• Өнөөдөр 2024-05-14

Г.БАТЗОРИГ: Монголбанкны хар жагсаалтаас цөөн иргэн л гарч чадна

2021-06-08,   1410

 -ӨРХИЙН ОРЛОГО ДӨРВӨН ХУВИАР БУУРЧ, НЭГ САЯ ГАРУЙ АЖИЛТНЫ 57 ХУВЬ НЬ ЦАЛИНГАА АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА. ИЙМ НӨХЦӨЛД ИРГЭД ГАНЦ САРЫН ДОТОР ЧАНАРГҮЙ ЗЭЭЛЭЭ ДАРНА ГЭДЭГ ХЭЦҮҮ-

      Монголбанкны хар жагсаалтаас иргэдийг нэг удаа гаргах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн. Уг шийдвэр нь эдийн засаг талаас хэр үндэслэлтэй вэ гэдэгт эдийн засагч Г.Батзоригийн байр суурийг сонслоо.


-Монголбанкны хар жагсаалтаас иргэдийг гаргах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн. Энэ шийдвэрт эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

    -Юуны өмнө, манайх шиг хөгжиж буй улсуудад цар тахал хүндээр тусаж байна. Учир нь манайд бүртгэлтэй бүртгэлтэй 100 мянган аж ахуйн нэгж байгууллагын 95 хувь нь жижиг дунд бизнес байдаг. Тиймдээ ч эдгээр бизнесүүд цар тахалд хамгийн хүчтэй өртөж байна. Үндэсний статистикын хорооноос гаргасан судалгаагаар, аж ахуйн нэгжийн 74 хувь нь санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орсон байна. Тиймдээ ч дээрх шийдвэрийг эдийн засгаа аврах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих олон бодлого, хөтөлбөрүүдийн нэг гэж харж байгаа. Ер нь л зээлийн мэдээллийн сангаас хар жагсаалтад орсон аж ахуйн нэгж, иргэдийг зургаан жил тутамд хасдаг. 

-Хар жагсаалтаас иргэдийг нэг удаа гаргах нь эдийн засагт ямар нэгэн нөлөө үзүүлэх үү?

   -Яг шийдвэрийн хувьд, хоёр үндсэн нөхцөл хангасан иргэдийг хар жагсаалтаас гаргаж байгаа гэж ойлгосон. Нэгдүгээрт тухайн зээлдэгч маань нэг удаа зээл нь хугацаа хэтэрсэн эсвэл муудсан, тэр зээлийнхээ дүнг энэ долоон сардаа багтаад төлсөн байх ёстой. Тэгэхээр тус шийдвэр нь илүүтэй цар тахалд өртсөн зээлдэгчдэд нөлөөгөө үзүүлэх болно. Эдийн засагт үзүүлэх нөлөө нь тийм ч их гэж бодохгүй байна. Учир нь 2021 оны нэгдүгээр улиралд өрхийн орлого дөрвөн хувиар буурчихсан. Нэг сая гаруй ажилчдын 57 хувь нь цалингаа бүрэн авч чадахгүй байна. Ийм нөхцөлд иргэд нэг сарын дотор хаа нэгтээгээс мөнгө олоод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлээ дарна гэдэг юу л бол доо.

-Ковид-19 халдварын энэ хүнд үед хар жагсаалтаас иргэдийг гаргах нь хэр зөв шийдвэр вэ?

    -“Бидний тооллоор хоёр өдөр гэдэг бол "Ковид-19"-ын тооллоор хоёр жил” гэж Нобелийн шагналт эдийн засагч Пол Кругман хэлсэн байдаг. Өрх гэр, компаниуд таван удаагийн хөл хорионд үнэндээ тэсэж үлдэж чадахгүй маш хүнд цаг хугацааг туулж байгааг илэрхийлсэн хэрэг. Тиймээс энэ цаг үед гаргаж буй шийдвэрүүд жирийн үеүдээс илүү онцлогтой байх нь зүйтэй болов уу. Ер нь бол зургаан жил тутамд шинэчилдэг зээлийн мэдээллийн сангийн хугацааг ковидын онцгой нөхцөлд багасгаж байна л гэж ойлгох хэрэгтэй. Харин дээр хэлсэнчлэн, үр дүнгийн хувьд хангалтгүй байж болохоор байна.

-Иргэдийг буруу зуршилд сургах сул талтай гэж зарим эдийн засагчид үзэж байна. Энэ нь хэр үндэслэлтэй вэ?

   -Цар тахлын онцгой нөхцөл байдалд авч буй бодлого гэдэг талаас нь харвал буруутгаад байх зүйлгүй. Эрүүл мэндээ аврахын тулд эмч нар 24 цаг ажиллах, эмнэлэг хүчин чадлаа нэмэгдүүлэх, вакцинжуулалт хийх гэх мэтээр онцгой арга хэмжээ авч байгаа биз. Яг түүнтэй адил эдийн засаг ч гэсэн сэхээнд дусал хийлгээд хэвтэж байна. Тиймээс бид эхний ээлжинд ямар нэгэн аргаар сэхээнд байгаа эдийн засгаа босгож авах нь чухал байна. Босгож авсны дараа бөөрний өвчин байна уу, зүрхний өвчин байна уу тэрэнд нь зориулаад эмчилгээ хийнэ л гэсэн үг.

Мэдээж энэхүү бодлогод сөрөг тал бий. Эдийн засагт ёс зүйн гажуудал гэх ойлголтоор үүнийг тайлбарлаж болно. Бусадтай адилхан чадахаараа зээлээ төлөөд явж байсан иргэдэд шударга бус байх болно. Нөгөө талдаа иргэдийн зээлээ төлөх хандлагыг бууруулах магадлалтай. Ер нь л ийм байдлаар цаашид зээл тэглэх, хар жагсаалтаас гаргах, өршөөх гэх мэт арга хэмжээ авч магадгүй гэх мэтээр хүмүүс хандана гэсэн үг. Улмаар нэг иргэн зээлээ төлөхгүй нөхцөлд банкнаас зээлээ хугацаанд нь төлж буй иргэнд зээлийн хүүгээр дамжуулан тодорхой хувийг нь үүрүүлдэг. Өөрөөр хэлбэл, зээлээ төлөөгүй нэг зээлдэгчийн зээлийг мөрөөрөө төлж буй есөн зээлдэгч нь тодорхой хэмжээгээр үүрээд явдаг.

Гэхдээ зөвхөн энэ бодлогод ч бус цар тахлын хугацаанд авч буй бүх бодлогуудад сөрөг нөлөө гэж бий. Хэт их мөнгө нийлүүлснээс үнийн өсөлт явагдаж байна. Гааль дээр хязгаарлалт хийж буйгаас тээврийн зардал өсөж байна. Бэлэн мөнгө тараалт, юмны үнэ тэглэх, хөнгөлөх гэх мэт бодлогууд нь хүмүүсийн ажиллах сонирхол, бэлэнчлэх сэтгэлгээг нэмэгдүүлж байна.

-Хар жагсаалтаас нэг удаа гаргах тухайд тодорхой шалгуур заасан байна лээ. Тухайлбал, хар жагсаалтад нэгээс дээш ороогүй байх гэх мэт. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

     -Нөхцөл нь нэлээд чанга. Тус шийдвэрийн гол зорилгыг цар тахалд өртсөн иргэдэд илүүтэй зориулж байна уу даа гэж харсан. Гэхдээ үр дүнтэй байх магадлал бага. Учир нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлээ нэг сарын дотор багтаагаад төлөх иргэн бага байх болов уу.

Дээр хэлсэнчлэн, өрхийн орлого, зарлага хоёроо хараад үзье. Өрхийн орлого тал нь ойрын хоёр жилдээ өсөхгүй. Харин энэ оны долдугаар сараас эхлэн өрхийн зарлага талдаа тог цахилгааны мөнгө, моргейжийн төлбөр гэх мэтээр зардлууд нь нэмэгдээд эхэлнэ. Дайран дээр нь давс гэдэг шиг үнийн өсөлт ч худалдан авах чадварыг нь бууруулж байна. Ийм нөхцөлд хар жагсаалтаас гарах иргэд бага байх болов уу гэж харж байна.

-Баярлалаа танд.

     -Баярлалаа.


Г.БАТЗОРИГ: Монголбанкны хар жагсаалтаас цөөн иргэн л гарч чадна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-30 17:20:27
    Болороо: Мундаг залуу шүү. Нийтлэлийг нь алгасалгүй уншиж дэмждэг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 13:45:07
    Батболд: Хар данснаас гармаар бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 13:44:26
    Батболд: Хар данснаас гармаар бна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188