• Өнөөдөр 2026-04-20

Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе

Инээмсэглэл аялал жуулчлалыг аварна

         Аялал бол давтагдашгүй, онцгой мэдрэмж юм. Намайг багад өвөөгийнх тэмээгээр нүүдэл хийдэг байлаа. Ялаа шумуулаас зугтааж, уул өөд сэрүүн газар бараадахаар буйр сэлгэж буй нь тэр. Зуны дэлгэр цагт ч мөсөн малгайгаа үл тайлах Алтан хөхий хайрханы хормой бэлээр явахад л хэр баргийн машины “тамир тасардаг”. Иймд хатуу хөрстэй, хад чулуу ихтэй, бартаа саад барагдахгүй нүүдлийн замд тэмээ л хамгийн тохиромжтой, найдвартай унаа байв. Өдгөө ч уул өөд тэмээгээ цувуулсаар нүүдэллэх уламжлал эвдэгдээгүй. Тухайн үед тэмээний бөхөнд бэхэлсэн араг дотор бүүвэйлэгдэн урт замыг туулах уйтгартай байсан хэдий ч зам тосон ирэх хүмүүсийг хараад нүд минь сэргэдэг байв. Данхтай цай барьж, ааруул боорцог тэргүүтэн баадагнасан хэн нэгэн алсаас “майжганан” ирж явааг харсан өвөө сая түр амсхийн буудаллаж, хөх дэлхийн хөрс шороонд олбог мэт тухлан сууж гаансаа нэрэн хүлээдэгсэн. Давчуу арагнаас гарч хэсэг амсхийсэн миний хувьд “айлын хүн”-ий авчирсан бүлээн цийдэм залгилж, тосонд хайрсан боорцог үмхлэх нь жаргал байлаа. Хэн ч ирсэн бай бүгд л инээмсэглэсээр, мэндийн сайхан үгс асгаруулан угтдаг нь гайхалтай.

      Дэлхий нарыг хэдэн мянган удаа тойрч, сайран хацарласан хүү өсөн бойжиж, хорвоогийн тоосыг хөдөлгөсөөр өдийг хүрэхэд түмэн үйл явдалтай учран золгожээ. Гэхдээ энэ их цаг хугацааны шуурганд огт элэгдэлгүй үлдсэн дурсамж бол дээр өгүүлсэн нүүдэл, тэр дундаа “айлын хүн”-ий дотно инээмсэглэл, дэлгэн барьсан идээ ундаа юм. Тухайн үед энэ бүхнийг гүн гүнзгий мэдэрсэн учир миний сэтгэлд бат уягджээ. Тийм ээ, аялал бол хэдэн арван жилийн дараа ч шинэхэн мэт байж сэтгэл дүүрэгдэг мэдрэмж, дурсамж юм.

   Үүнтэй нэгэн адил Монголыг зорих бүх л жуулчин илүүдээ гарсан цаг зав, мөнгөтэйдөө хэрэн тэнүүчилсээр ирдэггүй. Тэд дэлхийн 190 гаруй улсаас Монголыг сонгож, энд л онцгой мэдрэмж авч, дурсамж үлдээнэ хэмээн найдаж зорьж ирцгээдэг. Энэ үед нь бид инээмсэглэн мэндлэхээс эхлээд л хүсэн хүлээсэн мэдрэмж, дурсамжийг нь бүтээж өгдөг байх учиртай. Ерөөс монгол хүний “Амархан сайн байна уу” хэмээх инээмсэглэл бол аялал жуулчлалыг хөгжүүлэх эхний бөгөөд хамгийн чухал хөшүүрэг болохыг нийтлэлийн эхэнд онцлон ойлгуулахыг хичээлээ. Инээмсэглэлийн өмнө ямар ч жуулчин шалдаа бууж, халаасан дахь сүүлчийн доллароо ч хүртэл өөрийн мэдэлгүй гарган сарвайчихаад сэтгэл хангалуун үлддэгийг доктор Роберт Б.Чалдини “Нөлөөлөл” номондоо бичсэн байдаг.

Жуулчид бол үй түмэн боломжийг нээх “сахиусан тэнгэрүүд”

      Уул уурхайг хэт шүтсэн зарчим улстөрч, иргэд аялал жуулчлалын үнэ цэн, үүрэг оролцоог төдийлөн үнэлдэггүй нь нууц биш. Тэгвэл аялал жуулчлал нь бусад салбарын хийж чадахгүй олон боломжийг бүрдүүлж өгдөг солонгорсон ач холбогдолтой. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд төрөөс төрөл бүрээр анхаарсаар ирсэн. Борлуулалтыг дэмжихийн тулд дүүрэг бүрд “Монголд үйлдвэрлэв” гэх төвүүдийг төсвийн хөрөнгөөр байгуулж, мэдээлэл сурталчилгаанд ч багагүй мөнгө зарцуулсан хэдий ч лангуу нь тоосонд дарагдаж дорвитой үр дүнд хүрээгүй. Тэгвэл аялал жуулчлал хөгжиж, жуулчин олноор ирэх тусам тухайн улсын үндэсний үйлдвэрлэлийг олон улсад “амьд сурталчилгаа” хэлбэрээр таниулах маш хүчтэй зэвсэг болдог. Тэд үндэсний бүтээгдэхүүнийг хэрэглэж, өөрийн биеэр мэдэрч, сэтгэгдлээ бусдад хуваалцах байдлаар хамгийн бодитой сурталчилгааг хийж чаддаг. Үүний тод жишээ бол ноолуур. Гол худалдан авагчид дотоодын хэрэглэгчид гэхээс илүү гаднын жуулчид байдаг. Яг үүнтэй адил аялал жуулчлалын салбарт тулгуурлаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг төрөөс хэрэгжүүлснээр бодитой үр дүнд хүрэх боломжтой. Саяхан зохион байгуулагдсан “Feel Mongolia” үзэсгэлэн бол үүний нэг илрэл болж, байгаа зөв онилсон ажил болсон. Тус үзэсгэлэнд цагаан идээгээр хийсэн төрөл бүрийн эрүүл амттан, тэр дундаа ингэний хоормогоор хийсэн чихрийг амталж үзсэн иргэд шагшин магтаж байна лээ.

     Би ковидын үед Enaru брэндийн үүсгэн байгуулагч Н.Сарангуа хэмээх бүсгүйтэй ярилцлага хийж байсан юм. Адууны тос, хонины сүүл зэргээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тухайн үед цар тахлаас болж дэлгүүрийнхээ түрээсийг ч дийлэхээ больж, ганц үлдсэн салбараа хааж байгаагаа харамсан ярьж байв. Тэгвэл одоо уг брэнд олон улсад борлуулагдаж, амжилттай өсөж байна. Үүнд юу чухлаар нөлөөлсөн гээч. Энэ бол жуулчид. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “World tourism barometer” судалгаагаар Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн хурдаараа дэлхийн ТОП 20 оронд багтсан байна. Жуулчид 2019 оноос хойш 44 хувь, 2024-2025 оны хооронд 16 хувиар өсжээ. Энэ нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр өсөлт юм. Тэгвэл Enaru брэнд энэ аялал жуулчлалын өсөлтийг зөв ашиглаж чадсанаар олон улсад бүтээгдэхүүнээ таниулж, борлуулалтын сувгууд үүсгээд явж байна. Ер нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн улс орнуудын орлого олох нэг том суваг нь шинэ жилийн үзэсгэлэн худалдаа, төрөл бүрийн үндэсний үйлдвэрлэлүүд байдаг.

        Манай улсын өв соёл, түүхийг гаднынхан булаацалдаж, өөрийнх мэтээр дэлхий нийтэд сурталчлан таниулж байна хэмээн бухимдах монголчууд цөөнгүй. Мэдээж өв соёл, үүх түүх гэдэг монголчуудын бахархал, дархлаа учир өмөлзөн өмгөөлөх нь зүйн хэрэг. Төрөөс багахан төсөвтөө тааруулж олон улс руу чиглэсэн сурталчилгаа таниулга хийсээр л байна. Гэхдээ бид 3.5 сая, дэлхийн хүн ам 8 тэрбум гэхээр багахан төсөв хаанаа ч хүрэхгүй. Тэгвэл жуулчид олноор ирж, тэдэнд үүх түүхээ таниулан сурталчлан гэдэг олон улсад Монголынхоо үүх түүх, өв соёлыг дархлах нэг хөшүүрэг болохыг ухаарах нь зүйтэй. Ирсэн жуулчин бүрд үүх түүхээ бүтээлч байдлаар таниулан сурталчлах тусам олон улсад монголчуудын түүхэн баримт түгнэ. Улмаар жуулчдыг улам ихээр татаж, орлогын эх үүсвэр нэмэгдэх харилцан гинжин урвалтай. Өдгөө урд хөршийн Хориотой хотыг жилд дунджаар 20 гаруй сая хүн үздэг. Зөвхөн тасалбарын орлого нь төгрөгт хөрвүүлбэл 450 тэрбумд хүрнэ. Энэ бол манай “Эрдэнэт үйлдвэр”-ийн жилд төвлөрүүлдэг АМНАТ-ийн 40 орчим хувьтай тэнцэх асар том дүн юм. Тиймээс түүхээ дэлхий даяар таниулах нь үндэсний дархлаагаа бий болгоод зогсохгүй, эдийн засгийн хувьд асар их өгөөж өгөх боломжийг бүрдүүлдэг аж. Монголын түүх, өв соёл агуу болохыг бид мэднэ.

Өвлийн аялал тогтвортой өсөлтийг авчирна

     Монгол Улс 2025 онд 846 мянган жуулчин хүлээж авсан нь түүхэн амжилт юм. Үүнд визний бодлого зөөлөрсөн, шууд нислэгүүд нэмэгдсэн, дэлхийн инфлүүнсэр нараар сурталчилгаа хийлгэсэн зэрэг бодлогын алхмууд нөлөө үзүүлснийг сайшаах учиртай. Тодруулбал, БНСУ-ын иргэдийг 2026 он дуустал визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийг газраас гаргасан нь тус улсын жуулчид нийт жуулчдын 20 орчим хувийг бүрдүүлэх шалтгаан болсон. Мөн Монгол Улсад 30 хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх Австри, Бельги, Итали, Испани, Дани, Швед зэрэг 34 улсын иргэдийг 2025 он дуустал визний шаардлагаас чөлөөлсөн зэргийг энд дурдаж болно. Гэхдээ эдгээр аялагчид ихэнх нь зун ирсэн.

    Тэгвэл одоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Мэдээж төрөөс өвлийн аялал жуулчлалыг сайжруулах зорилгоор “Аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цагалбар болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө” гаргасан. Нэгдсэн цаглаварт спортын 14, соёл, аялал жуулчлалын 99, олон улсын хурал, үзэсгэлэнгийн 27, нийт 140 арга хэмжээ орсон. Энэ бүхэн зохих нөлөөгөө өгч 2026 оны эхний гурван сард 140 гаруй мянган жуулчин хүлээж авсан нь өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар өссөн үзүүлэлт болохыг тодотгох учиртай. Энэ бол сайн зүйл. Гэхдээ зориод ирсэн жуулчдыг аюулгүй тээвэрлэж, тав тухтай байлгаж, хүссэн зорьсон зүйлсийг нь үзүүлээд буцаах нь дараа дараагийн жуулчдыг татах гол хөшүүрэг болно. Харамсалтай нь манай улсад дэд бүтэц сул хөгжсөний улмаас жуулчид өвөл аюулгүй байдалдаа санаа зовдог. Мөн зориод очих жуулчны бааз хомс, байгаа нэг нь тав тухтай нөхцөлийг бүрэн дүүрэн хангаж чадаагүй, үйлчилгээний чанар гологдох бэрхшээл гарч байгааг яаралтай цэгцлэн засах ёстой. Судалгаагаар улсын хэмжээнд өвлийн улиралд жуулчин хүлээн авах боломжтой бааз ердөө 110 орчим байдаг. Тэдгээр нь 7000 гаруй орны хүчин чадалтай аж. Улаанбаатар хотоос хамгийн ойр орших аялал жуулчлалын бүс бол Горхи-Тэрэлхийн байгалийн цогцолборт газар гэхэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд асар хүндрэлтэй байгааг Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Ц.Оргилхуяг хэлж байна. Учир нь тог байнга тасран. Бас цахилгааны тариф өндөр. Нэг жуулчны баазын сарын цахилгааны хэрэглээ 20 сая төгрөг давдаг. Мөн жуулчны баазын хогны асуудал, бохир үнэхээр хүндрэлтэй болохыг тайлбарлаж байна.

Тэгвэл өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой хоёр санааг энд онцолъё. Мэдээж нэг амьсгаагаар бүхнийг шийдэх боломжгүй тул хамгийн чухлаас нь эхэлж эрэмбэлж, бага багаар урагшлах учиртай.

Зээлээ зөв, хяналттай хуваарилъя

          Юуны өмнө жуулчин хүлээж авах дэд бүтэц буюу жуулчны баазыг аюулгүй, цэвэр, тав тухтай орчин болгож хөгжүүлэх шаардлагатай байна. Дулаан тав тухтай байр гэр, цэвэр тохилог орчин, аюулгүй тээвэрлэгдэн зорьсон газраа хүрэх нөхцөл зэрэг нь жуулчдад нэн чухал юм. Цаашлаад халуун рашаан, шөнийн одод харах боломжтой шилэн дээвэр бүхий гэр сууц (олон улсад туйлын туяаг сууцан дотроосоо харах боломж бүрдүүлсэн байдаг) зэрэг сонирхолтой, дурсамжтай байх боломжуудыг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мэдээж энэ бүхнийг хийхэд санхүүжилт шаардлагатай. ЖАЙКА байгууллагын хийсэн судалгаагаар Монголын нийт аялал жуулчлалын компанийн 52, жуулчны баазын 70 хувь нь зээл авч үйл ажиллагаагаа эрхэлдэг дүн гарчээ. Тэд уг зээлээ жуулчны улирал эхлэхээс өмнө бэлтгэл ажлаа хангах гэж ихэвчлэн авдаг. Эндээс харвал аялал жуулчлалын компани, жуулчны баазуудын хувьд өвөл жуулчин авахад зориулж хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал байна. Зун эхлэхэд хөтөч, үйлчилгээний ажилтнуудаа алдчихгүйн тулд өвлийн ажилгүй саруудад тал цалинг нь урамшуулал болгож өгөөд хадгалж үлдэх нь тэдний гол толгойны өвчин болдог. Өвөл үүнээс өөр илүү зүйл бодох боломж байдаггүй гээд хэлчихвэл дэгсдэхгүй биз.

   Иймээс аялал жуулчлалын жилийн 6 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлийг шинэ баазууд байгуулахаас гадна одоо байгаа баазуудыг чадавхжуулах, өвөл жуулчин хүлээж авах стандарт шаардлагыг хангуулахад илүүтэй чиглүүлбэл үр дүнтэй байх боломжтой. Жуулчдын тоо нэмэгдэж буй нь сайн хэдий ч тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанарыг алдуулахгүй байх нь түүнээс ч чухал юм. Ялангуяа, хөгжихөөр хичээж буй, жуулчид сонирхон ирж эхэлж байгаа өвлийн аяллыг цаашид хөгжүүлэхийн тулд аюулгүй байдал, чанарт онцгой анхаарч сэтгэгдэл үлдээх шаардлагатай. Тэгж байж дараа дараагийн жуулчдыг урин дуудах нөхцөл бүрдэнэ.

 Үүнтэй уялдуулж нэг зүйлийг сануулахад банк өөрийн шалгуураар зээл олгож байгаа. Гэтэл маш олон аялал жуулчлалын компанийн эзэд зээл авах шалгуураа бүрэн хангаж, барьцаа хөрөнгөө бэлдсэн хэдий ч эх үүсвэр нь дууссан гэх шалтгаанаар авч чадахгүй байгааг хэлж байна. Тиймээс банк дангаар шийдэх бус аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, салбарын яамны хамтын ажиллагаа, хяналтыг хангаж өгөх учиртай. Тухайлбал, Аялал жуулчлалын холбоо салбарын өмнө тулгамдсан бэрхшээлийг шийдвэрлэх мэдлэг мэдээлэл, судалгаатай. Тиймээс үүнд тулгуурлаж зээлийн зориулалтад хяналт тавьж, зөв чиглүүлэх боломжтой. Мөн салбарын яам бодлогын үр өгөөжийг илүү нарийвчилж, байнд тусгахад хяналт, зөвлөмжөө өгөх бололцоотой. Харин банк зээлдэгчид тавих шалгуураа баримтална. Ингэж хамтын ажиллагааг бий болгож, ил тод, нээлттэй байснаар 250 тэрбум төгрөгийн зээл бодит өгөөжөө өгнө. Ний нуугүй хэлэхэд, жилийн 6 хувийн хүүтэй эх үүсвэр гэдэг хэний ч шунал хөдөлгөх нөхцөл. Үүнийг банкны үзэмжид орхино. Нэмээд банк өөр өөрийнхөө өмнө хариуцлага хүлээнэ гэхээр нэг л хар төрөөд байгааг илүү “үглэчихье”.

Цагаан сар бол том боломж, бас өгөгдөл

         Хоёрдугаарт, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дараагийн алхам бол байгаа нөхцөлт өгөгдлийг соргогоор ашиглах явдал юм. Өнөөгийн байдлаар Бүргэдийн баяр, Талын түмэн адууны баяр, тэмээний баяр зэрэг хэд хэдэн эвент зохиогдож байгаа ч жуулчид олноор очиход зам тээвэр найдвартай бус, олон баяруудад очиж оролцоход алслагдмал, цаг хугацаа алдах эрсдэлтэй. Мөн зарим баяр нь жуулчдыг завгүй байлгах хөтөлбөр дутмаг, байрлах газрууд хүрэлцэхгүй, үзэгчид даарч зутардаг, бие засах газрын хүндрэл үүсдэг зэрэг бэрхшээл байгааг ойлгох нь зүйтэй. Тэгвэл нэгэнт нөхцөл байдал ийм хүндрэлтэй, сайжруулахын төлөө тал бүрээс чармайн зүтгэж байгаа үед бидэнд ямар боломж, давуу тал байгааг дахин тунгааж, эрэл хайгуул хийсээр байх хэрэгтэй.

      Уг эрэл хайгуулын нэг нь цагаан сар байх боломжтой. Цагаан сараар хүн бүр үндэсний хувцсаар гоёж, өв уламжлалаа дэлгэж, үүх түүхээ хэлэлцдэг үе. Өөрөөр хэлбэл, төрөөс зохион байгуулах шаардлагагүйгээр нийтээрээ баярын уур амьсгалд орж, өв соёлын орчин бүрддэг. Нэгэнт ийм орчин бүрдэж байгаа бол үүн дээр зохион байгуулалт хийж, жуулчдыг татах нэг том хөшүүрэг болгох боломжтой. Жуулчид монгол айлд зочлох, өв соёлыг харах, танин мэдэх зэргээр аялж болно. Үүнтэй уялдаад дээрх эвентүүдийнхээ цаг хугацааны давтамжийг тааруулаад өгөх боломжтой. Мөн өвөл аялсан жуулчдад музейг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх зэргээр урамшууллын системүүд ч байж болно. Ер нь өвлийн турш тасралтгүй олон арга хэмжээ зохион байгуулах гэж хичээхээс илүүтэй тодорхой хугацаанд (жишээ нь цагаан сар) маш баялаг, сонирхолтой, нэн тааламжтай байх улирлыг бий болгох нь Монголд өвөл нэг дор олон зүйл үзэж аялах трэнд үүсгэх боломжтой.

  Нөгөө талаас заавал гаднаас олон жуулчин ирэх ёстой гэж хүлээхээс илүү Монголд бизнес, албан ажил, суралцах зэрэг зорилгоор ирээд өвлийг өнгөрөөж байгаа гадаадын иргэдийг өвлийн аялал жуулчлалд татахад онцгой анхаарах учиртай. Тэд ажил, хичээлээ дуусгаад эх орондоо буцна. Монголыг сурталчлана. Өөрөөр хэлбэл, бид шат шатаар ахихын тулд байж болох бүх л боломжийг бага гэлтгүй хийж хэрэгжүүлэх учиртай.

 Түүнчлэн, Монголд ирж буй жуулчдын 98 хувь нь Улаанбаатар хотоор дайрдаг. Тиймээс нийслэлийг аялал жуулчлалын хамгийн гол төв гэж харахаас өөр аргагүй юм. Энэ тохиолдолд өвөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг тодорхой байршлуудад мөсөн хотхон байгуулах, гэрэлт гудамж тохижуулах зэргээр жуулчид очиж цагийг зугаатай, дурсамжтай өнгөрүүлэх орчныг бий болгож өгөх зайлшгүй шаардлагатай. Үнэндээ өвөл болоход хотын төвөөр мөсөн гулгуурын талбай хийхээс өөрөөр тав тухтай орчин бүрдүүлсэн газрыг бараг л тохижуулдаггүй.

Хичээцгээе

Эцэст нь нэг зүйлийг уриалахад монголчууд өвлийн улиралд эх орондоо аялж, аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулбал сайнсан. Уг дэмжлэг аялал жуулчлалын компаниуд, жуулчны баазуудын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлж, өсөн хөгжих суурийг бүрдүүлэх боломжтой. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлснээр салбарын тогтвортой өсөлт хангагдаж, олон хүний амьдрал ахуй, ирээдүй баталгаажих юм.  ЖАЙКА байгууллагын судалгаагаар нийт хөтчийн 84 хувь нь зун хөтөч, орчуулагчаар ажиллаж, харин намар, өвөл хөтчийн ажилтайгаа зэрэгцүүлэн өөр ажил хийх, зарим тохиолдолд огт ажилгүй байх, өөр ажилд орох байдлаар аргацааж байна. Энэ нь компани, хөтчид ч адилхан хүндрэлтэй байгаа юм. Хэрэв өвлийн аялал жуулчлал хөгжвөл хөтөч жилийн дөрвөн улиралд тогтмол ажил, орлоготой байж илүү өсөн дэвжиж, өөрийгөө хөгжүүлж ажиллах болно. Зөвхөн хөтөч гэлтгүй уг салбарт ажиллаж буй бүх л хүнд ийм тухтай, тогтвортой байдал үүснэ. Тиймээс өвлийн аялал жуулчлал бол улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг тэтгэх тулгын чулуу юм.

Монгол бол үүх түүх, өв соёл, үндэстэн угсаатны хувьд ч бүх л талаараа гайхамшигтай. Үүнийг хүн төрөлхтөн үзэх эрхтэй. Хамтдаа хаалгаа улам томоор дэлгэцгээе.

Г.Батзориг

 


Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188