• Өнөөдөр 2026-04-20

МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2026-04-20,   270

          "Ардчилсан намд Ардын намын гурван БЭТ бий" гэж чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зарлаж байлаа. Түүний араас удалгүй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Сөрөг хүчний лидер гишүүд “хаан”-аа могой жил сунгачихъя гэж орж ирсэн. О.Амгаланбаатар гишүүнээс эхлээд манай өрөөнд орж ирж уулзсан гишүүд парламентын дархлаа ярьчихсан явж байна” хэмээн түүнийг МАН-ын БЭТ болсон гэдгийг баталж байлаа.

           Өөрөөр хэлбэл, өнгөрсөн  хугацаанд МАН-ын БЭТ-өөр өргөмжлөгдөөд байсан УИХ-ын гишүүн Э.Одбаярын залгамж халааг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар залгамжилж эхэлсэн гэсэн үг. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар улс төрд орсон цагаасаа хойш намынхаа дарга нарыг матаж, огцруулах бичиг хүртэл өргөн барьсан удаатай. Өөрөөр хэлбэл, тэрбээр, эрх ашгаа нэгэнт "ах" намынхандаа худалдаж, АН-ын эв нэгдэлтэй байхад хамгийн их эсэргүүцэл үзүүлж байгаа нэгэн гэхэд хилсдэхээргүй байна. Тухайлбал, Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг намын даргаас огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байсан бол саяхнаас намын дарга О.Цогтгэрэлийг Бүлгийн даргаа өгөх шаардлага тавьж, гарын үсэг зурж эхэлсэн гэх нь бий. Нэг ёсондоо Ардчилсан намыг хамгийн муухайгаар эв нэгдэлгүй, дотроо зодоонтой харагдуулах ажлыг О.Амгаланбаатар гардан хийж байгаа гэж ойлгогдохоор байна.

ЗАСАГ ДАРГААС МАН-ЫН БЭТ БОЛТЛОО УЛС ТӨР “УГЖУУЛЖ” ЯВАА О.АМГАЛАНБААТАР ГЭЖ ХЭН БЭ

            Гашуун сухайтын гаальд гаалийн байцаагчаар ажилласанаас өөрөөр төрд ажилласан туршлага багатай түүнийг 2014 онд Говь-Алтай аймгийн Засаг даргаар гэнэт томилогдсон нь дуулиан болж байлаа. 2016 онд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, 2017 оноос Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтайгаас нэр дэвшээд унасан ч ахиад л ядах юмгүй Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдсон шийртэй эр. Байцаагчийн албан тушаалаас аймгийн Засаг даргаар дуртай үедээ томилогдож чаддаг нь үе тэнгийнхэн хийгээд намынхаа төлөө насаараа зүтгэсэн хүмүүсийн эгдүүцлийг хүргэсээр ирсэн. Гол нь О.Амгаланбаатар хувийн бизнесгүй хэрнээ улс төрд орсноосоо хойш орлого нь огцом нэмэгдсэн түүхтэй. Тэрбээр 2014 онд 17 сая төгрөгийн орлоготой хэмээн АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлж байсан бол 2023 онд дээрх орлого нь 20 дахин өсөж, 394 сая төгрөг хэмээн бүртгүүлсэн байдаг ч энэ нь хэт дарсан тоо гэдгийг эргэн тойрныхон нь ярьдаг. Өөрөөр хэлбэл, Засаг даргын сэнтийгээс задартлаа баяжсан хүний нэг бол О.Амгаланбаатар гэдгийг Говь-Алтайнхан төдийгүй Улаанбаатар дахь Саарал ордныхон анддаггүй болжээ.

          Улс төрд том артай, албан тушаалд суга татдаг ах нартай ч түүнд  “Гаалийн” гэх хар түүх бий. Тэрбээр Говь-Алтай аймаг дахь Бургастайн боомтоор найман “Камаз” машинаар бохир ноолуур хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт нэр нь холбогдож, дуулиан тарьж байлаа. Гэхдээ О.Амгаланбаяр уг хэргийг нэг их удаалгүй “хаалгасан” гэгддэг.

            Үүнээс гадна 2020 оны сонгуульд нэр дэвшихдээ цэвэр усны саван дээр өөрийнхөө зургийг хэвлүүлэн тараасан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн явдал болж, хууль, хяналтын байгууллагад шалгуулж байлаа. Гэхдээ энэ асуудал ч мөн тэгсхийгээд намжсан. Гол нь, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг нутгийнхан нь хууль бус алт олборлолтоор хагартлаа баяжсан гэх нь бий. Түүнийг нь нутгийн “ах”, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь баталж, “Нарансэвстэйг нээх гээд яваад байдаг, хууль бусаар алт олборлуулагч, Говь-Алтай аймгийн Засаг дарга байсан хүн УИХ-д орчихсон сууж байна” хэмээн нэгэнтээ хэлж байлаа. 

НАРАНСЭВСТЭЙД САНААРХАГЧ О.АМГАЛАНБААТАР

          УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар намаасаа “урваж”  Ардын намынхантай сүлбэлдэх болсон хамгийн ом эрх ашиг нь Нарансэвстэйн боомтын асуудал биз. Учир нь Нарансэвстэйн боомтыг нээх ажилд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар үнэхээр хамгийн идэвх санаачлагатай оролцож, “Мазаалай байх нь битгий хэл амьд амьтан тэр хавьд байхгүй” гэж хэлтлээ улайрч яваа. Түүний ийн улайрахыг харсан нутгийнхан нь “О.Амгаланбаатар алтайчуудын хөгжил дэвшлийн төлөө биш, Нарансэвстэйн боомтыг нээлгэх “даалгавартай” Их хуралд гишүүн болсон юм байна” хэмээн гомдоллож, шүүмжилж байгаа гэсэн.

       Тэрбээр “Нарансэвтэйн боомтыг нээх нь баруун бүсийн хөгжилд өндөр ач холбогдолтой төдийгүй, Ази, Европыг холбосон эдийн засгийн гол коридор болно” гэж байгаа ч бодит байдал дээрээ түүнийг “Цөөнгүй жилийн өмнөөс тус боомттой хамгийн ойр орших Талын мэлтэсийн алтны орд газарт санаархагчдын гар хөл болсон” гэх хүн олон аж. Тодруулбал, манай урд хилээс 20-хон километрийн зайд Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутаг, Говийн их дархан цаазат газрын урд хилд 300 тонн алтны нөөцтэй Талын Мэлтэс орд гэж бий. “Ширхэг чулуу нь ч алт байдаг” гэж шагшигдаж ирсэн энэ орд өнгөрсөн гучин жил төрийнхөн төдийгүй тонуулчдын шуналыг хөдөлгөж ирсэн.

          Тэдэнд тулгардаг хамгийн том саад тотгор нь Говийн их Дархан цаазат газар гэх төрийн хамгаалалт. Мөн Нарансэвстэйн боомтыг өнөөдрийг хүртэл нээлгүй, хилийн зурвас, тусгай хамгаалалттай бүс гэж хамгаалж ирсэн учраас хэн нь ч гар хүрч чадаагүй гэсэн үг. Тиймээс л Нарансэвтэйн боомтыг нээж, Талын Мэлтэс орд газрыг хилийн зурвасаас гаргах сонирхолтой хүмүүс үе үеийн парламетад орж ирдэг. Энэ удаагийн парламентад О.Амгаланбаатар тэдний нэг болж орж ирсэн гэсэн үг.   Өөрөөр хэлбэл, баруун бүсийг хөгжүүлэх нэрийн дор О.Амгаланбаатар Талын Мэлтэс алтны орд газрыг төрийн тусгай хамгаалалтын бүсээс гаргуулахаар санаархагчдын эрх ашгийг гүйцээхээр ийн улайраад байгаа гэж түүнийг хардаж буй.

      Ийн Талын мэлтэсийн орд газарт санаархагч УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар МАН-ын БЭТ болж, Нарансэвстэйг нээлгэхийн тулд чөтгөртэй нөхцсөн ч хамаагүй улайрч явна.

 


МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-20 09:29:27
    Отгоо: Эхнэр нь ардын намын гишүүн нэртэй авгай байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-20 09:29:26
    Отгоо: Эхнэр нь ардын намын гишүүн нэртэй авгай байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-20 08:54:13
    Зочин: Говьалтай болон монголын говийг устгаж хуужаад зарах гэж үхэн хатан зүтгэж байгаа монголын заналт дайсан байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188