• Өнөөдөр 2024-05-01

АМЬДРАЛААС ҮНЭТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЭЗЭН Ц.ХИШИГБУЯН ЭМЧ

2024-03-08,   3418

     Их тайгын цасан дундуур залуудаа хоёр, гурав хоног зүтгэсээр өвчтөнийхөө биеийн байдлыг үзэж, шаардлагатай эм, тариаг нь хийгээд, эмчилчихээд буцаад л араатан амьтан улилдаж, нүүр нүдгүй балбах цасан шуургатай хөвчөөр морьтой шогшуулж, алдрай бяцхан үрсээ зорьдог байсан Ц.Хишигбуян эмч өдгөө Ханх сумандаа аж төрөн сууна. Энэ хүний тухай нутгийнхан нь ам сайтай байх бөгөөд “Манай эмч бол ач буян нь есөн зүгтээ дэлгэрсэн хүн” хэмээн ярьцгаах аж. Мөн нутгийнхан нь одоо хүртэл хүүхдээ ханиад томуу хүрэхэд эмнэлэгт хандахаасаа өмнө тэтгэвэртээ гараад 30 гаруй жилийг үдэж буй Ц.Хишигбуян эмчийг зорьдог гэнэ. Тиймээс бид цан хүүрэг татаж, сарлаг дошсон уулсын бэл, далайн хөвөөнд орших Ханх сумыг зорин ирж, энэ эрхэм хүмүүнтэй уулзан суугаа нь энэ юм.

                Ц.Хишигбуян эмч өргөсөн тангарагтаа үнэнч байж, нутгийнхаа иргэдийн эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өөрийн амьдралд тохиох аз жаргалтай олон мөчийг золиослосон байна. Тухайлбал, түүнийг дуудлагаар яваад ирэхэд эр нөхөр нь эмчийн хүнд хэцүү ажлыг нь ойлголгүй хоёр хүүхдээ хүнд үлдээгээд, “Гэр орондоо тогтдоггүй ийм амьдрал гэж юу байдаг юм” гэсэн бичиг үлдээгээд хаяад явсан байжээ. Эр нөхөр, тулах багана нь орхин одсоноос хойш таван ханатай гэр нь цаанаа л нэг ханхай, хэчнээн гал өрдсөн ч халуун дулаан нь мэдрэгдэхээ больсон гэдэг. Ёстой л “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” хорвоогийн бор өдрүүдийг тэр сэтгэлийн гүн шархтай туулсан байна. Одоо ч түүний сэтгэлийн шарх бүрэн аниагүй ажээ. Мартахыг хүссэн тэр цаг хугацааг нь сануулах мэт том хүү нь тагш юм хүртэхээрээ “Таныг эмчийн ажил хийж, айл бүрээр хэсээгүй бол бид аавтайгаа элэг бүтэн амьдрах байлаа” хэмээдэг байна. Ц.Хишигбуян эмч “Намайг ажилдаа дуртай, өвчиндөө шаналан үхэлтэй тэмцэж байгаа хүнд чаддаг зүйлээрээ туслах чинхүү хүсэлтэй байсныг хүү минь хэзээ зөвөөр ойлгож, хөгшин ээжийгээ уучлах юм бүү мэд” хэмээн мэлмэрэн урсах нулимсаа арчин суулаа. 

                      Эмээгээ уйлахыг харсан ач охин нь “Миний эмээ битгий уйлаарай” гээд өвдгийг нь налан “Хоёулаа зочдоо буузаар дайлах уу” хэмээв. Бид цай ууж, Б.Хишигбуян эмч ачийнхаа хамт бууз жигнэхээр тэр хавиар түмпэн сав хангинуулж эхлэв. Цонхоор гадагш харахад нарийн хөх утаа тэнгэр өдөө савсаж, гэрт буузны уур бидний халуун дулаан яриатай сүлэлдэн байлаа.

Хүн үхэх гэж байхад зугталтай, нуугдалтай биш. Тэгж чадахгүй бол эмч гэж явах хэрэггүй.

 

Ц.ХИШИГБУЯН: ОДООГИЙНХ ШИГ ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖГҮЙ Ч ХҮНД ӨВЧТӨНИЙГ БОСГООД Л ИРДЭГ БАЙЛАА

Ц.Хишигбуян эмч үхрийн махтай бууз жигнэжээ. Хашаандаа тарьж ургуулсан хүнсний ногоогоор хачирлан таваглаж тавив. Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ гэдэг. Гэхдээ энэ эрхэм, эгэл хүмүүний гарын бууз амттай, өег байсныг нуух юун билээ. Бид цайлж дууслаа. Ярилцагч маань ч сайхан тайвшраад “Эгч нь зураг, хөрөг даруулахдаа ямар хувцас өмсөх вэ” хэмээхэд нь би “Морь унаад дуудлагад явдаг байсан гэлээ. Тухайн үед эмнэлгийн морь гэж байв уу, эсвэл хувийнхаа мориор явдаг байв уу” гэсэнд

              -Дуудлага янз бүрээр л ирнэ. Тухайн үед өнөөгийнх шиг хол, ойрын хүмүүсийг шууд холбодог утас гэж байсангүй. Сумын төвийнхөн бол явган ирж дуудлага өгнө. Харин холын дуудлагад морь хөтөлсөн хүн ирээд дагуулаад явна. Түүнээс биш эмнэлгийн морь гэж байгаагүй. Жилийн дөрвөн улирлын ихэнх өдрийг чагнуураа зүүгээд л айлаар явж өнгөрөөдөг байлаа. Хамгийн хэцүү нь өвлийн дуудлага байдаг. Битүү цан цохисон хөтөлгөө морьтой хүн ирээд л дагуулаад явна. Явахаас өөр аргагүй. Хүн үхэх гэж байхад зугталтай, нуугдалтай биш. Тэгж чадахгүй бол эмч гэж явах хэрэггүй.

-Занг нь мэдэхгүй морин дээр эмнэлгийн багаж, төхөөрөмжөө аваад явдаг байсан байх. Хамгийн  холдоо хэдэн километрийн зайтай дуудлагад явдаг байв. Уул, сархиа, цас ихтэй энэ нутагт мориор явна гэдэг тийм ч амар биш дэг ээ?

              -Шаардлагатай багаж, төхөөрөмжөө шуудайд хийж, мориндоо тохоод л явж өгнө дөө. Холын дуудлага тийм ч амар зүйл биш. Дах, дэгтий өмсөөд явж байгаа хэрнээ л даарна. Хол газар нь багадаа хоёр, гурав хонож байж зорьсон газраа хүрч, өвчтөндөө үйлчилнэ. Зам харгуй үнэхээр хэцүү. Одоо тэр үеэ төсөөлж, санахаар “Бараг сайн дураараа шахуу ямар ч эрсдэлтэй, хүнд хэцүү үеийг зоригтой, тэвчээртэй давж байсан юм бэ” гэж боддог. Ёстой л залуу насны эрч хүчээр даван туулсан байх. Бодоод үз л дээ морь, дах, дэгтий битүү цан цохино. Цас шуурч байхад мод, хад чулууны нөмөрт гал өрдөөд, цасны усаар цай чанаж ууна шүү дээ. Хүн ардынхаа төлөө яваа болохоор л ямар нэг эрсдэл гардаггүй байсан байх. Эрүүл саруул болоод гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах гэсэн хүний буян заяа түшдэг байсан болов уу, бас. Түүнээс биш, тэр хүнд замыг давна гэдэг бэрх дээ. Тухайн үед сумаас 20 гаруй километрийн зайд оршин суудаг иргэд морь чаргатай ирж авна. Тэр айлууд руу өглөө эрт гарахад нар уулын цаагуур унахтай зэрэгцээд л очдог байлаа.

-Сумын эмнэлэгт байг гэхэд сумын захиргаанд машин байсангүй юу?

              -Эмчийн үнэнч нөхөр нь морь л байлаа. Эмч болсноос 5-6 жилийн дараа хааяа трактор олддог болсон. Тэр үед бол бөөн баяр болно. Хурдан, дулаахан очоод өвчтөнөө үзээд, дорхноо буцаад ирнэ. Дараа нь нэгдлийн дарга “УАЗ-469” машинтай болж, намайг тэтгэвэртээ гарахаас 7-8 жилийн өмнө сумын эмнэлэг хувийн машинтай болж байлаа. 

              Дуудлагаар очсон айл хүн хүч муутайн улмаас зарим тохиолдолд намайг сумын төв буцаан хүргэж чаддаггүй байсан. Тэгээд л номхон морийг нь унаад сум руу хүүхдүүд рүүгээ явна. Нүүр нүдгүй цас шуурсан харанхуй шөнөөр явна. Надад хань болж байгаа зүйл маань морь. Цасан шуурганаар хаашаа явж байгаагаа мэдэхгүй мориндоо итгээд яваад л байдаг. Мэдээж эмэгтэй хүн болсон хойно айна. Тэр бүрд морь маань явсаар байгаад сумын төв рүү, эсвэл айлын гадаа намайг хүргээд ирдэг л байсан. Адуу гэдэг тийм л ухаантай амьтан. Харин машин бол эвдрэх л юм бол засвар үйлчилгээ хийхээс өөр арга байхгүй. Суугаад явж байхад дулаахан, хурдан нь сайхан ч морийг яаж гүйцэх вэ дээ. 

хэдэн хүүхэд минь өлсөж байгаа болов уу гэж бодохоор л зүрх зүсэгдэх шиг болдог байв

-Та  эмчийн мэргэжил эзэмшээд л Ханх сумандаа хуваарилагдаж байв уу?

              -Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байлаа. Цэцэрлэгт бусад нутгаас гойд их цас унана. Тэр үеийн дуудлага мөн ч хүнд байсан. Дуудлага өгөхөөр хөтөлгөө морьтой хүн ирнэ. Хэрэг болох зүйлсээ аваад хөтөлгөө морийг нь унаад явна даа. Их цастай болохоор зэрэгцээд явж болдоггүй. Тиймээс эхний морьтой хүн зам гаргаж, мөрөөр нь дагаад гэлдрээд л явна. Буугаад гал түлж, цай буцалгаж ууя гэхээр түлэх түлээ олдохгүй, цасанд дарагдчихсан байдаг байлаа. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл явсаар нар жаргахын үед айл таарвал орж хононо. Маргааш нь дахиад л цааш явна. Тэгж явсаар хоёр, гурав хоногийн дараа зорьсон газраа хүрнэ. Өвчтөнөө үзчихээд шууд буцаж бас болохгүй. Биеийн байдлыг нь харна, ажиглана. Шаардлагатай бол бие нь тэнхэртэл ихдээ хоёр, гурав хоног хүлээнэ шүү дээ. Тухайн үед дахиад дуудлага ирсэн болов уу, хэдэн хүүхэд минь өлсөж байгаа болов уу гэж бодохоор л зүрх зүсэгдэх шиг болдог байв.

-Дах, дэгтийг нь битүү цан цохичихдог байсан гэлээ. Их хүйтэрдэг байжээ?

              -Дах байгаагүй бол замынхаа талд орохгүй хөлдөөд үхэх байсан биз. Мэдээж даханд зөв хэрэглээ гэж бий. Залуу байхдаа дуудлагаар явж байгаад битүү цантай байхад нь айлд яваад орчихсон. Гэтэл удалгүй унинаас өлгөсөн дахны цан арилж, шалан дээр ус дусаад л байсан. Би юу мэдэх билээ. Шавхай болохоос нь өмнө гээд шалан дээр тогтсон усыг нь арчаад байв. Өглөө босоод өмсөх гэтэл хатаад хорчийгоод, хатуу болчихсон байлаа. Тэгээд хоносон айлаасаа дах өмсөөд буцаж байв. Битүү цан цохисон дахыг дулаан газарт шууд оруулалгүй, гадаа хэсэг өлгөөд үлдээчихээр цан нь салхинд буугаад арьс, үсээ норгож гэмтээдэггүй юм байна лээ.

              Би төрсөн нутаг Ханх сумандаа 1982 оноос ажиллаж эхэлсэн. Тухайн үед эмнэлгийн байгууламж хангамж, тоног төхөөрөмж гэх зүйл бараг л байхгүй. Чагнуур, хэдэн эм, тариа л байлаа. Түүгээрээ л хүмүүсээ эмчилнэ. Ямар ч байсан тухайн үед хэчнээн хүнд өвчтөн байсан ч босгоод л ирдэг байв.  

-Хамгийн хэцүү дуудлага тань хэзээ, ямар дуудлага байв. “Ингээд л үхдэг юм байх даа. Хэдэн хүүхдийнхээ царайг дахиж харахгүй нь” гэдэг айдас дагуулсан ч юм уу?

              -Яаралтай дуудлага бүхэн хэцүү. Би ихэвчлэн төрөхийн дуудлагад явна. Зарим нь төрчихөөд цус алдаад байна гэнэ. Даарч очоод л бээрсэн гараа угаагаад л нярайлсан эмэгтэйд үйлчилнэ гэдэг амар биш. Нэг намрын эхэн сард далайн захад амьдардаг айлаас “Биеийн байдал маш муу байна” гэсэн дуудлага ирлээ. Намаг, шавар шавхай их учраас далайн захаар морь, машинтай явна гэхээр цаг алдана. Тиймээс манай суманд ирээд байсан нэг геологич залууг гуйгаад модон салаар явж байлаа. Өвчтөнөө эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байсан болохоор салан дээр хэвтүүлж, өвдгөө дэрлүүлээд сумын төв рүү хөдөллөө. Замд салхи дэгдэж, далай хүчтэй давалгаалаад үнэхээр аймаар байсан. Бөөн ус орж ирээд л, аймшигтай. Тэр үед ёстой “Ингээд л үхдэг юм байх даа” гэж бодсон. Айдас гэдэг дээд цэгтээ тулахаар юм юм л бодогддог юм билээ. “Хүүхдүүд минь яана аа, хүн амьтан ад үзээд, шоглож өдөөд зүгээр байлгахгүй дээ. Бас намайг байхгүйд энэ хүмүүсийг хэн эмчлэх билээ” гээд янз янзын юм бодогдсон. Хэдэн хүүхдийн минь заяа түшээд бид амьд мэнд буух газраа буусан. Түүнээс хойш салаар өвчтөн авч явах зүрхгүй болсон. Тухайн үед сумын эмнэлэг цөөхөн ажилтантай, эмч нь сувилагч, цэвэрлэгчээ давхар хийдэг байсан цаг.

Нөмөрлөх хүн, тулах баганагүй хорвоог туулна гэдэг хэцүү юм билээ. Тэр үеийг эргэн санахыг ч хүсдэггүй

-Таныг дуудлагаар яваад ирэхэд хань нь хоёр хүүхдээ үлдээгээд салаад явсан байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

              -Тийм ээ, дуудлагаар яваад ирэхэд нөхөр маань “Гэр орондоо тогтдоггүй ийм амьдрал гэж юу байдаг юм” гэсэн бичиг үлдээгээд явсан байсан даа. Их тайгын жаварт даарч, хөрсөн бие гэртээ орсон даруйдаа сэтгэлээрээ жиндэж эхэлсэн. Нөхөр явахдаа хоёр хүүхдээ дотуур байранд үлдээсэн байлаа. Хоёр сайхан үрийг минь надад үлдээсэнд баярладаг. Эмчийн хүнд хүчир ажлыг минь ойлгохгүй яваад өгсөн. Нөмөрлөх хүн, тулах баганагүй хорвоог туулна гэдэг хэцүү юм билээ. Тэр үеийг эргэн санахыг ч хүсдэггүй. Одоо том хүү минь аяга тагш юм хүртэхээрээ “Таныг эмчийн ажил хийж, айл бүрээр хэсээгүй бол аавтайгаа элэг бүтэн амьдрах байлаа” гэж гомдоллодог. Эмчийн ажилдаа хэчнээн хайртай байсныг хүү минь хэзээ зөвөөр ойлгож намайг уучлах бол гэж боддог. Хань ижилгүй үед хэчнээн гал өрдөөд ч гэр дулаацдаггүй юм билээ. “Би чинь хүүхдүүдийнхээ ээж хүн шүү дээ” гэж бодоод л амьдралын төлөө зүтгэсэн дээ. Түүнээс амаргүй байсан. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” байсан тэр үеийг дурсаж ярьмааргүй байна аа, хүүхдүүд ээ. Нэгэнт эмч болчихоод “Нөхөр ойлгохгүй байна” гээд гараа хумхиад гэртээ суултай биш. Хайртай мэргэжлээрээ ажиллахыг минь болиулаагүйд нь бол баярладаг шүү.

              Бүсгүй хүн тэр дундаа эх хүн учраас нялх үрс, зохиосон амьдралаа хойш тавиад өргөсөн тангарагтаа үнэнч явах тийм амар байгаагүй нь мэдээж. Дуудлага ирэхээр гэрээсээ гараад багадаа долоо хононо. Эргээд ирэхээр ээжийгээ санаж, бэтгэрсэн хүүхдүүд нь царай алдчихсан, өлсөж, цангасан, ханиад томуу хүрчихсэн байх нь олонтаа. Мөн тухайн үеийн нөхцөл байдлаас болоод цалингаараа хүүхдүүдээ хувцаслаж, гэдэс цатгалан байлгах уу, эсвэл дуудлагаар явахдаа өмсөх дулаан хувцас авах уу гэдэг хүндхэн асуудал тулгардаг байсан тухай Ц.Хишигбуян эмч нулимс дуслуулан, хоолой зангируулан ярьж байсан юм. 

Зун дуудлага өгч байгаа хүн сайхан, сайхан морь хөтөлж ирнэ

-Дуртай мэргэжлээрээ ажиллахын хамгийн сайхан зүйл нь юу байв? 

                -Урь орж, ус гэсэхээр л магнай тэнийнэ дээ. Навч, цэцэг дэлгэрээд, модон дунд хөхөө донгодож, байшингийн дээвэрт болжмор жиргээд ирэхээр сайхан санагддаг байв. Дуудлагад явахдаа ядаж даарч, хөрөхгүй. Хурдан, шуурхай давхиад оччихно. Зун дуудлага өгч байгаа хүн сайхан, сайхан морь хөтөлж ирнэ. Уулсын хяраар жороо морь унаад намбагануулж явах сайхан шүү дээ. Гэрийн хяналтад байгаа өндөр настнуудаа үзэж хараад, эргэж тойроход амар. Үүнээс гадна хүн эмчилж байхад санаанд оромгүй зүйл их тохиолдоно.

-Сонин сайхан ярьж өгөөч?

              -Намайг залуухан эмч байхад шашин, шүтлэг хориотой байсан цаг. Тиймээс хүмүүс сүсэг бишрэл гээд сүйд болоод байдаггүй байв. Би энэ тал дээр бүр гайхал төрөөд байдаг юм л даа. Тухайлбал, үнэхээр найдваргүй, хүнд өвчтэй хүн эмнэлэгт хэвтэж, эм тариа хийлгээд хоёр хонохгүй эдгэрээд гарчихна. Гэтэл өөр нэг нь хамрын ханиадаар шахуу эмнэлэгт ирээд бие нь муудсаар өөд болчихно. Анагаах ухааны хувьд боломжгүй зүйлс тохиолддог гэх юм уу даа. Цаанаа ямар нэг лам, бөө, шүтлэгийн хүч байдаг юм уу бүү мэд. Ямар ч байсан тухайн үед их л гайхдаг байлаа. Тэр үед өвчтний оношийг даралтны аппарат, чагнуур хоёроор л хийдэг байлаа. Одоогийнх шиг тоног, төхөөрөмж байгаагүй. Олон жил ажиллачихаар хүний нүдийг хараад л оношийг нь гадарладаг болдог юм даа. Цав цагаан нөмрөгөө нөмрөөд, чагнуураа хүзүүндээ тохчихоод явж байсан үе минь мөн ч сайхан байжээ” хэмээн Ц.Хишигбуян эмч санаашран суув. Хэсэг хугацааны дараа “Эмнэлэгт ажиллаж байсан цаг хугацаандаа эргэн очдог бол мөн ч сайхан аа” хэмээн намуухан хэлээд ширээн дээрх аяга, тавгийг хураав.

Бид эрүүл энхийн манаанд залуу нас, гэр бүлээ золиослон байж, мэргэжилдээ үнэнч зүтгэсэн түүнд сэтгэл дүүрэн нэг өдөр ч болов бэлэглэхээр шийдэж, даруй Ханх сумын эмнэлгийн дарга руу утас цохин түүнийг сумын эмнэлэгт нэг өдөр эмчээр ажиллуулах зөвшөөрөл авлаа. Энэ тухайгаа түүнд хэлтэл бөөн баяр авдраа ухаж, өөрийн хэрэглэж байсан чагнуураа гаргаж, хүзүүндээ тохоод “Явцгаах уу, хүүхдүүд ээ” гээд бараг биднээс түрүүлээд гарлаа. 

өвчтний оношийг даралтны аппарат, чагнуур хоёроор л хийдэг байлаа. Одоогийнх шиг тоног, төхөөрөмж байгаагүй. Олон жил ажиллачихаар хүний нүдийг хараад л оношийг нь гадарладаг болдог юм даа

ЗАЛУУ НАСНЫ  ДУРСАМЖ СЭРГЭЭД САЙХАН БАЙНА, БАЯРЛАЛАА

                Б.Хишигбуян эмчийнхээс гартал хөх тэнгэрт хонин цагаан үүлс хуралдаж, салхи намуухан хүнгэнэж байлаа. Эмч маань гэрээсээ ач охиноо дагуулан гарч ирээд машинд шууд суучихлаа. “Та гэрээ түгжихгүй юм уу” гэхэд “Манай энд хулгай, зэлгий байхгүй, түгжиж яах билээ. Эзгүйд хүн ирвэл ядаж цай уугаад гарна биз. Харин хэдүүлээ эмнэлэг орох замаараа манай охиныг сургуулийнх нь гадаа буулгая. Хичээлийнх нь цаг болж байна” гэв. Ингээд бид хөдөллөө. Ц.Хишигбуян эмч нэгийг санав бололтой өөдөөс эгцлэн хараад “Манай сумынхан бүжиглэх их дуртай. Би ч тэдний нэг. Дээр үед сумын цахилгааныг 22:00 цаг хүртэл мотороор хангадаг байхад залуус  ажлаа тараад Соёлын төвд цуглаад бүжиглэнэ. Тэр болгон бүжиг болоод байхгүй л дээ. 22:00 болоод тог тасрахаар заримдаа залуучууд сумаас зайдуу гарч, шөнөжин бүжиглэсэн мөртлөө өглөө ажилдаа бэлэн зогсдог л байлаа. Нэг орой ажлаа тараад бүжиглэж байтал дуудлага ирлээ. Тухайн үед эмнэлэг машинтай болчихсон байсан цаг л даа. Гэтэл жолооч маань нуугдчихаад олддоггүй. Арай хийж жолоочоо олж аваад дуудлагадаа явлаа. Жолооч маань “Бүжиг тарахаас өмнө амжиж ирье” гээд давхиж өгсөн. Өвчтөнөө үзчихээд, биеийн байдал нь гайгүй байхаар нь эргээд сум руугаа давхилаа. Бид хоёр бүжиг тарахаас өмнө амжиж очно гэсэн том мөрөөдөлтэй. Гэтэл юу юугүй тас, түс хийгээд л явчихлаа. “Яав ийв, юу болов” гэтэл адуу мөргөчихөж. Хоёулаа буугаад хартал нэг бараан адуу тэрүүхнээс босоод сүргийнхээ араас давхиж харагдсан. Машиндаа суугаад араас нь явж очоод хартал адууныхаа захад очоод идээшилж байв. Хоёулаа тайвширч аваад сумын төв рүүгээ давхиж гарсан даа” хэмээн хууч хөөрөх зуурт бид сургуулийн гадаа ирсэн байв. Ач охин нь эмээдээ үнсүүлээд машинаас үсрэн бууж, сургууль руугаа гүйлээ. Эмнэлэг рүү дөхөх тусам Ц.Хишигбуян эмчийн догдолж байгаа нь илт байлаа. Эмчээс “Ер нь өвөл морь гэлтгүй автомашинаар дуудлагад явахад бишгүй хүндрэл гардаг байв уу. Машин эвдрэх, цасанд суухаас өгсүүлээд саад их шүү дээ” гэхэд,

       

    Лааны гэрэлд өвчтөндөө тариа хийгээд мөн ч олон шөнийг эмнэлгийн хүлээн авахад өнгөрүүлсэн дээ, эгч нь

          -Автомашинаар дуудлагад явахаар дулаахан, хурдан, сайхан л байдаг. Мэдээж хүндрэл гарна. Тухайлбал, машин маань цас, шаварт сууна. Жолоочтойгоо хоёул ухаад л байна. Дөрвөн дугуй нь цасанд хий эргээд байвал би араас нь түлхэж дэм болно. Нэг удаа багийнхаа иргэдийг үзэж, тойроод явж байтал машин эвдэрчихлээ. Жолооч маань сэлбэг авчирхаар сум явж, би замын айлд үлдсэн. Бараг хоёр гурав хоносон байх. Айлд зүгээр суугаад байж болохгүй. Тиймээс номхон морь гуйж унаад, үлдсэн айлуудаараа тойрч, хүмүүсээ үзэж, эмчлэхийг нь эмчлээд ирсэн. Жолооч маань сэлбэгээ аваад надтай зэрэгцэж ирээд, бид машинаа засаад буцаж байлаа шүү дээ. Нэг талаар ажилдаа тийм дуртай эмч явлаа, эгч нь.

Ийнхүү ярилцсаар бид Ханх сумын нэгдсэн эмнэлэгт ирлээ. Б.Хишигбуян эмч бөөн баяр эмнэлэг рүүгээ явж оров. Эмнэлгийн хүлээн авахын өрөөнд настай хүмүүс эмчид үзүүлэхээр дугаарлан сууцгаана. Тэдэнд эмнэлгийн дарга хандаж, “Та бүхний даралтыг өнөөдөр Хишигээ эмч үзнэ” гэв. Тэнд суугаа хөгшид бөөн баяр болж байгаа бололтой, дуу шуу ороод л явчихав. Залуу халуундаа хамт бүжиглэж явсан үеийн нөхөд нь тэнд хэд хэд байв. Хэсэг хугацааны дараа Б.Хишигбуян эмч цав цагаан нөмрөгөө намируулж, хүзүүндээ тохсон чагнуураа янзалсаар орж ирэв. Сувилагч түүнд даралтны аппарат өгөхөд “Эгч нь үүгээр үзэж чадахгүй. Ажиллуулж мэдэхгүй шүү дээ. Харин энэ муу өөр шигээ өндөр настай аппаратаараа үзье. Анх эмч болоод л авч байсан даа. Мөн сайн эд шүү” хэмээгээд настайчуудыг эхнээс үзэж гарлаа. Ц.Хишигбуян эмч “Залуу насны дурсамж сэргээд сайхан байна. Баярлалаа, хүүхдүүдээ. Хуучин эмнэлэг маань галладаг байсан. Ингээд өвчтөнүүдээ үзэж суухад цонхны цаана хөтөлгөө морьтой хүн ирж, морио тушчихаад л сүр сар хийтэл хаалга саван орж ирдэг байж билээ. Тэр үе минь санагдаад сайхан байна. Лааны гэрэлд өвчтөндөө тариа хийгээд мөн ч олон шөнийг эмнэлгийн хүлээн авахад өнгөрүүлсэн дээ, эгч нь. 

-Та ер нь дуудлагад явахаас нэг ч удаа халгаж байгаагүй юу?

              -Залуудаа ёстой халгадаггүй байлаа. Тэтгэвэрт гарахаас өмнөх хоёр гурван жилд бол ёстой халгаж эхэлсэн. Хүнд, хүнд дуудлага ирэх вий гэхээс л зүрх халгадаг байсан даа. Их хүнд өвчтөн байх юм бол бас айна. Айснаасаа болоод өвчтөнөө загнаад эхэлдэг юм билээ. 

Ажлынхнаа, мэргэжлийнхээ сайхныг санаж, дурсахын алийг тэр гэх вэ. Эмч мэргэжлийг сонгосноороо хүнд хэцүү, маш их ачаалалтай, эмзэг амьдрал туулсан гэвэл туулсан

-Юу гэж загнах вэ?

              -Одоо цагт цахим орчноор эмч нарыг хүн загналаа гээд шүүмжлээд байдаг. Загнах дуртайдаа загнаж байгаа юм биш. Өөрийг нь бодсондоо л “Эртхэн үзүүлж, харуулж байхгүй яасан юм. Хэнэггүйтэж явсаар өвчнөө хүндрүүлсэн байна. Өөртөө яасан хайргүй юм бэ. Үр хүүхдээ боддоггүй юм уу. Хажуудах хань чинь яах болж байна” гээд л загначихна шүү дээ. 

-Та тэтгэвэртээ гарсныхаа дараа ажлаа их санадаг байв уу. Зарим хүн шөнө дараалж ажлаа зүүдлээд хэцүү байдаг гэж ярьдаг?

              -Тухайн үед нийгмийн шилжилтийн ид үе байв. Хувьчлал болж, манай багаас надад үхэр, хонь, ямаа, адуу нийлсэн 20 гаруй мал өгсөн. Түүнийгээ хүүтэйгээ маллаж, өсгөсөөр байгаад мянгат малчин болсон доо. Хүнд аливааг хийж чадах эрчтэй, хүчтэй оноогдсон хувь тавилан, цаг хугацаа гэж байдаг. Би тэр цагаа үнэхээр хэрэгтэй үед нь эх орон, нутаг, усныхандаа үнэнчээр зориулж чадсан гэж боддог. Тийм болохоор харамсаж, санаашраад байх юмгүй. Үгүйлнэ гэдэг бол өөр хэрэг. Ажлынхнаа, мэргэжлийнхээ сайхныг санаж, дурсахын алийг тэр гэх вэ. Эмч мэргэжлийг сонгосноороо хүнд хэцүү, маш их ачаалалтай, эмзэг амьдрал туулсан гэвэл туулсан. Гэхдээ хэзээ ч харамсаж, мэргэжлээ хаяя гэж бодож үзээгүй юм шүү. Харин ч бахархаж, мэргэжлийнхээ буяныг өнөөдрийг хүртэл эдэлж, нутаг, орныхондоо хүндлэгдэн хайрлагдсаар жаргалтай л амьдарч байна. Үүнээс илүү жаргал гэж юу байх вэ. Одоо бага хүү маань хөдөө малчин. Би энд хүүхдүүдийг нь сургуульд зөөгөөд амьдарч байна. Гэхдээ өнөөдөр бол үнэхээр элэг дэвтэх шиг сайхан мэдрэмж дүүрэн өдөр байна. Хаа холоос мянга мянган эмч нарын л ижил намайг зорьж ирээд, амьдралын минь дурсамж, залуу насны минь алдаа оноог яриулсан та нарт баярлалаа.

Энд хүрээд бидний яриа өндөрлөлөө. Залуу нас, хайр сэтгэл, халуун дулаан нөмөр гээд буй бүхнээ эзэмшсэн мэргэжлийнхээ төлөө золин байж чин сэтгэлээсээ ажлаа хийсэн Ц.Хишигбуян эмч цагаан нөмрөгөө намируулсаар биднийг үдэж өгсөн юм. Бид түүнийг гэрт нь хүргэж өгөхийг хүссэн боловч “Эмнэлэгт ирж цагаан халаад нөмөрснийх илүү хэдэн хүн үзэж, үеийнхээ нөхөдтэй хууч хөөрье”  гээд явсангүй. 

Аж үйлдвэр, бүтээн байгуулалтаас алслагдсан энэ зэлүүд сууринд нэгэн насаараа амьдарч, хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан энэ буурай өдгөө 80 насанд хэдийнэ хүрчээ. Гэвч тэр одоо ч морь унаад дуудлагад явах сэтгэлтэй хэвээрээ. Өвдөж, зовсон нэгнийг сэтгэлээ дэвсэн эмчилж, бусдад аз жаргал, хайр, элэг бүтэн амьдрал бэлэглэхийн тулд тэр 30 хавар, 30 намар, 30 зун, 30 өвлийг мэргэжилдээ зориулжээ.


АМЬДРАЛААС ҮНЭТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЭЗЭН Ц.ХИШИГБУЯН ЭМЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-09 18:35:40
    Дэлгэрмөрөн: Маш их хүндэлж явдаг шүү аав ээж хоёр ярихдаа маш чадварлаг эмч нэг дүүг маань хүндээр өвдхөд зөвөлгөө өгөөд дороо зүгээр болсон гэж ярьдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-09 01:42:43
    З.Норжмаа: Эвий дээ миний боосон ээж ээжээс минь өөрцгүй хүн шүү дээ жил болгон золгож очдог доо эгэл энэ амьдралын түүхийг би мэндээ тандаа хайртай шүү охин минь ирэх болцуу гээд хүлээж суудаг гэсэн шүү гоё бэлэг билддээд тэр нь ч үнэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-08 17:49:59
    Нагац дүү: Намайг 3р ангид байхад хотоос өвөө эмээ дээрээ очиж амарч бхд өвөө нэг өдөр хишигбуяан дүүгээ аваад яв цэцэг мод үзэх дуртай юм энд уйдаад бн гээд би дагалдаж явсансан өдөржин шөнөжин уул хадтай зам муу газраар гэхдээ байгаль нь зүгээр диваажин алаг эрээн хивс шиг цэцгэн дундуур явсаар сүүлдээ би ядраад унтсан бж билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-08 13:17:18
    S: 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-08 13:15:58
    S: SEKSDI80855877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-08 08:10:20
    зочин: Урлагийнхан хошин шогийнхон гээд юу ч хийж бүтээгээгүй салбадай нар цол одонг эгнүүлчихсэн байдаг атал ийм гавъятан нь хоосон байсаар хорвоог орхидог цаг юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-07 10:47:49
    Саруул: Бидний үед ингэж л явж байлаа. Залуу насны дурсамж сэргэлээ. Эмч хүн нас явсан ч улам л туршлага суудаг. Сайн сайхныг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-04 16:13:29
    zochin: Amidraliin sain saixniig amid yavaxiin utga uchiriig jinxene utgaar ni boditoor uzuulj yavaa mundag ajilsag xudulmurch saixan setgeltei xun baijee ex orniixoo eruul enxiin manaand emchiin tangaragtaa unench yavsan gaixamshigtai bishirmeer tuuxtei emch xun baina daa Urt nasalj tumen olondoo xiarlagadaj xundlegdej yavaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-18 12:44:57
    танд баярлалаа: Орон нутгийн хүнд нөхцөлд ажилладаг эмч, бага ангийн багш нараас гавъяат эмч, багш бараг байдгүй байх. Үнэндээ хотынхон гавъяа шагналд хамгийн түрүүнд хүрч хөдөөнийхөн шагналгүй л өнгөрдөг шүү. Хамгийн хүнд нөхцөлд ажилладаг эмч, багш нар хөдөө л байдаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-17 16:22:09
    Тогоо Отгонжаргал: сайхан үеийнхэн сэтгэгдэл бүхл зүйлийгнь уншихдаа ээж аав минь байнга бодогдож эмчээ ярьж харж бгагар төсөөлж уншлаа,бич мөн их үзүүлж явлаа хаана өвдөнө гэхээрнь завсар гээдл ходоод орчмоо заана за завсарнь өвдөө юул гэж асуудаг болсон блаа сайханч хүн сайн эмч сайн ээж эгч шүү танда эрүүл энх урт удаан амьдрахыг хүсэе
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188