн болгоны, хүүхэд бүрийн 100 хувийн тэтгэлэгтэй сураад байдаггүй Торонтогийн их сургуульд тэр эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр ирэх намар "үүр"-нээсээ ниснэ.

Монгол хүүхэд зургаан улсын 11 их сургуульд тэнцэж, урилга авчээ...

ТОРОНТОГИЙН ИХ СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАХ МОНГОЛЫН АНХНЫ СУРАГЧ Б.ЭНХЖИН

     Монголын ирээдүй гэрэлтэй байгаагийн тод жишээ болсон Б.Энхжин охинтой уулзахаар бид өчигдөр “Шинэ Монгол” сургуулийг зорилоо. Тэр тэтгэлэгт тэнцэж, урилгаар Канадын их сургуульд сурахаар болсон ч улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдээд тун завгүй байлаа. Хоногийн цөөхөн цагт нь унтаж, өөрийгөө хэд дахин дайчилж, хичээж, шахаж өнөөдрийн амжилтад хүрсэн болов уу гэмээр шавилхан биетэй шар охин биднийг “Сайн байна уу” гэж мэхийсээр, хүндэлсээр угтлаа. Баяр хүргэе, ямар мундаг юм бэ. 100 хувь тэтгэлгээр Торонтогийн их сургуульд сурахаар болсон гэсэн чинь аав, ээж нь юу гэж байна вэ” гэсээр уулзвал Аав, ээж хоёр минь ямар ч байсан охиноо гадаадад сургана гэдэг байсан. Гэхдээ л тэтгэлэг аваагүй бол аав, ээж хоёрт жилийн 200 гаруй сая төгрөгийн төлбөр төлнө гэдэг бэрх шүү дээ. Аргална, болгоно гэж байгаа ч дотроо “Охиныхоо сургалтын төлбөрийг яаж төлнө дөө” гэж бодож байсан аав, ээжийн минь нуруун дээрх ачаа хөнгөрөөд, надаар бахархаад сайхан байгаа. Баярлаж, бахархаж л хүлээж авсан даа” гээд инээмсэглэн биднийг сургуулийн зүг хөтөллөө.

            Б.Энхжин тайвшраад долоо хонож байгаа гэнэ. Тавдугаар сарын 30-нд Торонтогийн их сургууль тэтгэлэг хөтөлбөрт тэнцсэн оюутнуудынхаа нэрийг албан ёсоор зарлаж, баталгаажуулжээ. Тэрнээс өмнө Энхжин “Үнэхээр тэнцсэн болов уу. Тэнцсэн гэдэг нь үнэн болов уу” гэх айдас, түгшүүр, догдлол дунд сар гаруйн хугацаанд амьдарчээ. Торонтогийн их сургуулиас шалгалтын хариуны мэйл ирэх үед Энхжин Хамрын хийд рүү сургуулийнхантайгаа аялалд явж таарсан байна. Утасны сүлжээ дэн, дун орох буйдхан нутагт тэр хариу мэйл хүлээн авчээ. Энхжин “Сүлжээ орж, гараад байсан ч мэйл ирсэн болов уу, тэнцсэн болов уу гэх бодол толгойноос салаагүй. Тэгээд хэсэг явж байгаад утсаа хартал Торонтогийн их сургуулиас хариу ирсэн байсан. “Яана аа, яана аа” гээд л түгшээд, нээгээд хартал 100 хувийн тэтгэлэгтэй сурахаар тэнцсэн байлаа. Хамт явсан найздаа “Яана аа, би тэнцчихсэн байна” гэж хэлээд, тэд хамтдаа баярлан сүйд болсон. Мэйлийг нь гүйцэт уншвал “Сургуульд тэнцсэн хүүхдүүдийн мэдээлэл одоохондоо нууц. Энэ тухай олон хүнд хэлж болохгүй” гэсэн утгатай байсан юм. Тэгээд нууцын зэрэглэлтэй юм чинь эхний удаад аавдаа, ээждээ, эгчдээ, найздаа, багшдаа хэлье гэсээр, өдөрт нэг хүнд хэлсээр байгаад хариу зарладаг өдөр гэхэд миний ойр тойрны бүх хүн мэдсэн байсан. Тэд минь өөрсдөө сургуульд явах гэж байгаа юм шиг, тэтгэлэг авчихсан юм шиг л баярлаж, догдолж, бахархаж хүлээж авсан. Тавдугаар сарын сүүлчийн долоо хоног догдлол дүүрэн өнгөрлөө. Одоо л тайвшраад, сайхан болоод байна. Торонтогийн их сургууль гадаадын оюутнуудад тэтгэлэг барагтай л олгодоггүй. Жилдээ 30 гаруй хүүхдэд их, бага хэмжээний тэтгэлэг олгодог юм байна лээ. Тэр хүүхдүүдийн нэг болж, тэр дундаа Монголын анхны 100 хувийн тэтгэлэг хүртсэн сурагч болсондоо баярлаж байна” гэв.

Утасны сүлжээ дэн, дун орох буйдхан нутагт тэр хариу мэйл хүлээн авчээ. Энхжин “Сүлжээ орж, гараад байсан ч мэйл ирсэн болов уу, тэнцсэн болов уу гэх бодол толгойноос салаагүй. Тэгээд хэсэг явж байгаад утсаа хартал Торонтогийн их сургуулиас хариу ирсэн байсан.

“ШИНЭ МОНГОЛ” СУРГУУЛИЙН СУРАГЧ БОЛСОН НЬ

       Б.Энхжин 2011 онд найзыгаа дагаж, “Шинэ Монгол” сургуулийн сурагч болж байжээ. Нийгмийн идэвх сайтай, хичээмтгий, дайчин, зоригтой, тэсвэртэй, тэвчээртэй, хүнлэг, ухаалаг гэх үг түүнийг төлөөлнө. Даруухан инээмсэглээд, эвлэгхэн ярьдаг энэ охин 10 жилийн хугацаанд их зүйл амжуулжээ. Хамгийн гол нь тэр өөрийгөө хэдийнэ олчихсон, төлөвшчихсөн байна лээ. Сургуулиасаа юу сурснаа дүгнээд, ирэх он жилүүдэд өвөртлөх эрдмээ хүртэл төлөвлөн ярих нь сайхан байлаа. 

Б.Энхжин “Яг одоо бол “Шинэ Монгол” сургуулийн сурагч, төгсөгч гэдгээрээ  бахархаж байна. Хэрэв би тэр жил сургуульдаа ороогүй байсан бол энэ бүх амжилтад хүрэхгүй ч байсан байж мэднэ. Эсвэл цэцэрлэгийн найз маань энэ сургуульд ороогүй байсан бол би өөр газар сурах байсан байх. Ямартай ч сургуульдаа сурсандаа талархаж, тэтгэлэг авсандаа дүүрэн баярлаж байна" гэлээ.

         Б.Энхжингийн сурах хугацаандаа гаргасан амжилтыг бичвэл хэчнээн ч дэвтрийн хуудас дүүрч мэднэ. Тэр “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчдийн нэрэмжит “Урам” тэтгэлгийг “Сурлагын амжилт” төрлөөр хоёр удаа, “Нийгмийн идэвх” төрлөөр нэг удаа, “Хүнлэг сурагч” төрлөөр нэг удаа хүртэж байжээ. Мөн Нийслэлийн монгол бичгийн олимпиад, Баянзүрх дүүргийн газарзүй, нийгмийн олимпиадад амжилттай оролцож, физикийн багийн олимпиадаас мөнгөн медаль хүртэж байсан гэнэ.  IELTS 7.5 оноотой, япон хэлний N3 түвшинтэй, 2022 онд ОУ-ын ABRSM шалгалтын гуравдугаар түвшнийг онц дүнтэй дүүргэсэн, “World Scholars Cup” Олон улсын тэмцээнээс хоёр алт, таван мөнгө, Оолон улсын “SAEYLS” байгаль орчны дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг төлөөлөн илтгэл тавьж байжээ.

        Б.Энхжин олимпиадад тэр бүр оролцох дургүй гэнэ. Учир нь, түүний зарчим бүх зүйлд өв тэгш байх. Тэр бүү хэл нэг зүйлээр цойлохгүй бүгдийг нь чаддаг, хичээдэг байхыг зарчмаа болгож, баримталдаг ажээ. Энхжинд чадахгүй “юм” бараг л байхгүй бололтой. Урлаг, спорт, сурлагаараа “Шинэ Монгол” сургуулийн тэргүүн эгнээнд тэр яах аргагүй бичигддэг сурагч ажээ.

ЕСҮДҮГЭЭР АНГИАСАА ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХЫГ МӨРӨӨДӨЖ, ХОНОГТ ТАВАН ЦАГ УНТДАГ БОЛЖЭЭ

     Үеийнхнийгээ хошуучилж, үлгэрлэхийн тулд түүнд хичээгээгүй нэг ч өдөр байхгүй. Торонтогийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй сурах болсон нь түүний 10 жилийн цуцалтгүй хөдөлмөрийн үр шим. Тэр дундаа сүүлийн гурван жилийн хугацаанд тэр хоногт 4-5 цаг унтаж, өмнөхөөсөө ч илүү хичээж, энэ сургуульд тэнцжээ.

Б.Энхжин “Залуу хүн ч гэсэн шантардаг. Уйлна, инээнэ гээд л янз бүр болно. Хүн л юм чинь болимоор, буцмаар, бусад хүүхэдтэй адил чөлөөтэй баймаар санагдана. Тэр үед найзууд, гэр бүлийнхэн, багш нар маань хамгийн их дэмжиж, урам өгдөг. “Чи ийм гоё мөрөөдөлтэй байж шантраад байхдаа яах вэ дээ. Энэ хүртэл явсан шүү дээ” гээд сэтгэлийн дэм өгдөг юм. Тэгээд л бууж өгөхөө болиод, намайг дэмжиж байгаа хүмүүсийн сэтгэлээр урагшилж, урьдын адил мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг. Хий хоосон зүйл бодоод байхгүйгээр нарийвчилсан төлөвлөгөө гаргаад, хичээдэг. Есдүгээр ангиасаа эхлээд гадаадад тэтгэлгээр сурахыг хүсэж, мөрөөдөж ирсэн. Учир нь, манай сургуулийн шилдэг төгсөгчид бидэнд лекц, сургалт ордог. Маш гоё амжилттай яваа ах, эгч нараас үлгэрлэж, гадаадад тэтгэлгээр өөрийн хүссэн мэргэжлээрээ сурах очлуур олж авсан. Түүнээс хойш тасралтгүй хичээсэн. Хоногт 4-5 цаг л унтаж, бусад үед нь хичээлээ давтаж, судалж, мэдэж авсан. Үүний үр дүнд л тэтгэлэг авсан байх гэж боддог” гэв.

ААВААСАА ЗОРИГТОЙ БАЙХЫГ, ЭЭЖЭЭСЭЭ ЗАРЧИМ Ч БАЙХЫГ СУРСАН

            Түүний аав инженер мэргэжилтэй. Харин ээж нь их сургуулийн багш. Энхжин айлын бага охин. Аав, ээж, эгч нь тэтгэлэг хөтөлбөрт тэнцэхэд хамгийн өндөр үүрэг гүйцэтгэжээ. Энхжинг гэрийн ажлаас чөлөөлж, хичээлээ хийх бүх боломж, бололцоогоор хангаж өгсөн байна.

         “Миний аав инженер учраас зөв шийдвэр гаргаж, маш зоригтой байдаг.  Бас “Чи тийм зүйл хийх гэж байгаа бол хий. Үгүй бол боль” гэсэн зарчимтай. Миний хамгийн үнэнч, сайн туслагч бол миний аав. Инженер хүн чинь яс тооцоотой байдаг. Аль хэзээний дараагийн шийдвэр, нүүдлээ бодчихсон, төлөвлөчихсөн байдаг. Харин ээж хатуу багш. Эрсдлийг тооцоолж, боломжийг харж нүүдэг ухааны хүн. Заримдаа шаардлага өндөртэй гэх үү дээ. Манай гэрийнхэн ер нь бүгд адилхан зан чанартай. Ааваасаа зоригтой, тэвчээртэй байхыг, ээжээсээ эрсдлийг тооцоолж, боломжийг ашигладаг зарчимч занг нь сурсан даа. Манай аав, ээж, эгч, гэрийнхэн бүгдээрээ сайн сайхны хичээж, ажилладаг” гэв.

       Энхжингийн эгч МУИС-ийг гадаад харилцааны чиглэлээр сурч төгсжээ. Тэрбээр дотоодын их сургуульд сурсан ч өндөр чадвар, мэдлэг эзэмшиж болохыг тод харуулж, Болгарын Элчин сайдын яаманд нарийн бичгээр ажиллаж байгаад Монголдоо ирсэн байна. Түүний гэр бүлийнхэн бүгд хичээнгүй, зарчимч хүмүүс ажээ. Энхжин ч ялгаагүй гэр бүлийнхэнтэйгээ адил сайн үйлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, хичээж, бусдын төлөө цохилж байдаг хүүхэд ажээ. 

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ Б.ЭНХЖИН

Энхжин Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй. Гурван настайгаас л хүний төлөө, улсынхаа төлөө ажилладаг Ерөнхийлөгч болохыг мөрөөдөж ирсэн байна. Тэр төдийгөөс өдий хүртэлх хугацаанд мөрөөдлөөсөө нгэ ч удаа ухарч, няцаж үзээгүй. Өчигдөр ч тэр “Би Монгол Улсын Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй” гэж итгэлтэй нь аргагүй хариулж байна лээ. Түүний хүмүүсийг сайхан улсад сэтгэл хангалуун амьдруулах хүсэл нь ийм мөрөөдөлтэй болгож орхисон хэрэг. 

    Тэр “Сургуулийн маань захирал биднээс дандаа хүсэл, мөрөөдлийн талаар асуудаг. Тэгээд мөрөөдөлдөө үнэнч байхыг зааж захидаг юм. Миний мөрөөдөл гурван настайгаас хойш өөрчлөгдөөгүй. Анхандаа зайрмаг, амттан байж байгаад хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг болсон. Хүн болгон зайрмаг, амттан дунд амьдарч байгаа юм шиг аз жаргалтай байгаасай гэж боддог. Дэлхийн боловсрол эзэмшчихээд Монголдоо буцаж ирнэ. Тэгээд Монголоо хөгжүүлнэ” хэмээн тэрбээр шийдэмгий ярив. Харин миний “Монгол Улс хөгжих болов уу” гэх итгэл муутайхан асуусан асуултад “Хөгжүүлэхийн тулд л бид сурахаар явж байгаа шүү дээ. Гэхдээ би "Монгол минь хэзээ хөгжих бол. Хөгжихөөр нь очно” гээд хүлээгээд суухгүй. Сурсан, мэдсэн, чадах бүхнээ Монголоо хөгжүүлэхийн төлөө хурдан ирнэ, хичээнэ” гэлээ.

Түүний сонгосон мэргэжил нь олон хүнд туслах, хамтран ажиллах. Энхжин ойролцоогоор найм, есөн жилийн дараа эх орондоо эргэж ирээд, мэргэжлээрээ ажиллана гэнэ. Тэр сургуулиа төгсөөд таван жил гадаадын компанид ажиллах зорилготой. Тэндээс хуримтлуулсан туршлагаараа Монголоо хөгжүүлэх үйлсэд зүтгэнэ гэдгээ ярьж байна лээ. Тэр өөртөө итгэдэг. Түүнд аав, ээж нь итгэдэг юм байна.

 

ПОРОРОГИЙН НАЙЗУУДЫН ДУУЧИН

Жаахан хүүхэдтэй айлын бүрийн хойморт цангинаж, аялагддаг дууг Б.Энхжин дуулсан гэвэл та итгэх үү. Хичээлдээ онц сурч, шаргуу хөдөлмөрлөхөөс гадна тэр спорт, урлагаар хичээллэдэг. Одоогоор волейболын спортоор хичээллэж, чөлөөт цагаа өнгөрөөдөг ажээ.

Сайн уу, Пороро

Сайн уу, найзууд аа

Бүгдээрээ хамт тоглоё.

Сахилгагүй Пороро дууг Б.Энхжин зургадугаар ангийн сурагч байхдаа дуулжээ. Түүний дуулснаар энэ дууг монголчууд мэдэж, сонсож, таньдаг болсон байна. Энхжин тэр үед Монголын Хүүхдийн ордны дугуйланд явдаг байж. Тэрбээр “Хүүхдийн ордны дугуйлангаас гарч ирэхэд багш “Пороро” гээд солонгос хүүхэлдэйн кино байгаа юм. Тэр хүүхэлдэй киноны дууг чи дуулах уу” гэж асуусан. Жаахан хүүхэд учраас уриалгахан хүлээж аваад, “Тэгье, тэгье л даа” гэж хэлсэн. Мөн үүнээс гадна хэд хэдэн хүүхэлдэйн киноны дуу дуулж байсан. Тухайн үед миний хүүхэлдэйн кино үзэх, сонирхох нас өнгөрчихсөн байсан учраас Поророг сайн мэдэхгүй байсан. Дуулсныхаа дараа ч тоогоогүй орхичихсон юм. Гэтэл миний дуулсан дуу айл болгон, бага насны хүүхэд бүр шахуу мэддэг болчихсон байсан. Бүүр аав, ээжүүд хүртэл дагаад дуулдаг, мэддэг болсон байсан. Хүн болгоны аманд аяглагдаад, айлд хөг аялгуу нэмж байгаа нь сайхан байдаг. Одоо ингээд бодохоор Пороро дууг дуулсан нь миний амьдралын хамгийн гэгээлэг, гоё шийдвэрийн нэг байжээ. Гоё дурсамж болж үлдсэн байна. Найзууд маань “Энхжингийн хоолой бидэнтэй 24 цаг хамт байдаг” гэж шоолдог. Ингэж л би тэр дууг дуулсан юм даа” гэлээ.

Бидний яриа энд хүрээд өндөрлөлөө. Бид ярилцсан газартаа 10 жилийн дараа уулзах тов тогтоов. "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ" гэдэг. Б.Энхжин охиныг, түүний үеийнхнийг Монгол Улсыг хөгжүүлэхэд, хүн төвтэй улс болгоход гар бие оролцохыг харах шинэ мөрөөдөлтэй боллоо. Тэр одоо ч хичээсээр, хичээлээ хийсээр суугаа... 


Торонтогийн их сургуулийн 100 хувийн тэтгэлэгт шалгарсан Монголын анхны сурагч Б.ЭНХЖИН: “Охиныхоо сургалтын төлбөрийг яаж төлнө дөө” гэж бодож байсан аав, ээж минь охиноороо бахархаж, баярлаж байгаа нь сайхан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 13:06:02
    Байгалмаа: Хүсэл мөрөөдөлөөр дүүрэн хөөрхөн охины мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 11:00:30
    Од: Хүсэл мөрөөдөл биелэх болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 14:56:34
    Зочин: Сайн байна. Ёрөнхийлөгч болох гээд хэрэггүй . Шинжлэх ухаан дага
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 14:56:34
    Зочин: Сайн байна. Ёрөнхийлөгч болох гээд хэрэггүй . Шинжлэх ухаан дага
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 11:51:35
    Аюуш: Мундаг охинд баяр хүргэж, амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 10:20:55
    ххөах: Уншаад л хүн хичээснийхээ үр шимийг хүртдэг юм гэдгийг мэдэрлээ. Монгол улсаа хөгжүүлэх мундаг хүн болоорой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 08:21:08
    Зочин: Энэ охинд эцэг эхэд нь баяр хүргэе хүн хичээвэл ямар амжилтанд хүрдгийг харууллаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 08:11:26
    Зочин: Амжилт бас дахин амжилт.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188