-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Яагаад иогоор хичээллэх болсон юм бэ?
-Намайг Жамсрангийн Урангоо гэдэг. Улаанбаатар хотын угуул иргэн. Нийслэлийн 68 дугаар дунд сургуулийг төгсөөд Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурч гадаад хэлний мэргэжил эзэмшсэн. Их сургуулиа төгсөөд Япон Улс руу явж аижллаж амьдарсан. Японд байх даа ажил, амьдралын ачаалал, ядаргаанаас гарах зорилгоор иогийг сонирхон, хичээллэж эхэлсэн.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Дунд сургуулийн сурагч байхдаа спортоор хичээллэдэг байв уу?
-Би Улаанбаатар хотын 15 дугаар микро хорооллын Жуковт өссөн хүүхэд. Айлын том охин. Багадаа урлаг, спортод дур сонирхолтой охин байлаа. Хөгжим бүжгийн коллежийн балет, драмын ангийг сонирхож, дугуйланд орох гэж бэлдэж байсан үе бий. Спортоор тууштай хичээллэж үзээгүй ч дур сонирхолтой охин байв. Тухайн үед манай дунд сургуулийн багш нар хүүхдүүдийг уран хөдөлгөөнт гимнастикаар түлхүү хичээллүүлдэг байсан. Би ч түүний жишгээр уран хөдөлгөөнт гимнастикаар хэсэг хугацаанд хичээллэж үзээд больсон.
-Иогоор хэд дэх жилдээ хичээллэж байна. Багшлаад хэр удаж байгаа вэ?
-2017 онд Японд суралцахаар очсон. Хичээлийнхээ хажуугаар, сургалтын төлбөр, байр хоолны мөнгөндөө нэмэр болох гэж ажил хийв. Ачаалал ихтэй хичээл, завгүй ажлаа аль болох зэрэг амжуулах гэж хичээж зүтгээд маш их ядарсан. Манай гэрийн хажууд жижигхэн спорт клуб байдаг байлаа. Ядаргаанаас гарах гэж тэр клубийн иогийн сургалтад явж эхэлсэн юм. Тэгээд 2018 онд эх орондоо буцаж ирлээ. Японд байх даа л Монголд иогийн сургалтын ямар төвүүд байдаг бол гэж боддог байв. Японоос ирээд иогийн төвүүдийг хайж, судалж үзсэн. Олон иогийн сургалтын төвөөс “Намастэ” иогийн төв илүү их таалагдлаа. Тэгээд “Намастэ” иогийн сургалтад явж, улмаар багшийн курсийг сурч төгссөн. Тэгээд “Намастэ” иогийн сургуульдаа хоёр дахь жил багшилсан.
Ер нь иогоор нэг хичээллээд эхэлсэн бол улам их иогт дур сонирхолтой болж, сэтгэл зүрх татагдаад эхэлдэг юм билээ. Иог нь арга барилын хувьд олон төрөл, урсгалтай байдаг.
-Та сая иогийн олон төрөл байдаг гэлээ. Японд иогийн ямар төрлөөр нь хичээллэж байв?
-Иогийн олон төрөл, урсгалыг нэрлэж барахгүй. Би виньяса иогоор хичээллэсэн. Виньяса иог, хатха иогийн хамгийн сүүлийн үеийн техник, арга барилаар шинэчлэгдэн хөгжиж байгаа төрөл. Шинжлэх ухаан техник, технологийн хөгжил дэвшлийн 21 дүгээр зуунд хүмүүсийн биеийн бүтэц өөр болж, хөдөлгөөний дутагдалд нэрвэгдэж байна. Тийм болохоор ихэнх хүмүүс үе мөчний өвчтэй, хөдөлгөөний дутагдалтай, хөдөлгөөн хязгаарлагдаж, булчин, шөрмөс нь унтаа байдалд орох болсон. Зарим хүн гараа ч дээшээ өргөх завгүй, суугаа байдалтай ажлыг эрхэмлэдэг болжээ. Хөдөлгөөний дутагдалд орсон, суугаа ажилтай хүмүүст виньяса иог нь хамгийн их тохиромжтой. Энэ иог нь сүүлийн үеийн арга барил, орчин үеийн хүмүүсийн биед тохирсон дасгал хөдөлгөөнөөр шинэчлэгдэн хөгжсөн төрөл. Харин хатха иог нь тайвшруулах, эмчилгээний иогийн төрөл. Би Японд сурч, ажиллаж байхдаа зөөлөн иогийн төрлөөр хичээллэхийг зорьж байсан.
-Виньяса иогийн онцлог нь юу вэ?
-Ер нь иогоор хичээллэж байгаа хүмүүс амьсгал, хөдөлгөөн хоёрыг нэг нэгдмэл урсгалд оруулж, хослуулж байж үр дүнд хүрнэ. Виньяаса иогийг амьсгалын урсгал, хөдөлгөөний цогц нэгдэл гэж хэлж болох байх. Виньяаса иогт бүх биеийн унтаа ажиллахгүй байгаа булчинг чангалж, сулладаг нарийн техник их бий. Зарим хүн иогийн хичээлийн дараа “Багшаа надад ийм булчин байдгийг сая л мэдлээ” гэж хэлэх нь ч байдаг. Виньяаса иог хүний биеийн бүх булчин, шөрмөс, үе холбоосыг ажиллуулж, хөгжүүлэх дасгал хөдөлгөөний нарийн техниктэй байдгаараа бусад иогоос давуу талтай.
-Иогийн анхан, дунд, ахисан шатны сургалт гэж байдаг. Та багш болоод хамгийн анх ямар ангид зааж байсан бэ. Иогийн нэг анги хэдэн хүнээс бүрддэг вэ?
-Багшийн курсийг төгсөөд хамгийн анх жирэмсний иогийн ангид хичээл зааж байлаа. Иогийн нэг ангид 15-20 хүн хичээллэдэг. Анх багш болоод жирэмсэн ээжүүдэд хичээл заасандаа их баяртай байдаг. Тэр үед үргэлж сэтгэл өөдрөг явдаг байлаа. Жирэмсэн ээж бүрийн хэвлийд үр хүүхэд нь өсөж хөгжиж байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй хайр, энхрийлэл төрдөг юм билээ. Олон ээжүүдийн хүүхдийг эсэн мэнд төрүүлэхэд бага боловч тус нэмэр болсон. Тийм болохоор жирэмсэн ээжүүдийн иогийн сургалт хамгийн гоё санагдсан. Олон хүүхдийг эрүүл саруул төрөхөд нь хувь нэмэр оруулсан болов уу гэж бодож явдаг.
-Та “Намастэ” төвд багшилж байх даа өглөө 06:30 цагаас эхлээд орой 20:00 цаг хүртэл өдөрт маш олон цагийн ачаалалтай хичээл ордог байсан. Тэр бүх ачаалал ихтэй хичээлийн дараа ядардаг байсан биз?
-Ядралгүй яах вэ, их ядарна. Гэхдээ иогийн дасгалаа хийхээр ядаргаа арилдаг. Янз бүрийн хөдөлгөөний чадвартай, олон хүнтэй ажиллаж байна шүү дээ. Зогсоо зайгүй ярьж, тайлбарлан зааж байгаа учраас энерги их алддаг. Иогийг чихээрээ сайн сонсож байгаад хийдэг болохоос биш хэн нэгнийг хараад, дуурайж хийдэг зүйл биш л дээ. Хүн бүхний сонсож, хүлээн авах байдал, хөдөлгөөний чадвар, мэдрэмж, гүйцэтгэл, сунгалт, уян хатан чанар, хүч, хурд, биеийн тэнцвэр, ааш зан, харектар харилцан адилгүй өөр.
Зарим хүний биед нь аль болох тухтай байх талаас нь тайлбарлаж хэлэхээр ойлгодоггүй. Гэхдээ хүн өөрийгөө хэзээ ч голж, бусадтай харьцуулж болохгүй, гол нь иогийн дасгалыг тогтмол, тасралтгүй, зөв гүйцэтгэлтэй хийх нь чухал. Хэт хурдан үр дүнг өөрөөсөө шаардаж, хэт хүчлэн дасгал хөдөлгөөнийг өндөр ачаалалтай хийх нь тийм ч зөв алхам биш. Гол нь багшийн зөвлөгөөг дагах л хэрэгтэй.
-Хүүхдийн иогийн онцлог нь юу байдаг вэ. Насанд хүрсэн хүнээс өөр шүү дээ. Ачааллыг нь яаж тохируулдаг бол?
-Хүүхдийн анхаарал маш хурдан сарнидаг. Анхаарал нь удаан тогтож чадахгүй байдаг учраас хүүхдэд аль болох сонирхолтой байх талыг анхаарч заадаг. Иогийн дасгал, хөдөлгөөн, поз байрлалыг хүүхэлдэйн киноны баатруудын нэрээр нэрлэн, одоо тийм баатар болоорой гэхээр хүүхэд яг тэр баатрынхаа хөдөлгөөнөөр төсөөлж, хичээж хийдэг. Хүүхдийн хичээлийн дасгал, хөдөлгөөний ачааллыг зөв тохируулах нь чухал. Хичээллэх цаг хугацаа нь насанд хүрэгчдийнхтэй адил 60 минут байдаг. Хүүхдийг хүчлэн албадан иогийн дасгал, хөдөлгөөн хийлгэж болохгүй. Иогийн дасгал нь хүүхдэд аль болох сонирхолтой, хэцүү хүнд биш. Тэднийг залхаах, шийтгэл нь иогийн дасгал байх ёсгүй. Хүүхдийн төрөлх чанарт тохируулан, үсэрч, харайж, гүйх, өнхрөх дуртай хөдөлгөөнийг оруулсан сонирхолтой дасгал сонгохыг чухалчилдаг.
-Бид дасгал, хөдөлгөөн гэхээр хөлсөө гартал, амьсгаатлаа гүйж, харайна гэж ойлгодог. Харин тэгэхэд иог биеийг аль болох амрааж, суллаж байгаад уян хатны сунгалтын дасгал хөдөлгөөнийг хийдгээрээ онцлог санагддаг шүү?
-Ер нь иогийг хэт их ачааллаар хийж болохгүй. Хүний бие амралт, ачааллыг адил тэнцүү авах ёстой. Өнөөгийн нийгэмд, цаг үед хүмүүс хүссэн, хүсээгүй их ачаалалтай ажиллаж байна. Хүн иогийн дасгал хийснээрээ биеэ тайвшруулж, булчингаа чангалж, суллан, ачааллуулж, амраан, хөдөлгөөний дутагдлаа нөхөж хөгжүүлдэг онцлогтой.
-Спорт иог гэдэг төрөл шинээр гарч ирсэн. Тэр ямар иог вэ. Иог спортын төрөл болох гэж байна уу. Иог, уран нугаралт хоёр ижил юм биш үү?
-Дасгал, хөдөлгөөн хийж байгаа гэдгээрээ иог өөрөө спортын төрөл шүү дээ. Спортын олон төрөл дэлхий дээр хөгжихөөс өмнө иогийн дасгал хөдөлгөөн үүссэн байсан. Бүх төрлийн спортод иогийн дасгал хөдөлгөөнийг авч ашигласан байдаг. Гэхдээ спортын төрлүүд иогийн дасгалын амралт, ачаалал тохируулдаг, амьсгалын урсгалыг удирдах нарийн цогц чадварыг хаяж орхигдуулсан нь бий. Сүүлийн үед дэлхий дахинд спорт иогийн төрөл их дэлгэрч хөгжих болсон. Олон улсын чанартай иогийн тэмцээнүүд зохион байгуулагддаг болсон. Үүнийг спорт талдаа сонирхолтой хүмүүс хийж байгаа. Зарим хүн иог гэхээр хэтэрхий уян, хатан уран нугаралт шиг зүйл гэж бодоод байдаг. Иог уран нугаралтаас тэс өөр зүйл. Гэхдээ дасгал хөдөлгөөний хувьд энэ хоёр төрөл ижил төстэй, адил харагдах нь бий.
-Иогт сунгалт, амьсгалын дасгал, бясалгал орж ирдэг гээд байгаа шүү дээ. Энэ бүхнийг хэрхэн яаж заадаг юм бэ. Анхан шатны суралцагч хүнд ямар чадвар хамгийн чухал юм бол?
-Иогийн анхан шатны хамгийн чухал зүйл бол амьсгал. Зөв амьсгалын урсгалтай, хөдөлгөөнийг нэгтгэн хийгээд ирэхээр хүний бие чангардаг. Булчингаа сунгаж, суллан тайвшруулаад бясалгалаа хийдэг. Үүнийг тэгж хийнэ гэхээсээ илүү дотор хүнээ сонсдог болдог. Цаанаасаа хиймээр санагддах нь бий. Ер нь иогийн багш нар их бясалгал хийдэг. Тэгж байж бие, сэтгэл, үе мөч, булчин, шөрмөс, тайвширдаг гэж хэлж болох байх.
-Иогийг ямар хүмүүст хориглодог вэ. Зүрх муутай хүн хичээллэж болох уу?
-Иогоор ямар ч хүн хичээллэж болно. Болохгүй гэсэн заалт байхгүй. Өвдчихсөн, ачаалал авч чадахгүй байгаа хүн хичээллэвэл илүү үр дүнтэй. Бөөр нь өвддөг ч юм уу, олон янзын өвчин хуучтай хүмүүс их ирдэг. Манайд үений хагалгаанд орсон хүн хүртэл ирж хичээллэж байсан. Ачааллыг нь зөв тохируулаад өгчихдөг юм. Хүн өвдөж байна гээд байх тусам өвдчихөөд байдаг. Тэгэхээр хүн өөртэйгөө тэмцэгч байх ёстой. Бид сэтгэл буюу дотоод дуу хоолойгоо сонсдоггүй. Хүн иог хийж дотоод руугаа чимээлж, сонсож чаддаг болох нь чухал. Ихэнх хүн өөрийгөө сэтгэл санаагаар доош унагах нь бий. Би хөгшин, хөшүүн, уян хатан биш. Би хүчгүй, сул дорой. Би бүдүүн, тарган, хэзээ ч дасгал хийж чадахгүй гэх зэргээр өөртөө хаалт, хориг үүсгээд байдаг. Энэ бүх сэтгэлийн хориг саад тотгороо ялан дийлж иогоор хичээллээд үзээрэй. Иогоор хичээллэхэд сэтгэл болон сэтгэлгээгээ ялан дийлж, удирдан чиглүүлж сурна. Унтаа байдал орсон таны бүх үе холбоос, булчин, шөрмөс сэрж, сэргэн, та эрүүл саруул, эрч хүчтэй болно.
-Ихэнх хүн би хөгширчихлөө, одоо иог хийж чадахгүй гэх нь бий. Хэт уян хатан, иогийг төгс хийдэг хүмүүсийг хараад би хэзээ ч ийм болж чадахгүй хэмээн сэтгэл санаагаар унах тохиолдол байна биз?
-Янз янзын хүн ирж байгаа болохоор тийм зүйл гардаг. Гэхдээ хүн өөрийнхөө биеийг өөрөө мэдэж байгаа. Багш хэлээд өгсөн ч гэсэн үнэхээр тухгүй поз, байрлал байж болно шүү дээ. Хүн, хүний биеийн бүтэц, онцлог өөр болохоор тэр. Тэгэхээр өөрийгөө сонсоод, тохирох байрлалаар дасгалыг хийхийг зөвлөдөг. Иогийн олон дасгал, хөдөлгөөнөөс өөрт тохирохыг сонгоод хийх нь чухал. Уян байснаараа сайн болчихно гэсэн юм байхгүй. Шаргуу хөдөлмөр, хичээл, зүтгэл, тэвчээр, тууштай байдал иогт их хэрэгтэй. Хөгшин залуу, тарган, туранхай, өндөр, нам, уян хатан, хөшүүн, хөдөлгөөн муу байх нь тийм чухал зүйл биш. Гол нь иогоор тогтмол хичээллэх, өөрийнхөө залхуу хойрог, өөрөө өөртөө бууж өгдөг сэтгэлийг ялан дийлэх хэрэгтэй. Зорилготой, зоримог шийдэмгий бай.
-Иогоор хичээллэхэд хоолны дэлгэмээ яаж зохицуулах ёстой вэ?
-Спортоор хичээллэдэг хүмүүс энгийн хүнийг бодоход илүү хөдөлгөөнтэй байдаг болохоор уургын дутагдалд орох тохиолдол бий. Тэгэхээр уурга ихтэй хоол хүнс болох сүү, тараг, буурцагны шар сүүг түлхүү хэрэглэж, ус сайн уух хэрэгтэй. Иогоор олон жил хичээллэсэн хүмүүс махаа хасчихдаг. Халуун дулаан орны хүмүүс мах идэхгүй байж болно. Хүйтэн, сэрүүн байгаль цаг ууртай манай орны нөхцөлд мах идэхгүй байх нь тийм сайн зүйл биш. Бидний өвөг дээдэс хавар, зун дулааны улиралд мах хэрэглэдэггүй, сүү, цагаан идээ, айраг тараг, ааруул, ээзгий, бяслаг иддэг. Намар, өвлийн хүйтэн улиралд мах идэж, алдсан энерги, уургаа нөхдөг байжээ. Тэр уламжлалт ёсыг дагахад буруудах зүйл байхгүй. Хүйтний улиралд монгол хүн махан хоолыг их, бага ямар нэгэн хэмжээгээр хэрэглэх ёстой. Хүйтний улиралд мах идэхгүй хорих тусам л уургийн хэмжээ багасаж, бие ядарч, ачаалал даах чадвар буурна.
-Таны шавь нарын дотор хамгийн настай нь хэдэн настай хүн байдаг вэ. Тэднийг залуустай харьцуулахад сэтгэлийн тэнхээ, хүсэл тэмүүлэл нь хэр байдаг бол?
-Хөвсгөлд байдаг нэг эгч миний сургалтад гурван сар орчим явсан. Тэр эгч маань өөрөө гэртээ иог хийдэг байж байгаад багштай болж үзье гэж ирсэн юм билээ. 64 настай байх даа залуучуудтай нэг ангид явна гээд орсон. Өглөөний ангийн онцлог гэвэл настай хүмүүс их ирнэ. Тэд залуучуудтай хамт хичээллэхээр би болохгүй байна гэхгүй, адилхан л хийдэг, насны хязгаар байхгүй. Зарим нэг 60 гарчихсан хүнийг “Ахмадын ангид яв, зөөлөн дасгал хөдөлгөөн хий” гэхээр “Намайг хөгширсөн гээд байгаа юм уу. Би тийм хөгшин харагдаад байна уу гэх нь бий. Тэд харин ч эсрэгээрээ залуучуудтай хамт хичээллэхээр эрч хүч нь илүү гарч байгаа нь ажиглагддаг.
-Их спортын тамирчид анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэл зүйгээ засахын тулд иогоор хичээллэх тохиолдол байдаг болов уу. Танд тийм шавь бий юу?
-Манайд марафон гүйлтийн тамирчин хичээллэж байсан. Гүйлтийн тамирчид үе мөчиндээ ачаалал их авч бэртэх нь их байдаг юм билээ. Тэр марафоны тамирчин өвдөгний үе солиулах хагалгаанд ороод гүйхээ больсон хүн юм билээ. Түүнээс хойш спортоо орхиж, гүйхээ болсон байсан. Хөдөлгөөнтэй баймаар санагдаад болохгүй байна гээд иогоор хичээллэж эхэлсэн. Иог тэр хүнд их сонирхолтой байна гэсэн. Спортын бусад төрлөөр хичээллэдэг тамирчид иог сонирхох нь нэлээдгүй байдаг.
-Албан байгууллага, анги хамт олноороо иогоор хичээллэх тохиолдол байдаг уу?
-Өдөрт цайны цагийн ангид, албан байгууллага, найзуудаараа ихэвчлэн ирж хичээллэх нь бий. Хамт олноороо хичээллэх нь илүү үр дүнтэй байдаг.
-Харж байхад иогт ихэвчлэн эмэгтэйчүүд байх юм. Эрчүүд яагаад хичээллэхгүй байгаа юм бол. Ер нь эрчүүдэд өгөх үр дүн ямар байдаг вэ?
-Монгол эрчүүд ичимхий талдаа. Иогоор эмэгтэй хүмүүс л хичээллэдэг юм байна гэж ойлгодог. Уг нь эрэгтэй хүний булчин илүү чанга, хатуу. Тэр булчинг дандаа чангалаад байхаар зангирдаг. Булчингуудыг сулруулж, тайвшруулаад хийвэл үр дүнтэй. Адилхан хичээллээд үр дүнгээ үзвэл эрэгтэй хүн өөртэйгөө тэмцэх чадвараар эмэгтэйчүүдээс илүү байдаг. Гэхдээ сунгалтын хувьд булчингууд нь зангирчихсан байдаг учраас арай сул байх нь бий.
-Иогоор хичээллэх гэж байгаа хүмүүс олон янзын зорилготой ирдэг байх. Хүн иогоос гол нь юуг олж авах ёстой юм бол?
-Хүн бүр өөр өөрийн гэсэн зүйлийг иогоос олж авдаг. Хамгийн гол нь өөрийнхөө биеийг мэддэг болно гэдэг хамгийн том мэдлэг. Анхаарлаа төвлөрүүлэх, сонсох, хүлээцтэй байх зэрэг бүх зүйлд суралцана. Өөрийнхөө биеийг сонсоод сурчихсан хүн цаашлаад ямарваа нэгэн зүйлийг хянах чадвартай болно. Жишээлбэл хэтэрхий их тарган хүн өөрийгөө таргалсныг мэддэг ч хянаж чадахгүй байна гэсэн үг.
-Иогоор хичээллэдэг эмэгтэйчүүдийг харахад ихэнх нь туранхай байдаг. Дасгал хөдөлгөөн хийснээс болж байна уу?
-Өөрөө өөрийгөө сонсоод сурчихсан дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт зэрэг бүх зүйл дээрээ өөрчлөлт хийдэг. Иогоор удаан, олон жил үр дүнтэй хичээллэх тусам хүний бие цэгцтэй болдог. Мөн удаан хичээллэсний дараа сайн үр дүн гардаг. Ер нь бол хүн хамгийн багадаа гурван сар иогоор хичээллэх хэрэгтэй. Долоон хоногийн гурваас дөрвөн өдөр нь булчингуудыг ажиллуулвал сайн. Өглөө ажиллуулвал илүү үр дүнтэй байдаг.
-Иогоор хичээллэж байгаа хүн гүйж, хүнд юм өргөж болох уу?
-Спорт бусад төрлийн тамирчин хүн бол болох байх. Тамирчин биш, иогоор эхлэн хичээллэж байгаа энгийн хүн иогийн бэлтгэлийн дараа нэмэлт ачаалал авч, гүйж харайж, хүнд юм өргөх нь тийм сайн зүйл биш. Тэдний ачаалал авах чадвар, тамирчдаас сул байдаг. Харин иогоор тогтмол олон жил хичээллэсэн хүмүүсийн биед ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Тэд амралт, ачааллыг тохируулж, хийгээд сурчихсан байдаг юм.
Ж.УРАНГОО: Иог хийж дотоод руугаа чимээлж, сонсож чаддаг болох нь чухал |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |