• Өнөөдөр 2025-02-05

Модон жорлон, монгол гэртэй монгол аялал хоцрогдоод байна

2023-07-19,   1701

    Найр, наадмын улирал эхэлдэг зуны дэлгэр цагт монголчууд улс даяараа амарч, хөдөө, гадаа  аялал зугаалгаар их явдаг болжээ.  Энэ жилийн наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос 45-60 мянган авто машин орон нутгийг чиглэн гарчээ. Улаанбаатар хотоос орон нутгийг зорих жуулчдын тоо өмнөх жилүүдээс 15-30 хувийн өсөлттэй байгаа гэнэ. Дотоодын 880 мянган жуулчид Монгол орноор аялаж байна.

Байгалийн аялал гэдэг зүйлийг сүүлийн жилүүдэд иргэд төрийн ямар ч оролцоо, шахалт шаардлагагүйгээр  бий болгочихоод байна. Иргэд аялаж, зугаалах болсон нь буруу зүйл биш. Харин тэднийг зөв зохистой аялах нөхцөл, боломж, чиглэл маршрутыг Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас гарган өгч, очих амрах газрынх нь орчин нөхцөл, хогийн цэг, ариун цэврийн газрыг бүрдүүлэн өгөх хэрэгтэй байгаа юм. Гадны улс орнууд  авто замын дагуу 100 км тутамд дэлгүүр, буурчийн газар, боловсон ариун цэврийн өрөө, хогийн цэг, хөнгөн хоол, зуушны мухлаг, авто засварын газар, сүүдрэвч, сандал ширээ, амрах цэг, шатахуун түгээх станцыг байгуулсан байдаг. Тэр битгий хэл амрагчдын очиж буудлах цэгүүдийг тодорхой заан өгч, зам, зогсоолыг  тохижуулан, цэвэр ус, цахилгаан авах, хог хаягдлыг хаях цэгийг бий болгосон байдаг.

Харин манай аялагчид өөрсдийн машинаар дуртай газраараа зам гарган давхина. Хүссэн газраа хоноглож, дуртай газраа хогоо хаяж, бие засна. Түүнд хяналт тавьдаг газар байхгүй. Дараагийн аялагчид тэр газрыг нь нэмэж бохирдуулаад явна. Ингээд тэр газар нь хур хог, ялгадас бохироор дүүрнэ. Гадаадын аялагчдыг тэр бохирдсон газар нь авч очихоор нүүр хийх газаргүй болтлоо “ичиж үхэх” шахна. Малчин монголчууд нүүдэл хийхдээ, гэрийн буйраа цэвэрлээд нүүдэг байсан бичигдээгүй соёл, уламжлал өнөө үеийн бидэнд мартагджээ.

Дотоодын аялал жуулчлал бүрэн дампуурч, байгаль орчин сүйрч мэдэх аюултай бид тулгараад байгаа. Буруутан нь мэдээж БОАЖЯ болон дотоодын аялагчид. Гэхдээ дотоодын аялагчдыг хязгаарлаж, нууранд оруулахгүй, нуурын хясаа түүлгэхгүй, загас бариулахгүй, хог хаяуулахгүй хориглох нь тийм ч оновчтой шийдэл, зөв гарц биш. Хүн явж байгаа газар, хог хаягдал гарна. Харин хог хаягдлын цэгийг нь тодорхой болгож, түүнийг нь ачиж, ангилан ялгадаг цэвэрлэдэг байгууллага 21 аймаг, 336 сумдад бий болгох хэрэгцээ шаардлага урган гарч байна. Ухаалаг сүйхээтэй хүнд хог гээд байгаа зүйл, тэр чигтээ мөнгө шүү дээ. Цаас, гялгар уут, шил, хөнгөн цагаан сав, хоолны үлдэгдэл гардаг. Хоолны үлдэлийг био  бордоо болгох  боломж бий. Бүх хогийг ялгаж, ангилаад шахаж преслээд хот руу ачуулчих, санаачилгатай, сийрэг толгойтой БОАЖЯ-ны сайд, аймаг, сумын Засаг дарга нар гэж байхгүй байна. Нутгийн иргэд аялагчдын хогийг цэвэрлэж, цуглуулаад хогийн цэгт хаяна.Тэр хогийг нь нохой, шувуу задалж, салхинд хийсгэх нөхцөлийг бий болгодог. Түүнээс нь болоод монгол орон даяар нэг хог хийсээд байгаа юм.

Дотоодын аялагчдын очдог газруудад боловсон ариун цэврийн газар, био “ОО” байхгүйгээс иргэд дуртай газраа хүндэрч, “ОО”-ийн цаасны хог болон ялгадасыг бий болгож байгаа билээ. Энэ бүхнийг ил модон жорлонгоор шийдэж байгаа нь үнэхээр оновчгүй арга. Хөрс, гүний усны ундаргыг бохирдуулж, цэвэр агаарыг шивтэр, шээсний өмхий үнэр, хортон шавьж, нян, бактер үржүүлэн бохирдуулах үндэс болдог. Төр засгийн бодлого, төлөвлөлт, зохицуулалтгүй байдлаас болж байгаль сүйрч дуусах шинжтэй. Сэтгэлгүй хүмүүсийн хийсэн ажил нь салхинд  хийсэн шавар, шавхайтай холилдож, бодлогогүй шийдвэр нь бороонд урсаж байна. Үерийн уснаас үлдэж буй зүйл нь бөөн хог. Бохир нян, бактертай шавар л байгаа.

Орчин үед дэлхий дахины хөгжлийн ерөнхий чиг хандлага нь зохистой хэрэглээ бүхий байгаль орчин, нийгэм, соёлд ээлтэй ухаалаг соёлтой аялал, жуулчлалыг өөр өөрсдийн улс орны өвөрмөц онцлог шинж төрх, нөөц баялагаа хадгалах замаар хөгжүүлэх шинжтэй болж байх юм. Гэтэл манай улсын аялал , жуулчлал, тэр тусмаа дотоодын аялал жуулчлал ямар ч хайхрах эзэнгүй, хариуцсан яамны бодлогогүй “Урсгалаараа” хөвж явна.

Аялал жуулчлалыг зөв оновчтой бодлого, төлөвлөлт, зохицуулалтаар удирдан хөгжүүлэхгүй бол, энэ нь тухайн улс орны байгаль экологи, нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд нилээдгүй сөрөг үр дагавар авч ирдэг болохыг аялал жуулчлалын хөгжлийн дэлхий дахины түүхэн сургамж бэлхнээ  харуулна. Экологийн эмзэг орчинтой, байгалийн нөхөн сэргэх чадвар сул Монгол орны тухайд аялал жуулчлалын ихээхэн оновчтой бодлого, төлөвлөлт, зохицуулалтыг хийх шаардлага зүй ёсоор дэвшигдэж байгаа билээ. Бодлого зохицуулалтын гол нь байгаль экологид хор уршиг багатай, бэлчээрийн мал аж ахуй, үндэсний оршин тогтнолд эерэг нөлөөтэй, эдийн засгийн өндөр үр ашигтай аялал жуулчлалын төрөл чиглэл, арга технологийг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Манай хөрш Хятад Улс дотоодын аялал, жуулчлалд ихээхэн анхаарч,  төлөвлөлт, төлөвлөгөөтэй алсыг харсан, оновчтой зөв шийдлээр хөгжүүлж байна. Иргэд нь манай дотоодын аялагчид шиг хувийн машинаар биш, зардал чирэгдэл багатай, үнэ ханш бага, тав тухтай байдлыг нь харгалзан үзэж, нийтийн тээврийн орон нутгийн онгоц, цахилгаан болон хурдны галт тэргийг сонгон үйлчлүүлдэг. Тэдний аяллын маршрут чиглэл, үзэж харах, сонирхох зүйл, буух буудал, идэх хоол нь хүртэл тодорхой төлөвлөгдсөн байх юм. Аялагчдын бүртгэл маш нарийн эмх, цэгцтэй байдаг. Иргэд нь нийтийн тээвэр, онгоц, гал тэргэнд явахдаа хог хаягдлаа уут саванд хийгээд үйлчлэгчид өгнө. Галт тэрэг томоохон хотын буудалд зогсох үед нь хог ачих машин ирээд ууттай хогийг ачна. Ил задгай хог гэж нэгээхэн ч байхгүй. Тамхины иш, нус цэрээ ил хаядаг хүн алга.

Хятадын цахилгаан галт тэрэг дуу, чимээгүй шахам байдаг. Төмөр зам нь авто машины замтай огтлолцож, түгжрэл үүсгэхгүй. Манайх шиг төмөр замын гарц гэж байдаггүй. Төмөр замаа давуулаад гүүр барьчихсан байх юм. Уулыг нүхлээд гарц хийсэн байгаа нь цаг хугацаа, зардал, чирэгдлийг багасгасан зөв шийдэл болжээ. Гэтэл манай Орос ах нарын тавьж өгсөн 1949 оны өргөн царигтай төмөр зам яг л тэр анх тавьсан хуучин хэвээрээ л байна. Харин Оросууд өөрсдөө цахилгаан галт тэрэгтэй болчихсон байгаа. Монголд, АНУ-ын Мянганы сорилтын сангаас хөрөнгө гаргаж хос цахилгаан зам тавих санал тавьсан. Гэтэл Орос ах нар 1949 оны Монгол, Оросын төмөр замыг хамтран хөгжүүлж, ашиглах гэрээг зөрчсөн асуудал хөндөгдөнө гээд зөвшөөрөөгүй.

Монгол Улс хөгжих нь Оросод ашиггүй болохоор их гүрний дээрэнгүй үзлээр бидний хөгжих замд тээг болсон билээ. Нарийн царигтай замаар Хятадтай холбогдох гэхээр “Хятадууд танк оруулаад ирнэ” гээд таг болгосон. Метротой болох гэхээр рейлбустай болсон нь дээр гээд унагасан. Усан цахилгаан станцтай болох гэхэд мөн л дургүйцэж Байгаль нуур бохирдоно гээд хориглосон. Оросыг дэмжигч УИХ-ын гишүүд харин үүнд нь баясан, баярлаж “алга ташсан” билээ. Оросыг дагалгүй бие даан хөгжсөн Хятад, Хойд Солонгос хоёр өнөөдөр Монголоос хүчирхэг улс болон хөгжсөн байх юм. Харин бид Орос ах нартаа үнэн ч хэвээр “Үнсэнд хаягдсан шалз” шиг хоцрогдож хаягдсан.

Монголын хамгийн үзэсгэлэнтэй байгалийн нөөц баялагтай Зүүн гар, Алтай, Саян, Шишгэд Их, Бага, Дунд Шивэрт, Байгаль нуур, Монгол Дагуур, Агнуурын тэнгисийг Орос ах нар булаагаад авчихсан. Тус бүс нутаг Оросын аялал, жуулчлалын гол төвүүд болсон байгаа билээ. Харин хятадууд Өвөрмонголын мал сүргийг бэлчих, бэлчээргүй болгож, хятад иргэдийнхээ  ая тухтай аялах бүх боломж нөхцөлийг бүрдүүлчихсэн байна. Хятадуудын нэг онцлог нь аялагчдыг гадаад, дотоодын аялагчид гэж ялгаа, заагтайгаар авч үзэхгүй юм. Нэг л ижил үйлчилгээ үзүүлнэ. Нэг л ижил шаардлага, хариуцлага шаардана. Гэтэл бид 1950-1960-аад оны үеийн хоцрогдсон утаа гаргадаг гал тэргэндээ иргэдээ чихээд аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярилтгүй. Модон жорлон, монгол гэртэй монгол аялал хоцрогдоод байна.

 

 

 

    

 


Модон жорлон, монгол гэртэй монгол аялал хоцрогдоод байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-19 12:14:06
    zochin: Отгонбаатар сэтгүүлч маш чухал асуудлыг хөндсөн байна. Үйлийн үргүй үнэнг нүүр улайтал бичсэн байна. Гадаадад хамт сурч байсан 3 найз минь сая наадмаар миний урилгаар монголд анх удаа ирцгээлээ, гэтэл манай шинэ байгуулагдсан Чингис хааны музей англи хэлтэй тайлбарлагч байхгүй, үзмэрүүдийн дор зөвхөн монгол бичээстэй байна. Занабазарын музейд очиж Марзан Шаравын Үрс гарч байна гэсэн зургийг үзүүллээ, гэтэл гаргаж тавьсан судалгаанууд дээр энэ зураг яг хэдэн онд зурагдсан гэдэг баримт нэг ч алга байх жишээтэй. Монголд гадны жуулчид ирээд үзэх, харах юм ховор байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188