Эгц өндөр хадан хясаагаар хашигдсан сүрлэг уулсын дунд “нуугдах” энэ гүн хавцал бол зүгээр ч нэг чулуу биш. Хэдэн мянган жилийн турш тэндэхийн амьтан, ургамал, уул, усыг хэн хүнээс илүүтэйгээр хамгаалан зогсоо мөнхийн “харуул” нь ч байж мэднэ. Өндөр өндөр хадан хавцал, зуны аагим халуунд барагтай хайлчихдаггүй оргилын цас мөс нь, ёл шувуу нь хүртэл сүр хүчээ гайхуулан тэнгэрт эргэлдэх нь тэрхүү үзэсгэлэнт байгалийг улам чимнэ. Уул, нуруу нь ой мод, жимс жимсгэнэ, ан амьтдаар дүүрэн Ёлтын сав газар гэж өвөрмөц тогтоцтой байгаль төдийгүй хүний зүрх, сэтгэлийн гүнд үргэлж тайвшрал, уужралыг эрхгүй олгодог тэнүүн нутаг бий. Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдүгээр багийн нутагт орших Ёлтын сав газрыг одоогоос 65 жилийн өмнө буюу 1961 онд Монгол Улсын баруун хилийг шинэчлэн тогтоох Засгийн газрын шийдвэр гарах үеэр Монголын нутагт авч үлдэж чадах уу, үгүй юү гэдэг ноцтой асуудал монголчуудын дунд ялангуяа Алтайчуудын дунд тулгарсан байдаг. Гэвч хамгийн сайхан нь нутгаа гэсэн чин үнэнч сэтгэлтэй залуухан хосын ачаар Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газрын нэг болох Ёлтын сав газар Алтайчуудын төдийгүй Монгол Улсын мэдэлд үүрд үлдсэн түүхтэй юм. Ийм хосгүй дэндүү сайхан нутгаа эх нутагтаа авч үлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, нутаг, усныхаа төлөө бие, сэтгэлээ харамгүй зориулсан Алтай сумын нэгдүгээр багийн иргэн Ж.Камештай, Ш.Зульфхар нарын ууган хүү К.Сүйеништэй эх оронч аав, ээжийнх нь тухай болон тухайн үед юу болж өрнөсөн талаарх сонирхолтой яриа өрнүүллээ.
1961 ОНЫ ЗУРГАДУГААР САР
1961 онд Хятад Монголын хилийг шинэчлэн тогтоох Засгийн газрын шийдвэр гарч, Нэгдлийн дарга Х.Баймолда, Намын дарга Х.Аукатай нар Баян-Өлгий аймгийн Алтай сумын малчдыг Ёлтын сав газар болон Хурамтын сав газар руу яаралтай нүүх үүрэг даалгавар өгсөн байдаг. Алтай сумын нэгдүгээр багийн малчин Ж.Камештай, Ш.Зульфхар нар “Хэдийгээр тэнд нүүж очиж болох ч гэлээ Хятадын цэргүүд бидэнд дургүйцэж, амь, амьдралыг минь бусниулах вий дээ” хэмээн дор бүрнээ айж байсан ч “Тэнд очиж зуссанаар бид нутгаа аварч, хамгаалж чадах юм бол нүүхээс яах вэ” хэмээн зориг шулуудан гэрээ ачаалж эхэлсэн гэдэг. Тэд амгалан тайван нутаглаж байсан өвөлжөөнөөсөө 120 километрийн зайд орших Ёлтын сав газар руу тэмээгээр нүүж, хүүхдүүд нь явган шахуу малаа туусаар буух ёстой газраа хоёр хоногийн дараа хүрсэн байдаг. Тэднийх нүүх нүүхдээ бүр Ёлтын сав газрын хамгийн доод ёроолд нь буюу Шатсан том онгоц хэмээх газар зусахаар болжээ. Тэр газраас цааш хүн, малын аль нь ч дураараа явахааргүй өндөр хадан хавцал бүхий өвөрмөц тогтоцтой нутаг аж. Ингээд тэднийх БНХАУ-ын хилтэй дөрөвхөн километрийн зайтай зусах болсон нь энэ. Нүүж очоод хоёр, гуравхан хонож байтал Хятадын хилийн цэргийнхэн манай хилийн цэргийнхэнтэй нийлээд 20 орчим морьтой хүн сүр бадруулан тэдний гадаа очсон гэдэг. Ж.Камештайгийнхан том, жижиггүй Хятадын цэргүүдээс айж, сандарцгаасан гэж жигтэйхэн. Гэтэл Даянгийн заставын дарга “Ёлтын сав газар Монголын газар нутагт бүрэн хамаарах уу, үгүй юү гэдгийг хоёр талын төлөөллүүд болох бид үзэж, судалж явна. Та бүхэн айж, сандрах хэрэггүй” гэж тэдэнд ойлгуулснаар сая нэг уужирсан гэдэг. Гэрийн эзэгтэй болох Ш.Зульфхар тэднийг “Гэрт орж цай, хоол идээд яв” гэтэл Хятадын цэргүүд гэрт нь оролгүй давхиад явцгаажээ.

Ингээд тэднийх айл болгон буугаад байхааргүй, хүн, амьтан тааваараа нутаглахад хэтэрхий бэрх газар бууснаараа нутгийнхаа айлуудад нүүж ирэх зориг болж байсны хүчинд тав, зургаан айл Ёлт руу дөхөж буужээ. Энэ нь тэднийд хань, бараа болох хүн, амьтан нэмэгдэхээс гадна нутаг усаа бүрэн бүтнээр нь авч үлдэхэд ч ихээхэн нөлөөлсөн байдаг. Тухайн үед зарим айл өмнө нь ямар ч айл нутаглаж байгаагүй хилийн заагт нүүж очихоосоо айж, нутгаасаа бүр дайжих маягтай болсон гэдэг. Монгол цэргүүд тэднийд орж, цай, хоол идэж уугаад явснаас хоёр хоногийн дараа тэдний дээгүүр цагаан онгоц ниссэн нь Ёлтын сав газар бүхэлдээ Монголын нутаг мөн эсэхийг бас хэчнээн монгол айл тэнд нутаглаж байгааг судлах судалгааны нэг ажил байсан гэдэг. Хил шинэчлэн тогтоох ажлын хүрээнд хийсэн хэд хэдэн судалгааны дүнд Ёлтын сав газар бол ялт ч үгүй Монголын нутаг юм гэдгийг ажлын хэсгийнхэн тогтоож чаджээ. Учир нь ийнхүү хүн, мал удаан амьдрахад бэрх уул, хадаар хүрээлүүлсэн Ёлтын сав газарт хэдэн айл цөөхөн сар зуссаны ачаар үзэсгэлэнт нутгаа бүрэн бүтнээр нь Монголдоо авч үлдсэн түүхтэй юм. Магадгүй Ёлт руу хэдэн айл дөхөж зусаагүй бол, Ш.Камештайнх БНХАУ-ын хилд тулж буугаагүй бол нутгаа бүтнээр нь авч үлдэж чадахгүй ч байсан байж мэдэх. Хил шинэчлэн тогтоох чухал ажил дууссаны дараа буюу 1961 оны наймдугаар сард Ёлтод зуссан айлууд өөр өөрсдийнхөө өвөлжөө, намаржаа руу буцаж нүүсэн байдаг. Тэднийг нүүсэн цагаас хойш одоог хүртэл нэг ч айл Ёлтын сав газарт дахин зусаагүй гэдэг.
Харин Хурамтын сав газар руу нүүх ёстой байсан Алтай сумын гуравдугаар багийн малчид дарга нарынхаа үүрэг даалгаврыг биелүүлээгүй, нутаг орноосоо дайжсаны гайгаар тэр сайхан нутгийн ой бүхий газрыг Хятадын тал эзлэн авч, модгүй жаахан хэсгийг нь манай улсын нутгаар заагласан байдаг.

Ёлтын сав газар гэдэг бол гурван километр үргэлжлэх хадан хавцалтай, битүү ой модтой, малчид жил болгоны намар тэндээс л өвсөө хадаж, нутгийн айл болгон тэр нутгаас мод татаж, байшинтай болцгоосон гэдэг. Зөвхөн Алтай сум гэлтгүй Буянт, Цэнгэл, Дэлүүн, Толбо гээд модгүй сумын иргэд тэндээс л мод татдаг гэнэ. Хэдийгээр тэнд айл нутагладаггүй ч хэд хэдэн амралтын газар байгуулсан учир иргэд зуны улиралд жимс түүж, мод бэлтгэхээр л зорьж очдог гэнэ. Тэнд хад, үхрийн нүд, тошлой гээд олон төрлийн жимсээс гадна эмийн ховор ургамлууд ургадаг байгалийн диваажин болсон газар орон аж. Мөн Ёлтын гол Сөнгөнтийн голтой нийлж, Казахстаны Эрчис мөрөн рүү цутгана.
-Танайхыг 1961 онд Ёлт руу нүүхэд та хэдэн настай байсан бэ. Тэр үеийг тод санадаг уу?
-Би 1943 онд төрсөн гэхээр тэр үед 18 настай байсан болж таарах нь. Би эцэг, эхээс наймуулаа, айлын том нь. Тэр жил би дөрвөн дүүтэй байсан. Тийшээ нүүх шийдвэрийг аав, ээж хоёр гаргаж, би дүү нартайгаа болон туслах малчинтайгаа хоёр хоног бороонд норон барин малаа тууж, Ёлтод хүрч байсан санагддаг юм. Аав, ээж минь хүний үгийг үг гэж тоодог, элдэв янзын ааш зангүй байсан тулдаа тийшээ ганцаараа гэлтгүй зориг гарган нүүсэн. Тэр их зориг, зүрхнийх нь угт юу юунаас илүү эх орноо гэсэн нинжин сэтгэл байсан байх даа, хөөрхий. Бид хүүхэд байсан учраас юугаа мэдэх вэ дээ. Ээж минь шулуун шударга зантай, дайчин, сэргэлэн эмэгтэй байсан болохоор тэр үед аавд ихээхэн хүч, зориг өгч байсан даа. "Манайх л тийшээ нүүхгүй бол өөр хэнийн Ёлт руу нүүх билээ дээ" гэж аавд хэлж байсан нь тод санагддаг юм.

-Хэдийгээр улсын шийдвэр, дарга нарын тушаал байсан ч гэлээ хүн, мал дураараа явах, бэлчих боломжгүй тэр нутагт зусахад хэцүү байсан уу?
-Тэнд маш чийглэг, бороо их ордог газар. Нарийн өвс нь хүртэл нэлээн өндөр ургадаг болохоор өвсөн дундаас мал харагдахгүй. Хахмаар их өвстэй учир бага мал дураараа бэлчиж чадахгүй жаахан идэж байгаад л хэвтээд өгдөг байсан. Харин бидний идэж, уух амьдралын хэв маяг огт өөрчлөгдөөгүй. Мод нь бэлэн, голын сайхан цэнгэг уснаас ундаалчихна. Ёлт голд улаан загас элбэг. Даанч амар баригдахгүй нь хэцүү болохоор идэж чадаагүй. Тэнд хүн аргыг нь олоод амьдраад байя гэхэд мал ялангуяа бог малд тун хэцүү. Үзэсгэлэнтэй, атар онгон дагшинаараа бол ярилтгүй сайхан. Ёстой л хүн, малын хөл хүргэмгүй хайрлаж, хамгаалж байхаар байгаль, ховордсон ан амьтдын өлгий нутаг даа.
-Ёлтын сав газрыг Монголын нутагт авч үлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн аав, ээжийг нь төр засгаас үнэлсэн үү?
-2019 онд Алтай сумын 60 жилийн ойгоор аавын минь гавьяаг үнэлж, Алтай сум руу орох хаалганы ойролцоо дурсгалынх нь самбарыг босгосон. Аав минь яах аргагүй Монгол Улсын баруун хилийг шинэчлэн тогтоох үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн мөн. Бид ч ааваараа үргэлж бахархаж, дурсан санаж явдаг юм. Бас үр хүүхэд, ач зээ, хойч үедээ аав, ээжийнхээ энэ бахархалт түүхийг дуулгаж, нутаг усныхандаа ярьж явах нь миний үүрэг юм даа. Энэ бол тэр хүнд хэцүү цагт амь нас, үр хүүхэд, ар гэр, эд хөрөнгөө эрсдэлд оруулан барин зориг гаргаж зүтгэсэн аав ээжийн минь эрэлхэг, эх оронч сэтгэл, зүтгэл яах аргагүй мөн шүү дээ. Аав ээж хоёр бусдын адил "Бид үр хүүхэд, өөрсдийнхөө аюулгүй байдлыг бодож байна аа. Өөр айлд энэ хүсэлтээ тавь даа" гээд тийш нүүгээгүй бол тэр сайхан байгаль, уул ус Хятадын мэдэлд шилжиж болох байсан. Гэвч тэд минь эх орон, газар нутгаа өөрсдөдөө байгаа бүхнээс илүүд үзэн зүтгэсэн нь бахархалтай.

-Та сүүлийн үед Ёлтын сав газарт очсон уу?
-Би очоогүй нэлээд удчихлаа. Тэр нутаг аавтай минь салшгүй холбоотой болохоор үргэлж л зүрхэндээ тээж явдаг. Биеэрээ очиж чадахгүй байгаа ч зүрх, сэтгэлээрээ би Ёлтын голдоо байнга очдог доо. Манайх 1956 онд Буянт сумын “Жаргалант” нэгдлийн гишүүн болж, гурван жил мал маллаж байсан юм. 1959 онд Буянт сумаас Алтай сум тусдаа гарахад манайх Алтай сумын “Ялалтын оргил” нэгдлийн анхны гишүүнээр элсэж, 500 гаруй мал маллаж байв. Тухайн үед хашаа саравч байгаагүй учир мал маллахад ихээхэн хүнд байсан. Гэтэл сум, орон нутгийнхан "Хөх хороо гэдэг газрыг өвөлжөөгөө болгож ав" гэж хүлээлгэж өгсөн. Тэр жил ээж, охин дүү хоёр минь хонь хариулж, аав бид хоёр чулуугаар 500 мал багтах хашаа барьж, 1983 он хүртэл тэр өвөлжөөндөө манайх нутагласан. Хожим би Ёлтын сав газраас 60 орчим нарс мод бэлтгэж, хатаагаад тэмээгээр зөөж, заримыг нь унаа хөлсөлж, өөрсдийн гараар чулуун хороо барьсан Хөх хороо гэдэг өвөлжөөн дээрээ аав, ээждээ байшин барьж өгсөн. Тэр байшинд одоо манай дүүгийнх амьдарч байгаа.
-Таны аав, ээж хоёулаа Алтай сумынх уу?
- Аав минь Сагсай сумын хүн байсан юм. Багад нь аав, ээж нь бурхан болсон учир Алтай суманд нагац нар дээрээ өсөж, хүн болсон гэдэг. Харин ээж минь Алтай сумын уугуул. Аав минь 1983 онд бурхан болсон.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Ажил, амьдралынхаа талаар ярьж өгөөч?
-Би Цэргийн сургуулийг Сүхбаатарын нэрэмжит цалинтай, онц төгсөж, Хужирбуланд байрлах танкийн баталионы улс төрийн орлогчоор томилогдон ажиллаж байлаа. 1969 оны намар Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсийн дарга болж, Дэслэгч цолтойдоо Цэргийн хэлтсийн дарга болсон. Тэр цагаас хойш хурандаа болтлоо 25 жил дээрх албыг хашсан юм. Цэргийн тэтгэвэрт гарсныхаа дараа буюу 1989 онд Өлгий суманд явган хүний зам тавих, автозам засах хоршоо байгуулж, 1992 он хүртэл хоршооны даргаар ажиллаж, хэд хэдэн суманд бартаат замыг гар аргаар зассан. Тэгээд 1992 онд аймгийн Ахмадын хорооны дарга болж, энэ ажлыг 2014 он хүртэл хийсэн. Цэргийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1944-1948 оны баруун хилийн тулгаралтад Баян-Өлгий аймгаас оролцсон ахмад дайчдын тухай “Ахмад дайчдын алдар” хэмээх номыг казах хэлээр бичсэн. Манай аймгийнхан угийн бичиг хөтлөхдөө охид, эмэгтэйчүүдээ огт бичдэггүй байсан юм. 2015 онд угийн бичиг хөтөлж, ном болгохдоо өөрийнхөө омгийн бүх эмэгтэйчүүдийг анх удаа багтаасан нь олон хүний сайшаалд хүрсэн. Халхын голын ялалтын 70 жилийн ойгоор манай аймгаас Батлан хамгаалах салбар, ардын армид үүрэг гүйцэтгэсэн офицер, генералуудын тухай “Баян-Өлгий аймгийнхан Батлан хамгаалах үйлсэд” гэсэн номонд 300 гаруй офицерын тухай бичиж, монгол хэлээр хэвлүүлсэн. 1945 оны байлдааны 80 жилийн ойг угтаж, 2005 онд манай аймгаас төрөн гарсан 261 ахмад дайчдын тухай намтар түүхээр нь “Бидний бахархах баатарлаг дайчид” гэсэн ном монгол хэлээр хэвлүүлсэн. 2017 онд өөрийнхөө намтар түүхээр “Миний ажил үйлс, үр хүүхдүүд сургамж” гэсэн утгатай ном казах хэлээр бичсэн. 2017 оноос хойш есөн жил өнгөрсөн байна. Тэр хугацаанд юу хийсэн ямар ажил бүтээсэн бэ гэдгээ үргэлжлүүлэн бичиж, дараагийн номоо хэвлэлтэд өгөхөөр бэлдэж сууна. 2024 онд төр засаг минь миний ажил, хөдөлмөрийг үнэлж, Үйлчилгээний гавьяат ажилтан шагнал хүртээсэн.
"Тэртээх 1961 онд аав, ээж хоёр минь Ёлтын сав газрыг тэр чигт нь үгүй ядаж нэг ч болтугай километр газрыг Монголдоо авч үлдэхийн төлөө айх айдас, амь, биеэ үл хайхран Ёлтын хөндий рүү зүтгэж байсныг нь би сайн мэддэг хэрнээ чухам юуны төлөө, яах гэж тийшээ тэмүүлж, 120 километр явган, нүцгэн зүтгэж байж тэнд хүрсэнийх нь шалтгааныг, үнэ цэнийг би нэлээн хожуу, бараг одооноос л ухаарч байх шиг. Монгол Улсын баруун хилийг шинэчлэн тогтоох сургаар зарим айл нутаг орноосоо дайжиж байхад миний аав, ээж хоёр л "Манайх л тийшээ нүүхгүй бол болохгүй" гээд эх орондоо халуун сэтгэлээр хандаж байсан юм даа. Түүнийх нь ч хэрэг гарсаан гарсан. Тэр сайхан нутаг биднийх хэвээр үлдсэн" хэмээн 83 настай Ш.Сүйениш гуай аав, ээжээрээ дахин нэг бахархах шиг тэгээд бас уужрах шиг дурсан ярьлаа.

| ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ |
|
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |