• Өнөөдөр 2026-04-20

С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"

2026-04-20,   147

        Гуравдугаар курсийн оюутан байхдаа ангийн найзуудтайгаа нийлэн “Зэв" фильмийг  үүсгэн байгуулж, “Гэгээн учрал” хэмээх залууст зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж, үзэгчдээс сайшаал хүртэж байсан залуу жүжигчин С. Хонгорхүүтэй ярилцлаа. 

 
– Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ нээх гэж буйд баяр хүргэе. Киноныхоо болон дүрийнхээ талаар ярьж өгөөч?
          – Манай “Зэв фильм”-ийн дөрөв дэх уран бүтээл болох “Мад” уран сайхны кино маань нэлээд урт хугацаанд бүтсэн. Бид 2022 онд анх зураг авалтаа эхлүүлж байсан. Энэ удаад би Дөл хэмээх гол дүрийн залуугийн дүрд ажилласан.
– “Мад” уран сайхны киногоор юуг харуулахыг зорив?
          – Манай өмнөх кинонууд ихэвчлэн гэгээлэг сэдэвтэй байсан. Харин “Мад” киноны хувьд эсрэгээрээ нийгмийн асуудал, шударга бус байдал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, ангийн ялгааг fantasy, action хэв маягаар хурц шүүмжилсэн бүтээл болсон. Тиймээс үзэгчид энэ киног үзээд, хэрэв авлига, хэт данагар төрийн тогтолцоо үргэлжилсээр байвал биднийг юу хүлээж байгааг тунгаан бодоосой гэж хүсэж байна.
 
Бид 2022 онд анх зураг авалтаа эхлүүлж байсан
 
– Дөлийн дүрээр үзэгчдэд юуг ойлгуулах, мэдрүүлэхийг зорьсон бэ?
          – Дөл бол товчхондоо Монгол Улсын нийт хүн амын 60 гаруй хувийг эзэлж буй залуу үеийн төлөөлөл. Итгэл найдвараар дүүрэн ч яг яаж тэмцэхээ мэдэхгүй, будилж яваа бидний дүр юм. Бид зөв бурууг ялгаж, бурууг тэвчих биш, зөвийн төлөө зүрх сэтгэлээрээ тэмцдэг байж чадвал хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэх бус, эх орондоо, элгэн садныхаа дэргэд амьдарч, эзэн шиг нь эзэн байж чадна гэсэн санааг Дөлийн дүрээр илэрхийлэхийг зорьсон.
 
Кино бүтээх үйл явцад олон саад бэрхшээл тулгардаг
– Киногоо яагаад удаан хугацаанд нээгээгүй юм бэ?
          – Кино бүтээх үйл явцад олон саад бэрхшээл тулгардаг. Тэр үед бидний туршлага ч дутмаг байсан. Мөн action, тэр дундаа fantasy төрлийн кино их өндөр төсөв шаарддаг учраас санхүүгийн хүндрэл ч байсан. Үүнээс гадна нийгмийг хүчтэй шүүмжилсэн зохиолтой тул зөв цаг үед нь гаргах шаардлагатай гэж үзээд хэсэг хугацаанд хүлээсэн.
– “Зэв”-ийг найзуудтайгаа хамтран байгуулсан шүү дээ. Та ихэвчлэн ямар үүрэг рольд ажилладаг вэ?
          – Тийм ээ, би “Зэв фильм”-ийн ууган гишүүдийн нэг. Анх юу ч мэдэхгүй, зөвхөн зориг, зорилготой эхэлж байсан. Одоо эргээд харахад бид олон сайхан зүйлийг хамтдаа туулжээ. Манай хамт олон бүтээл бүр дээр үүргээ хатуу хуваахгүй, бүгд хамтдаа ажилладаг. Тиймээс яг энэ л миний үүрэг гэж онцлоход хэцүү. Жүжигчний хувьд бол бид ээлжлэн гол болон туслах дүрүүдэд ажилладаг.

Хангал бол киноны гол шугамыг авч явдаг, үйл явдлын зангилаа болсон дүр

 
– Та сүүлд “Алдуул” уран сайхны киноны гол дүрд тоглосон. Тэр дүрийн талаар яриач?
          – Хангал бол киноны гол шугамыг авч явдаг, үйл явдлын зангилаа болсон дүр. Амьдралын алдаа, онооны дунд төөрч яваа залуу үеийн төлөөлөл юм. Хөдөө нутгаа орхиж, сайхан амьдралын төлөө хотод ирсэн ч хамгийн чухал зүйлсээ алдсанаа хожим ойлгодог. Оройтсоныг мэдсэн ч бууж өгөлгүй тэмцдэг их өрөвдөлтэй дүр. Миний хувьд өмнөх дүрүүдээс хамгийн их өрөвдсөн нь Хангал байсан. Гэхдээ үзэгчдэд өрөвдүүлэхийн төлөө бус, дотоод тэмцлийг нь мэдрүүлэхийг зорьсон. Ер нь хүн зовлонгоо заавал ил гаргаж, уйлж дуулж байж илэрхийлэх албагүй, ялангуяа эр хүний хувьд.
– Та ихэвчлэн дэлгэцийн бүтээлд тоглож иржээ. Театрын тайзан дээр ажиллах бодол бий юу?
          – Сургуулиа төгсөөд театрт ажиллана гэж бодож байсан ч тухайн жил шалгалт аваагүй. Тэгээд кинонд ажиллаж эхэлсэн. Сүүлд өөртөө эргэлзэх үе ч байсан. Тэр үед хийсэн бүтээлүүдээ тоолж үзэхэд 18 кинонд дүр болон арын албанд ажилласан байсан. Энэ нь их тоо биш ч би аль хэдийн “шинэ тоглогч” биш болж эхэлж байгааг ойлгосон. Цаашдаа кинондоо илүү анхаарч ажиллана. Гэхдээ тайз бол өөр мэдрэмж. Тухайн агшинд бүрэн амьдарч чаддаг онцлогтой. Хэрэв боломж гарвал жүжгийн дүрд бүхнээ дайчлан ажиллах хүсэл бий.
– “Тусгал” кино таны хувьд онцгой бүтээл байх шиг байна. Энэ талаар?
          – “Тусгал” киноны найруулагч Дашдолгортой бид оюутан байхаасаа нөхөрлөсөн. Киноны санааг бүр хоёрдугаар курсээсээ ярьж эхэлсэн. Сонирхолтой нь, кинонд гардаг ахлах сургуулийн нэрийг тэр үедээ л бодож олсон. Намайг гол дүрд тоглох санал авах үед би Японд ажиллаж, амьдарч байсан. Тэндээ үлдэх бодолтой байсан ч энэ кинонд заавал оролцох ёстой гэж шийдээд ирсэн. Энэ кино миний урам зоригийг сэргээсэн учраас надад маш чухал.
– Өөрийгөө сорьж, эвдэхийг хүсдэг дүрүүдээс?
          – Цуврал алуурчин, сансрын нисгэгч, сүпер баатар, шилийн сайн эр гээд олон төрлийн дүрд тоглож үзэхийг хүсдэг. Одоогоор эсрэг дүр дээр илүү ажилламаар байна. Ер нь жүжигчин хүн бүх төрлийн дүрд тоглох хүсэлтэй, хязгааргүй “шуналтай” байх хэрэгтэй гэж боддог.
Энэ кино миний урам зоригийг сэргээсэн учраас надад маш чухал
-Яагаад жүжигчин уран бүтээлч болохоор шийдсэн бэ. Юу нөлөөлсөн бэ?

                -Би багадаа сансрын нисгэгч болно гэж боддог байлаа. Сансарын нисгэгчийн тухай кино үзсээр байгаад кино урлагт татагдаж, жүжигчин болохоор шийдсэн. Аав, ээждээ хошин шог дуурайж тоглож өгдөг байлаа.Тэр бүр нь жүжигчин болох хүслийг минь илүү өдөөсөн байх. Гэр бүлийнхэн миний жүжигчин болох сонголтыг сайн дэмжсэн.

-Оролцсон зураг авалтууд дундаас нь таны хувьд хамгийн сонирхолтой байсан зураг авалт ямар уран бүтээлийнх вэ. Юу нь сонирхолтой байсан юм бэ?

                -Шинэ уран бүтээл дээр маань буугаар бууддаг хэсэг олон гардаг. Буудаж үзэх их сонирхолтой байлаа. Багадаа буу ашиглаж байгаа кино үзээд “Энэ үнэхээр бууддаг юм байхдаа” гээд их сониучирхдаг, шимтэж үздэг байлаа. Тиймээс үргэлж сонирхдог байсан зураг авалтаа хэрхэн хийгддэгийг мэдэх их сонирхолтой, дурсамжтай байсан.

-Театрын жүжигчин болох хүсэлтэй залууг кино урлагийн юу татав?

     -Кино урлаг гэдэг зүйл театрыг бодвол орчин цагт ялангуяа монголд хүч түрэн орж ирж байгаа. Тийм ч утгаараа кино урлагт, гал гарсан урлагийн салбарт хүчээ үзье гэж бодсон. Яахав нас яваад ирэх юм бол театр хүчээ сорино.

-Үлгэр дуурайлал авдаг хүн нь хэн бэ?
 
          -Мэргэжлийнхээ үүднээс биеэ авч явж байгаа байдал, хувцаслалт үс засалт ч гээд бүх зүйлээрээ Брэд Питтээс үлгэр дуурайлал авдаг.  Дүр бүхэн нь сэтгэлд хоногшдог нууцыг нь анзаарч, өөртөө нээхийг хүсдэг.  
 

С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188