Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан “CS:GO2” видео тоглоомын 400 мянган ам.долларын шагналын сантай “Ялла Компасс-2024” тэмцээнд Монголын “The MongolZ” баг тэргүүллээ. Тодруулбал, “The MongolZ” баг тус тоглоомын олон улсын тэмцээний S зэрэглэлд багтдаг томоохон тэмцээнүүдийн нэг болох “Ялла Компасс-2024”-т урилгаар оролцсон бөгөөд хэсгийн шатанд видео тоглоом сонирхогч залуусын эчнээ танил болсон олон багийг буулган авч, аваргын төлөө “Ninja in Pyjamas” багийг 2:1 харьцаатайгаар буулган авч, “Counter Strike” тоглоомын S зэрэглэлийн олон улсын тэмцээнд түрүүлсэн Монголын анхны баг болов.

Монголын “The MongolZ” баг нь 2013 оны наймдугаар сарын 20-нд байгуулагдсан 10 гаруй жилийн арвин түүхтэй и-спортын баг юм. Тус баг байгуулагдсан цагаасаа “Counter Strike: Global Offensive” видео тоглоомын тэмцээнүүдэд орж эхэлсэн бөгөөд тоглоом шинэчлэгдэн “GS:GO 2” болсноос хойш хилийн чанадад зохион байгуулагдаж буй чансаа өндөр тэмцээнүүдэд идэвхтэй оролцох болсон. “The MongolZ” багийн одоогийн бүрэлдэхүүнийг өдгөө “IHC Esports” болж яваа залуус тарснаас хойш цуглуулж эхэлсэн бөгөөд эргэн сэргээсэн “The MongolZ”-ын эхний гишүүд нь багийн менежер С.Мөнххишиг, дасгалжуулагч maaRaa буюу Б.Эрдэнэдалай, ахлагч bLitz Б.Гарьдмагнай, Techno4K М.Содбаяр нар байжээ. Түүнээс хойш 910 буюу Б.Өсөхбаяр, mzinho буюу Б.Аюуш хоёр багт нэгдсэнээр одоогийн “The MongolZ”-ын бүрэлдэхүүн бүрдсэн аж.

“The MongolZ”-ын урилгаар оролцсон Абу Дабигийн “Ялла Компасс-2024” тэмцээнд тив бүрээс цугласан шилдэг 12 баг аваргын төлөө өрсөлдсөн. Тэмцээний дүрмийн дагуу шилдэг 12 баг хоёр хэсэгт хуваагдан оролцсон бөгөөд манай баг “А” хэсэгт орсон. Улмаар нэг хэсгийн зургаан баг тойргийн журмаар тоглосон бөгөөд “The MongolZ” баг хэсэгтээ “Sashi Esport”, “ENCE”, “Ninjas in Pyjamas”, “HEROIC” зэрэг хэдийнэ олны танил болсон и-спортын томоохон багуудыг толгой дараалан буулган авч, “А” хэсгийг тэргүүлсэн байна. Харин хагас финалд хэсэгтээ ганц хожигдсон “Astralis” багтай дахин учраа таарч, тоглолтод 2:1 харьцаатайгаар буулган авчээ. Улмаар Монголын и-спортын “MongolZ” багийн залуус Абу Дабигийн тэмцээний финалд гарч, нэг хэсэгт таарч тоглосон “Ninjas in Pyjamas”-тай дахин тоглож, 2:1 харьцаатайгаар ялалт байгуулж, 200 мянган ам.долларын шагналын эзэн болсон юм. Мөн тус тэмцээний шилдэг тоглогчоор “MongolZ” багийн 910 буюу Б.Өсөхбаяр шалгараад буй. Түүнчлэн “MongolZ” баг энэ төрлийн видео тоглоомын S зэрэглэлийн тэмцээнд түрүүлсэн анхны Монгол баг болоод зогсохгүй энэ зэрэглэлийн тэмцээнд тэргүүлсэн 2010 оны БНСУ-ын "WeMade Fox" багаас хойших анхны и-спортын баг болж байгаа билээ.

Орчин цагт олон сая үзэгч татаж, өөрийн соёлоо тарьж байгаа и-спортод Монголоо таниулж яваа “The MongolZ”-ын залуусын дараагийн тэмцээн энэ сарын сүүлчээр Швед Улсад зохион байгуулагдах “ESL Challenger Jonkoping” тэмцээн. Хэрэв монгол залуус тус тэмцээнд дахин томоохон амжилт үзүүлж, өндөр оноо авч чадвал ирэх намар Мальта арал дээр зохион байгуулагдах “ESL Pro League S20” тэмцээнд уригдах эрхээ бүрэн баталгаажуулах юм.

| ТАНИЛЦ: 400 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ АБУ ДАБИГИЙН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛСЭН И-СПОРТЫН “THE MONGOLZ” БАГ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |