• Өнөөдөр 2024-05-09

ХҮССЭН ҮНЭЭРЭЭ НИСЭЖ, ХҮССЭН ҮЕДЭЭ ТИЙЗЭЭ ЦУЦАЛДАГ АГААРЫН ТЭЭВРИЙГ АТГАСАН “АКУЛ”-УУД

2023-07-09,   2009

     Жилд сая жуулчин хүлээн авч, тэрбум ам.долларын ашиг олно гэсэн том тоо, төлөвлөгөө зохиосон бидэнд анхаарах, анзаарах асуудал олон байна. Тэнгэрт тулсан үнэтэй ханхай таван ханат гэр, хүйтэн таваг хоол, халхлах юмгүй ил жорлон зэрэг бол дараагийн асуудал. Эхлээд бид ядаж ирж, буцаж байгаа жуулчдынхаа нислэлийг хэл ам, хэрүүл уруулгүй хийчихдэг болмоор байна. Хувийн дөрөв, хувьсгалын нэг, нийт таван авиа компани гадаадад болон дотоодод нислэг үйлдэж байгаа. Аялаж, амрах нь нарийн цагтай жуулчдын хуваарьт нислэгийг хугацааг нь тулгаж цуцалдаг хариуцлагагүй асуудал хавтгайрах янзтай болж ирлээ. 
 
    Хамгийн ойрын жишээ, өнгөрсөн тавдугаар сард “Аэро Монголиа” ХХК-ийн онгоцоор Нарита нисэх байсан Япон иргэний нислэг гэнэт цуцлагдаж, бухимдлаа твиттертээ жиргэсэн нь тив алгасан шүүмжлэл дагуулсан. Тус компанийн зүгээс тухайн иргэнийг өөр авиа компанийн онгоцонд суулгаж, уучлал гуйгаад өнгөрсөн. Өнөөдөр орж шалгахад твиттер дэх тэр жиргээг 5.8 сая хүн уншчихсан байна лээ. “Буцах нислэг баталгаагүй юм байна” гэж мянга мянган жуулчин манайд ирэх бодлоо өөрчилсөн байгаа даа гэхээс ял хавталзах. Ядахад жил сая жуулчин гэх том тоо, төлөвлөөтэй сууцгааж байдаг. Бас нэгэн жишээ, дээр дурдсан компани өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн нислэгээ нисэх цагаасаа дөрөвхөн цагийн өмнө цуцалснаа мэдэгдсэн. Ялангуяа Баян-Өлгий чиглэлд голдуу Алтай таван богд үзэх гэсэн гадаадын жуулчид нисдэг. Гэтэл ачаагаа чирээд аль хэдийн нисэх буудал руу гарчихсан явахад нь хэлсэн гэсэн үг. Үүнээс нь болж олон жуулчин бухимдаж, орчуулагч нар нь орж байх газраа олж чадсан тухай сошиал орчинд шуураад өнгөрсөн. Энэ мэтээр авиа компаниудын маань асуудал дуусахгүй. 

Тэгвэл бид хариуцлагатай, хайхрамжтай байхыг хэнээс шаардах ёстойг мэдүүлэх үүднээс хувийн дөрвөн авиа компанийн эздийг танилцуулж байна. Эхэнд нь сануулахад, агаарын тээврийг атгасан эзэд нь өнөөх л уул уурхайн орд газруудын ихэнхийг эзэмшдэг, тусгай хамгаалалттай газрыг хашаалж харш барьж тухалдаг, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх мэт бүхий л том хэргүүдэд нэр холбогддог ч цэвэрхэн мултардаг “томчууд” байна. Өөрөөр бол, өнгөрсөн 30 жил хэдхэн хүн салбар бүрд ноёлж, хөлжиж, хөрөнгөжсөний дахин нэг жишээ нь агаарын тээврийн салбар. Төр томчууддаа хатуу хандаж чаддаггүй учраас тэд Хөвсгөл хүргэх тийзээ 1.3 саяар үнэлтлээ эрхэлцгээж ирсэн биз. 

“БОДЬ”, “ЖЕНКО”-ГООС “МАК”-Д ИРСЭН “ХҮННҮ-ЭЙР”

     “Хүннү-Эйр” ХХК-ийг Бямбаагийн Нямтайшир эзэмшдэг. Тус компанийг анх “Бодь” групп болон “Женко” групп хамтран “Монголиан эйрлайнс групп” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулж, “МИАТ”-тэй зэрэгцүүлэн нислэг үйлдэж байсан. Харин “МАК”-ийн Б.Нямтайшир 2011 онд “Монголиан эйрлайнс групп” ХХК-ийн 30 хувийг худалдаж авсан. Гэтэл 2013 оны нэгдүгээр сард “Монголиан эйрлайнс групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг, гүйцэтгэх захирал Ч.Хоролсүрэн нь долоон хүний хамтаар “МИАТ”-аас их хэмжээний мөнгө завшиж, угаасан хэргээр цагдан хоригдож, шалгагдаж эхэлсэн. Хууль хяналтынхан Ч.Хоролсүрэнд 10 гаруй жилийн ял төлөвлөсөн нь тодорхой болмогц “Монголиан эйрлайнс групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд наймаа явагдаж, Б.Нямтайшир үлдсэн 70 хувийг нь худалдаж авснаар дангаараа эзэмшдэг болсон. Улмаар “Монголиан эйрлайнс групп” ХХК нэр нь гадаад нислэгт “МИАТ”-ийн нэртэй андуурагдаж, төөрөгдөл үүсгэж байна гэх шалтаг гарган “Хүннү-Эйр” ХХК болгож нэрээ өөрчилснөөр одоогийн дүр, төрхөө олсон байдаг. 

АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН НУУЦ НОЁН Ч.ХОРОЛСҮРЭНГИЙН “МОНГОЛИАН ЭЙРВЭЙС”

    “Монголиан эйрвэйс карго” ХХК-ийг Чинбатын Хоролсүрэн эзэмшдэг. Дээр дурдсан буюу “Хүннү-Эйр” ХХК-ийг Б.Нямтайширт шилжихээс өмнө, “Монголиан эйрлайнс групп” ХХК нэртэй байх үед нь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Ч.Хоролсүрэн гэсэн үг л дээ. 
 
Ч.Хоролсүрэнгийн тухайд, “МИАТ” ТӨХК-д газар, хэлтсийн даргаар дамжин ажиллаж байгаад 2005 оноос “МИАТ” ТӨХК-ийн Каммер эрхэлсэн дэд захирал, Токио дахь тусгай төлөөлөгчөөр томилогдон байсан нэгэн. Улмаар 2009 оноос “Монголиан эйрлайнс групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Гэвч Ч.Хоролсүрэн “МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн “МИАТ”-аас “Дайны эрсдлийн сан” нэрээр 700 сая ам.доллар гадаад руу шилжүүлж завшсан байсан нь 2013 оны эхээр илэрч, хууль хяналтынхныг ч, хэвлэлийнхнийг ч бужигнуулж байв. Түүгээр зогсохгүй, Ч.Хоролсүрэн долоон хүний хамт цагдан хоригдож, шалгагдсаны нэг нь төрсөн дүү Ч.Суурьтогтох нь байсан. Улмаар 2013 онд зургадугаар сард Анхан шатны шүүхээс Ч.Хоролсүрэн 13 жил, төрсөн дүү Ч.Суурьтогтох нь 10 жилийн хорих ял сонссон. Харин Улсын дээд шүүхээс Ч.Хоролсүрэнгийн ялыг найман жил болгон бууруулж, 6.0 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэж, Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч Ч.Хоролсүрэн дуулиан намжмагц буюу 2015 онд “эрүүл мэндийн шалтгаан”-аар суллагдсан байдаг. Шоронгоос гарч ирснээсээ хоёр жилийн дараа буюу 2017 онд “Монголиан эйрвейс карго” ХХК-ийг байгуулж, гадаад, дотоодын нислэг үйлдэж эхэлсэн байдаг. Сонирхуулахад, өнгөрөгч хоёрдугаар сард газар хөдлөлтөд нэрвэгдсэн БНТУ-д туслах эмч, эмнэлгийн ажилтнууд болон онцгой байдлын аврагчдаас бүрдсэн генерал Б.Ууганбаяраар ахлуулсан багийг Ч.Хоролсүрэнгийн “Монголиан эйрвэйс карго” ХХК өөрийн онгоцоороо тээвэрлэж хүргэсэн байдаг. 

“МОННИС”-ИЙН Б.ЧУЛУУНБААТАР БА Ч.ХОРОЛСҮРЭНГИЙН “АЭРО-МОНГОЛИА”

     “Аэро-Монголиа” ХХК-ийг “Моннис”-ийн эзэн Базын Чулуунбаатар болон дээрх дурдсан өнөөх Чинбатын Хоролсүрэн нар хамтран эзэмшдэг. “Аэро-Монголиа” ХХК-ийг анх 2009 онд “Моннис”-ийн Б.Чулуунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогтын “галзуу ганц” найз Хожгорын Дөчинтав хоёр хамтран байгуулсан. Х.Дөчинтавын тухайд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын Нүхтийн амны тансаг хаусуудыг барьж өгсөн, гэрчилгээг нь өөрийнхөө нэр дээр гаргуулж, ХОМ-ээс нууж өгдөг байсан гол хүн нь. Тэгэхээр, “Аэро-Монголиа”-д тэдний хувь оролцоо ч эртнээс байсныг үгүйсгэх аргагүй гэсэн үг. Харин 2019 оноос “Аэро-Монголиа”-г Б.Чулаанбаатар, Ч.Хоролсүрэн хоёр хамтран эзэмшиж эхэлсэн байдаг. 

“НЬЮКОМ”-ООС Б.ХУРЦ, Л.ЭЛДЭВ-ОЧИР ГЭХ ХУДУУДАД ИРСЭН “ИЗИНИС-ЭЙРВЭЙЗ”

          Изинис-Эйрвэйз ХХК-ийг Элдэв-Очирын Золзаяа, Тулгын Эрдэнэ нар хамтран эзэмшдэг. Үнэн хэрэгтээ жинхэнэ эзэд нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир нар. Тайлбарлавал, “Изинис эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэ нь Б.Хурцыг хамаатны дүү бөгөөд Б.Хурцын эхнэр Ү.Сарнаатай “Сарнайх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин “Изинис эйрвэйз” ХХК-ийн 30 хувийг эзэмшигч Э.Золзаяа нь УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын охин бөгөөд Б.Хурцын бэр. Түүхийг нь сөхвөл, анх 2006 онд “Мобиком”-ийн толгой компани болох “Ньюком” группийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Хожим нь, Б.Хурц, Л.Элдэв-Очир хоёрт ирсэн түүхтэй. 
 
           Б.Хурц, Л.Элдэв-Очир нар “Изинис-Эйрвэйз” ХХК-аараа “Агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулах замаар зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспорт, импортыг дэмжих” төслөөр Хөгжлийн банкнаас 2019 онд 12.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 22.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авсан. Өнгөрсөн хавар УИХ-ын Түр хороогоор Хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсгол хийх үед “Изинис эйрвэйз” ХХК-ийн үлдэгдэл зээлийн нийт дүн нь 30.5 тэрбум болж, “Анхаарал хандуулах” ангилалд шилжсэнийг зарласан байдаг. 
 

ХҮССЭН ҮНЭЭРЭЭ НИСЭЖ, ХҮССЭН ҮЕДЭЭ ТИЙЗЭЭ ЦУЦАЛДАГ АГААРЫН ТЭЭВРИЙГ АТГАСАН “АКУЛ”-УУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188