• Өнөөдөр 2025-03-15

Жолооч нарыг "ГУРВАН САЯ ТӨГРӨГ ӨГЧИХВӨЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ДАРААЛАЛГҮЙ НЭВТРҮҮЛЬЕ" гэжээ

2021-01-10,   1675

-Монголчуудын Эрээнд гацсан бараа тэнгэрт хадсан үнэтэй ирэх нь-

Коронавирусийн халдвар дотоодод илэрснээр зарим хилийн боомтыг хаасан. Харин хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хилээр шууд нэвтрүүлж байгаа юм. Хилийн боомтуудыг хаасантай холбоотой ачаа тээвэрт хүндрэл үүсэж байгааг иргэд мэдээлж байна. Тухайлбал, Эрээн-Замын-Үүд чиглэлд ачаа ачдаг тээвэрчид ачаагаа ачиж чадахгүй, бөөгнөрөл үүсгэх, олон хоног хил дээр машинаа хүлээх зэрэг асуудалтай тулгарч байгаа аж. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн арваннэгдүгээр сард коронавирусийн халдвар илэрч, БНХАУ хилээрээ монгол жолооч нарыг нэвтрүүлэхийг хориглосон. Улмаар ачаа тээврийн үйлчилгээ бүрэн зогсож, тээвэрт явдаг жолооч нар амьжиргаагаа залгуулах орлогогүй болжээ. Харин хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд албаныхан тохиролцож, тэг цэг байгуулан, сэлгээний жолооч гаргасан байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл, монгол жолооч нар Эрээн хотод очихгүй ачаа тээврийн машинаа тэг цэгт хүргэж, сэлгээний 50 жолооч ээлж дараалан Эрээн хотод машинуудыг хүргэдэг зохицуулалт бий болжээ.
 
Эдгээр жолооч өдөрт 150 орчим машин ачааг хүргэдэг аж. Эрээн хотоос дахин Хятад жолооч ачааны машиныг нь унаж, гааль дээр төвлөрсөн барааг ачдаг байна. Нэг ёсондоо нэг машин ачаа дөрвөн дамжилга дамжиж, Замын-Үүд боомтод хүрч байгаа юм. Эрээнээс ачаагаа хурдан ачуулж, хилээр нэвтрүүлэхийн тулд жолооч нар хахууль өгөх явдал гарсан байна. Энэ асуудлаар бид холбогдох эх сурвалжуудаас тодруулж, дараах мэдээллийг бэлтгэлээ.
 

Б.УУГАНБАЯР: Хээл, хахууль авсан хүнээ шалгахгүй, биднийг шалгаад байгаа нь харамсалтай

 Хүний эрхийг хамгаалагч “Далд хүн” ТББ-д ачаа тээврийн жолооч нар олноороо ханджээ. Жолооч нарын олонх нь сэлгээний жолооч явснаас хойш машин техник нь эвдэрдэг, ачаа ачуулахын тулд холбогдох хүмүүсийн гар цайлгах хэрэгтэй болсон талаараа мэдээлсэн байна. Тэдний эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар тус байгууллагын тэргүүн Б.Ууганбаяраас тодрууллаа.
 
-Замын-Үүд боомт дээр ачаа тээврийн машинууд хилээр орж, гарч чадахгүй, нэвтрэхдээ хахууль өгч байгаа талаар танай байгууллагад удаа дараа мэдээлэл ирсэн гэсэн. Энэ үнэн үү?
 
-2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн Замын-Үүд боомт дээр ачаа тээврийн машины дараалал үүсэж, жолооч нарт хүндрэл үүссэн байгаа юм. Ингэхдээ хилээр жолооч нар машинаа оруулж, гаргахдаа хахууль өгөхөөс өөр аргагүйд хүрээд байна гэх мэдээллийг бидэнд өгсөн. Хамгийн гол нь жолооч нар энэ асуудлаа өөрсдөө мэдээлэх гэхээр дараа нь тусгай зөвшөөрөл авах, хилээр нэвтрэхэд хүндрэл үүснэ. Амь амьдралаа залгуулах гол ажлаасаа хэн ч салахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс манайд хандаж, асуудлаа тавьсан юм.
 
Энэ мэдээллийг гаргаж тавьснаараа би ч шалгагдаж байна. Хээл, хахууль авсан хүнээ шалгахгүй, биднийг шалгаад байгаа нь харамсалтай. Хахууль авсан, өгснийг нь уг нь шалгаж байгаа юм билээ. Гол нь хахууль өгсөн жолооч нар “Би өгсөн. Надаас төдөн төгрөг авсан” гээд хэлэхгүй нь ойлгомжтой. Авсан, өгсөн аль аль нь хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тиймээс иргэп бидэнд хандаад байгаа юм.
 
-Одоо жолооч нарын нөхцөл байдал ямар байгаа юм бэ. Хэчнээн төгрөгийн хахууль өгч хилээр нэвтэрч байгаа юм бол?
 
-Өнгөрсөн сарыг бодвол  байдал арай дээрдсэн гэсэн. Гэхдээ асуудал байгаа. Хамгийн гол нь анх тухайн сумын удирдлагууд хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргасан байна лээ. "Эрээн хотын удирдлагуудын гаргасан шийдвэрийг бид дагаж байна. Бид БНХАУ-тай дипломат харилцаатай, хэлэлцээрийн үр дүнд гаргасан шийдвэрээ дагаж байна" гээд хөдөлдөггүй. Гэтэл тээвэрчдийн эрх ашиг зөрчигдсөн, хүнд нөхцөлд монголчууд ажиллаж байна. Ачаа тээврийн жолооч нар машинаа урагшаа гаргаж, шинжилгээнд хамрагдаж, тусгаарлагдан Эрээн хотод очсон 50 жолооч ачааг нь авдаг. Өөрөөр хэлбэл, дундын бүс байгуулаад сэлгээний жолооч нараар дамжуулж машинаа оруулж, гаргаж байгаа юм байна.
Энэ сэлгээний жолооч нар нь бас мөнгө авдаг. Сэлгээний жолооч юм уу, тусгай зөвшөөрлөөр ачаа ачихын тулд бүртгэл хийлгээд дарааллаараа орох ёстой. Холбогдох хүмүүс нь “Доод тал нь гурван сая төгрөг өгчих. Тэгвэл тусгай зөвшөөрөл, дараалалгүй нэвтрүүлж өгье” гэсэн санал тавьдаг гэсэн. Мөн Эрээнд гаалийн хашаанд байгаа барааг нь өвөрмонголчууд авчхаад үнэ нэмж ав, үгүй бол барааг нь өгөхгүй гээд наймаачдад хүндрэл үзүүлж байна. Цаашид өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин нэмэгдэх эрсдэлтэй байгаа. Монголын талаас “Хоорондоо зохиц, бид хилээр нэвтрэх эрхийг нь бүрдүүлж өгсөн” гэдэг тайлбарыг өгч байгаа юм билээ” гэв.
 

МОНГОЛЧУУДЫН АЧАА ХЯТАДЫН ГААЛЬ ДЭЭРХ АГУУЛАХАД ОВООРЧИХСОН БАЙГАА

Харин тээвэрчдийн төлөөллөөс энэ асуудлыг тодруулахад мэдээлэл өгөх жолооч ховор байлаа. Тэд мэдээлэл өгвөл одоогийнхоос хэцүү нөхцөлтэй нүүр тулж, дарамтад орох магадлалтай гэж эмээж байгаа гэнэ.
Өөрийнх нь талаарх мэдээллийг сайтар нууцлахыг хүссэн жолооч Т “Би ачаа тээвэрт яваад 10 жил болж байна. 24 тонн машин барьдаг. Ер нь нөхцөл байдал хүнд байна. Бид цахимаар бүртгүүлээд, тэг цэг рүү явах ёстой. Энэ бүртгэлийг хийлгэхэд тусгай зөвшөөрөлтэй буюу хүнс, эм хангамж, “Тавантолгой түлш" компанийн нүүрсний түүхий эд зөөдөг автомашинууд түрүүлж ордог юм. Ингээд дарааллаа хойшлуулах явдал байна. Тэг цэгт машинаа хүргэхийн тулд хил дээр хонох явдал ч бий.  Бидний тэг цэгт хүргэсэн машиныг сэлгээний жолооч авна. Ямар хүн авч байгааг нь бид мэдэхгүй. Сэлгээний жолооч нар нь хүний машиныг мэдэхгүй шүү дээ. Ингэхдээ хөлдүү хүйтэн машиныг нь гэнэт асаах зэргээр машин техникийг нь эвдэх тохиолдол гарч байна. Хоёр машин ачаатайгаа унасан тохиолдол ч гарсан. Бас ачааг нь гэмтээх, буруу ачих зэрэг асуудал бий. Бид амьдралаа залгуулахын тулд банк бусаас зээл авч машин, техникээ худалдаж авсан. Эцэст нь жолооч нар эд хөрөнгөөрөө хохироод үлдэж байна. Сэлгээний жолоочид бид машинаа өгөхөөс өөр аргагүй.
 
Тэгэхгүй бол нөгөө тусгай зөвшөөрөлтэй машинууд нь гараад явчих нь. Сая хөл хорионы үеэр тусгай зөвшөөрөлтэй машины тоо эрс нэмэгдсэн. Хахууль өгч тусгай зөвшөөрөл авсан гэх яриа жолооч нарын дунд гарсан. Тэд нар яг зориулалтын ачаагаа ачиж байгаа эсэхийг мэдэхгүй шүү дээ. Мөн Хятадын карго үйлчилгээ гэсэн нэрийн дор хэсэг бүлэг хүн ачаа булаах явдал ч гарч байна. Монголчуудын ачаа Хятадын гааль дээрх агуулахад овоорчихсон байгаа. Бид очоод авч чадахгүйд гол учир байна. Одоо гаалиар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Нэгдүгээрт, ачаа тээврийн машины тоо эрс багассан.  Хоёрдугаарт, сэлгээний жолооч нартаа бид мөнгө өгдөг. Нэг хүн 1200 юань буюу монгол мөнгөөр 500 мянган төгрөг өгч байгаа. Дээр нь бараа ачиж өгдөг хятад ажилчдад хөлс төлнө. Тэдний бараа ачих үнэ нэмэгдсэн байна лээ. Нэг машин ачаагаа 3000 юаниар ачуулна. Дээр нь тээврийн зардал, Хятадын хилээр хурдан гарахын тулд нэмж мөнгө өгөх гээд зардал маш өндөр гарч байгаа” гэсэн юм.

ТЭЭВРИЙН ЗАРДАЛ НЭМЭГДЭЭД БАРААГАА ТАТАЖ ЧАДАХАА БОЛЬСОН

Ийн тээврийн олон шат дамжлага нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх нь ойлгомжтой болжээ. Олон сар ачаагаа авахаар хүлээж буй наймаачид аргаа барж байгаа гэнэ. Энэ талаар автомашины сэлбэг худалдааны бизнес эрхэлдэг иргэн Б-гээс тодрууллаа. Тэрбээр “Тээврийн хөлсний үнээ дийлэхээ болиод ачаагаа авч чадахаа больсон. Уг нь нэг кг ачааг Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 8000 төгрөгөөр тээвэрлэдэг байсан юм. Гэтэл одоо 25 мянга болчихсон. Ингээд нийт үнийн дүнг нь бодоод үзэхээр найман сая төгрөгөөр бараагаа хүргүүлэх болчихоод байна. Би уг нь нийт гурван сая төгрөгөөр л бараа авчихдаг байсан юм. Бараа авч ирлээ гэхэд ямар ч ашиггүй болчих гээд байна. Сар гаран ийм байдалтай байлаа. Миний 17 орчим тонн ачаа бий. Эрэлт бол нэлээн байна. Гэхдээ яахаа мэдэхгүй сууж байна. Ер нь худалдаа эрхлэгч нар бүгд над шиг ийм л байдалтай байгаа” гэлээ.
 

ЖОЛООЧ НАР ХАХУУЛЬ ӨГЧ, АВСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДСЭН

Ийн иргэдийн гомдлын дагуу Замын-Үүд боомт дээр АТГ, цагдаа, тагнуулын байгууллагаас шалгалт явуулж байгаа аж. Энэ талаар АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханаас тодруулахад "Замын-Үүдийн боомтод АТГ-аас өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нээс хойш ажиллаж байна. Ачаа тээврийн жолооч нар хил дээр дараалал үүсгэж, гомдол гаргасны дагуу ажиллаж байгаа юм. Одоо бол  дараалалгүй болсон.
 
Учир нь, арванхоёрдугаар сарын 29-нөөс тэг цэг дэх жолооч нарын тоог нэмж, 32 жолоочийг гаргаад байна. Ингэснээр хилээр гарах автомашины тоо нэмэгдэж, энэ өдрөөс хойш өдөрт дунджаар 100 орчим ачаа тээврийн машин гарч байна. Хоёр хоногийн дотор ямар ч дараалалгүй, хэвийн болох шинжтэй байгаа. Арванхоёрдугаар сарын 23-наас Хятадын тал хилээ хаасан. Энэ үед өдөрт 18-20 машин л хилээр гарч байв. Гол нь Хятадын тал өвчнөөс айгаад хязгаар тогтоочихоод байгаа юм. Дараалал үүсэж, жолооч нар хахууль өгч, авсан талаар бид арванхоёрдугаар сарын 3-нд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гэхдээ одоогийн байдлаар яг хээл, хахууль авч өгсөн нь батлагдаагүй байна. Цахим орчинд хилээр орж, гарахдаа 2.5 сая төгрөг өгч байгаа гэх мэдээлэл түгсэн. Жолооч нарын дунд гарсан яриаг шалгаж байгаа. Цагдаа, тагнуул, хилийн цэрэг, тээвэрчдийн холбоо, АТҮТ-ийн төлөөлөл, сумын удирдлагууд бүгд хамтран ажиллаж байна. Хүмүүсийн ярьж байгаа шиг хахууль аваад хүндэрчихсэн асуудал одоогоор тогтоогдоогүй байхгүй” гэх тайлбарыг өглөө.  
 
 

Жолооч нарыг "ГУРВАН САЯ ТӨГРӨГ ӨГЧИХВӨЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ДАРААЛАЛГҮЙ НЭВТРҮҮЛЬЕ" гэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-07 12:54:51
    Дорж : Арайч дээ монгол улсын тусгаар тогтнол үгүй болж дээ. Төр нь төр шиг түшээд нь түшээд шиг биш болж.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188