• Өнөөдөр 2024-05-15

МОТИВ ХАМТЛАГ: БИД 20 ЖИЛИЙН ТУРШ НӨХӨРЛӨЛ ГЭХ ТУГАН ДОР “ЖАГСАЖ” ИРСЭН

2023-10-29,   2516

...Хайрт минь чи бороо харин би чинь цас

Хайрлах цас бид хоёрын бороо

Анх бидний учирсан тэр л өдрөөс хойш

Хаялах цастай хайрын бороо орсон... гэх хайрын тухай дуугаараа залуусын дунд эчнээ танил болж, дуу бүр нь хит болж байсан хамтлаг бол “Мотив”.

           Тэд 2003 онд СУИС-ийн эстрад дуулаачийн ангид элсэн танилцаж, хамтлаг болж байсан. Мөн “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, “Universe Best Song” олон улсын анхдугаар фестивалийн шилдэг оролцогчоор шалгарч, олны танил болж байсан түүхтэй. Харин энэ жил “Мотив” хамтлагийн 15 жилийн ой тохиож байна. Бид “Мотив” хамтлагийн дуучин Б.Сайнцогт, Э.Анхбаяр нартай хамтдаа бүтээсэн дурсамжуудынх нь талаар ярилцлаа.

БИДЭНД УРАН БҮТЭЭЛ, НӨХӨРЛӨЛӨӨ ОРХИСОН НЭГ Ч ӨДӨР БАЙГААГҮЙ

 

 

-Ойн баярын мэнд хүргэе, тоглолтынхоо бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

           -Б.САЙНЦОГТ/Б.С/: Тоглолтын бэлтгэл ажил эхлээд, ажлуудаа хувааж аваад л тун завгүй  хэр нь догдлол дүүрэн өдрүүдийг өнгөрөөж байна даа. Бид арван жилийн дараа тоглолтоо хийж байгаа. Тиймээс илүү чанартай, дурсамж сэдрээсэн гоё үдэш бүтээхээр хичээж байна.

        -Э.АНХБАЯР/Э.А/:  Бид өнгөрсөн хугацаанд зүгээр суусангүй, тасралтгүй уран бүтээлээ хийлээ. Одоо сонсогч нартаа илүү том бэлэг өгөх цаг ирсэн гэж бодож байна.

-Тухайн үед эрэгтэй хамтлагууд олноороо гарч ирж байсан. Тэр хэрээр өрсөлдөөн их байсан байх?

               -Э.А: Манай хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш хэн нэгнээр продюсорлуулж байгаагүй. Жинхэнэ “улаан” гараараа босгосон гэдэг өөрсдөө бүх зүйл хийж өдийг хүрсэн.

            -Б.С: Тэр үед продакшн, студи ховор болохоор ихэнх хамтлаг дуучид өөрсдөө л бүх зүйлээ хийдэг байлаа.  Манай хамтлагийн анхны уран бүтээлийг Анхаа маань өөрөө продюсорлож байсан юм.  Манай хамтлагийн Жижгээ фм-үүд дээр очиж уулзаад л хамтлагаа суртчилаад явдаг байлаа  Хэн ч биднийг танихгүй байхад л  уйгагүй явдаг байсан. Тэрний ачаар “Хайрын гэгээ” дуу маань хит болж, өдөр шөнөгүй фм-ээр эгшиглэдэг болсон. “Хайрын гэгээ” дуу гарах үеэр би эхнэртэйгээ оюутны байранд түр амьдарсан юм. Оюутнууд байрны коридороор нэг манай дууг дуулаад л байдаг байлаа. Тэгээд ичээд ч юм уу нүүсэн дээ.

         Тэгээд л гудамжаар манай хамтлагийн зурагт хуудас наагдаад л... Гадуур явж байхаар хүмүүс “Гарын үсгээ өгөөч” гээд ирдэг байсан.  Тухайн үедээ жоохон ичиж бас баярлаж байлаа. Одоо ярихад саяхан санагдаж байгаа ч  аль хэдийн  15 жил болжээ. 

-2010-аад онд “Мотив” хамтлагийн гаргасан дуу бүхэн хит болж байсан гэхэд хилсдэхгүй. Хүүхэд,  залуус “Хайрт минь чи бороо харин би чинь цас, Хайрлах цас бид хоёрын бороо” гээд аялж байлаа.  “Цасан бороо” дуу хэрхэн бүтсэн юм бэ?

               -Б.С: Манай хамтлагийн ихэнх дууны үгийг  Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ маань бичсэн байдаг.  “Цасан бороо”-г нэг охинд зориулж бичсэн гэдэг юм. Гэхдээ бид хэнийг нь одоо хүртэл мэдэж чадаагүй л байна.  Ер нь Жижгээ ая зохиогч нарт өөрийн санаагаа ойлгуулаад, өөрөө шүлгээ бичдэг дээ.  

               -Э.А: Хаврын улиралд цас, бороо ээлжилж орох үе байдаг даа. Хүмүүс нэг хэсэг “Мотив орж байна. Цаг уурын хамтлаг дуулж байна” гэж ярьдаг байсан.

-Хайрын дуу хүний сэтгэлд хамгийн тод үлддэг гэдэг. Тиймдээ “Мотив” хайр дуулж ирэв үү?

              

         -Б.С: Бидэнд өөр төрлийн дуу бий. Гэхдээ дуунуудын маань 90 хувь хайрын тухай дуу байх. Тоглолтод оролцохоор хөтлөгч нар “Хайрын дууны ханхүү нар ” гэж зарлах үе олон байсан. Нэг ёсондоо хайрын дуу биднийг илтгэдэг.  Бид хайр тэр тусмаа уянгалаг, хагацсан хайрын тухай их дуулсан даа.

-Уянгын хэв маягаас гажмаар үе байв уу?

               -Б.С:Нэг мэдэхэд бүх дуу маань хагацал, хайрын тухай болчихсон.  Тоглолтууд дээр очихоороо хүмүүсийг доргиож, бүжиглүүлэх дуугүй болсон байсан. Тэгээд “Зөвхөн чи” гэх дууг Л.Балхжав ахтайгаа хамтарч гаргасан.  

                Э.А: Тоглолтод дуулах дуугаа сонгох гээд дуунуудаа харсан тэр үедээ жинхэнэ эмо дуу гаргаж байжээ.  Сонсогчид маань одоог хүртэл “Тэр хайрын дууг чинь сонсохоор  анхны хайраа санадаг. Энэ дуу хит болж байх үед ийм юм болж байлаа” гэдэг. Ер нь дуу гэдэг хүний дурсамжаар нь аялуулдаг “галт тэрэг”  гэж би боддог.  

-“Мотив хамтлаг таржээ” гэх мэдээ нэг хэсэг гарч байсан. Танай хамтлаг тарж байсан үе бий юү?

               -Б.С: Анхааг гадаад сурч байх үеэр хүмүүс надад “Нэг чинь гадаад, Ганбаа соло уран бүтээл хийж байна. Жижгээ алга болчихдог. Чи одоо өөрийгөө бод” гэдэг байлаа.  Мэдээж энэ хүртэл амархан байгаагүй. Бидэнд тэр үед яах учраа олохгүй, хэцүү үе байсан. Гэхдээ бид хамтлагаа бүтнээр нь авч үлдэж чадсан.  

-Та дөрөв нэг ангийн найзууд гэдэг байх аа. Хамтлагаа анх байгуулж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач?

        Э.А: Би хүүхэд байхын хамтлагтай болохыг мөрөөдөж, “Камертон”, “Салхи” “Номинталст” гэх тухайн үеийн хамтлагуудыг их сонсдог байсан.  Анх хамтлагийнхаа Жижгээтэй СУИС-ийн ур чадварын шалгалтын үеэр танилцаад, “Хамтлаг байгуулах уу” гэж биелэх үгүй нь мэдэхгүй ч ярьж байлаа. Тэрний дараа  их сургуульдаа ороод, Сайнаа, Ганбаа хоёртой нэгдэж, өнөөдрийн “Мотив” бий болж байсан түүхтэй.  

      Б.С:  Дөрвөн өөр газар өссөн хүүхдүүдийг урлаг нэгтгэсэн юм даа. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд нэг хамтлагийн дуучид гэхээсээ илүүтэй жинхэнэ эрчүүд шиг нэгнийхээ амьдралын аль үед орхилгүй нөхөрлөж ирсэн байна. Магадгүй бид нөхөрлөл гэх туган дор “жагсаж” чадаагүй бол “Мотив” аль хэдийнээ тарах байсан байх.

-Хамтлагийнхаа хөгжилтэй дурсамжуудаас хуваалцаач?       

               -Б.С: Хөдөө орон нутагт тоглолттой явж байгаад, яг тоглолт эхлэхийн өмнө Жижгээ бид хоёр муудалцаад, зодолдсон юм. Тэгээд ноцолдож байсан чинь “Мотив” гээл зарласан. Тэгээд нөгөө хэрэлдэж байсан хүмүүс чинь тайзан дээрээ гараад л уураа мартаж байгаа юм чинь. Эрчүүд л болсон хойно маргана, нэгнийгээ шоглоно. Ер нь их л юм болно доо. Ийм юм ярихаар л Жижгээ л санаад ордог доо.

               -Э.А: Бид хэд Солонгод явж байсан Жижгээ Ганбаагийн цүнхнээс нэг юм аваад гүйчихсэн юм. Тэгсэн нүдний дусаагуур авах гэж байгаад цавуу авсан байсан. Ганбаа араас нь “Наад чинь цавуу” гэж орилоод очсон, хоёр нүдээ хооронд нь наачихсан байсан. Ер нь хамгийн сахилгагүй нь даа.  

-Хамтлагийн гишүүд одоо уран бүтээлээс өөр ажил эрхэлж байна уу?

               -Б.С:Ганбаа СУИС-д эстрад дуулаачийн багшаар ажиллаж байгаа. Бид хоёр мөн адил хүүхдүүд дуулаачийн сургалт орж,  шинэ үеэ бэлтгэж байна даа.  Анхнаасаа л урлагт дуртай хүүхдүүд байсан болохоор урлагаасаа гажиж чадахгүй өнөөдрийг хүрсэн байна.

-Энэ хүртэл үнэнчээр дэмжиж ирсэн сонсогч нартаа хандаж үг хэлээч?

            -Б.С: Арваннэгдүгээр сарын 18-нд хамтдаа өнгөрсөн цаг хугацаагаараа аялъя. Тоглолтод хамгийн шилдэг гэсэн 30 гаруй дуугаа дуулна. Бүгдэд нь баярлалаа.

            -Э.А:Дурсамжаа сэргээцгээе.  Шинэ уран бүтээлүүдийг маань хамтдаа дуулья.

         “Мотив” хамтлаг өнгөрсөн 20 жилийн хугацаанд сайн найзууд, сайн хамтрагч нар байж чадсан гэдэгтэй тэдний үнэнч сонсогчид санал нийлэх биз ээ. Бид удаад “Мотив” хамтлагийн дуучин Б.Сайнцогт, Э.Анхбаяр нартай ийн ярилцлаа.

 


МОТИВ ХАМТЛАГ: БИД 20 ЖИЛИЙН ТУРШ НӨХӨРЛӨЛ ГЭХ ТУГАН ДОР “ЖАГСАЖ” ИРСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-17 22:04:21
    Zochin: Eoh hen sonsdin ed nariig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 20:29:31
    S: SEKSY UILCHLGE80955877 XALYYTSTAL
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-18 17:18:10
    zochin: xairiin tuxai olon saixan duutai motiv xamtlagiin zaluustaa uran buteeliin olz omog ixtei baix boltugai gej xusie
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188