-БИД ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ БАЙСАН, БАЙСААР БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ АЮУЛ-
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Цар тахлын амаргүй цаг үед Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар байгуулагдлаа. Энэ нь одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд ямар үр дагавар авчрах вэ?
-Засгийн газар солигдох нь ямар үр дүн авчрах эсэх нь солигдох үндэслэл, сэдлээс шалтгаална. Энэ нь эд үнэхээр Монгол Улсын хөгжлийг бодоод нэг нь огцорч, нөгөө нь Ерөнхий сайдын суудалд суусан уу, шинээр бүрэлдэж байгаа Засгийн газар нь эрх мэдэл, чадамжийн хувьд төрийг удирдаж чадах уу гэдгээр тайлбарлагдана. Нэг талаас харвал сайн зүйл юм.
Учир нь, Монгол Улсад улс төр, засаглалын хямрал үүсээд байгаа өнөө үед төрийн чадамжийг ард түмэнд харуулах нэг өнцөг юм. Сүүлийн 20 гаруй жил Засгийн газар олон удаа солигдсон ч Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаа сайжрахгүй байгаагийн шалтгааныг ард түмэн ойлгоход тус болно. Өнөөдөр хүнээсээ бус улс төрөөсөө, системээсээ болоод байгаа юм байна. Энэ систем Монгол Улсын хөгжүүлэхгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний хувьд хүн солигдвол, үе солигдвол төрийн засаглал сайжрах мэтээр төсөөлж байгаа энэ төөрөгдөлд хариу өгөх нэг боломж гэж харж байгаа юм.
Миний бодлоор улс төрийн нөхцөл байдлаас үүдсэн системийн асуудал байгаа үед нэг их зүйл хүлээх нь эрт юм. Ямартай ч шинээр бүрэлдсэн Засгийн газрын хувьд өөрсдийгөө харуулах, эдийн засаг, нийгмийг сайн сайхан болгохын тулд хийх эрчимтэй оролдлогууд нь эерэг нөлөөлж болох юм.
-Шинэ Засгийн газрыг ямар сорилт хүлээж байна вэ. Ерөнхий сайд арга барилын хувьд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломж харагдаж байна уу?
-Шинэ Засгийн газрын хамгийн том сорилт нь цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн удирдах асуудал байх болно. Цаашид өнөөгийн дордсон эдийн засгийг улам дордуулахгүй байх, хурдан сэргээх асуудал нэн чухал. Энэ хоёр том асуудлын жорыг нь тааруулах нь өнөөдөр бидний эрүүл мэнд, эдийн засаг, ирээдүйтэй холбоотой гол бодлого байх ёстой. Түүнчлэн Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улам улс төржих хандлагатай байгаа тул үүнийг нэг тийш болгох эхлэлийг тавих нь шинэ Засгийн газрын гол хийх ажлуудын нэг юм.
-Оюутолгойн гэрээг шинэчлэх эсэх асуудал маргаан дагуулж байгаа. Энэ талаар та эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Оюутолгойн гэрээний хувьд сайжруулах шаардлага бий. Ингэхдээ боломжийн хэрээр сайжруулахыг хичээх хэрэгтэй нь тодорхой боловч энэ нь хийрхэлээр шийдэгдэх асуудал биш гэдгийг бүх түвшиндээ, ялангуяа ажлын хэсгийн хүрээнд ойлгох шаардлагатай юм.
Засгийн газрын зүгээс гаргаж байгаа үйлдэл, мэдэгдэл, зарим шийдвэрийг ажиглаж байна. Их өөдрөг, зөв зүйтэй асуудлуудыг хөндөж байгаа. Энэ сайн зүйл мөн. Гэхдээ миний ойлгож байгаагаар үүнийг хэрэгжүүлэхэд бүхэл бүтэн системийн асуудал хөндөгдөнө.
Шинэ Засгийн газар нь маш сайн зөвлөхүүд ажиллуулж, шинжлэх ухаанчаар улс орныг удирдлаа гэж бодоход дээр, доор, дэргэд нь байгаа институцийн чадавх хэвээрээ байгаа үед богино хугацаанд үр дүн гарах магадлал бага. Гэсэн ч үүнийг засаж сайжруулах эхлэлийг тавьж чадвал энэ Засгийн гол гавьяа байх болно.
-Цар тахлын нөлөөгөөр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж амаргүй байгаа. Цаашид ямар гарц гаргалгаа байна вэ?
-Миний хувьд бид цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгүй байсан, байсаар байгаа нь хамгийн том аюул гэж боддог. Ер нь энэ нь Монгол Улсын томоохон асуудал. Алсын хараа, төлөвлөгөөгүй, төлөвлөгөө нэртэй зүйл байсан ч хэрэгжүүлэх чин сэтгэлтэй, чадвартай удирдлага, хэрэгжүүлэх механизм байхгүй. Цаашид яах нь тодорхой бус. Иймээс өнөөдөр улс төрийн өнгө аястай тактикийн шийдэрүүд гаргасаар эдийн засгийг хүнд байдалд оруулчихсан. Энэ нь үе үеийн төрийн байгаа дүр төрх.
.jpg)
Зөвхөн сая унасан Засаг, энэ эрх баригчдад хамаатай зүйл биш. Ийм үед гарц гаргалгаа ярихаас илүү хэрхэн хэрэгжүүлэх нь чухал асуудал болдог юм байна. Тийм зүйлийг бид хийж чадах уу, үгүй юү гэсэн үг. Мөн ард иргэдийн ухаалаг оролцоо ихээхэн чухал юм. Эдгээр нь байгаа гэж үзвэл бид өнөөдөр иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах ажлыг, эдийн засгийг дэмжих хөтөлбөртэй хамт хэрэгжүүлэх шаардлагатай цаг нь ирээд байна. Үүнээс цааш эдийн засгийг унагаж болохгүй. Иймд одоо хэрэгжүүлэх хатуу хөл хорионы үед цар тахлыг Засгийн газар хязгаарлах оролдлоготой хамт энэхүү төлөвлөгөөг бэлтгэж цогцоор хэрэгжүүлэх шаардлагатай.
-2021 оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн таамаглаж байна вэ?
-Энэ асуудал нь бидний хувьд цар тахлыг хэзээ хазаарлаж чадах вэ гэдэгтэй шууд хамааралтай болоод байна. Эерэг тал нь вакцин гарч тодорхой үр дүнд хүрч байгаа явдал юм. Бид 2020 онд уналтад орж 2019 оны түвшин рүү ойртож буух бололтой. Энэ утгаараа бид 2020 оныг асар их хохиролтой давж байна гэж үзэж болох юм. Гэтэл энэ нь хохирлын зөвхөн нэг тал гэж үзэх нь зүйтэй. 2021 оны эдийн засгийг өмнө таамаглаж байсантай адил өөдрөг харж байна. Гадаад орчин бидний эсрэг биш байх бололтой.
Бидний бодлого, шийдвэр зөв байж цар тахлын эсрэг, эдийн засгийг дэмжих тал дээр зөв ажиллаж чадвал 4.5-5 хувийн эдийн засгийн өсөлт гарах боломж хангалттай бий. Үүн дээр төсвийн, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Мөнгөний бодлогын хувьд Монголбанкны зүгээс боломжийг бүрэн ашигласан шийдвэрүүд гаргаж байна.
-Хэрвээ цар тахлын нөхцөл байдал удаан үргэлжилбэл цалин, тэтгэврээ тавьж чадахгүй нөхцөл үүсэх вий гэх болгоомжлол байна. Ер нь татварын орлого нэлээд буурсан. Хэдийн хэмжээгээр буурсан талаар та судалж үзэв үү?
-Бидний нөхцөл байдал ихээхэн хүнд байгаа гэдэгтэй санал нэг байна. Төсвийн хүндрэлээс илүү эдийн засгийн хүндрэлд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Эдийн засаг 2020 оны эхний гурван улирал дараалан өндөр уналттай байгаа. Жилийн эцсийн гүйцэтгэлээр сөрөг гарах нь тодорхой болоод байна. Энэ нь төсөв, санхүүгийн нөөц хүндэрсэн энэ үед гол сөрөг нөлөөлөл юм. Учир нь, эдийн засгийн хүндрэл нь төсвийн орлогын буурах, тасалдах гол нөхцөл юм. Тиймээс бид эдийн засгийн хүндрэлийг даван туулах, төсвийн зөв бодлого явуулах арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай.
Төсвийн тэнцэл 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Үүний шалтгаан тэнцвэржүүлсэн орлого, тусламж 13.8 хувиар буурч, зарлага, зээл 19.7 хувиар өссөн явдал байсан. Татварын орлогын хувьд өмнөх оноос 13.4 хувиар буурсан гэсэн мэдээтэй байна. Нийгмийн даатгалын орлогоос бусад татвар тал дээр энэ түвшинтэй ойролцоо жигд бууралт гарсан. Харин нийгмийн халамжийн чиглэлд зардал ихээр өссөн нь мөн төсвийн байдал хүндрэх гол нөхцөл болсон.
-Өнгөрсөн жил коронавирусийн халдвар дотоодод тархаагүй байхад 5.8 их наядын арга хэмжээ Засгийн газраас авч хэрэгжүүлж байсан удаатай. Гэтэл яг цар тахлын аюул нүүрлэсэн үед бодитой арга хэмжээ авч чадахгүй байна гэх шүүмжлэл бий. Энэ талаарх таны байр суурь?
-Өнгөрсөн жилд авсан арга хэмжээг бүхэлд нь буруутгах аргагүй. Бид юуны өмнө иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилго тавьж, тэр хүрээндээ зохих амжилтад хүрсэн. Мөн иргэдийг орлого, амьдралын доройтлоос хамгаалах чиглэлд халамжийн үр дүнтэй бодлого хэрэгжүүлсэн. Зарим талаар арай хэтэрсэн ч байх. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс санаачилж, УИХ дэмжиж хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн. Энэ хуулийн үйлчлэлийг сая арванхоёрдугаар сарын 31-нд сунгаад байна.
Харин энэ цогц арга хэмжээний хүрээнд байгаа согог нь хэт их нөөцийг дотооддоо халдвар тархахаас өмнө зарцуулсан, гол нөөцөө нийгмийн халамжийн чиглэлд зарцуулж бизнесийн орчныг орхигдуулсан явдал. 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн цар тахлын эсрэг арга хэмжээнд маш их нөөц, гаднын санхүүжилт зарцуулсан. Энэ бүх байдал нь өнөөдөр цар тахлыг дотооддоо алдсан үед эдийн засгийн томоохон арга хэмжээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь бидний нөөц бололцоо шавхагдсан гэсэн үг биш.
Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Нийгмийн халамжийн чиглэлд ЗАРДАЛ өссөн нь төсөв ХҮНДРЭХ гол нөхцөл болсон |
|