Төгөлдөр хуурч А.Энх-Амгалантай ярилцлаа. Түүний бие даасан "Ballade" сонгодог хөгжмийн тоглолт тавдугаар сарын 1-нд болох билээ. Тэрбээр Скарлатти, Моцарт, Бетховен, ф.Шопен хэмээх дэлхийн сонгодгуудын хөгжмийг тоглохоос гадна Ф.Шопений I, II, III, IV балладуудыг тоглохоороо онцлог болох юм.
-Сайн байна уу, тоглолт нь болоход хоёр хоног үлджээ. Бэлтгэлээ базаагаад завгүй байгаагаас гадна тоглолтоо догдлон хүлээж байгаа байх?
-Энэ хавар ажлынхаа хажуугаар тоглолтынхоо бэлтгэлийг хангаад тун завгүй байлаа. Эхнэр маань дэмжиж тусладаг тулдаа нэлээд ажлыг амжуулж чадсан. Тоглолт болох өдөр хоног ойртох тусам сэтгэл хөдөлж, юу дутуу билээ, юуг нь бэлдэх ёстой билээ гэх бодлууд төрдөг юм байна. Заримдаа өөрийгөө тайзан дээр гарчихсан байгаагаар, үзэгчдийн алга ташилтыг сонсож байгаагаар хүртэл урьдчилаад төсөөлж байгаа. Тайзан дээр гарч хөгжмөө тоглочихоод ёслоод буух мэдрэмжийг уран бүтээлч болгон өөрөөр мэдэрдэг байх. Зарим нь тэрхүү ер бусын сайхан мэдрэмжинд донтдог байж ч мэднэ. Миний тоглолтоо төсөөлөн бодож, өөрийгөө тайзан дээр байгаагаар мэдрэх нь тоглолтондоо бэлдэж байгаа нэг хэлбэр юм юм шүү дээ. Тайзан дээр гарна гэдэг тийм ч амар зүйл биш болохоор хөгжмөө давтахаас гадна сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал байдаг.
-Та долоон настайгаасаа төгөлдөр хуураар хичээллэж түүнээс хойш тасралтгүй сурч байгаад одоо СУИС-д багшилж байгаа юм байна. Тэгэхээр төгөлдөр хуур таны амьдралын салшгүй хэсэг, гэр бүлийнх нь нэг гишүүн шиг болжээ. Та хөгжмөө хэрхэн тодорхойлох вэ?
-Төгөлдөр хуур гарцаагүй хаан хөгжим мөн. Хүний сэтгэлийн олон өнгийг өргөнөөр илэрхийлж чаддаг. Хоёдугаарт, маш романтик, хайрын хөгжим. Би нэгдүгээр ангиасаа төгөлдөр хуурын сургалтад явж эхэлсэн. Тухайн үед бидний сурах сургууль, мэргэжлийг аав, ээжүүд сонгодог байлаа шүү дээ. Би ч тэдний нэг нь. Эмээ минь хийлч байсан нь бас нөлөөлсөн болов уу гэж бодсон.
-Та хөгжмийнхөө сайхныг хэзээнээс мэдэрч, төгөлдөр хууртай амьдралаа холбох ёстойгоо ойлгосон бэ?
-2004 онд СУИС-ийн Төгөлдөр хуурын ангид элсэн суралцсан. Тэр цагаас би хөгжимдөө чин сэтгэлээсээ дурлаж, сайхныг нь мэдэрч эхэлсэн. Түүнд Т.Цолмон багш их нөлөөлсөн гэж боддог. Т.Цолмон багшийн шавь болоод амьдралыг өөрөөр харж, мэдэрч эхэлсэн. Их сургууль миний харах өнцгийг өөрчилж чадсан.

-Бараг 10 жилийн дараа хөгжмийнхөө сайхныг мэдэрсэн юм байна шүү дээ. Үүнтэй адил уран бүтээлч болоход нь тодорхой хугацаа, нөлөөлсөн зүйлс байсан байх?
-Их сургуульд орохоосоо өмнө хичээлдээ яваад, шалгалтаа өгдөг бусдын адил хүүхэд байсан. Хөгжмөө чин сэтгэлээсээ ойлгож, ухамсарлаагүй байсан үе. СУИС-д дөрвөн жил сурчихаад магистрийн ангид үргэлжлүүлэн сурахдаа Ц.Энхтөр багшийн шавь болсон. Ц.Энхтөр багшаасаа уран бүтээлийн болон уран бүтээлч болох талаар суралцсан. Уран бүтээлч болох үе шат болгон өөр байдаг юм билээ. Тэр багштайгаа олон жил хоршиж тоглосон.
-Та төгөлдөр хуур дээр ямар хөгжим тоглож сурахыг хичээдэг байсан бэ?
-Хөгжмөө ойлгоод эхлэхээр бүх л хөгжмийн бүтээлд дурладаг. Эхэндээ хүүхдүүд гоё аялгуутай хөгжим сонирхдог. Би тэдний л адил байсан. Сонгодог урлаг бол олон төрөл жанртай. Цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг. Тэр хөгжмийг тоглох юм сан гэхээс илүүтэй бүх цаг үеийн сонгодог бүтээлд дурласаар байна. Нэг хэсэг 20 дугаар зууны хөгжмүүдэд ихээхэн дурлаж байсан. Гэхдээ сонгодог хөгжмийн суурь нь хэзээ ч алдагддаггүй. Ямар ч цаг үед сонгодог хөгжим дээрээ л эргэж тогтдог.
-Та Монголын сонгодог хөгжмийн бүтээлүүдээс хэний бүтээлүүдийг нэрлэх вэ?
-Сонгодог хөгжмийн тухайд С.Гончигсумлаа гуай ихээхэн хөгжим бичсэн байдаг. Дараа нь Б.Шарав гуай, Г.Цэрэндорж гуайн бүтээлүүд ордог. С.Гончигсумлаа гуай төгөлдөр хуурийн төрөлд жинтэй хувь нэмэр оруулсан. Төгөлдөр хуурын 24 прелюди, Буриад бүжиг, Хүүхдийн альбом, Бодол гэх мэт бий. Хөгжимчний хувьд ч бүтээлүүддээ сэтгэлээ зориулсан нь мэдрэгддэг. Сүүлчийн үед төгөлдөр хуурын бүтээлүүд төдийлөн гарахгүй байна. Монгол хөгжмийг төгөлдөр хуур дээр буулгана гэдэг хэцүү. Тухайн хөгжмийн бүтээл төгөлдөр хууртай хэр наалдаж байна вэ гэдэг нь чухал байдаг.

-Та хөгжмийн зохиол бичихийг зорьж, мөрөөддөг үү?
-Алдартай хөгжмийн зохиолчид бүгд төгөлдөр хуурч байсан. Бүтээлүүдээ төгөлдөр хуур дээр тоглож үзэж байж сайжруулах, найруулах ажлаа чамбайруулдаг байлаа. Сүүлийн үед төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч гэдэг тусдаа мэргэжил болчихоод байгаа. Уг нь энэ мэргэжил нэг болох юм бол сайн бүтээлүүд гарах магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Би хөгжмийн зохиол бичих юм сан гэсэн бодолгүй л байна. Төгөлдөр хуурчийг системтэй бэлддэг болохоор чадахгүй ажлаа хийж мэдэхгүй шүү дээ. Хэрвээ хослуулан бэлддэг байсан бол магадгүй хөгжмийн бүтээлүүд бичих байсан байх. В.А.Моцарт, Л.Бетховен нар долоон настайгаасаа хөгжим бичиж эхэлсэн нь сургалттай нь холбоотой. Дээрээс нь суут хүмүүс учир багшийн заасныг шууд хүлээж авдаг байсан байх.
-Төгөлдөр хуур тоглож байхад болон багшилж байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Мэргэжил сонгох гэдэг хэцүү. Би өөрөө сонгоогүй мөртлөө надад өгсөн хүмүүжил, биеэ авч явах байдал, ертөнцийг харах өнцгийг төгөлдөр хуур өөрчилж өгсөн. Төгөлдөр хууртай миний амьдралыг, намайг холбож өгсөн ээждээ үргэлж баярлаж явдаг. Мөн сайн багш нарын шавь болсондоо бахархаж явдаг. Төгөлдөр хуур бол миний ажил, хобби болчихсон. Мэдээж амьдралын минь салшгүй нэг хэсэг. Хүсэл тэмүүлэл байгаа ч заримдаа санасандаа хүрсэн шигээ тоглож чадахгүй үе ч бий. Хамт сурч байсан хүүхэд, залуусаас шантраад хөгжмөө орхисон хүн олон байдаг. Би шантарсан ч зүрх сэтгэлээ дагасан. Монголчуудын сонгодог урлагийг үнэлэх үнэлэмжийг хараад гутрах үе байдаг. Сайн шавь нар төрүүлж, сонгодог хөгжмийг ойлгодог, мэддэг хүн нэгээр ч болтугай нэмэх юм сан гэж хүсдэг. Хүмүүс хүүхдүүдээ төгөлдөр хуурын сургалтад явуулдаг ч жинхэнэ сонгодог хөгжмийг мэдрүүлж, сургаж ч чадаж байна уу гэдэг бас өөр ойлголт болчихоод байгаа.
-Та тоглолтоо яагаад "Баллад" гэж нэрлэх болсон бэ?
-Миний тоглолтын онцлог нь Ф.Шопений I, II, III, IV балладуудыг тоглох юм шүү дээ. Нэг дор дөрвүүлэнг нь тоглодог төгөлдөр хуурч цөөн байдаг. Тоглолтынхоо нэрийг "Баллад" гэж өгсөн нь ийм учиртай.
-Уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
| Төгөлдөр хуурч А.Энх-Амгалан: Төгөлдөр хуураар хүний сэтгэлийн олон өнгийг илэрхийлж болдог |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |