• Өнөөдөр 2024-05-20

“АЛТАЙ” зочид буудалд тусгаарлагдаж байсан 29 хүнээс халдвар илэрснийг ЭМЯ нууж байна

2020-12-09,   29082

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр коронавирусийн тархалтын мэдээлэл хийхдээ "Улаанбаатар хотод 32 тохиолдол илэрсэн. Батлагдсан тохиолдлын 29 нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан болон тэдний гэр бүлийн хүмүүсээс илэрсэн” хэмээн ерөнхий мэдээлэл өгсөн. Гэтэл батлагдсан 29 тохиолдол нь Баянгол дүүргийн Хорооллын эцэст байрлах “Алтай” зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэдээс халдвар илэрсэн гэх мэдээлэл манай сайтад ирлээ. Тус зочид буудлаас халдвар авсан гэх иргэний яриаг хүргэе.  

-Юу болсон талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Арваннэгдүгээр сарын 10-нд ажилдаа явж ирээд 11-ний өглөө 05:00 цагт хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсныг мэдсэн. Энэ талаар ажлаас утасдаж хэлсэн. Тэр өдрөөс хойш гэрээсээ нэг ч удаа гараагүй, дэлгүүр ч ороогүй. Гэтэл арваннэгдүгээр сарын 17,18-нд манай том охины ангийн хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн гээд ангийнхнаас нь шинжилгээ авна гэж байна гэсэн. Тэгээд охиноо очоод шинжилгээ өгчих гэж хэлсэн. Гэтэл 22-нд гэнэт хаалга тогшоод дөрөв, таван хүн орж ирээд манай гэр бүлийн бүх хүнээс шинжилгээ аваад, тусгаарлалтад авна гэж хэлсэн. Би бага насны дөрвөн хүүхэдтэй. Дээрээс нь хөдөөнөөс хоёр хүн ирчихсэн байсан. Гэтэл тусгаарлалтад авна гэсэн хүмүүс “Хурдал" гэж уцаарлаад, биднийг загнаж байгаад авч явсан. Гэнэт тусгаарлана гэхээр чинь хүн шоконд орчихдог юм байна. Юу авч явахаа ч мэдэхгүй. Нялх хүүхдийнхээ хэдэн хувцсыг аваад тусгаарлалтын байранд очсон. 

-Хаана тусгаарлалтад очсон бэ?

-Хорооллын эцэст Алтай зочид буудалд очсон. Гэтэл тэр өрөө нь ямар ч цэвэрлэгээ хийгдээгүй. Өмнө нь байсан хүний үс, хог хэвээрээ байсан. Нялх хүүхэдтэй юм чинь гээд өөрсдөө цэвэрлээд орсон. Аяга угаах, гар угаах угаалтуур ч байхгүй. Ариун цэврийн өрөөний шүршүүрээс нь ус гарахгүй, ийм байдалтай 14 хоносон. 

-Та нараас хэдэн удаа шинжилгээ авсан бэ?

-Арваннэгдүгээр сарын 22-нд шинжилгээ авсан. Мөн тав хоногийн дараа буюу 27-нд шинжилгээ авсан. Тэр шинжилгээгээр халдвар илрээгүй. Арванхоёрдугаар сарын 4-нд шинжилгээ авсан. Бас л сөрөг гарсан. Тэгээд 6-нд танай буудлын 51 хүнээс яаралтайгаар шинжилгээ авахаар боллоо гэж хэлсэн.  Ингээд арванхоёрдугаар сарын 7-ны өглөө 15 хоноод гарах гэж байсан. Гэтэл 7-ны өдөр халдвартаас залгаад, өрхийн эмнэлгээс ч залгаад, дүүргээс залгаад байсан. За гарах болохоор ингэж шалгадаг юм байлгүй гэж бодож байсан чинь танай нэг хүүхдээс бусад хүнд халдвар илэрлээ гэж хэлсэн. Би үнэхээр гомдолтой байна. 27 хоногийн дараа тэр зочид буудлаас халдвар авчихлаа

-Та нарыг Халдвартын эмнэлэгт хэзээ авчирсан бэ?

-Халдвар илэрлээ гээд л буудалд байсан хүмүүсийг гаднаас нь цоожилчихсон. Бид нялх хүүхэдтэй, памперсгүй, оо-ын цаас ч үгүй, хоол унд ч үгүй орой хүртэл хүлээсэн. Тэсэхээ байгаад "Ядаж хүүхдүүдэд хоол өгөөч" гэсэн. Гэтэл "Хоол өгөх боломжгүй, Та нарыг Халдвартын эмнэлгээс ирж авна" гэсэн. Орой хүмүүсийн хөл татрахаар арваад машин ирээд хайрцаглаж зогсож байгаад халдвар илэрсэн 29 хүнийг аваад явсан. 

-Эрүүл мэндийн яамнаас "Алтай" зочид буудлаас халдвар илэрсэн гэж мэдээлэл хийгээгүй. Ерөнхий л мэдээлэл өгч байсан?

-Тэр мэдээгээр "Алтай" зочид буудлаас илэрсэн гэж ерөөсөө цацаагүй. Бүр Баянзүрх дүүргээс тэд, Сүхбаатар дүүргээс тэд илэрлээ гэж хуваагаад 11 цагийн мэдээгээр ярьж байгаа юм. Би гадуур явж байгаад өөрийнхөө хариуцлагагүйгээсээ болоод халдвар авчихсан бол миний буруу. Гэтэл би нэг ч удаа гэрээсээ гараагүй байсан. Дээрээс нь тусгаарлалтын өрөөнд байсан гэр бүлийн бүх хүн халдвар авчихлаа.  Манай хүүхдүүд эдгээд гарлаа гэхэд цаашид ямар өвчинтэй болохыг мэдэхгүй. Насаараа энэ эмчилгээг хийлгэхийг үгүйсгэхгүй. Гэр бүлээрээ ийм болчихоод байхад хэн хариуцлага хүлээх юм бэ. Үнэхээр гомдолтой байна. 

-Халдвартын эмнэлэгт ирснээс хойш ямар эмчилгээ хийж байна. Нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Өчигдөр орой есөн цагт Халдвартын эмнэлэгт ирж байхад өнөөдөр л эм оруулж ирж өгч байна. Хаа хаанаа хариуцлагагүй байна. Гэр оронд хэн ч байхгүй. Биднийг байхгүй хойгуур гэр оронд ямар нэгэн юм гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Үнэхээр асуудалтай байна. Би үнэхээр бухимдаж байна. Рентгений зураг авахуулах гээд гарахдаа коридорт зочид буудлаас халдвар авсан хүмүүстэй таарсан. Тэд үнэхээр гомдолтой байна гэдгээ хэлж байна лээ.  Хэлдэг газар нь хэлмээр байна гэж яриад өрөө өрөө рүүгээ хөөгдөөд орлоо. 

-"Алтай" зочид буудалд байхад та нарт ямар нэгэн шинж тэмдэг илэрч байсан уу?

-"Алтай" зочид буудалд байхад ямар ч шинж тэмдэг илрээгүй. Манай оюутан охин болон бусад хүнд ханиалгасан болон халуурсан шинж тэмдэг юу ч илрээгүй. Арван хэд хоноход илэрвэл илэрнэ шүү дээ. Тэр оюутан охинтой манай охиныг нэг ангид суусан гэдгээр нь манайхныг гэр бүлээр нь аваачиж хорьсон. Гэтэл тэр анх халдвар авсан гэгдэх оюутан охины нөхрөөс нь одоо болтол илрээгүй байна.

-Та "Алтай" зочид буудлаас халдвар авсан л гэж үзэж байна уу?

-Өөр боломж байхгүй. Шинжилгээ авч байгаа хүмүүс нь нэг хүнээс шинжилгээ авчихаад хувцсаа сольж байгаа юм байхгүй. Зочид буудлынхаа үүднээс эхлүүлэхдээ нэг л хувцастайгаа шинжилгээ авч байгаа юм. Тэр хүний хувцас дээр вирус үсэрчихсэн эсвэл хамгаалалтын маск дээр нь вирус наалдчихсан  бол халдварлах боломжтой гээд байгаа.

Том савтай хоол авчраад өрөө, өрөөний үүдэнд аягалж өгч байгаа юм. Миний өрөөний үүдэн дээр ирээд бээлийгээ ч солихгүй байгаа юм. Тэр бээлийгээрээ шанагаа бариад хоолоо аягалж байгаа юм. Тэр бээлийгээр нь дамжвал яах вэ. Манай өрөө хамгийн сүүлд байсан. Би 14 хоног дандаа хүйтэн хоол идсэн. Хоол гэхэд ч хэцүү. Зарим хүн гаднаас эргэлт аваад буудлаас өгсөн хоолыг нь идээгүй гэж байна. Гэтэл бидэнд тийм боломж байхгүй. Гаднаас эргэлт авах боломжгүй. Тэр хоол өгч байгаа хүмүүс, шинжилгээ авч байгаа хүмүүсээс л халдвар тархсан байх магадлалтай. Нэг дор 27 хүн илэрнэ гэдэг чинь дотроо тархсан байна гэсэн үг. 

        Хамгийн хариуцлагагүй нь өөрсдөө тусгаарлалтад аваачиж өгчихөөд "Та нарыг тусгаарлах гэж байна. Гэртээ байна уу" гэж халдварт, дүүрэг, өрхөөс ярьж байгаа юм. Бидэнд тохиолдсон ийм зүйл өөр хүнд битгий тохиолдоосой гэсэндээ танай сайтад хандаж байна. Би эндээс гараад дахиад буудлын тусгаарлалтад очмооргүй байна. Би дахиад халдвар авах эрсдэлтэй. Би гэртээ гармаар байна.  Манай гэрийн гаднаас түгжиж хамгаалсан ч болно. Би гэртээ цоожлогдоод тусгаарлагдмаар байна. 

Би гадуур явж байгаад өөрийнхөө хариуцлагагүйгээсээ болоод халдвар авчихсан бол миний буруу. Гэтэл би нэг ч удаа гэрээсээ гараагүй байсан. Дээрээс нь тусгаарлалтын өрөөнд байсан гэр бүлийн бүх хүн бүгд халдвар авчихлаа


“АЛТАЙ” зочид буудалд тусгаарлагдаж байсан 29 хүнээс халдвар илэрснийг ЭМЯ нууж байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188