Зохиолын дуугаар ард олны хүндэтгэлийг хүлээсэн дуучин, МУГЖ С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулснаар урлагийн тайзаа гишүүний сэнтийгээр сольсон. Гишүүн болсон эхний өдрөө Төрийн ордонд морьтой, монгол дээлтэй ирснээсээ эхлээд гишүүдийн дунд “сондгой” нэгэн байсаар дөрвөн жилийн албаа дуусгасан. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу өнгөрсөн тавдугаар сарын 14-нд Ардчилсан намд элсэж, тус намаас Увс аймагт нэр дэвших эрх өвөртөлж буйгаа зарласан. Тэрбээр энэ талаараа “Цэнхэр тэнгэрийн орноо цэнхэртүүлэхээр явж байна даа. Монголчууд эвтэй байгаасай. Увс аймгийн хувьд хүч тэнцвэргүй тулаан болохыг үгүйсгэхгүй. С.Жавхлан шиг монгол дээлээ өмсөж, монголоороо ярьдаг хүмүүс хүч түрэн орж ирээсэй. Увсад нэр дэвших нь миний тавилан юм даа” хэмээсэн юм.
.
Түүний “Тавилан юм даа” гэх үг тэр дорооо л олон нийтийн трэнд хэллэг болсон. Сүүлдээ эл үг нь “мутацид” орж “Жавхлан юм даа” хэмээн хувирч, хөнгөн хошигнолын хэлц болон хэлэгдсээр буй билээ.
2020 оны УИХ-ын сонгуульд төрөлх нутаг Увс аймагтаа “Тавилан”-гаараа нэр дэвшсэн С.Жавхлан ялагдал хүлээж, маргааш нь буюу өнгөрсөн зургадугаар сарын 25-нд өөрийн цахим хуудсаараа нутгийнхандаа ихэд гомдсон мэдэгдэл хийсэн билээ. МУХБ, XX зууны манлай бөх Х.Баянмөнх аварга ид шуугиулж явах үедээ Увс аймагт нэр дэвшээд “мултарч” байсан гэдэг бөгөөд Увс аймгийн сонгогчид үнэхээр “хатуу самар” гэдгийг зохиолын дууны од, МУГЖ С.Жавхлан сонгогдоогүй, түүндээ “шаралхсан” үйл явдал харуулсан юм.
Тэрбээр шүдний чигчлүүр зуучихаад төрөлх нутаг Увс аймгийнхандаа хандаж “Нутгийнхандаа хандаж нэг үг хэлье. Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой. Дээрээс нь энэ яваа насандаа дахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй гэдгээ зарлаж байна. Мөнгөнд хууртдаггүй болсон хойноо надтай уулзана даа. Миний ах дүүс мөнхөд жаргалтай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ Монголоо хайрлаж яваарай” хэмээсэн юм.
“Миний дууг нэг нь ч битгий сонсоорой” гэх түүний энэ үг мөн л олон нийт, тэр дундаа цахим ертөнцийн трэнд хэллэг болсон. Тэр хэдийгээр энэ үгээрээ ялагдлаа хүлээн авч чаддаггүй хэмээн шүүмжлүүлсэн ч “Миний хоолыг нэг нь ч битгий идээрэй”, “Миний машинд нэг нь ч битгий суугаарай”, “Миний постонд нэг ч битгий лайк дараарай” гэхчилэнгээр хувирч хэлэгдсээр өдийг хүрч байна. Зохиолын дуугаараа мөнхөрсөн тэрбээр хэлсэн үгээрээ ч “мөнхрөх” нь одоо түүний “Тавилан” юм уу даа.
УИХ-ын гишүүний сэнтийд дөрвөн жил заларч, уран бүтээлээ “хаяад” байсан С.Жавхланг Увсынхан сонгоогүйгээрээ урлагт нь буцаан авчирсан. Тухайлбал, тэрбээр улс төрөөс ангижирч, урлагтаа буцан ирж байгаагаа зарлаж, өнгөрсөн есдүгээр сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Монголоороо байгаасай” хэмээх тоглолт хийхээр болсноо зарласан. Улмаар есдүгээр сарын 24-нд “Миний тоглолтыг төрөлх Увс нутгийнхан минь үзэж болно. Нутгийнхандаа тайзан дээрээс мэндчилгээ дэвшүүлнэ” хэмээн мэдэгдэж, сонгуулийн “шараа тайлсан” юм.
Түүнчлэн энэ үеэрээ тэрбээр “УИХ-д сууж байсан нөхдүүд суудлаасаа буугаад шоронд орж байхад С.Жавхлан тайзан дээрээ ирж байна. Хамгийн гол асуудал энэ л байхгүй юу” хэмээн аархсан байдаг.
2020 оны УИХ-ын сонгуульд МАХН, Иргэний зориг нам, Монголын ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам хамтран “Та бидний эвсэл” байгуулан оролцсон. Тус эвслээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн. Улмаар сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийн үеэр тайзан дээр төрийн дууллыг даган уйлах шахам зогссон нь сонгогчиддоо өрөвдүүлэхээс илүү шүүмжлүүлсэн үйлдэл болсон. Харин хэдхэн цагийн дараа өөрийн цахим хуудастаа бороотой уралдан гүйж буй бичлэгээ байршуулсан нь өөрийгөө ихэд “өхөөрдүүлсэн”.
Тэрбээр “Сонгуулийн сурталчилгаагаар явж байна. Бороо ороод гадаа сайхан байна. Машин руу гүйж байна” хэмээн гүйх зуураа инээсэн нь сонгогчдоо хөгжөөсөн үйлдэл болсон юм. “Та бидний эвсэл”-ийн зүгээс түүнийг Монголын банк санхүүгийн систем, эдийн засагт асар их зүйл хийсэн, төрд байх ёстой чадварлаг боловсон хүчин хэмээн мянга “шидсэн” ч С.Батшугарын хувьд уйлсан, инээсэн, бороотой уралдаж гүйсэн үйлдлээрээ “Нялх Хунтайж” хочтой байсаар ялагдал хүлээсэн билээ.
Хөл, гар, амаараа зурах авьяас билэгтэй, жагсаал цуглаан алгасдаггүйгээрээ олонд “Өүлэн эх” гэж танигдсан зураач Л.Өнөрчимэг өнгөрсөн сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Хэдийгээр ялалт байгуулах магадлал нь 0.0001 хувьтай байсан ч тэр шантраагүй. Тэрбээр мотоциклчин залуустай сонгуулийн сурталчилгаагаа хийж, энэ үеэрээ “Ясли, цэцэрлэгийн андуудаа, гал хамуудаа, найзуудаа намайг дэмжээрэй” хэмээн орилж явсан нь “шилдэг” сурталчилгаагаар шалгарсан билээ.
Тэр нийт 300 санал авсан бөгөөд энэ бол түүний ясли, цэцэрлэгийн андуудын санал гэж олон нийт таамагладаг. Тэр хэдийгээр гишүүн болж чадаагүй ч нэр дэвшигчид дундаас хамгийн “ядуу” нь, сонгуулийн сурталчилгааны үеэр хамгийн их лайв хийсэн, мөн хамгийн олон газар “амьдарсан”, хамгийн олон найзтайгаар тодорсон юм.
Коронавирусийн цар тахлыг дотооддоо алдсанаас шалтгаалан УИХ-ын чуулган цахим хэлбэрт шилжсэн. Улмаар УИХ-ын гишүүд гэр гэрээсээ цахимаар хуралдаанд оролцож, 2021 оны улсын төсвийг хэлэлцэн баталсан билээ. Улсын төсвийг батлах арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн цахим хуралдаанд УИХ-ын гишүүн, “Сахал” хочит Ж.Бат-Эрдэнэ “бандааш”-тайгаа оролцож, “бандааш”-аа гайхуулах гэсэн аятай байн байн босож яваад байсан нь төсөв батлах үйл явцыг цэнхэр дэлгэцээрээ маш анхааралтай үзэж байсан ард түмний нүдэнд тод өртөж, дургүйцлийг нь ихэд хүргэсэн.
Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэхүү ёс зүйгүй үйлдэлдээ ард түмнээс уучлал гуйх бус эсрэгээрээ “Уг нь ёс зүйгээ бодоод зангиа хүртэл зүүсэн юм сан”, “Гонжоомтой, жомбоолтой биш. Харин ч түмнээ хүндэлж зангиа хүртэл зүүсэн шүү. Хаха” хэмээн өөрийн цахим хаягаараа жиргэсэн нь олон нийтийн дургүйцлийг бүр ч ихээр хүргэсэн билээ.
Ер нь 2020 он Ж.Бат-Эрдэнийн хувьд “Гэр бүлээс гадуур хүүхэн эргүүлэгч”, “Бандааштайгаа төсөв батлагч” хэмээн цахим орчинд “нүдүүлсэн” хүндхэн жил байлаа. Ирэх онд тэр илүү ухаалаг төрийн түшээ болж хүмүүжээсэй гэж найдах л үлдэж байна.
УИХ-ын цахим чуулганы үеэр Ж.Бат-Эрдэнийн “бандааш”-наас дутуугүй сенсаци тарьсан гишүүн бол Ц.Мөнхцэцэг. Тэрбээр цахим чуулганд оролцож байх үедээ камерийнхаа өмнө зургаа үлдээгээд өөрөө босоод явчихсан нь “баригдсан”. Хэдийгээр УИХ-ын чуулган цахим хэлбэрээр явж байгаа боловч улсын чухал асуудлуудыг хэлэлцэх, хууль батлах үйл явц хэвийн явагдаж байгаа. Тиймээс итгэл хүлээлгэж сонгосон Сүхбаатар дүүргийнхнээ төлөөлөн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, идэвхитэй оролцох байтал өөрийнхөө оронд зургаа үлдээсэн эл үйлдэл нь олон нийтийг бухимдуулсан юм. Улмаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэхүү үйлдлээрээ “Сүнс” хочтой болсон билээ.
Тэрбээр “сүнс”-ний үзүүлбэрийнхээ тухай олон нийтэд “Бага насны хүүхдүүд маань чуулганы үеэр үймүүлэх, саад болох асуудал багагүй гардаг. Иймд түр ахуйн ажлаа зохицуулаад, эргэж хуралдаа суусан”, “Ер нь гэрээс онлайн хурал хийхэд хүүхэд, гэрийнхэн үймүүлэх явдал бишгүй байх юм. Тиймээс гишүүд үг хэлээгүй үедээ виртуаль зураг, цээж зургаа тавих, эсвэл камераа хаах зэргээр бүтэн өдрийн чуулгандаа оролцож байгаа шүү” хэмээн тайлбарласан байдаг.
Одоогийн хотын дарга Д.Сумъяабазар орон нутгийн сонгуулийн өмнө буюу есдүгээр сарын 1-нд шинэ хотын даргын асуудал яригдаж эхлэх үед “Яг хатуу хэлье, би хотын дарга болохгүй. Би бол олдсон нүх болгонд шургалдаг оготно биш ээ” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл 53 хоногийн дараа буюу аравдугаар сарын 23-нд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдож, батламжаа гардан авсан байдаг. Чухамдаа тэр өөрийнхөө үгээр бол “хотын дарга” гэх нүхэнд шургалсан “хулгана” болсон юм.
Түүнчлэн өөрийг нь хотын даргаар томилох эсэхийг хэлэлцэж байх үед тэрбээр “Яг үнэндээ би хотын дарга болсноор дээшээ явах гэж байна уу, доошоо явах гэж байна уу гэдгээ ч мэдэхгүй байна. Амар хялбарыг нь бодсон бол УИХ-ын гишүүн байсан нь дээр ээ” хэмээн хэлсэнд нь олон нийт чимээгүй өнгөрөөгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, хотын дарга болж буйгаа албан тушаал уруудаж байгаа мэтээр харьцуулж ярьсан нь, УИХ-ын гишүүний ажлыг хялбар хэмээн дүгнэсэн нь ард түмэнд төдийлөн таалагдаагүй юм. Эцэст нь, Д.Сумъяабазар ч хотын дарга болоод сар болов уу, үгүй юү “Би нойр хоолгүй олон хүн удирдаж байна. Ядарч байна” хэмээн уцаарласан нь “УИХ-ын гишүүнээрээ үлдэхгүй яав даа” гэж харамсаж буй шинжтэй байсныг олон нийт гадарласан биз ээ.
