Монгол Улсын усын зөвлөх инженер, доктор Ш.Баранчулуунтай ярилцлаа.
-Та Туулын хурдны замыг барихийг дэмжиж байгаа мэргэжлийн хүний нэг. Харин бүтээн байгуулалтын ажлыг олон хүн эсэргүүцэж түр зогсоогоод байгаа үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Туул болон маш их судлагдсан гол. Хурдны зам барьснаар Туул голгүй болно гэж хар ухаанаар бодож, эсэргүүцэж байгаа олон хүн байна. Хамгийн гол нь, хурдны замыг барьснаар Туул ширгэж, Улаанбаатарчууд ундны усгүй болохгүй гэдгийг хэн хүнгүй зөвөөр ойлгох хэрэгтэй. Улаанбаатарын хэмжээнд ундны усны долоон эх үүсвэр буюу гүний худаг байгаа. Бид эхний ээлжинд тэндээсээ ундаалдаг. Хоёр эх үүсвэр нь нөөцөд байдаг. Тэгэхээр хурдны зам барилаа гээд Туул гол ширгэх үндэслэл байхгүй. 5-7 жилийн дотор бургасыг нөхөн сэргээх бүрэн боломжтой. Улаанбаатар хотод нэг ч болтугай бүтээн байгуулалтын ажил хийх гэж байгаа бол Туулын замыг барих нь зөв.
-Та усны мэргэжил эзэмшсэн хүний хувьд хэд хэдэн гол, мөрнийг сэргээх, гол, усны амьтан ургамлыг хамгаалах үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг. Тэр дундаа олны анхааралд өртөөд байсан Аварга тосон рашааныг сэргээсэн юм билээ. Тухайн үед рашаан хэрхэн бохирдсон байсан бэ. Таны шийдэл юу байв?
-Хэнтий аймгийн Аварга тосон рашаан бараг ширгэх нь дөхчихсөн, асар ихээр бохирдсон байсан. 2008 онд Аварга тосон нуурын асуудлаар эрдэм шинжилгээний томоохон хурал болсон. Хурлын дараа би техникийн шийдлийг нь тодорхойлж, төсөл боловсруулж, нуурыг хоёр жил бүхэлд нь хааж, хашсан. Тэр нууранд жилдээ 24-25 мянган хүн очиж амардаг, амарсан болгон биедээ хар шавар түрхэж байгаад нууранд орохоос гадна хувцсаа хүртэл угаадаг байсан. Тэгээд нуурын доод хэсэг битүү шавар болоод бохирдчихсон байсан. Бид эхний ээлжинд усны тэжээл буюу ундаргыг нь сэргээсэн. Хоёрдугаарт, хашаа хамгаалалттай болгож, биедээ шавар түрхсэн хүмүүсийг нууранд ордоггүй, хувцсаа угаадаггүй болгох арга хэмжээг авсан. Мөн нуур дагасан 140 гаруй амралт, сувилалын газар нээгдчисэн тус бүрдээ нүхэн жорлонтой байсныг нь нэгдсэн ариун цэврийн өрөөтэй болгосон. Нуур сэргэсний ачаар бохирдол багасаж, усны хорхойнууд гарч ирсэн. Одоо Аварга тосон рашаан хэвийн ажиллаж байгаа. Шавар түрхсэн хүмүүсийг нуур руу оруулахаа больсон учир ус нь цэнгэг байна лээ.

-2015 оны үед Ганга нуурын 95 хувь нь ширгэсэн юм билээ. Тухайн үед та нуурыг хамгаалах ямар техникийн шийдэл гаргаж байв?
-Байгаль орчны яамнаас Ганга нуурыг хамгаалах яаралтай төсөл боловсруулж Засгийн газар руу оруулах хэрэгтэй байна гэдэг саналыг надад тавьсан. Бид нуур хамгаалах төсөл бэлдээд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулж байсан юм. Тухайн үед Ерөнхий сайд 300 сая төгрөг газар дээр нь шийдэж өгөөд нуурыг хашиж, хамгаалах ажлыг эхлүүлж байсан. Ганга нуурыг сэргээх том төсөл бичих үүрэг өгөхөд нь бэлчээрийн судалгаа, амьтны судалгааг давхар хийсэн. Ганга нууранд 30 мянган мал өдөр, шөнөгүй шавж, дулааны улиралд адуу, үхэр хоёр дотор нь ороод зогсчихдог учир нуур ундаргагүй болчихсон байсан. Мөн Ганга нуурыг тойрсон 7-8 булаг байдаг. Тэднийг давхар хашиж, хөвөөн дээр нь гурван худаг гаргаж, мал, малчдыг нүүлгэн шилжүүлэх ажил хийсэн. Нутгийнхан дургүй байсан ч хоёр жилийн дараа нуур сэргэж эхэлсэн. Мөн нуурыг элсний нүүдлээс хамгаалах нь хамгийн чухал байсан. Тэнд хамгийн их газраа таван сантиметр элс хуримтлагддаг. Яг энэ байдлаараа элсний нүүдэлд дарагдаад байх юм бол 40 орчим жилийн дараа Ганга нуур ор мөргүй ширгэж элсэн тойром болно гэсэн үг. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд маш сайн нөхөн сэргэгдэж, урьдынх шигээ хун чуулж байгаа.
-Таныг усны инженер болоход нь юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Би Говь-Алтай аймгийн Цээл суманд ууланд төрж, өссөн. 1966 онд дөрөвдүгээр ангиа төгссөн жил аав, ээж хоёр минь намайг малчин болгохоор шийдээд сургуулиас гаргачихсан байсан юм. Сургуулиасаа гарчихаад удаагүй байтал ах минь Булган аймгийн Гурванбулаг суманд хөдөө аж ахуйн механикчаар томилогдсон юм. Тэнд би бүтэн жил айл, саахалтынхандаа туслаад аргал түүдэг ажилтай болсон. Дараа жил нь сумынхантайгаа танилцаад хадлан явж, хашаа хорооны ажилд дайчлагдсан. Гэтэл аав минь Дарханд хотод хувиарлагдаад 1968 онд Дархан руу нүүсэн юм. Дарханд очсон жилээ би зургадугаар ангид элсэж байсан. Би тийм соёлжсон хотын хүүхдүүдийн дэргэд юу ч мэдэхгүй гэдэгтээ их санаа зовдог байлаа. Гэтэл нэгдүгээр улирлын дүн гарахад бүх хичээл дээрээ онц авсан байсан. Тэр цагаас хойш миний сурах хүсэл, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Тэгээд аравдугаар анги төгсөөд Чех Улсад гидро инженер мэргэжлээр Барилгын яамны нэр дээр суралцах хувиар авч мэргэжлээрээ дөрвөн жил сураад Монголд ирж байсан. Монголдоо ирээд Хөдөө аж ахуйн яамны нэр дээр МУИС-д мэргэлжлээрээ дахин сурч төгссөн.

-Таны усжуулалтын ажил хаанаас эхэлсэн бэ?
-Сургуулиа төгсөөд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын отор тэжээлийн аж ахуйд усжуулалтын инженерээр ажиллах гурван жилийн томилолт авсан. Тэнд шинээр баригдаж байгаа услалтын системийг бариулж дуусгаад өвөлд нь дөрвөн аймгийн 20 гаруй сумын малчид отроор өвөлждөг байсан юм. Отрын малыг усаар хангах ажилд томилогдсон гэсэн үг. Эзгүй хээр газар гэр бүлийнхээ хүнтэй амьдралаа эхлүүлж байлаа. 1300 га –гийн услалтын ажил эхэлчихсэн газар шинэ залуу инженер очиж ажлаа авч байлаа. Хадлан тэжээлээ говийн гурван аймаг руу бэлдэж явуулдаг байсан. 1982 оны өвөл нэлээн зудтай жил байсан юм. 328 мянган мал, 400-аад айл нүүж ирсэн байсан. Хэрлэнбаян-Улааныг бол 1000 өвөлжөөтэй 100 булагтай нутаг гэж дуун дээр гардаг шүү дээ. Түүн шиг маш өнөтэй нутаг. Тэднийг бүгдийг нь усаар хангах ажил бйлаа. Услалтын системтийг Хэрлэн голоор хоёр километрийн газар ус татаж 1984 оны намар томилолтын хугацаа дуусаж ажлаа хүлээлгэж өгөхд 1300 га-гийн услалтын систем бүрэн ашиглалтад орж хоёр дахь жилээ тариалалт хийчихсэн 80 гаруй хүнтэй бригад ажиллаж байсан аж ахуйг бэлэн болгож өөр газар томилогдох хүсэлт гаргаж, Дархан руу томилогдож байсан. Төвийн болон говийн бүсийн усалгаатай газар тариалангийн усалгааны технелоги боловсруулах багийн ахлагчаар томилогдож байсан. 1987 оны хавар сайд нарын зөвлөлийн тогтоол гарч улсын захиалгач
-Монгол Улсын усны нөөцийн асуудал хэдэн оноос эхэлж яригдсан бэ?
-1998-2008 онд хуурайшилтын үе эхэлсэн. Тэр үед усны асуудал хүндэрч олон газраас гол, усыг сэргээх санал ирж байлаа. Миний бие дааж гол, мөрөн сэргээсэн анхны ажил бол Хөвсгөлийн Тариалан сумын Жаргалантын голыг Хувтын голтой нийлүүлж гурав дахь голыг гаргаж байсан юм.
-Ус болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг байх. Түүнд нь тааруулж, тохируулж ажиллана гэдэг мэргэжлийн хүний чадвар байдаг байх?
-Ус болгон өөр өөрийн гэсэн өнгөтэй, үнэртэй, хатуу, ширүүн шинж чанартай байдаг. Гар угаахад хүртэл тэр бүхэн нь мэдэгддэг гэсэн үг. Тэгэхээр би устай маш болгоомжтой харьцдаг. Гол, мөрөн нөхөн сэргээх төсөл боловсруулах санал ирсэн болгоныг би хүлээж авдаггүй. Юунд оролцох вэ, юунд оролцохгүй вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Гол, усаар хамаагүй оролдох юм бол лусын хорлол болох аюултай. Тийм аюулд орвол энэ насаараа битгий хэл хэдэн үеэрээ хорлолд орох аюултай байдгийг бурханы номонд хүртэл бичсэн байдаг. Ус өөрөө амьтай учир болгоомжтой харьцах хэрэгтэй.
-Устай холбоотой ажил хийхийн тулд ямар ч алдаа гаргах эрхгүй байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Маш жижиг алдаа гаргалаа гэхэд тэр дор нь бидэнд буруу зүйл хийснийг хариу болгон харуулдаг. Нэг боолтыг дутуу юм уу, сул боочихсон байлаа гэхэд түүгээр ус алдаж байх жишээний. Нэг л алдаа гаргах юм бол өршөөдөггүй хүнд ажил. Тэгэхээр устай холбоотой ажил хийж байгаа бол тэсвэр тэвчээртэй, нарийн судалгаатай, нэг ч алдаа гаргах эрхгүй байж чадна гэсэн үедээ хийх ёстой. Тийм ч учраас хариуцлагатай, нухацтай байхыг хүний бие, сэтгэлд нэвт мэдрүүлдэг мэргэжил шүү дээ.
-Манай улсад сүүлийн жилүүдэд хэчнээн гол, мөрөн ширгээд байгаа вэ?
-Гол мөрөн ширгэх асуудал тухайн жилийнхээ хур тундасаас ихээхэн шалтгаалдаг. Ойрын жилүүдэд бороо хур элбэг байсан учир гол, мөрөн ширгэх асуудал бага байсан. Гэхдээ сүүлийн хоёр жил бороо багасаж байна. Бас дэлхийн дулааралтай холбоотойгоор гол мөрөн ширгэх асуудал үүсээд байгаа.

| Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |