Ойрд улс төрөөр "жүжиг" ихтэй. Энэ театрт хөшиг нээх бүрд зорин ирж, хамгийн урд талын суудалд тухлан суугаад шимтэн үздэг, бүр давтан сонирхдог тэр эрхэм харин эзгүй байна.
Байхгүй бүхэн дандаа байсан бол гэх бодолд хөтөлдөг. Хийж бүтээж, тоймлон бичиж байсан халуун талбар нь хамгийн их өрнөхөд, тэр юу ярих байсан бол, цээжээ дэлдэгч данагар том дүрүүдийг хэрхэн харах байсан бол гэж ойр дотно нөхөрлөж явсан хэн бүхэнд үгүйлэгдэх нь лавтай. Тэр эрхэм бол сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр. Ширээн дээр минь түүний бичсэн ярилцлага, нийтлэл, тоймын гурван боть ном байна. Үүгээр л би урьд огт уулзаж байгаагүй эл хүнтэй уулзаж, танилцаж сууна. Тэгээд түүнийг номд нь багтсан сэтгүүл зүйн бүтээлүүдээр өртөөлөн бичихийг зорилоо.
-Улс төр, сэтгүүл зүй хоёр уралдан дампуурч, бас нэгнээ дэгээдэн унагааж байна-
“Улс төр миний хамгийн дотны нөхөр. Улс орны өнгө, төрх бодлого шийдвэрийг тодорхойлж, төлөөлөгчдийн ертөнцийг таних, хэн хэрхсэнийг "хөөн" олох, нэхэн бичих миний ажил. Энд би уулзаагүй хүн байхгүй, уудлаагүй нам, эвсэл ч үгүй. Цөмтэй нь цаг товлож, тас уулзаж, доторлох гэж оролдсон. Бүгд надад сонирхолтой дүр, содон өнцөг, сонжих үйл явдлууд байлаа…” магад тэр ийн ярих болов уу. Тэгээд “Хоёр үнэн гэж байдаггүй”, “Мөнгө үнэртсэн эвсэл”, “Эвдэрсэн гурвалжин”, “Баярын дараалсан гурван ялалт”, “Казина ба Монголын улс төр”, “Рейтингээрээ МАХН, АН хоёр зуузай холбож явна”, “Хориг тавь ерөнхийлөгч өө, гоё харагдана”, “Улс төрд ам барих урлаг”, “Тэмүүжингүй засаг “давхар дээлтэй” ч даарна” зэрэг нийтлэлүүдээ дурдах байсан нь гарцаагүй. Онож сонгосон дүр, сэдэв, голыг нь олж хатгасан гарчиг, гохыг нь дарж “буудсан” санаа, асуудал дэвшүүлэлт түүнийх аж. Мөнхүү нарийн сонин зүйрлэлүүд ч өнгө хөг нэмэн орж ирдэг аж. Тухайлбал, “Нэг нь гацаадаг байснаа нийлж гацаадаг боллоо” нийтлэл “Хамтарсан Засгийн газраас хурд харагдахгүй байна. Харин ч хүлээлтээр ард түмнээ залхааж эхэллээ. С.Баяр өмнө нь Ерөнхий сайдын тамгыг М.Энхболдоос хүлээн авч байхдаа үүнээс хамаагүй илүү хурдтай, шуурхай, ажил хэрэгч байсан санагдана. Улирсан ерөнхий сайдын энэ хурд хамтарсан Засгийн газрын өнгөн дээр бүдэрлээ…” гэж эхэлж байна. Яагаад ч юм морьд зурхайгаас эргэж, бариа хүртэлх тайлбарлагчийн үзэгчдэд хүргэж байгаа шинж шиг л уншигдана. Нээрээ төрийн түшээд гэдэг хурдны морьтой л адил баймаар. Төрийн ажил гэдэг хурдлах тусмаа л түмэнд тустай байх. Энэ мэтээр нээж сөхвөл, нэхэн уншвал олон нийтлэл бий аж.

-Өгүүлэгч-
Профессор Ж.Батбаатар багш түүний ярилцлагаас бүтсэн гурав дахь цувралд ийн бичжээ. “Г.Отгонбаяр нийтлэлчийн давуу тал нь сэтгүүл зүйн өгүүллийг ном ёсоор нь туурвидаг. Өмнө нь хэлсэнчлэн жинхэнэ утгаар нь тэр гарган тавьдаг гэсэн үг. Яг л тухайн цаг хугацаанаас, нийгмээс, асуудлаас сэтгүүл зүйн өгүүллийг уншигчдад хүргэдэг” гэж. Нээрээ тэр яг нийгэм, улс төрийн голд нь зогсдог байж. Тэгээд л өөрийнхөөрөө сэдэв санаагаа “олзлон авч”, өргөтгөн барьж, уншигчдын хараанд тусгаад, дараагийнхыг нь хүлээлгэж, заримдаа нэхүүлж хүргэдэг байсан байх. Нэхэх хоёр талтай. Нэг нь шаардуулах, нөгөө нь уншихын их хүсэл. Мэдээж уншигчид хоёр дахь шалтгаанд хөтлөгдөж сайхан амттай нийтлэлийн амтыг ямагт түүнээс нэхэж байсан мэт. Ярилцлагын ботийг нээхэд С.Зориг агсны ээж Д.Доржпаламын “Хүү минь үхэж үрэгдсэнээсээ өөрөөр муу ээжийгээ зовоосонгүй дээ” гэсэн сэтгэл үймрүүлсэн ярилцлага угтаж байна. Тэр сайн үр байж гэхээр болохгүй юм, бас муу ч биш юм. Юутай ч хүүгээ санаж суугаа ээжээс нь ийм сайхан ярилцлага аваад бага ч болов тайтгаруулчихна гэдэг л сайхан юм даа.
.jpeg)
-Ааваа дурсахуй…
“…Гурвын гурван охинтой аав ямар байдаг гээч. Эмэгтэй хүнийг хүндэлдэг, хайрладаг, хоолойн өнгө нь хүртэл зөөлөн аядуу, үргэлж биднийхээ санаа бодлыг сонсож, хатуу үг хэлэх нь ч ховор, эрдэнийн чулуу мэт нандигнаж хайрладаг байлаа…” гэж түүний охин Энхжин дурсжээ. Тэрбээр аавынхаа тухай “Аав минь төмөр замын вагоны инженерээр суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байхдаа сэтгүүлч бэлтгэх сургалтын зар харж том эгчээрээ төлбөрөө төлүүлэн суралцсанаар сэтгүүлч болсон гэдэг. Оюутан байхдаа ном их уншдаг, математик болон орос хэлдээ толгой цохидог байснаа бидэнд бахархан ярьдаг сан” хэмээж.
Нийтлэлч, өгүүлэгч, аав. Энэ гурван өртөөг дамжин амьдарчээ. Алтайн өндөр уулсынхаа дунд төрж, Төмөр замын сургуульд сурч, “Ардын эрх” сонины дэргэдэх шавь сургалтаар сэтгүүлч болж, Хэвлэлийн хүрээлэнд ч сурч, Багшийн их сургуулийн сэтгүүл зүйн ангийг ч төгслөө. Бичиж, өгүүлсэн бүхнээс минь гэгээ татаж, бусдыг гэрэлтүүлж, тэтгэн тэнхрүүлж, өргөн торниулаасай.
БИЧСЭН БҮХНЭЭС НЬ ГЭГЭЭ ТАТНА |
|