Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Д.Бавуудорж гуайнх долоон хүүхдийн нэг бол төр, түмэндээ хүндлэгдсэн Монгол Улсын начин Б.Баянмөнх. Тэрбээр, 2003 онд Ардын хувьсгалын 82 жилийн ойд зориулсан түмний баяр цэнгэл наадамд Улсын заан Ч.Бямбадоржоор дөрөв, улсын харцага Г.Ганхуягаар тав давж улсын начин цол хүртэж байсан билээ. Түүнээс хойш өнөөг хүртэл төрийн их баяр наадамдаа зодоглохын хажуугаар “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээнд залуу бөхчүүдээ бэлтгэж, сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэж буй гэнэ. Эргэлт.мн мэдээллийн сайт Дархан цаазат, төрийн тахилгат Богдхан уулын Төр барихын аманд бэлтгэлээ базааж буй түүнийг зорин очиж, ийн ярилцлаа.
-Сайн байна уу, бэлтгэл жигдэрч байна уу?
-Сайн байна уу. Өнгөрсөн сарын 15-наас эхлэн бэлтгэлдээ гарсан болохоор одоо сайхан жигдэрч байна. Өнөөдөр манай “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүдийн сорилго барилдаан болж байна. Та бүхэн ч морьтой явна даа.
-Хүнийг танья гэвэл удмыг нь хардаг учиртай. Таныг бөхийн удамтай гэж ярьцгаах юм билээ?
-Намайг Бавуудоржийн Баянмөнх гэдэг. Аав, ээжээсээ долуулаа өнөр өтгөн айлын хоёр дахь хүүхэд. Эрт дээр үеэсээ эр бяртай хүчтэнүүдийн өлгий нутаг болсон. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөнөөрөө бахархдаг. Манай ээжийн талд Даншгийн арслан Годон Дампил гэдэг хотгойдуудын домогт бөх байсан. Даншиг наадамд алдарт Намхай аваргатай шөвгөрөн үлдэж, арслан цол хүртэж байсан гэдэг. Ерөнхийдөө ээжээс дээш дөрөв дэх үед Дампил арслангийн бүл хүмүүс байсан юм билээ. Мөн ээжийн авга ах аймгийн арслан мундаг Дашням гэдэг сайхан буурал одоо нутаг орондоо аж төрж байна.
-Багадаа биерхүү байсан уу, хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?
-Би 15 настайгаасаа барилдаж эхэлсэн. Ерөнхий боловсролын сургуульд байхад Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, сумын заан С.Хүрэлбаатар гэдэг хүн биеийн тамирын багшаар ажилладаг байсан юм. Нэг өдөр Хүрлээ багш манай ангид орж ирээд таван хүүхэд сонгож авч байсан юм. Бөх болгох гээд шинжиж байгаа нь тэр. Бид багшийн удирдлага дор долоо хоног бэлтгэл хийгээд чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Ингээд бодохоор 1995 оноос барилдаж эхэлсэн байх нь.
-Таныг бага залуу байх үед нийгэм, цаг үе ямар байв?
-Хүүхэд нас яах вэ аав, ээжийнхээ гар дээр, төрж өссөн гэртээ байгаа болохоор хатуу, хэцүү гэж юу байх вэ. Хааяа нэг дурсаж суухад оюутан нас л их сайхан санагддаг. Манай улс ардчилсан нийгэмд шилжээд долоо, найман жил болж байсан үе. Улс нийтээрээ шинэ тогтолцоонд дасаж байсан болоод ч тэр үү, хэцүү цаг байлаа. Тэр дундаа бөх болох гээд нийслэлийг зорьж ирсэн хөдөөний хүүхдүүдэд маш хэцүү байсан. Тухайлбал, хэдий хамаатан садан байсан ч нэг айлд олон хонож болдоггүй байлаа.
Бид чинь 100-гийн ундаа, 80-ийн гөөхий л гэдэг байлаа шүү дээ. Үдээс өмнө айлд хоёр зүсэм талх идэж, цайгаар даруулаад л бэлтгэлдээ гарна. Өдөртөө нэг ундаа, хэдэн гөөхий иднэ. Маргааш барилдаантай гэвэл урд орой нь айлд гэдэс цатгалан хоносон л бол их сайн барилддаг байлаа
-Яагаад тэр билээ, бөх хүн айлд олон хонож болдоггүй хэрэг үү?
-Үгүй дээ, яалаа гэж. Бэлтгэл хийгээд ирсэн хүн чинь айлынхаа хамаг хоолыг идчихнэ. Нэг айлд долоо хоновол их юм, тэгээд л хөөгддөг байлаа. “За чиний идшийг дийлэхгүй юм байна, миний хүү яв” гэдэг. Бид чинь 100-гийн ундаа, 80-ийн гөөхий л гэдэг байлаа шүү дээ. Үдээс өмнө айлд хоёр зүсэм талх идэж, цайгаар даруулаад л бэлтгэлдээ гарна. Өдөртөө нэг ундаа, хэдэн гөөхий иднэ. Маргааш барилдаантай гэвэл урд орой нь айлд гэдэс цатгалан хоносон л бол их сайн барилддаг байлаа. Ийм л цаг үед нутгийн сайхан ах нар, найз нөхөдтэйгөө бэлтгэл сургуулилт хийж, хичээл номдоо явсаар бөх байлаа. Одоо бол нутгийн зөвлөл, бизнесменүүд, аймаг, орон нутгийн удирдлага, ард иргэд их сайхан дэмждэг болсон. Сүүлийн арав гаруй жил юм уу даа.
-2001-2003 гээд ердөө гурван жилийн дотор та аймаг болон улсын цол хүртсэн юм билээ. Ид шуугиулж явсан байх нь ээ?
-2001 онд буюу Хөвсгөл аймгийн түүхт 70 жилийн ойн баяр наадамд барилдан тав давж аймгийн начин цол хүртэж байсан. Одоогийн Г.Эрхэмбаяр аварга мөн манай нутагт зорин ирж, тав даван аймгийн начин болж байлаа. Хойтон жил нь гурвын даваанд ам авч түүнээс хойш зургаагийн даваа хүртэл ид гарч ирж байгаа үеийн залуучуудтайгаа тунаж барилдсаар шөвгөрсөн. Үзүүр, түрүүнд тунаж үлдэхэд манай аймгийн Улаан-Уул сумын харьяат улсын начин Б.Бадрал “За ахын дүү бол цаашид илүү сайн барилдана. Улсын цолтой сайн бөх болно шүү” гээд элэг бүсээ тайлж өгч байсан юм. Улсын начин цолтой хүний тэр сайхан амны билэг, ерөөлөөр дараа жил нь улсын баяр наадамд тав давж улсын начин цол хүртэж байлаа. Ер нь Б.Бадрал агсан улсын цол авах, дээш нь гарч ирэх залуу бөхчүүдийг шинжиж, таньдаг байсан байх. Надаас хойш олон залууг “Аймаг орон нутгийнхаа нэрийг улсдаа гаргаарай” гэж дэмжсэн шүү. Манай Тосонцэнгэл суманд 1930-аад оны эхээр улсын начин түнтгэр н.Осор, Улсын начин н.Данаасүрэн гээд улсын цолтой хоёр бөх төрж байсан юм билээ. Тэдний араас 62 жилийн дараа улсын цолтон төрсөн нь би. Улсын цол хүртээд очиход сум орон нутаг, түмэн олон маань сайхан хүлээж авсан. Тийм болохоор би цолныхоо наадмыг хийж ард түмнээ хариу баярлуулсан.
-Таны дархан мэх юу вэ?
-Хорьсон ч, хориогүй ч хийдэг мэхийг дархан мэх гэдэг. Би өөрөө зүүн талтай. Хүүхэд байхын тонгордог байлаа. Сүүлд хөл авдаг, хонгоддог болсон.
-Аль бөхийн уран мэх, бяр тэнхээг биширч, барилдааныг нь үзэж өссөн бэ?
-Нутаг уснаас гэх юм бол халх даяар яруу алдар нь цуурайтсан Уйлган голын гурван аваргаа хүндэлж, бахархдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимп дэлхийн медальт, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх аваргыг шүтдэг хүн. Ээж маань бөхийн удамтай болохоороо ч тэр үү намайг төрхөд Баянмөнх гэдэг нэр өгсөн юм билээ. Намайг тавдугаар ангид байхад ээж “Миний хүү энийг унш” гээд Монгол Улсын бөхийн хөгжил гэдэг ном өгч байсан юм. Тэр ном н.Дугар,н.Намхай, н.Гэлэгсэнгэ, н.Лувсанжамба гээд даншгийн босоо аваргууд болон ардын хувьсгалаас төрсөн арслан, заануудын домог, намтраар дүүрэн болохоор амтархан уншдаг байлаа. Тэр дундаа Х.Баянмөнх аваргын түүхийг хэд дахин давтаж, шимтэн уншсан даа. Ийм ном уншсан хүүхэд чинь том мөрөөдөж “Ийм л бөх болно доо” гэж их бодно. Мөн А.Сүхбат аваргын барилдааныг их үзнэ. Ахин дахин үзэж мэх хийж байгаа байдал, гар, хөлийнх нь хөдөлгөөнийг нэг бүрчлэн хардаг байсан.
-Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөхчүүдээ бэлдэж, заавар зөвлөгөө өгөн ажиллаж буйн хувьд энэ жилийн наадмаар хэнийг шинээр цолонд хүрнэ гэж харж байна вэ?
-Бэлтгэл сургуулилт нь сайхан жигдэрсэн болохоор нь Ц.Содномдорж арслангаа нэн тэргүүнд горилж байгаа. Улсын өсөх идэр начин Батчулуун, Улсын начин Ц.Сандагдорж нар маань дээшээ барилдах болов уу, гэж харж байна.
-Улсын начин цол хүртээд хоёр арван өнгөрчээ. Таны хувьд энэ жил цол ахиулж барилдах уу?
-Одоо намайг цол ахиулна гэж ярьж болохгүй байх л даа. Ах нь нас 40 гарчихлаа. Дандаа өөрөөсөө дүү хүүхдүүдтэй барилдана. Залуу байхад бол цолоо баталъя, ахиулъя гэж барилддаг байсан. Сүүлийн жилүүдэд Хөвсгөлийн хүчтэнүүд дэвжээнийхээ бөхчүүдийг удирдан чиглүүлж байгаа бөхчүүдийн эгнээнд орж ажиллаж байна.
-Хил хамгаалах байгууллагад ямар алба хашиж байгаа вэ?
-Хил хамгаалах байгууллагатай холбогдсон нь их түүхтэй. Би 1999 онд Бугын сангийн аж ахуйд дэлхийн хошой медальт, олимпын аварга З.Ойдов багшийнхаа удирдлага дор бэлтгэлд гарч байсан юм. Өөрөөр хэлбэл, Хил хамгаалах байгууллагын “Хилчин клуб”-т Өвөрхангай аймгийн бөхчүүдтэй хамт бэлтгэлд хийж байлаа. Энэ үеэс л Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин спорт хороотой амьдралын минь зам нийлж өдгөө 23 дахь жилдээ энэ сайхан газраар овоглож явна. Энэ жилээс Хөвсгөл аймагт байрлах Хилийн цэргийн 0-257 дугаар ангид ажиллаж байгаа. Нутаг орондоо ажиллаж, амьдрах их сайхан байна.
-Бэлтгэлийнхээ дундуур цаг гаргасанд баярлалаа. Хөвсгөлийн хүчтэн дэвжээнээс олон улсын цолтон төрөх ерөөл дэвшүүлье?
-Ерөөл оршиг ээ. Монголынхоо нийт ард түмэн болон Хөвсгөл аймгийнхандаа Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн мэнд хүргэе. Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.
УЛСЫН НАЧИН Б.БАЯНМӨНХ: Бэлтгэл хийгээд ирсэн хүн чинь айлынхаа хамаг хоолыг идчихнэ. Нэг айлд долоо хоноод хөөгддөг байлаа |
|
2024-12-13 15:24:45
2024-12-13 14:29:52
2024-12-13 11:03:15
2024-12-13 10:07:47
2024-12-13 09:13:29
2024-12-13 08:58:06
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-13 07:00:00
2024-12-12 16:04:06
2024-12-12 15:31:31
2024-12-12 15:17:51
2024-12-12 12:55:54
2024-12-12 12:04:23
2024-12-12 11:50:04
2024-12-12 11:14:10
2024-12-12 08:26:00
2024-12-12 08:17:27
2024-12-12 07:00:56
2024-12-12 07:00:00
2024-12-12 07:00:00
2024-12-12 07:00:00
2024-12-12 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |