• Өнөөдөр 2024-05-16

БАГШ Д.ДАВААДОРЖ: Хичээлдээ тааруу сурагч минь надаас урам авч, өөртөө итгэлтэй болчихсон, хоёр чихэр халааслаад ирэхэд нь нулимс урссан

2022-12-26,   2643

         Сурагчийнхаа талаар цахим хуудастаа бичсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёрдугаар сургуулийн технологийн багш Д.Даваадоржтой ярилцлаа. Тэрбээр 60 настай, багшийн ажилд ороод ердөө гурван сар болж байгаа гэнэ. 

            -Та хэдэн жил багшилж байна вэ?

       -Би Мандал сумын уугуул иргэн. 1981 онд ахлах сургуулиа төгсөж, ЗХУ-д цэргийн сургуульд суралцаж, бэлтгэл офицероор төгссөн. Ардын армийн 150 дугаар ангид хоёр жил орчим ажиллаж байгаад. Тэгээд одоо багшилж байгаа буюу Мандал сумын хоёрдугаар сургуульд зураг, хөдөлмөрийн багшаар ажилд орсон. Хоёр жил орчим ажиллаад байхад намайг хөдөө томилох шийдвэр гарч, би ар гэрийн шалтгаанаас болоод ажлаасаа гарч байлаа. Тэрнээс хойш хувийн ажил, нам засаг, залуучуудын албанд хүчин зүтгэж байгаад 59 настай байхдаа анх багшилж байсан сургуульдаа буцаж ирсэн. Өнгөрсөн намар сургуулийн маань захирал надад ажлын санал тавьж, технологийн багшаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 30 гаруй жилийн өмнө ажиллаж байсан сургуульдаа тэтгэвэрт гарахынхаа өмнө эргэж ирээд гурван сар болж байна гэсэн үг. Би ирэх жил тэтгэвэрт сууна. Ажиллах хугацаандаа сурагчиддаа амьдралын технологид сургах буюу сайн сайхан, гоё юмсыг харж, мэдрэх, бусдын аз жаргал, баяр баясалд талархаж, зовлон, гунигийг хуваалцах сэтгэлтэй болгоход л анхаарахыг хүссэн. Дан ганц технологийн хичээлийн онол, практикийг заагаад хэрэггүй гэдгийг өнгөрсөн 60 жилийнхээ амьдралд ойлгосон гэх үү дээ. Өөрийнхөө амьдралаас ойлгосон, мэдэрсэн, туулсан туршлагаа хүүхдүүдэд эрт ойлгуулж, мэдүүлэх хүсэл минь намайг дахин багшийн ширээний ард авчирсан даа. Тэгээд л 60 настай өвгөн хүүхэдтэй адил хүүхэд, тэдний хань бараа, найз өвгөн нь болоод сумын сургуулийн нэг буланд үзэж тарж байна.

-Хүүхдүүд танд хэр дасаж байна вэ. Та ганцхан жилийн дараа гавьяаныхаа амралтад гарах юм байна шүү дээ?

         -Дасалгүй яах вэ. Байнга “Багшаа, та дараа жил хичээл орохгүй юм уу. Та бидэнтэй хамт бай. Дараа жил заавал хичээл ороорой. Багшаа, амраад ирэхэд байж байна биз дээ” гээд байдаг. Хүүхдүүдийн энэ сэтгэл, намайг хань татаж байгаа байдал, найз шигээ санаж, итгэж байгаа нь намайг улам ч догдлуулж, урам өгч байгаа. Хүүхдүүдийг тэгж хэлэх болгонд улам залуу болмоор, хөгширмөөргүй санагдаад байдаг шүү дээ. Би хөвгүүдэд хичээл ордог учраас аль болох найз нь юм шиг байхыг хичээдэг. Тэд ч надад итгэж, намайг их түшдэг.

-Таны цахим хуудастаа сурагчийнхаа талаар бичсэн нь олон хүнд хүрч, сайхан сэтгэгэдэл төрүүлээд байна. Яг юу болсон талаар яриад өгч болох уу?

           -Би 6-12 дугаар ангийн хөвгүүдэд хичээл ордог гэж хэлсэн дээ. Дунд ангийн сурагчийнхаа тухай бичсэн юм. Би ер нь цахим хуудастаа ухаарал хайрласан, амьдралд ойрхон зүйлсийн тухай бичих дуртай. Тэрний нэгэн адилаар л хүүгийн тухай бичсэн.

       Хүүгийн хувийн нууцыг зарлаж болохгүй учраас нэр, ангийг нь өөрчилж ярья. Зургадугаар ангийн нэг хүү байдаг юм. Хичээл орох болгонд хамгийн арын ширээнд ганцаараа суудаг.  Хувцас хунар нь тааруухан, тийм ч боломжтой айлын хүүхэд биш нь илт. Есдүгээр сарын дунд үеэс аравдугаар сарын эхэн үе хүртэл тэр хүүг би ажигласан. Өөртөө итгэлгүй, хүүхдүүдтэй найзалж, нөхөрлөдөггүй, ганцаараа л байдаг. Бусад хүүхдүүд ч тийм сүрхий нийлдэггүй, нийлэхийг ч хүсдэггүй байсан байж магад. Аравдугаар сарын дунд үед байхаа нэг өдөр хүү хичээлээ ерөөсөө хийхгүй байсан. Өмнө нь ч гэсэн хичээлдээ анхаардаггүй, бусад хүүхдүүдийн араар нуугдаад л байж байдаг байсан юм билээ. Тэгээд би тэр өдөр хичээл орохдоо хүүгээс  “Яагаад хичээлээ хийхгүй багаа юм бэ” гэж асуухад ангийнх нь нэг хүү “Багшаа наад хүүхэд чинь угаасаа ингэдэг юм. Бүх хичээл дээр ийм байдаг” гэсэн. Ангийнхан нь шоолж инээхэд хүү улам нугдайж, ичингүйрэн доош тонгойж суухыг хараад би ширээнийх нь хажууд яваад очлоо. Тэгээд хүүгээс “Яагаад хичээлдээ анхаардаггүй юм бэ” гэж асуухад түүнд шугам, харандаа байгаагүй. Хүү хичээлийн хэрэгсэл байхгүй талаараа надад хэлээгүй. Тэгээд би хүүд шугам, харандаа өгөөд хэрхэн зурах талаар нь зааж, “Зурж эхлэхдээ харандаагаараа зөөлөн зурж ноороглоорой. Зурснаа давхарлаж, тодосгоод сүүдэрлэж зурна шүү” гээд чихэнд аяархан хэлээд ширээнээс нь холдсон. Хэсэг байж байгаад хүүхдүүдийн хичээлээ хийснийг шалгах явцдаа хүүгийн ширээний хажууд очсон. Зурсан зураг нь эвлэгхэн, эвтэйхэн болчихсон, над руу нэг тийм итгэл даасан нүдээр харсан. Тэгээд “Манай Анараа гоё зурчихсан байна шүү дээ” гээд бусад хүүхдүүдэд харуулахад бүгд л гайхсан. Тэр өдрөөс хойш Анар хичээлдээ дуртай болж, гэртээ зурсан зургаа надад авчирч, шалгуулдаг болсон доо. Над дээр ирэх болгондоо нүд нь гэрэлтээд, толгойгоо илээд “Багшаа ямар болсон байна вэ” гэж асуудаг. Тэр бүрд “Сайн болж байна. Сайжирсан байна” гэж хэлэхээр урам ороод, инээдэг болсон. Ангийнхаа хөвгүүдтэй найзалж, хамтарч хичээлээ хийдэг болсон.

         Би 60 жил амьдрахдаа “Хүүхэд гэдэг чинь гэрэлтэй, цагаахан ирээдүй. Тэдэнд очлуур байхад, урам өгөх ганцхан хүн байхад яаж тэмцэж, урам авч, урагшилдаг вэ” гэдгийг мэддэг болсон. Миний хуримтлуулсан туршлага ердөө л тэр байсан. Миний хүүхдүүдтэй ажиллаж байгаа ганцхан шалтгаан нь тэднийг нээх, тэдэнд туслах, хань болох, урам өгөх. Ингэж л би Анартай танилцаж, түүнд итгэл өгсөн дөө. Тэр өдрөөс хойш Анарт ангийнхан нь хүртэл сайн ханддаг болсон юм шиг санагдсан.

-Танд хүү чихэр өгсөн гэж байсан шүү дээ. Мөн та Анарт мөнгө өгсөн байсан гэсэн байна лээ.

        -Би сургуулиас авч байгаа цалингийнхаа ихэнх хувийг хүүхдүүдэд зарцуулдаг. Тэдэнтэй цуг ууланд алхах, амралтын өдөр зугаалах, хичээлийн хэрэгсэл авах, ойр зуурын хүнсэнд зарцуулах гэх мэтэд л миний цалингийн ихэнх нь явдаг байх. Арав, арваннэгдүгээр ангийн хөвгүүд ирээд “Багшаа, 5000 төгрөг, 2000 төгрөг, 1000 төгрөг өгөөч” гээд халаасыг минь үзэх холгүй надаас аваад явна. Тэд намайг дээрэлхэж байгаадаа мөнгө гуйж, надтай үеийн юм шиг харьцдаг гэсэн үг биш шүү. Харин тэд надад итгэж, намайг дотончлож байгаа харьцаа юм.

Анарыг хичээлдээ дуртай болсон өдрөөс хойш нэг удаа би сургуулийн хонгилд таарсан. Тэгээд халаасандаа байсан 10 мянган төгрөгөө өгөөд, “Миний хүү гэртээ харихдаа өөртөө таалагдсан амттан авч идээрэй” гэж хэлээд салсан. Би чинь нэг ангид долоо хоногт нэг л удаа хоёр цагийн хичээл ордог. Тэгээд долоо хоногийн дараа уулзахдаа Анарт мөнгө өгсөн гэдгээ ч мартчихсан байсан. Хичээл дуусахад Анар гартаа хоёр ширхэг цагаан цаастай чихэр атгачихсан, миний ширээ рүү ойртож ирээд булан дээр нь тавьчихсан. Тэгээд “Багшаа, ээж багшдаа өгөөрэй” гэж хэлсэн гэсэн. Би “Нээрээ, миний хүү багшийнхаа өгсөн мөнгөөр амттан авч идэж чадсан уу” гэж асуухад Анар “Хоёр дүүдээ гоё печень, гэртээ хоёр талх авсан. Гэртээ очиход ээж “Хэнээс мөнгө авсан юм бэ” гэхээр нь таныг өгсөн гэхэд “Хоёр чихэр өгөөд, багшдаа өгөөрэй” гэсэн юм. Тэгээд би танд хадгалж байгаад хичээл орох өдөр аваад ирлээ” гэж билээ. Тэр үед дотор хэдэн хэсэг эргэлдэж байгаа шиг санагдаж, нулимс эрхгүй гоожоод байсан. Сэтгэл хөдөлж, хүн байгаагаа дахин мэдэрч, хүүхдүүдийг хайрлах, тэдэнтэй хамт байх, туслах, очлуур нь байх хэрэгтэй гэдгээ дахин мэдэрсэн дээ.

       Түүнээс хойш Анар маань инээд хөөртэй байдаг болж, намайг түүнд өөрөөр ханддаг болсныг мэдсэн ангийн хүүхдүүд нь түүнийг шоолж инээж, шоовдорлохоо больсон нь анзаарагддаг болж билээ. Өөр хичээл дээр ямар байдгийг мэдэхгүй ч сая улирлын дүнг нилээн дээгүүр гарсныг зарлахад түүний харц ямар сайхан итгэл дүүрэн гэрэлтэн харж байсныг мэдрэх тэр мэдрэмж  надад хичнээн сайхан байсан гэж санана.

Яагаад энэ бүхнийг бичих болсон бэ гэхээр хүмүүс хэрэв уншаад ойлговол үүний цаана Анартай адилхан олон хүүхэд байгаа гэдгийг мэдэх байх. Ялангуяа би залуу багш нарыг сургах арга барилаа өөрчилж, хүнийг хүн болгох үйлчдээ анхаараасай гэж хүссэн юм. Гэхдээ зөвхөн багш ч гэлтгүй бүх хүнийг л ийм байгаасай гэж хүсэж байна. Түүнээс биш хандалт авах гэсэн, бусдад таалагдаж, нэр зүүх гэсэн санаархал биш шүү.  Урам, дэм өгөх ганцхан багш байхад хэчнээн хүүхэд хүсэл мөрөөдөлтэй болж, хичээлдээ дуртай болно гэж санана.

-Хичээл амарснаас хойш та Анартай уулзсан уу?

       -Үгүй ээ, Анар гар утасгүй учраас холбоо барьж чадаагүй. Харин би ангийнх нь хүүхдээс гэрийн хаягийг нь аваад шинэ жилээр очно. Тэгээд ээжтэй нь уулзаж, ярилцана даа. Өвлийн өвгөний хувцас өмсөөд хэдэн шавь нартаа бэлэг тараах бэлтгэлээ хийгээд л байж байна.

-Хүүхдүүдийг аз жаргалтай байгааг харах гоё байна уу, танд?

      -Тийм ээ, зөвхөн Анар гэлтгүй надад итгэж, надаас дэм авахыг хүсдэг олон хүүхэд бий. Бүх хүүхдүүдээ жаргалтай, гэрэлтэй, өөртөө итгэлтэй байгааг харах л хамгийн сайхан байна. Магадгүй багшийн ажлаа дахин сонгосны хамгийн том шагнал нь хүүхдийн инээд, гэрэлтсэн нүдийг харах байх. Миний хамгийн жаргалтай үе сургуульд, хүүхдүүдтэй байхад өнгөрч байна.

-Баярлалаа, танд.

БАГШ Д.ДАВААДОРЖ: Хичээлдээ тааруу сурагч минь надаас урам авч, өөртөө итгэлтэй болчихсон, хоёр чихэр халааслаад ирэхэд нь нулимс урссан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-28 13:42:04
    zochin: Bagshaa bayrlalaa saihan setgeliin ur ulam delgereh boltugai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-28 11:39:55
    Зочин: Тэгээд тэр өгсөн цүнх хувцсыг нь гэртээ авч орсон эмээ минь пээ миний охиныг онц сурлаа гээд шагнаа юу гэсэн үгүй ээ эмээ өнчин болохоор минь өглөө гэж байсан даа. Эвий миний муу эмээ дотроо ямар их шаналаа бол. Муухай дурсамж шүү одоо ч тэр үеийг бодохоор нулимс гараад байдаг юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-28 11:32:50
    Зочин: ямар сайхан юм бэ. Ийм багш ийм хүн олон байгаасай. Багш хүн ер нь хүүхдийн амьдрал ирээдүйд шууд нөлөөлдөг шүү. Аз дутахад надад ийм сайхан багш таараагүй. Олон жилийн өмнө бага ангид байхад ангийн багш орж ирээд заа бүтэн өнчин хагас өнчин хэн хэн билээ гээд асуугаад хүүхдүүд бүгд ангийн хүү бид 2ын нэрийг дор дороо орилолдоод л ккк. Хүүхэд болохоор яахав дэ гэнэншд. Тэгж байтал хичээлийн эрхлэгч гээд авгай орж ирснээ дахиад л заа бүтэн өнчин тэр гараад ир гээд самбарын өмнө зогсоож байгаад нэг цүнх биеийн тамирын хувцастай өгөөд өнчин болохоор чинь өгч байгаам шүү гэж байж билээ. Бүх хүүхдийн өмнө шүү дээ. Бага балчир байсан ч гэсэн тэр үнэхээр том сэтгэлийн шарх болсон. Тухайн үедээ газар доогуур ормоор санагдтал өөрөөсөө өнчин байхаасаа ичиж байж билээ. Би одоо 36 настай ч гэсэн тэр үеийг мартддаггүй. Магадгүй ангийн багш, хичээлийн эрхлэгч хоёр хүн тэр өдөртөө л тэгж хэлснээ мартаа биз. Яахнав дээ тэр олон хүүхдийн өмнө өнчин өрөөснөөр нь дуудаад ядуу болохоор чинь гэж гутал хувцас өгөх хэрэггүй л байсан юм. Тэрнээс болоод би хэмэгтээ л сургуульд явмааргүй байдаг байж билээ. Багш хүн ер нь хүүхэдтэй болгоомжтой харьцаж байх хэрэгтэй. Санаандгүй болгоомжгүй хэлсэн нэг үг насан туршид нь сэтгэлийн шарх ч болж болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-27 21:25:45
    ganaa: uneheer saihan zuil unshilaa neg ch gesen hun hun chanartai huuhed bagachudad uram zorig ugch anhaaral halamj tavin hair tugeej baigaag unshih uneher saihan baina bayrlalaa tand hunii tuluu setgeltei iim l humuus ulam olon baigaasai gej husej baina yalanguya huuheduded ugch bui ene ih dem uram zorig n hen negen hunii ireeduig gereltei bolgoj baigaa gedegt ergelzehgui baina.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-27 21:25:43

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-27 21:25:41
    ganaa: uneheer saihan zuil unshilaa neg ch gesen hun hun chanartai huuhed bagachudad uram zorig ugch anhaaral halamj tavin hair tugeej baigaag unshih uneher saihan baina bayrlalaa tand hunii tuluu setgeltei iim l humuus ulam olon baigaasai gej husej baina yalanguya huuheduded ugch bui ene ih dem uram zorig n hen negen hunii ireeduig gereltei bolgoj baigaa gedegt ergelzehgui baina.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-27 21:25:40
    ganaa: uneheer saihan zuil unshilaa neg ch gesen hun hun chanartai huuhed bagachudad uram zorig ugch anhaaral halamj tavin hair tugeej baigaag unshih uneher saihan baina bayrlalaa tand hunii tuluu setgeltei iim l humuus ulam olon baigaasai gej husej baina yalanguya huuheduded ugch bui ene ih dem uram zorig n hen negen hunii ireeduig gereltei bolgoj baigaa gedegt ergelzehgui baina.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 20:39:00
    Зочин: Мундаг хүнлэг хүн юм. Одоо үед ийм хүн их ховордсон доо. Таны ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188