• Өнөөдөр 2026-04-13

МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР

      “Хошин урлагийн Б.Туяа жүжигчин манай суманд ирсэн гэнэ. Орой тоглолт болно гэж байна” гэх яриа өрнөж, аав, ээж, дүү бид очиж үзэхээр зэхлээ. Үнэндээ тэр үед хошин шогийн жүжигчин гэж ямар хүн байдгийг сайн мэддэггүй байлаа. Ингээд Соёлын төвд тоглолт ч товлосон цагтаа эхэлж, би ч өнөө Б.Туяа гэж нэр нь гарсан уран бүтээлчийг харья гэж зорилоо. Тэгсэн бамбарууш тэвэрсэн бондгор охин гараад ирдэг байгаа. Тэгээд болоогүй бүр бүжин болж, бүүр сүүлдээ эрэгтэй хүүхэд ч болоод,


Харин би чинь ээжийн хайртай
Хачин муухай, муухай жаал” гээд л дуулна. Тэгснээ тайзны ар руу буцаж орж гарч ирснээ нүдний шил шүүгээд, яг өөрийнхөө насны дүрд хувирчихсан, 
“Хэрвээ би, хэрвээ би 
Эр хүн байсан бол доо хө
Магад би, магад би бөх ч болох байсан уу даа хө
Дэвжээнд би, дэлхийд би түмний нүдийг булаагаад
Суйлж өргөөд, сугадаж тонгороод
Суут аваргууд шиг суга мандах байсан ч бил үү хө…” гээд дуулж гарна. Ингэж л би хошин урлагийн том мастер шавилхан биетэй, халгиж цалгисан авьяастай МУГЖ Б.Туяа гэх эрхмийн тоглолтыг анх үзэж байлаа. Тэр бондгор бүжин, адтай жаал, дүрсгүй нэгний дүрээр олон ч хүүхдийн, үзэгчийн зүрх сэтгэлд амьдарч, өдгөө ч нэхэн үзэх бүрд гал цог бэлэглэсэн нь хэвээр байх аж.
 
       Тэрбээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул. 1974 онд наймдугаар ангид сурч байхдаа “Нэг ангийн хоёр” кинонд тоглосноор түүний жүжигчний гараа эхэлсэн байна. Хүүхэд, залуучуудын театрт 15 жил, хошин урлагийн театрт 11 жил ажиллаад, 2001 оноос “Өнгөт инээд” хамтлагт ажилласан байдаг. Түүнтэй хошин урлагийн хаалгыг хаалгыг хамтдаа нээлцэж, өрхийг нь татсан хүмүүс бол Д.Сосорбарам, Б.Батзаяа, Г.Чаминчулуун. Энэ урлагийг монголд суурьшихад анхны гарааг нь тавьж байсан.
 
      Үзэгчид  “Би нисэх дуртай” киноны залуухан нисгэгч Заяа бүсгүйн галзуу гал цогтой найзыг Б.Туяа жүжигчин бүтээснийг санаж байгаа байх. Хэдийгээр киноны турш гарахгүй ч үргэлж бодлогоширч байдаг Заяагийн дүрийг тодруулж, түүнд инээд бэлэглэгч найзын дүрд тун сайхан тоглосон. Одоо ч инээд алдаад л жавхаатайхан жолоо барьж явсан залуу эмэгтэйн дүр тодхон. Тэрбээр үүнээс гадна “Миний чин зориг”, “Бяцхан найз” жүжиг, “Бэрсүүт жүрж”, “Зугтаарай”, “Бүтэлгүй новш” зэрэг уран сайхны кинонд тогложээ. 
 
      Монголын хошин урлагийн нэгэн үеийн төлөөлөл болсон, алиа хөөрхөн, хүүхэд зантай Б.Туяа мөлхөө жаалаас авахуулаад хөгшин эмгэний дүрийг чадварлаг сайн бүтээдэг. Хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин байхдаа Монгол улсын гавъяат жүжигчин цолоор шагнуулсан. Хошин урлагт авьяас билгээ сорьж “Алтан загас”, “Ромео Жульетта” зэрэг олны сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээсэн байна. 
2000 оноос хойш өөрийн хамтлаг болон “Шинэ үе” продакшн, “Эрхэм элч” нэгдэл, “Инээдмийн ТҮЦ” хамтлагийнхантай хамтран “13 ааш”, “Гурван сарын баше”, “Соёолон тарваганы тоос”, “Доголон могой”, “Ширэнгэнд өнгөрүүлсэн өдрүүд”, “Инээдмийн ТҮЦ-1,2” зэрэг томоохон уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээж тоглосон байна. Телевизийн “12 давхар” нэвтрүүлгийн “Долоон давхрын театр” буланд олон удаа идэвхтэй оролцжээ. Хүүхэд багачуудад зориулж “Хэргийн эзэн”, “Дисней Лэндэд Туяа” гэх мэт бие даасан уран бүтээлээ толилуулсан байна. Тэрбээр мөн Хүүхэд залуучуудын театрт олон жил ажилласан.
 
       Энэ тухай “Би 1976 онд хүүхэд залуучуудын театрт жүжигчин болж орсон. Тэгэхэд “Инээдэм 76” гэсэн тоглолт хийж байлаа. Тоглолтыг зохиолч Б.Лхагвасүрэн, Ж.Барамсай гуай хоёр зохиолыг нь бичээд өөрсдөө тоглож байсан. Яг энэ үеэс л хойш хошин урлагтай холбоотой явна даа. “Цуурхал”, “Бөхийн хорхойтон”, “Эрх жаал” гэх зэрэг хөтөлбөрийн үзэгдлүүдэд тоглож явлаа. Ингэхдээ Хүүхдийн театрт байсан Л.Жанчивдорж ах, Г.Дашхүү ах, Ардын жүжигчин А.Очирбат гуай, Гавяат жүжигчин З. Галсанданзан гуай гээд олон сайхан уран бүтээлчидтэй хамт тоглож байсан. Миний бүтээдэг дүрүүд туулайн бүжин, янзага гээд жижигхэн биетэй амьтдын дүрд тоглодог байлаа. 1980-аад оны үеэс арай том болсон юм уу даа.    
 
        Г.Доржсамбуу найруулагч маань “Хүний санаа” жүжгэн дээр надад хүүхний дүр өгсөн. Тэрнээс өмнө дандаа жаахан амьтдын дүрийг их бүтээдэг байсан” гэсэн байна. Ингэж л тэр хүүххд багачуудтай ойр, тэдний хүсэл мөрөөдлийг хөглөсөн жүжигчин болжээ. Хүүдийн дүр бүтээж, тэдэнд сонирхолтой дүр бүтээнэ гэдэг уран бүтээлчээс яах аргагүй өндөр авьяас, хөдөлмөр шаардана. Тэр бүхэнд тэнцэж, хүүхдийн дүрийг хамгийн чадварлаг бүтээдэг уран бүтээлч бол тэр мөн билээ. Бидний ч хүүхэд насны мартагдашгүй нэгэн дүр.

МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188