• Өнөөдөр 2024-05-04

Ч.ТҮВШИНТӨГС:20 настай залуусын хийе, бүтээе гэсэн сэтгэл, зоригоор “Зэв” фильмийг байгуулж байлаа

2024-04-09,   343

       “Орлон тоглогч” олон ангит киноны зургийн дарга, Хосоогийн дүрийг бүтээсэн  жүжигчин, “Зэв” фильмийн үүсгэн байгуулагч Ч.Түвшинтөгстэй уран бүтээл, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.

           Тэрбээр 2021 онд М.Ариунжолоо багшийн удирдлага дор СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсжээ. Ч.Түвшинтөгс хоёрдугаар курсийн оюутан байхдаа ангийн найзуудтайгаа нийлэн “Зэв” фильмийг үүсгэн байгуулж, “Гэгээн учрал” хэмээх залууст зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж, үзэгчдээс сайшаал хүртэж байсан билээ. Ингээд Монголын орчин цагийн кино урлагт өнгө нэмэн орж ирж буй залуу уран бүтээлчийн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

-Сайн байна уу. “Зэв” фильм байгуулагдаж байсан түүхээс яриагаа эхлэх үү?

            -Оюутан нас бол хамгийн сайхан нас шүү дээ. Урлагийн сургууль төгссөн залуус киноны арын алба, туслах дүрээс гараагаа эхэлдэг. Бидний есөн найз өөрсдөө юм хийгээд үзье гэж шийдсэн юм. Хэзээ, хэн намайг кинонд тоглуулах бол гэж хүлээх биш хийж үзэх, зоригтой байх хэрэгтэй.Бидэнд хөрөнгө мөнгөнөөс илүү хийе, бүтээе гэсэн сэтгэл, зориг байсан. Тиймдээ ч хоёрдугаар курсийн оюутнууд нэгдэж, сургуулийнхаа хажуугийн байранд жижиг студи түрээслээд, бүтээл хийх гэж зорьж эхэлсэн юм. Өчигдөр юм шиг санагдах ч бид байгуулагдаад хэдийнээ

           “Гэгээ учрал”, “Цасан ширхэг” уран сайхны кино болон  “Reaction production”-тай хамтран “GHOST”,  “17” продакштай хамтран “Орлон тоглогч” олон ангит киног бүтээгээд байна. Бага гэж чамлахгүй өөрсдийгөө уран бүтээлчийн хувьд өсгөсөн бүтээлүүд дээр ажиллаа.  Мөн бэлэн болгоод хараахан нээж амжаагүй байгаа “Мад” гэх кино бий. Энэ  хавартаа багтаж нээх бодолтой байгаа.

-“Гэгээн учрал” уран сайхны кино дөнгөж суралцаж буй оюутнуудын бүтээл гэхэд чанартай, сайн уран бүтээл болсон байсан.  Уг кино хэрхэн бүтэж байв?

            -Анхны бүтээл маань бүтэлгүйтсэн юм. Үүний дараа ямартай ч хийе гээд “Гэгээн учрал” киногоо хийж байлаа. Үнэндээ төсөөллөөс хэд дахин илүү хүнд хүрээд, гайхширч байсан даа. Тэндээс л бид чадах юм байна гэх урам зориг авсан гэх үү дээ. Манай студийн шар байрыг кино урлагийнхан андахгүй мэднэ. Тэнд байдаг ах нар маань тухайн үед бидэнд тусалж байлаа. Тэд байгаагүй бол кино бүтэхгүй байх байсан. Одоо ч тэд тусалсаар байгаа, үргэлж талархаж явдаг даа.  Тэгээд л ангийнхан болон дүү нараа гуйгаад л киногоо хийсэн.  Киноны маань хоёр дуу ч одоог хүртэл сонсогчдын сонсох дуртай дуу хэвээр байгаад баяртай байдаг даа.

 

-Сүүлийн уран бүтээл болох “Орлон тоглогч” олон ангит уран сайхны киноны талаар ярих уу?

            -Өнгөрсөн жилийн тавдугаар сард Б.Амарсайхан ахтай танилцсан. Тэр үед энэ киноны санаа гарсан байсан юм билээ. Тэгээд зохиол дээр  манай продакшн хамтраад, 7-11 сарын хооронд зураг авалтаа хийж дууссан. Миний хувьд Хосоо гэх гол дүрийн залуугийн дүрд болон зургийн даргаар ажиллаа.

-Уг киноны үйл явдлууд бага зэрэг ширүүн, дүрүүдийн түүх хэцүү ч гэлээ.  Цаад утга нь хүний сэтгэлийн зовлон,  хайрын тухай гарч байгаа шүү дээ. Таны хувьд дүрээ өмөөрөх бодол төрж байв уу?

            -Ярих  зүйл их байгаа ч кино бүрэн гарч дуусаагүй байгаа учир төдийлөн яриад байж чадахгүй байна. Үзэгчид маань өөр өөрийн өнцгөөс харж, мэдэрч байгаа байх.

-Тантай хамтран тоглосон жүжигчин Б.Амарсайхан/Хангай/, Б.Ноба/Билэгээ нар  танаас 20 гаруй насаар ах шүү дээ. Тэдэнтэй нэгэн үеийн найзууд  болж тоглоход хүндрэлтэй зүйл гарч байв уу, их зүйл сурсан байх?

            -Амраа ах “Чамд дүр байгаа шүү, хэдүүлээ найзууд” гэсэн. Тэрийг нь сонсоод, “Би чинь 25 настай, Амраа ах 50 дөхөж байгаа яадаг юм бол доо” гэх бодол төрж байсан. Тухайн үед урт үс, өтгөн сахалтай байсан болохоор гайгүй аваад гарчихсан байх гэж бодож байгаа. Харин зарим үзэгчид миний жинхэнэ насыг мэдээд гайхах байх.

-Ч.Түвшинтөгс багадаа ямар хүүхэд байв. Гэр бүлийнхэн нь юу гэж ярьдаг вэ?

            -Аав Өвөрхангай, ээж Ховд  аймгийн гаралтай. Харин би Улаанбаатар төрж, өссөн, айлын том хүү.  Гэр хорооллын гудамжаар туучдаг байлаа. Хавар, өвөл, намар хичээлдээ явна. Харин зундаа хөдөө аавынхаа дүүгийнд очдог байлаа. Аав, ээж минь намайг найман сартай байхад Ховд аймаг руу нагац эгчийнх рүү явуулаад, таван настайдаа ирж байлаа. Тэгэхээр гэртээ гэхээсээ илүү ээжийнхээ эгч дээр өссөн. Эгч минь ч намайг өөрийн хүүхэд мэт хайрлаж, өсгөсөн.

              Ер нь багийн л урлагт хайртай уран бүтээлч болно гэж мөрөөддөг байлаа. Урлагийн тэмцээнийг алгасалгүй оролцоно. IX ангиа төгстөл Хорооллын 28 дугаар сургуульд сурч байгаад, Соёл Урлагийн Их Сургуулийн Бадмаараг ахлах сургуулийн хөгжимчний ангид суралцаж төгссөн. Одоо төгөлдөр хуур бага зэрэг тоглож чадна.

-СУИС-ийн дээрэлхэлтийн талаар маргаан нэг хэсэг цахим сүлжээнд өрнөлөө. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

            - Арван жилийн сургуульд байхдаа СУИС-ийн талаар иймэрхүү яриа сонсоод, багагүй айж байсан. Ах нар маань бидэнд “Аливаа уран бүтээл бүтэхийн тулд хүндлэл гэдэг зүйл чухал байдаг” гэж байсан. Гэхдээ зодоон, дээрэлхэлт байж болохгүй. Нэр бүхий хэдэн хүнээс болж СУИС тэр чигээрээ тийм гэж бодож болохгүй байх. Би бол сургуулиасаа их зүйл сурсан. Бидний үед тийм сөрөг зүйл байгаагүй ээ. Одоо төгссөн хойноо бодоод байхад хүний л бол сайн таньж сурсан байна.

-Залуу уран бүтээлчийн хувьд алсын хараа, төлөвлөгөө арвин байгаа байх. Цухасхан ирээдүйд юу бүтээхийг зорьж буй талаараа ярьж болох уу?

            -Сая олон ангит дээр ажиллаад үзсэн чинь үнэхээр сайхан гэдгийг нь мэдэрлээ. Тиймээс “Зэв” фильмээрээ таван жилийн ойдоо зориулж олон ангит кино хийх бодол байна. Залуу уран бүтээлч болохоор мөрөөдөл, зорилго их байна. Жүжигчний мэргэжил ямагт өөрчлөлт шаарддаг учир уйдахгүй, илүү л дээшилж байхыг эрмэлзэж байгаа.

            Би яах гэж эхэлснээ үргэлж санахыг хүсдэг. Хэрвээ би шантраад байвал “Зэв”  фильм урагшлахгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

            -Баярлалаа.

            Хийж, бүтээх хүсэл, зориг дүүрэн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болон Ч.Түвшинтөгстэй бид энэ удаа ийн ярилцлаа.


Ч.ТҮВШИНТӨГС:20 настай залуусын хийе, бүтээе гэсэн сэтгэл, зоригоор “Зэв” фильмийг байгуулж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188