-АХ, ДҮҮ ХЭЭРИЙН ДОМОГ-
Саяхан орсон цасан дээгүүр ан амьтдын мөр тодоос тод зурайна. Алсын уулсыг зүглэн салхи зүсэн хурдалсаар. Үдийн нар аргамжин тэнгэр тунгалаг цэнхэр өнгөөр цэлмэх үед хэдэн адуу салхи сөрөн давхиж байв. Бид ийн яваа шалтгаан гэвээс 2016 оны “Дүнжингарав” уралдаанд дүү хээрийгээ дагуулан хурдалж, түрүүлсэн Монгол хээр азарганы эзэн Д.Пүрэвдоржтой хөөрөлдөхөөр хүлгийн жолоо залсан нь энэ юм. Уулс цасан малгай өмссөн өвлийн эхэн сарын өдөр бид “Дүнжингарав” уралдааны дүрс бичлэгийг үзэж, ах, дүү хээрийг бахдан явав.
Мориороо талыг туулж, уулыг давж, гол гаталж, баяр ёслолоор уралдуулчихдаг заншил Монголд л бий. Эгэл жирийн малчнаас эрэлхэг баатруудын үнэнч нөхөр бол морь. Тиймээс ч бид хурдан шандаст хүлгээ домог болгон ярьж, үүх, түүхийг нь хуучлан суудаг. Тухайлбал, “Сүхийн цагаан морь”, “Жонон хар”, “Хилэн хар”, “Хотгойдын хонгор халзан” гэх мэт морины олон домог бий. Тэгвэл өнөө цагийн хурдан морь сонирхогчдын дунд “Монгол хээр” гэх азарга домог болон яригдаж буй юм. Уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж, олон наадамд торгон жолоо өргүүлсэн монгол хээр азарга 800 сая төгрөгөөр зарагдсан тухай морь сонирхогчид амнаас ам дамжуулан ярьдаг. Тиймээс бид аймгийн алдарт уяач Д.Пүрэвдоржтой хээр азарганых нь удам, угшил хийгээд домог мэт дуурсагддаг түүхийнх нь талаар хөөрөлдлөө.
-Танай унаган адуу болох монгол хээр азарга морь сонирхогчдын дунд домог болон яригддаг. Энэхүү азарганы удам угшлын талаар хоёулаа хөөрөлдөх үү?
-Монгол хээрийн эх нь манай унаган хүрэн гүү юм. Манайх дээд үеэсээ хүрэн зүсмийн адуу маллан, гэршүүлж ирсэн. Аав 1964 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчнаас хүрэн даага авсан юм билээ. Тэр хүрэн даага хожмоо сумандаа зургаа түрүүлж, тав айрагдсан хурдан ч, сайхан ч азарга болсон. Хүрэн азарганы төл, сав томтой цүдгэр хүрэн гүүг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин н.Ариунболдын унаган адуунаас авсан хээр үрээнд хураалгаснаар монгол хээр төрсөн дөө. Манай адуу Банди тайж угшилтай. Ер нь Банди тайж угшилтай адуу уналга сайн даахаас гадна, хурд сайтай байдаг. Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн олонх нь Банди тайж угшлынх.
-Та хэдэн настайгаасаа хурдан морь уясан бэ. Ер нь хурдан хүлэг шинжих, уралдуулах эрдмийг хэн танд заасан бэ?
-Би 1969 онд сургуулиасаа гарч, малчин болсон. Манайх тухайн үед нэгдлийн тэмээ хариулдаг байлаа. Нэг жил тэмээ хариулаад 1970 оноос морины эрдэмд суралцаж эхэлсэн. Дөрвөн жил туслах уяач хийж байгаад 1974 онд цэргийн албанд мордсон доо. Цэрэгт эх орныхоо торгон хилийг манаж байхдаа морь унадаг байлаа.
Тухайн үед морь, тэр дундаа монгол морь уналга, эдэлгээ даах, тамир тэнхээ сайтай байдгийг бүрэн ойлгосон. Өвлийн хүйтэнд битүү цан цохичихсон морьтой хилийн зурвас эргэж тойрно. Зун нь хөөрхий татсан нум шиг туранхай хөлс нь цувсан юм л байна. Гэтэл намар хэдхэн хоног ижил сүрэгтэй нь нийлүүлж, бэлчээрт гаргахад дорхноо л тарга хүч авчихна. Тэгээд л хөөрхий дараа жилийн намар хүртэл ижил сүрэгтээ нийлэхгүй, бүтэн жил эх орныхоо дархан хилийг цэргүүдтэй сахин хамгаалдаг гээд бод. Монгол адуу үнэхээр гайхамшигтай байгаа биз дээ. Ийм л хийморьтой, тэнгэрийн хүлгүүдийг унаж, эдэлж байгаагийн хувьд морио уяж, сойж хурдлуулахгүй бол алдас болох юм шиг санагддаг байлаа. Ер нь хурдан морины уралдаан гэдэг бол эрт дээр үеэс уламжлалтай цэргийн гурван эрдмийн нэг шүү дээ. Монголчууд бид үнэнхүү сайн морьтой учраас л дэлхийн талыг туулсан бахдам түүхтэй. Дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан улс чинь морио хайрлаж, шүтэхгүй бол нүгэл болно.
Би 1977 онд цэргээс халагдаад шууд л морь уяж эхэлсэн. Сум, багийн наадамд уясан морьд маань сайн давхих бүрд урам орж байлаа. Манай аав Ч.Дорждэрэм гэж сайхан буурал байлаа. Надад морь уях эрдэм заахаас гадна, морь хайрлах ухаан суулгасан. Аав минь “Морио хайрлаж сураагүй хүнд дээд тэнгэрээс хурдан хүлэг заяадаггүй. Мориндоо хэдий чинээ хайртай байна. Тэр чинээгээрээ л шимийг нь хүртдэг юм” гэж сургадаг байсан даа. Миний аав бол насаараа тэмээ хариулсан хүн. Тэмээ хариулахын хажуугаар морины наймаа хийж, уяж, хурдлуулж, сумандаа хүрэн адууны угшлыг анх бий болгосон хүн.

-Танай унаган адууг үнэнхүү хурдан хэмээн уяачид ярьдаг юм билээ. Гэтэл та хурдан хүлгүүдээ өөрөө уяж уралдуулахаас илүүтэй бусдад арилжчихдаг учир юу вэ. Ер нь та улсын баяр наадамд хурдан хүлгүүдээ уралдуулж байв уу?
-Би улсын баяр наадамд тун цөөн оролцсон. 2001 онд, Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд морь уралдуулсан. Түүнээс хойш нэг оролцсон байх. Ер нь би аймаг, сумдын наадамд унаган хүлгээ хурдлуулж, айраг, түрүү олныг авсан. Үүнийг маань өндрөөр үнэлж, надад аймгийн алдарт уяач гэх эрхэм цолыг төрөөс олгосон. Энэ маань надад хангалттай санагддаг. Ардын хувьсгалын 80 жилийн ойн наадамд өнөө цагт суу алдраа мандуулаад байгаа монгол хээрийн эцгийг шүдлэн үрээ байхад нь уралдуулж байлаа даа.
-Монгол хээрийн эцэг хэдэд хурдалж байв?
-Анх удаа улсын наадамд орсон болоод ч тэр үү их догдолж байлаа. Монгол даяар нэр алдар нь цуурайтсан Д.Даваахүү, Д.Онон гэх уяачдыг хараад сүрдэж явлаа шүү дээ. Тухайлбал, уясан хүлгүүдээ харахаар айраг хүртэх юм шиг санагдаж, алдартай том уяачдыг харахаар тэдний л морь түрүүлэх юм шиг бодогдоод сонин мэдрэмж төрдөг юм билээ.
Би монгол хээрийн эцгийг айргийн тавд хурдална гэж битүүхэн горьдож байсан ч 25-аар ирсэн. Харин даага маань дөрөвт хурдалж, магнайг минь тэнийлгэсэн. Ингэж л би манай адуу хурдан гэдгийг, цаашдаа ч хурдан хүлэг олон төрнө гэдэгт найдаж эхэлсэн дээ. Үүнээс гадна би Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадамд сумандаа түрүүлсэн шарга үрээгээ 32-т хурдлуулсан. Улсын чанартай том наадамд ийнхүү хоёр удаа л оролцож байлаа. Харин аймаг, сумынхаа наадамд бол жил бүр оролцдог.
-Монгол хээр азарга “Дүнжингарав” уралдаанд түрүүлж, монгол хээр азарганы төрсөн дүү аман хүзүүнд хурдлан наадамчин олныг баясгасан. Тухайн үед та монгол хээр болон дүү хээр азаргыг хэдийнэ арилжчихсан байсан. Зуузай харшуулан хурдалсан хоёр хүлгээ хараад “Дэмий ч худалдаж дээ. Өөрөө уяад, нэр дээрээ уралдуулдаг байж” гэх бодол төрж байв уу?
-Яасан гэж харамсах билээ. Эр хүний наймаа бол наймаа шүү дээ. Эр хүн зарсан хийгээд өгсөн зүйлийнхээ араас харамсаж болдоггүй юм. Хожим нь амаа барих байсан бол анхнаасаа арилжих ямар ч хэрэггүй. Зарсан зүйлийнхээ араас харамсах юм бол хэн хэндээ юм болохгүй. Хэрвээ зарсандаа харамссан бол монгол хээр азарга хурдлахгүй байсныг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Тэр жил “Дүнжингарав” өвлийн уралдаанд аймагт дөрөвт хурдалсан халиун азаргаа авч очсон. Хурдан морь тайлбарлагч М.Оюунбаатар дүү таарч, намайг машиндаа суулгаад морь дагасан юм. Газар газрын шигшмэл хурдан хүлгүүдийг ойроос харах сайхан байсан. Шигшмэл хүлгүүд дунд унаган адуу маань байгаа гэж бодохоор эрхгүй бахархал ундардаг юм билээ.
-Таны халиун азарга “Дүнжингарав” уралдаанд хэдэд хурдалсан бэ?
-Хурдан азарганууд зурхайгаас гараад удаагүй байхад ах, дүү хоёр хээр маань тасраад явчихсан. Харин халиун азарга маань 30-д давхиж байв. М.Оюунбаатар “Д.Пүрэвдорж ах аа хоёр хээр тань түрүүлээд явчихлаа. Халиун азаргаа одоо шавдуулаад яах вэ дээ” гэсэн. “Нээрээ ч тийм дээ” гэж бодоод халиун азаргаа татуулж, хоёр хээр азаргаа дагасан. Зуузай харшуулан хурдалсан хоёр хүлэг минь олныг мөн ч сайхан баярлуулсан даа. Нутагтаа очиход нутгийхан маань надад баяр хүргэж, хоёр хээрийг магтан, шагшаад сайхан байсан. Хүмүүс надаас “Та хосгүй төрсөн хурдан хүлгүүдээ өөрөө яагаад уяахгүй зарчихав аа” гэж их асуудаг.
-Та юу гэж хариулдаг вэ?
-“Би уясан бол Сүхбаатар аймагтаа л уралдуулна. Моринд дуртай, морины эрдэмд сайн хүмүүст худалдаж, нутаг, хошууныхаа нэрийг гаргах нь чухал” гэж хариулдаг. Энд, тэнд унаган адуу минь хурдалж, айраг түрүү хүртэж байгааг сонсох сайхан шүү дээ. Хурдан морины буян заяаг ганцаараа эдлэх гээд хэрэггүй. Ер нь буянаа хурааж биш, хувааж дэлгэрүүлдэг шүү дээ.
-Уяачид “Д.Пүрэвдорж унаган адуугаа өөрөө уяад улсын наадамд уралдуулсан бол хэдийнэ улсын алдарт уяач болох байсан” гэх юм билээ?
-Бөхчүүд “Алтын дайтай хүрэл медаль авлаа” гэж ярьдаг. Үүн шиг улсын алдарт уяачийн энтэй аймгийн алдарт байх сайхан. Хоёр удаа л улсад морь уралдуулсан хүнд улсын алдарт уяач гэх цол өгөхгүй нь мэдээж. Гэвч унаган хүлгийг минь өөр хүмүүс уяж, төрийн наадамд түрүү айраг, хүртэж байгаа нь намайг улсын алдарт уяачийн дайтай болгожээ. Манай унаган адуунаас зургаан азарга улсын наадамд айрагдсан байдаг. Хэрэв энэ зургаан азаргаа өөрөө уясан бол адууны буяныг ганцаараа л хүртэнэ. Харин зургаан хүнд худалдсан байна гэдэг чинь тэр хүмүүсийн ар, гэр нутаг хошууныханд адууныхаа буяныг хувааж байгаа хэрэг шүү дээ.
-Монгол хээрийг 800 сая төгрөгөөр зарсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Үнэн байх. Гэхдээ би бол тэгж зараагүй. Надаас худалдаж авсан уяач л цааш нь ийм үнэд хүргэж зарсан байх. н.Сүхээ гээд хуурай дүүд манай хүү 10 сая төгрөгөөр худалдсан юм билээ. Одоо бол монгол хээр азарга Мон-Уран ХХК-ийн захирал Б.Наранхүүд бий. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Жинхэнэ эзэн нь Б.Наранхүү л байж дээ. Тэр үед н.Сүхээ дүү залгаад “Наранхүүд монгол хээрийг зарахаас аргагүй боллоо” гэсэн. Тэгэхээр нь би “Монгол хээрийн төрсөн дүү эр унага ахад нь бий. Эцэг, эх нь байгаа болохоор миний дүү хээр азаргаа өгчихөө л” гэж хэлсэн. Наадмын дараа н.Сүхээ “Сайхан наадлаа” гэсээр манайд ирж, хувь хүртээсэн. Тэгж ирэхэд нь н.Сүхээд төрсөн дүүг нь 30 саяар худалдсан түүхтэй.
-Хурдан морь сонирхогчид дунд монгол хээр азарга одоо домог болон яригдаж байна?
-Тэгэлгүй яах вэ дээ. 2010 оноос 2016 он хүртэл Дүнжингарав уралдаанд айраг, түрүү алдаагүй. Тэр дундаа 2016 онд дүү хээрээ дагуулан торгон жолоо өргүүлснийг наадамчин олон андахгүй. Миний хоёр хээр үнэнхүү хурдан даа. Монгол хээр 2011 оны улсын наадамд айргийн гуравт хурдалсан бол дүү хээр нь 2012 онд дөрөв, 2013 онд тавд давхисан шүү дээ. Ийм л хурдан хүлгүүд нэг малчны хотноос төрнө гэдэг ховор тохиол. Малчин болж, эрийн хийморь сэргээсэн хурдан хүлгүүдээрээ бахархахгүй гээд яах билээ. Малчин заяанд төрсөн том хувь заяатай хүн дээ, би.
-Та аав морь хэрхэн уядаг хүн байсан бэ?
-Аав морийг их цэвэрхэн, нямбай уядаг байлаа. Тарган, тэгсэн мөртлөө нямбай уяна гэж жигтэйхэн. Тухайн үед өнөөгийнх шиг жилд хэд хэд нааддаггүй байлаа. Сайхан эдэлж унаж, уяж байгаад л сумынхаа наадамд жилдээ нэг уралдууна. Уралдуулах бүрдээ л түрүүлгэдэг байсан даа, аав минь. Тэр үед наадам олон байсан бол аймаг байтугай улсын алдарт уяач болох байсан нь гарцаагүй.
-Та хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон бэ. Мөн хүү тань морь уяж байгаа юу?
-Би 2003 онд аймгийн Алдарт уяач гэх эрхэм цол хүртсэн. Миний энэ амжилтад хурдан хар, хонгор азаргуудын гаргасан амжилт жин дардаг. Үүнээс гадна бага адуу ч цөөнгүй давхиулсан. Ганц хүү маань хурдан морь сайхан уяж, хурдлуулаад аймгийн Алдарт уяач болсон. Аав, хүү хоёр малчин болсон заяагаараа их бахархдаг. Шандаст хурдан хүлгүүдийн минь буян заяа түшиж, нэр төртэй сайхан амьдарч буйд талархдаг даа. Одоо бол ах нь морины ажилд нэг их оролцохоо больсон. Хүү минь аймаг, сумынхаа наадамд харамгүй сайхан амжилт үзүүлж байгаа.
-Морины эрдэмд суралцаж байгаа залууст зөвлөгөө өгөөд хоёулаа хөөрөлдөөнөө өндөрлөх үү?
-Морь уяна гэдэг их хөдөлмөр, их ухаан. Зарим хүн насаараа уяад ч амжилт гаргадаггүй. Морь болгон өөр өөрийн онцлогтой. Онцлог бүрд нь тааруулж уяна шүү дээ. Түүнээс биш, мориныхоо онцлогийг ойлгоогүй бол уяна гэдэг үлгэр. Үүнээс гадна уяач, унаач хүүхдийн од хийморь гэж бий. Энэ бүхний эцэст би юу хэлэх гээд байна вэ гэхээр уях морио зөв тань. Тэгээд шаргуу хөдөлмөрлө. Хөдөлмөрлөсөн хүнийг од, хийморь дагах нь дамжиггүй.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Д.Пүрэвдорж уяачийн унаган адуу бахдам амжилт үзүүлж байгааг уншигч та амтархан уншсан биз ээ. Монгол хүний авч, өгөх нарийн ухаан, уужим сэтгэл хэчнээн тэнүүнийг ч анзаарсан болов уу. Энэ талаар бага ч болов ойлгуулсан байх гэж найдаж байна. Уудам, тэнэгэр тал нутагт минь үеийн үед монгол хээр шиг домогт, хүлгүүд үүрсэж байх болтугай.
| Д.ПҮРЭВДОРЖ: МИНИЙ ЦҮДГЭР ХҮРЭН ГҮҮНЭЭС ХОЁР ХЭЭР УНАГА ГАРСАН. НЭГ НЬ АЛДАРТ МОНГОЛ ХЭЭР АЗАРГА, НӨГӨӨХ НЬ ДҮҮ ХЭЭР НЬ ЮМ ШҮҮ ДЭЭ |
|
Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
2025-12-11 14:40:21
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов
2025-12-11 12:39:36
Олон улсын уулын өдөр тохиож байна
2025-12-11 12:22:07
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-11 10:45:41
Д.ГАНХУЯГ: “ГОЛДМАНСАКС” КОМПАНИЙГ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭН ДЭЭР САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХӨӨР СОНГОСОН НЬ АНХААРАЛ ТАТСАН АСУУДАЛ
2025-12-11 10:41:27
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:22:00
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:08:00
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”
2025-12-11 10:00:00
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
“MONGOLIA–KOREA URBAN FORUM” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025-12-10 16:00:00
Муатайгийн тамирчид Зүүн Азийн аваргыг зорилоо
2025-12-10 15:01:54
Д.Мөнхцэцэг пауэлифтингийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртэв
2025-12-10 14:23:04
С.Ганчимэг пауэлифтингийн Ази тивийн аварга боллоо
2025-12-10 14:18:53
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
2025-12-10 13:00:00
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ
2025-12-10 12:01:04
Вьетнам Улсад ой тогтоолтын дэлхийн аварга болно
2025-12-10 11:43:41
Р.Ууганбаяр дрон кодчиллын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2025-12-10 11:33:52
"Гоёл-2026" наадмын топ моделиор Т.Батцэцэг тодорлоо
2025-12-10 11:30:34
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 77 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2025-12-10 11:13:35
Спортын салбарын шилдгүүдийг өнөөдөр тодруулна
2025-12-10 11:10:54
Талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2025-12-10 10:01:17
ОБЕГ: Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна
2025-12-10 09:55:05
Н.Бат-Эрдэнэ пауэрлифтингийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-12-10 09:49:05
Г.Өсөхбаярт МҮОХ-ны “Алтан-Од” одонг гардууллаа
2025-12-10 08:18:04
Х.Энх-Амар дэлхийн аваргын шигшээ найм үлдэж чадсангүй
2025-12-10 07:56:38
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-10 07:30:41
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Сэтгэлд хоногшсон шинэ жил, зул сарын баярын тухай дуунууд хэрхэн бүтсэн бэ
2025-12-10 07:24:23
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-10 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-10 07:00:00
“БӨРТЭ ЧОНО” ЁСЛОЛЫН НЭР ХҮНД ЖИЛЭЭС ЖИЛД “БҮДГЭРЭХ” БОЛЛОО
2025-12-10 07:00:00
ТАТВАРТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ САНААЧЛАГА ЧИНЬ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА ААН-ҮҮДЭЭ БООМИЛЖ ЭХЭЛНЭ ШҮҮ, АН-ЫНХААН
2025-12-10 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |