• Өнөөдөр 2024-04-27

ДАВС ҮҮРСЭН ДӨЧИН ЖИЛ

2023-03-29,   10279

     Эргэлт сэтгүүлийн анхны дугаарын "Давс үүрсэн 40 жил" сурвалжилгыг хүргэж байна.

 Тэд Дунд голын хөндийгөөс гаралгүй 40 дэх намартайгаа золгож байгаа гэнэ. Энэ хугацаанд хэдэн усны гутлын ул элээж, хэчнээн унадаг дугуй эвдэлсэн юм, бүү мэд. Тэр бүү хэл тэд төмөр замыг элэгдтэл, тарж унатал давс түрэхдээ нуруугаа хэдэн см намссаныг ч, уруулаа хаттал, хуруугаа эвэрштэл шуудайны ам оёх хэчнээн утас ээрснээ ч мартаж орхисон байх. Тэд гэдэг нь өндөр настан Б.Сүхээ, Б.Цогзолмаа, Д.Алтантуяа, Ц.Ренчинххүмбэ нар. Сүхээ, Алтаа, Лхүмбэ нар 60 настай, нэг ангийн гурав. Харин Б.Цогзолмаа гуай тэднээс гурав эгч бөгөөд Сүхээгийн төрсөн эгч нь. Тэд бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд голд ургадаг давсны ордын уурхайчид. Өдийгөөс 76 жилийн өмнө Дунд голд улсын мэдлийн Давсны үйлдвэр байгуулагдаж, илгээлтээр очсон залуус яралзтал ажиллаж, улсаас өгсөн даалгаврыг төвөггүйхэн биелүүлдэг байжээ. Мөрөө халцартал давс үүрч, хоёр гарынхаа алгыг хатаж, түлэгдтэл давс шуудайлж, нуруугаа бөхийтөл хүрз барин тонголзож, гуя давсан усанд өнждөг байсан залуус өмч хувьчлалын дараа, 1992 онд ажилгүй болцгоожээ. Цагтаа сумын төвөөсөө ч олон хүн амтай байсан Давсны үйлдвэрийн суурин эзгүй шахам болжээ. Үйлдвэрийн буйр сахиж үлдсэн цөөн хүний төлөөлөл   нь  дээрх дөрөв. Дунд голоо эзгүйрүүлэхгүйн тулд, үйлдвэрийн буйраа “харлуулахгүй” гэсэндээ давсаа түүсээр, түрсээр байгаа билээ, тэд. Тэдний газар ургасан давсыг түүж хүмүүсийн хэрэглээнд нийлүүлдэг сонин,  ховор амьдралыг сурвалжлахаар бид Өмнөговь аймгийн Гурвантэс сумыг зорьж ирээд байгаа нь энэ.

ХУР ОРОХЫГ ДАНДАА ХҮЛЭЭДЭГ ДАВС УРГАДАГ ДУНД ГОЛЫН  ХӨНДИЙ

       Гурвантэс сумын төвөөс зүүн хойд зүгт 50 гаруй километрийн зайтай орших Дунд голын дээгүүр азарганы дэл шиг үүл цайгаад юу юугүй хур орох нь. Тэртээд орших Сэврэй хайрхны үзүүр бараан хар үүлэн дундаас дөнгөж цухуйгаад, үл мэдэг цайрч харагдана. Харин Дунд голоос баруун хойд зүгт алдарт Алтан уул дүнхийж, урдхан талд нь үлэг гүрвэлийн өлгий нутаг Хонгилтын амны элс шаргалтаж, борооны хар үүлийг ажрах ч сөхөөгүй оршино. Ийм нэгэн зураглалын өөдөөс давхисаар давс ургадаг Дунд голын хөндийн захад очлоо.

    Голынхоо дээхнээс эхлэх хэдэн заг эрчээрээ балбах хуй салхинд арай ядан тэсэж байх шиг. Энэ хэсэгт Давсны үйлдвэртэй нас чацуу заган шугуй байсан гэдгийг илтгэх цөөн заг тэсэж үлдсэн нь энэ. Зарим нь элсэнд дарагдаж, зарим нь он цагийн уртад өмхөрч үгүй болжээ. Давсны үйлдвэр байсан цагаан байшингийн хойд талын дэнжид долоо, найман айл намаржиж байна.

      Айлуудын гадна хураалттай байх давсны хучлага борооноос урьтаж сүрийг үзүүлэх салхинд дэрвэх нь бүгээн говийг амь оруулж байгаа гэлтэй.  Насыг элээсэн шавар байшингуудын туурь, хөндийгөөр нэг хөглөрөх давс чанадаг төмөр тогооны булан тохойд хоног “төөрүүлэх” элс энд тэнд хуйларч, хурдална. Шавар байшингийн хаалга тас няс дуугарч, салхинд савагдахтай зэрэгцээд, дэнжийн хойд талаас цэнхэр машинтай хүмүүс ирлээ. Жолооч нь 60 настай Сүхээ гэх эмэгтэй. Нар мандахтай зэрэгцээд хэдэн ямаагаа саачихаад ажилдаа гарсан тэр гэртээ ирж байгаа нь энэ гэнэ. Угтаа тэдний ажлын цаг дуусах болоогүй ч бороо орох бараанаар цагаасаа эрт буужээ.

    Сүхээ  “Манай энд сүүлийн гурван жил бороо бараг ороогүй. Ган, зудтай хэцүү цаг өнгөрч байна. Энэ зун бүүр ч орсонгүй. Одоо харин овоо хэдэн дусал унаж магадгүй бололтой үүл гараад байна. “Бороо орно” гэж горьдсондоо бид дөрөв хүрээд ирлээ” гэсээр гэрийнхээ бор ширээн дээр хурууд тавьж, аяга сарвайгаад “Цаанаасаа цай хийгээрэй” гэв.

НЭГ АНГИЙН ГУРАВ ДАВС ОЛБОРЛОГЧИД БОЛСОН НЬ

      Буйдад байх тэдний сонинг төв газарт өрнөж байгаа үйл явдалтай сүлэлдүүлээд бид сурвалжилга хийхээр явж байгаагаа хэлэв. Сүхээ эгч “Яадаг билээ. Ямар сонин юм бэ. Голын мухарт, газрын холд хэдэн хөгшин давс гаргаж амьдардаг гэдгийг та хэд яаж мэдэв” гэсээр инээд алдаж, хоёр гараараа үсээ ээлжлэн хойшлуулна. Тэгснээ гэрээсээ гарч гүйгээд шуудайтай боорцог авчирч, тавагласан хурууд дээр нэмэв. Эргэн тойрноо харж байснаа гэрийнхээ үүдэнд угаахаар тавьсан бололтой хувцаснуудаа баруун  булан руу шидчихээд хэн нэгэн рүү утсаар залган “Сонин юм болоод байна, сурвалжлагч ирлээ. Бид хэдийн давс гаргаж байгааг сурвалжилна гэнэ. Байгаль хамгаалагч Улмаа дагуулж ирлээ. Чи Алтааг аваад ир, би эгч рүү хэлчихье” гээд салгав. Тэгснээ “Давс гаргахыг сурвалжлах юм чинь хувцсаа солих хэрэггүй биз дээ” гэсээр хоолойтой хар ногоон цамц, саарал өмдөө гөвөөд амбаар руугаа усны гуталдаа явав. Түүнийг ингэж байхтай зэрэгцээд гэрийн гадаа мотоциклийн дуу гарч, гэрт хоёр хөгшин орж ирсэн нь Лхүмбэ ах, Алтаа эгч хоёр байлаа.

      Биднийг бие биеэ харж сандралдаж, тэвдэж байх зуур он цагийн уртад элэгдэж, хуучирсан шавар байшинг юу юугүй авч шидэх гээд байсан салхины эрч намдаж, шивэрч байсан бороо зогсжээ. Лхүмбэ ах “Овоо хэдэн дусал уналаа. Нэмж орохгүй бололтой. Би Цогзолмааг дуудаад ирье” гэсээр гэрээс гарав. Алтаа эгч гэрт орж ирснээсээ хойш “Сайн, сайн байна уу” гэхээс өөр үг дуугарсангүй. Харин Сүхээ эгч нэг газраа тогтож суусангүй. Лхүмбэ ах хоёр ч удаа тамхи баагиулж, бидэнтэй хамт яваа байгаль хамгаалагчтай яриа өрнүүлж, отор нүүдэл асуугаад амжина лээ.

    Жижиг цэнхэр машиныхаа ард ачсан хоёр шуудай давсаа буулгаж, гэрийн урд хураалттай байх давсан дээр нэмээд, тэд машиндаа суулаа. Давс ургадаг талбай нь хоёр км хүрэхгүй зайд байрладаг гэнэ. Тэд “Жижиг машин гол руу орж байгаа. Бидний араас дагаад явчих” гээд хөдлөв. Элсэн манхан даваад, хөндийгөөр хэсэгхэн уруудаад ажлынх нь талбайд ирлээ.  

    Хяруу унасан өглөө шиг энд, тэндгүй цайраад байх ажээ. Эсвэл хорь, гучин алхмын наана, цаана мөндөр ч юм шиг санагдах. Бүр үгүй бол үүрээр том ширхэгтэй цас орсон нь хайлж, зарим нь зайрмагтаад үлдчихсэн юм шиг дүр төрх тэнд үзэгдэнэ. Энэ талбайд тэд нар ургахаас ямаагаа саах хүртлээ зогсолтгүй, тааваараа ажилладаг. Эрх дураараа, дуртай цагтаа тогоолж, дуртай цагтаа шуудайлж, амарсаар тэд өдрийн ажлаа дуусгадаг гэнэ. Сүхээ, Алтаа, Лхүмбэ нар 1975 онд илгээлтээр энэ хонхорт давс олборлохоор ирж байжээ. Харин Цогзолмаа эгч анх Давсны үйлдвэрийн шатахуун түгээх станцын эрхлэгчээр томилогдон ирж байсан гэнэ. Энэ талаар давс олборлогч дөрвөөсөө хамгийн хөнгөн, тэнхээтэй нь болох Сүхээ эгч “1979 онд Давсны үйлдвэрт илгээлтээр ирээд эндээсээ яваагүй. Миний аав насаараа энэ үйлдвэрт дарга, цэргийн ажил хийж явсан учраас эгч бид хоёрыг энд үлдээсэн юм. Аавынхаа насаараа хийсэн ажлыг гүйцээж, гэрийнхээ буйрыг сахиад бид хоёр үлдсэн. Нэг л мэдэхэд миний амьдралын 40 жил энэ хонхорт өнгөрчээ. Залуудаа яваагүй би хөгшрөөд энэ хонхроос явна гэж юу байх билээ. Эндээ л үлдсэн насаа өнгөрүүлж, даах хүртлээ давсаа гаргаж, үүрч түрсээр өнгөрнө байх. 16 настай охин давс шуудайлж, машинд ачиж, улсдаа тушаадаг байсан цагийг бодохоор сайхан байна. Тэнхээтэй байж дээ, хоёулаа нийлээд, машины тэвш рүү шуудайтай давсаа шидчихдэг байсан. Нэг машины тэвшийг нэг хүн 1-2 хоногт л дүүргэчихдэг байлаа. Жолооч нар “Дунд голын хүүхнүүд аюултай тэнхээтэй” гэж ярьдаг байсан. Аав минь надад ажил сайн зааж өгсөн. Тэр бүхний ачаар л өдий зэрэгтэй, давсаа олборлосоор явна. Лхүмбээ, Алтаа бид гурав нэг ангийнх. Өнгөрсөн хугацаанд бид бие биеэсээ бараг л салаагүй. Алтаа бид хоёр наймдугаар анги төгсөөд, хот руу сургуульд явсан ч тэнцээгүй хүрээд ирсэн юм. Тухайн үед хуваарь цөөн ирж таараад, бид сургуульд орж чадаагүй. Эргэж ирэхдээ голоор нэг уйлаад, “Би давсчин болохгүй” гэж байж билээ. Тэр үед хөдөө амьдрал байхгүй юм шиг л санагдаж байсан байх даа. Харин Лхүмбээ аравдугаар ангиа төгсөөд, Алтаа бид хоёрын араас ирсэн юм. Тэр цагаас л бид гурав бараа бараандаа амьдарч, нэгэндээ хань болж явна даа. Ингэж л нэг ангийн гурав давсчин болсон түүхтэй” гэлээ.

      Энэ хөндийд өдгөө Сүхээ, Цогзолмаа, Алтаа эгч, Лхүмбэ нараас өөр давс олборлодог хүн байхгүй гэнэ. Тэд өглөө ирээд уурхайг тогоолж, давсаа гаргаж авдаг. Тогоолох гэдэг нь өөрсдийнхөө чадах хэмжээний тойрог нүх ухаж, дотроос нь давсаа гаргаж авдаг гэсэн үг.

     Энэ талаар Лхүмбээ ах “Цагаан давс 7-10 хоногт ургаж, төлждөг. Бид тогоолоод, дотроос нь давс авлаа, 10 хүрэхгүй хоногийн дараа дахиад ургачихдаг. Гэхдээ бороо орвол хурдан ургадаг юм. Харин хөх давс авсан тогооноос дахиж хөх давс авна гэсэн ойлголт байхгүй. Оронд нь цагаан давс ургадаг. Цагаан давс газар голохгүй, жаахан усны бараа амсуулчихад л ургадаг гэдгээрээ давуу талтай. Хур муутай байгаа учраас давсны ургалт жилээс жилд муудаж байгаа. Энэ жил бүр огцом муудаж, бараг ургаагүй. Гэхдээ өнөөдөр бороо орсон учраас дараа долоо хоногт цагаан мөөг шиг энд тэндгүй цайраад л эхэлнэ. Манай энэ Дунд голын давсны ордодцагаан, улаан, хөх жамц давс ургадаг. Жамц давс нь их ховор гарна. Улаан давсыг нь ашигладаггүй болохоор бид олборлодоггүй” гэв.

       Тэр дөрөв өөр өөрийн үүрэгт ажилтай. Сүхээ эгч цагаан давсаа тогооноос нь эрэг рүү гаргаж, шуудайлна. Бас амыг нь уяж, ачихад бэлэн болгоно. Цагаан давсны гаралт хурдан учраас хэд л бол хэдэн килограммыг шуудайлж, бэлэн болгодог юм байна лээ. Харин Алтаа эгч өчигдөр тогоолсон тогооноосоо хөх давсаа шүүрээр шүүж, угаана. Сайтар угааж цэвэрлээд, хуурай газарт тавьж хатаадаг гэнэ. Б.Цогзолмаа  бол нүх ухна. Метр орчим шавар ухаж, ус гаргана. Б.Цогзолмаа “Хөх давс гаргаж авахад хэдэн өдөр шаардлагатай. Гаргаж авах талбай, тогоолсон тогооноос шалтгаалж, ажил ундарна. Тогооныхоо нэг тал руу давсаа шүүж, угаадаг юм. Нэг тогооноос хамгийн ихдээ хоёр шуудай хөх давс аваад, хэсэг хугацаанд өнжөөдөг. Тэгэхгүй бол ус нь булингартаад давсаа угааж болдоггүй юм. Хэдийгээр жамц давс ургадаг ч гэсэн олдоц нь бага. Жамц давсыг бид хаа нэг олдвол гараараа түүж, ялгаж авдаг” гэлээ.

БҮСГҮЙЧҮҮД НЬ УНАДАГ ДУГУЙГААР ДАВСАА ЗӨӨЖ, ЛХҮМБЭ АХ МӨРЛӨДӨГ

      Үйлдвэр байх үед тэд галт тэрэгний замаар давсаа түрж, зөөдөг байжээ. Харин одоо галт тэрэгний зам нь шавар, элсэнд дарагдаж, эвдэрсэн учраас олборлосон давсаа заримдаа үүрч, заримдаа унадаг дугуйн дээр тэгнэж түрээд гэрийнхээ гадаа хураадаг болж. Сүхээ, Алтаа, Цогзолмаа нарын үнэнч туслах нь унадаг дугуй. Харин Лхүмбэ ахын ачлагын гол “зэвсэг” нь түүний баруун мөр.

      Лхүмбэ ах хэлэхдээ “Залуудаа ч хоёроор нь үүрээд голын захад гарчихдаг байлаа. Одоо нас яваад чадахаа больсон. Унадаг дугуйгаар л хань бараа хийж байна. Бие хөнгөн байвал ч мөрлөөд явчихдаг л юм. Хөгшрөөд нуруу өвдөөд, мөрний арьс халцраад байдаг болсон. Өмнө нь хүмүүс голын захад машинтайгаа ирээд давсаа ачаад явчихдаг байхад амар байсан. Гэтэл жил ирэх тусам элсний нүүдэл түрээд машин голын зах руу дөхөхөө больсон. Ийм болсноос хойш бидний ажил нэмэгдэж, шуудайлсан давсаа гэрийнхээ гадаа хүргэдэг болсон доо” гэв. Тэр жилийн дөрвөн улирлын гуравт нь давс мөрлөж, үүрч, түрсээр 40 гаруй жилийг үдэж байгаа нэгэн. Гэхдээ нэг ч өдөр шантарч, больж, буцаж байгаагүй гэсэн.

     Давсны энэ ордод тэднээс өөр эзэн  байхгүй. Хэдхэн жилийн өмнө энд залуучууд ажиллаж, амьдралаа залгуулдаг байсан ч хөгжил байхгүйн улмаас сум суурин газрыг зорин одоцгоожээ. Мөн Гурвантэс суманд уул уурхай олноор байгуулагдаж, залуучууд өндөр цалинтай ажилд орохоор явцгаасан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ голд Лхүмбэ ахаас өөр давс мөрлөж, тээвэрлэдэг эрэгтэй хүн бараг л үлдээгүй гэсэн үг.

     Тэдний гол зэвсэг гэх хүрд нь салж, дугуй нь хагарсан гурван унадаг дугуй голын эрэгт "хэвтэнэ". Давсаа шуудайлж дуусаад, ирж авдаг юм байна. Алтаа эгч “Бид шинэ унадаг дугуй авч байгаагүй. Хүүхдүүдийн хуучин дугуйгаар болгоод л байдаг юм. Унадаг дугуй байхгүй бол бид гар мухар боллоо л гэсэн үг. 60 гарсан хөгшин эмэгтэйчүүд 40 кг давс үүрээд хол явж чадахгүй. Бид хураасан давсаа тонныг нь 110-140 мянган төгрөгөөр тушаадаг. Жижиглэнгээр зарвал жаахан ахиу үнэ хүрдэг” гэсэн юм.

     Ингэж ярих зуур тэд хэдийнэ найман шуудай давс гаргаад авчээ. Үүний хоёр нь хөх, үлдсэн нь цагаан давс. Цагаан давс нь байгалиасаа иодтой гэнэ. Намрын жиндүүхэн өдөр тэд урт гэгч нь хар усны гутал өмсөөд, гартаа бээлий ч өмсөлгүй ус руу харайгаад орчихдог юм байна. Тэндээ зогсоо зайгүй тонголзож, хүрзээ даахгүй шахам болоод уснаасаа гарч ирэх юм. Тэгээд гаргасан давсаа шуудайлж, амыг нь бөхөлж оёод, унадаг дугуйндаа ачихад бэлэн болгоно.

ДУНД ГОЛЫНХНЫ ОЛБОРЛОСОН ДАВСЫГ МОНГОЛЧУУД ХҮНСЭНДЭЭ ХЭРЭГЛЭЖ  БАЙНА

     Монгол Улс давсны ордтой таван аймагтай. Үүний нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд голын давсны орд. Дөрвөн хөгшин жилдээ 20-25 тонн давс олборлодог гэнэ. Тэд олборлосон давсаа Өмнөговь болон хангайн аймаг, Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн газар, цахилгаан станцуудад нийлүүлдэг аж. Энэ талаар Сүхээ эгч “Жилээс жилд борлуулалт багасаж байна. Манай эндэхийн давс байгалиасаа иодтой учраас хүнсэнд шууд хэрэглэдэг. Сум, аймгийн иргэд хэрэглээний давсныхаа багахан хувийг биднээс авдаг. Харин үлдсэнийг нь үйлдвэр, үйлчилгээнийхэн авдаг юм. Өнгөрсөн жил давс авах машин долоо хоног алгасахгүй ирдэг байлаа. Энэ жил тун ховор ирж байна. Уг нь манай улс давсаа импортоор авахгүйгээр дотоодоосоо хэрэглээгээ хангах бүрэн боломжтой байх. Манайх чинь цагтаа Монгол Улсын таван том үйлдвэрийн нэг нь байлаа шүү дээ. Харамсалтай нь, “Давс ашиг олохгүй байна” гээд үйлдвэрийг маань хаачихсан” гэлээ.

     Их говийн анирыг давсны ургахдаа гаргадаг чимээ “сэрээж”, тогоолсон нүхнээс цухуйх хөх, цагаан давс амь оруулдаг байх. Дунд голын хөндийн энэ хонхорт 40 гаруй жил амьдарч, Давсны үйлдвэрийн буйраа сахиж суугаа тэдний нэг өдрийн ажил ийн дуусаж байна. Тэд “Сурвалжлагч ирсэн чинь байдгаараа хичээлээ. Бид чинь юунд ч яарахгүй, ажлаа тайван хийх бичигдээгүй хуулиар амьдардаг хүмүүс. Энэ хэмнэл алдагдаад, хэдхэн цагийн хугацаанд залуу цаг шигээ ажиллачихлаа. Эрч хүч ороод сайхан ч байх шиг” гээд оршсон хөлөө зөөлхөн цохиж, нуруугаа аажмаар тэнийлгэлээ. Хоёр гараа ташаандаа тулаад арагш гэдийснээ “Хэдхэн жилийн өмнө хөл, гар, нуруу өвддөггүй байлаа. Уг нь давс хүний үе мөчинд сайн шүү дээ. Хоёр, гурван өдөр давсан дунд зогсвол эмчилгээ болно гэсэн үг. Бид ч яах вэ, хугацааг нь хэтрүүлээд үйлчилдэггүй болгочихсон” гээд инээлдэв.

     Тэд маргааш талбайдаа гарч ирэхгүй гэнэ. Бороо орсон учраас шавар ихтэй, зам бэрх болдог аж. Сүхээ эгч “Шавартайд бэртэх аюултай. Дугуй халтираад уначихвал давсаа дийлэхгүй, өөрөө бэртчих гээд байдаг. Одоо ч хашир байхгүй бол босож ирэхгүй юм болно шүү дээ” гэлээ. Мөн тэд “Лхүмбэ 60 нас хүрсэн учраас тэтгэврээ тогтоолгохоор төв явах гэж байгаа" гэв. Тэгснээ “Лхүмбэ чи тэр чигтээ алга болчихгүй биз дээ. Одоо сар гаруйн хугацаанд хөндийдөө байж байгаад л гэртээ орцгоолоо шүү дээ. Алтаа ч охиныхоо хүүхдийг харахаар явна. Ер нь тэгээд хэдүүлээ хавар цуглах нь дээ” гээд шуудайны ам уях уяагаа халаасалж, ачаатай дугуйгаа түрээд алхацгаалаа.

    Үд дундын алдад голд очиж, гурван цаг орчим эргэлдэж, зогсолтгүйгээр давсаа олборлосон тэднээс бид “Юуны төлөө та хэд энд ингэж их хичээж байна вэ. Хүүхдүүд нь том болчихсон юм чинь сум, суурин бараадах бодол байхгүй юу” гэхэдЛхүмбэ ах “2000-аад оноос элсний нүүдэл эрчимжиж, манай голыг элс дарж байна. Давс ургадаг талбай өмнө нь 3-4 километр үргэлжилдэг байлаа. Одоо нэг км хүрэхгүй хэмжээтэй талбай үлдсэн. Бид энэ талбайг элсэнд даруулахгүйн тулд, байгалийн шавхагдашгүй давсны нөөцийг хадгалж үлдэх гэж чадлаараа хичээж байгаа. Хэрэв бид энэ талбайд ажиллахгүй нэг л хавар өнгөрвөл энэ хэсэг бүхэлдээ элсэнд дарагдаж, элсэн манхан болж хувирна шүү дээ. Тийм учраас бид энэ голыг эзгүй үлдээхгүй гэж хөл, гараа өвтгөн, ууцаа бөхийтөл өнжөөд байгаа юм. Гэхдээ нөгөө талд бидний амь зуулгад нэмэр болж байгаа учраас ажиллаж байна даа” гэлээ.

      Харин Сүхээ эгч “Бид аравдугаар сард ажлаа зогсоогоод дөрөвдүгээр сард давсаа олборлож эхэлдэг. Хаврын ид хавсаргаар тогоолж, давс олборлоно гэдэг чанга. Өчигдөр орой нь тогоолж тогоолж явсан нүх өглөө нь элсэнд дарагдчихсан байдаг. Ингэж явсаар бид зургадугаар сартай золгоод, давсаа эрчимтэй олборлодог юм. Хэрэв бид л ажиллахгүй бол энэ голын давсыг хэн ч олборлохгүй байх. Залуучууд сум, суурин бараадаад, хөгжил хайгаад явчихсан. Энэ голын баялаг чинь бидэнтэй хамт нүд аних гээд байна шүү дээ. Эцсээ хүртэл л давсаа олборлосоор байх болно. Бид дөрөв чинь нэг нэгнээсээ салах дургүй. Нэг нь сумын төв явахаар “Яасан удаж байна аа” гээд биенээсээ шалгаагаад байдаг юм. Өвөл Алтаа хүүхдийнхээ хүүхдийг харахаар сумын төв явчихдаг. Гэхдээ дундуур нь яаран яаран ирдэг. Энэ давсны талбай, өнгөрсөн 44 жилийн амьдрал чинь бид бүхлээрээ юм шүү дээ” гэсээр гэрийн зүг хөдөллөө.

    Өмнийн говийн баруун хязгаар, урд хилийн хойхно ийм дөрвөн хөгшин бие биедээ хань бараа болоод хэнээс ч, юу ч хүлээхгүй, хүсэхгүйгээр амгалан тайван аж төрж байна.


ДАВС ҮҮРСЭН ДӨЧИН ЖИЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 27
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 21:13:17
    Хөгжил: Эвий хөөрхий дө сайхан буурлууд минь, эрүүл энх, аз жаргал хүсье. Биесээ сайн бодож байгаарай Урт насалж, удаан жаргахыг ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-19 07:38:02
    Н.Ломбохүү: Жинхэнэ эх орны эзэд их баялагын манаачид байна даа хойч үе нь эзэн болох хэрэгтэй санагдлаа!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-16 17:46:39
    Р.Нямцэрэн.: Дунд голын давсны үйлдвэртэй 44 жилийн амьдралаа холбосон дөрвөн хүний ажил амьдралыг сурвалжилж, бичсэн сэтгүүлч бүсгүйд баярлалаа. Байгаль цаг агаарын хүнд нөхцөлд эцэж цуцалгүй өдий олон жил ажилласан Цогзолмаа, Сүхээ, Алтаа, Лхүмбэ нарт баяр хүргэж урт насалж, аз жаргалтай амьдрахыг хүсье, Одоогоос 34 жилийн өмнө ӨМ аймгийн Цаг уурын холбооны инженер Э.Төмөх бид хоёр Гурвантэс суманд ажиллаад буцахдаа энэхүү давсны үйлдвэрийг дамжин өнгөрөх үед энэ 4 залуухан байсан бизээ. Тэр өдөр шороон шуургатай тэнгэр хангай хилэгнэсэн байдалтай, хүмүүс нь өдрийн унд цайгаа уугаад бүгд л унтцгааж байж билээ. Харин аймаг орон нутаг, эх орныхоо хэрэгцээт энэ сайхан давс үйлдвэрлэн байгаа ажилсаг хүмүүсээ төр засаг анхааран үзэж, зохих шагнал урамшил олгож, амьдрал ахуйд нь тусалж, дэмжих тал дээр онцгой анхаарах хэрэгтэй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-16 17:14:17
    М.Алтангэрэл: эрүүл энх, сайн сайханыг хүсьё. биeэ бодоцгоорой. амжилт хүсьё.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 12:30:52
    Оюунсүрэн : Сайн байцгаана уу та нар минь үнэхээр хөдөлмөрч дайчин тэвчээртэй мундаг шүү аз жаргалтай эрүүл энх байж урт наслаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-02 15:33:05
    bat: baharhaj bnshuu 40 jil
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-02 15:33:03
    bat: baharhaj bnshuu 40 jil
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 18:58:06
    Сондор : Мундаг сэтгүүлч бна эгэл жирийн ард иргэдийн амьдралыг бодитоор бичиж өгсөнд баярлалаа энэ хэдэн хүмүүс маань бас шантрахгүйгээр өдийг хүртэл ажиллаж бдаг мундаг бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 17:02:44
    Зочин: 2006 онд сумын төвд нэг айлаас давс авах гэсэн чинь шуудай нь тэр үедээ л жигтэйхэн үнэтэй байсан шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 14:47:22
    zochin: загын шугуй дууссан бна лээ, тарихгүй авч түлээд байхаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 12:32:30
    Зочин: Сэтгүүлчид баяр хүргэе. Тун сайн сэтгүүлч байна. Эгэл жирийн ийм л иргэд эх орноо нуруун дээрээ үүрч явдаг юм даа. 4 сайхан бууралдаа эрүүл энхийг хүсье. Та нарыг залгамжилж нутаг усандаа ажиллах залуус байгаасай. Нутаг усаа авраасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 12:29:16
    ард : яасан их сэтгэл хайр вэ ийм хүмүүсийг л шагнаад баймаар байгаам
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 11:36:33
    Анхбаяр: Үнэхээр чадварлаг бичдэг сэтгүүлч ажээ амжилт хүсье! Наад хэдэн хүн чинь үнэхээр амьд түүх киноны сэдэв, байгалийн гамшигтай тэмцэгчид юмаа гаднынхныг шуугиулсан кино болно доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 11:36:27
    Анхбаяр: Үнэхээр чадварлаг бичдэг сэтгүүлч ажээ амжилт хүсье! Наад хэдэн хүн чинь үнэхээр амьд түүх киноны сэдэв, байгалийн гамшигтай тэмцэгчид юмаа гаднынхныг шуугиулсан кино болно доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 11:36:25
    Анхбаяр: Үнэхээр чадварлаг бичдэг сэтгүүлч ажээ амжилт хүсье! Наад хэдэн хүн чинь үнэхээр амьд түүх киноны сэдэв, байгалийн гамшигтай тэмцэгчид юмаа гаднынхныг шуугиулсан кино болно доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 11:21:15
    дорж: орон нутгаа сахиж, эрч хүчтэй хөдөлмөрлөж байгаа 4 хөгшинд баяр хүргэж эрүүл энхийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-09 15:05:05
    зочин: Сум орон нутаг нь дэмжээд өгөөсөй билээ. Элсний нүүдлийг зогсоох арга хэмжээг одоохон авахгүй бол энэ сайхан орд элсэнд дарагдаад ашиглахад хэцүү болно доо.Хөдөлмөрч 4-дөө эрүүл энх,сайн сайхан бүхнийг хүсье. Та нар баялаг бүтээгч шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-07 08:25:46
    davschin: kino himeer yum bnadaa .Urt nasalj udaan jargaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-07 07:41:43
    M.Batjargal: Lhumbe bugdeeree sain uu. Dargiin tereg bariad dawhij baihad caihan zaluuchuud baijee. ERUUL enh urt udaan naslahiig eruue.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-07 06:08:08
    Баатарзоригт: Анх удаа сонсож бна. Сайхан бичсэн байна. Маш их бахархаж байна. Та нартаа эрүүл сайн сайхныг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 19:02:16
    Чимэг: Ийм л сайхан сэтгэлтэй хүмүүсийг заяа буян түшиж яваг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 19:02:16
    Чимэг: Ийм л сайхан сэтгэлтэй хүмүүсийг заяа буян түшиж яваг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 19:02:15
    Чимэг: Ийм л сайхан сэтгэлтэй хүмүүсийг заяа буян түшиж яваг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 19:02:12
    Чимэг: Ийм л сайхан сэтгэлтэй хүмүүсийг заяа буян түшиж яваг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 19:02:11
    Чимэг: Ийм л сайхан сэтгэлтэй хүмүүсийг заяа буян түшиж яваг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 15:42:27
    uuganaa: ewii dee nutgiin buurluud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-06 13:14:39
    Алтанзаяа: Хүүхэд байхдаа энэ сайхан газар амьдардаг байсан. Эргээд нэг дурсхад маш олон зүйл сэтгэлийн минь гүнд хоногшин үлджээ. Энэ мундаг ах эгч нараа бүгдийг нь танина аа. Эрүүл энх байж урт наслаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188