“КОВИД-19” цар тахлын хямралд хамгийн хүчтэй өртөж байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, хогны төлбөрийг тэглээд буй. “Үнэгүйд нугасгүй” зарчмаар эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, “тог тасрах” асуудал байнгын үзэгдэл болоод буй. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 25-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг салбарын сайд Н.Тавинбэх танилцуулсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана аа” гэчихсэн арын өрөөнийхөө нэмэлт халаагуурыг салгасан байсан. Нэлээд хүйтэн, жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна лээ гэх мэтчилэн бид бүгд эрчим хүчээ гамнах шаардлагатай байна” хэмээн Ерөнхий сайдад илтэд тал зассан нь олон нийтэд таалагдаагүй, түүнд “нялдага” хоч өгөөд буй. Эрчим хүчээ гамнахыг уриалах гэсэн санаа нь зөв. Гэхдээ ийм “долоолт” байдлаар уриалах нь өөрийг нь ч “онигоо” болгоод, тал засуулсан Ерөнхий сайдыг ч эвгүй байдалд оруулсан үйлдэл болсон юм. Өнөө “Будаач будаач гээд сахлаа будав” гэгч л болсон. Нөгөөтэйгүүр МАН-ынхан өөрсдөө тооцоо судалгаа багатайгаар цахилгаан, дулаан тэглэх шийдвэр гаргачихаад одоо болсон хойно “Жиндүүхэн өрөөнд суу” гэх байдлаар хэмнэлтэд уриалах нь зохимжгүй харагдсаныг нуух юун.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсад коронавирусийн анхны зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн бүтэн 10 сарын турш өдөр бүр 11:00 цагаас олон нийтэд “коронавирусийн мэдээ” танилцуулсан. Аажимдаа үс нь илт бууралдаж, яриа нь улам л “будлиу” болж эхэлснийг олон нийт анзаарч байсан. “Дарин дээр давс” гэгчээр коронавирусийн халдвар дотоодод илэрсэнтэй холбоотойгоор шинэ голомт хаана, хэзээ илэрснийг ЭМЯ, ХӨСҮТ нуусан, нуугаагүй тухай маргаан өдөр бүр гарах болсон. Уг асуудалд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 11:00 цагийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр Д.Нямхүү түгдчин байж “Шоглож хэлэх юм бол бид нарыг шуугилдаад уймарч байхыг хараад тэд нар бас хоорондоо цуглачихсан ярьж байгаа.
“Эд нар баларсан. Хоорондоо бүр хэрэлдэж байна шүү. Бие биенээ хардаад эхэлсэн цаадуул чинь. Одоо ингээд уймраад ирэхэд нь...” гээд бидэн шиг цугларчихсан юм ярьж байгаа. Нээрээ. Тийм учраас дийлдэхгүй байна” хэмээн тайлбар хийсэн. Олон нийтийн зарим хэсэг нь түүнийг “Зөв жишээ татаж байна” хэмээн хүлээж авсан бол, үлдсэн хэсэг нь “Түүнийг амраах хэрэгтэй. Хэт ядаргаанд ороод вирустэй яриад эхэллээ” хэмээн зовинонгуй хүлээж авсан юм. Жишээ ч байлаа, зүйрлэл ч байлаа Д.Нямхүү бол коронавирустэй ярилцсан Монголын анхны, магадгүй дэлхийн анхны хүн болсон билээ.
2020 оны хөгжилтэй 10 үйл явдал |
|
2025-03-18 10:34:57
2025-03-18 10:06:45
2025-03-18 09:41:44
2025-03-18 08:47:47
2025-03-18 07:00:46
2025-03-18 07:00:38
2025-03-18 07:00:23
2025-03-18 07:00:17
2025-03-18 07:00:16
2025-03-18 07:00:02
2025-03-17 17:55:24
2025-03-17 17:43:21
2025-03-17 17:43:03
2025-03-17 12:54:33
2025-03-17 12:25:09
2025-03-17 12:15:18
2025-03-17 12:09:08
2025-03-17 11:26:17
2025-03-17 11:25:39
2025-03-17 11:16:33
2025-03-17 11:13:30
2025-03-17 10:27:21
2025-03-17 09:32:19
2025-03-17 09:15:25
2025-03-17 07:39:20
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |