-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бөмбөр тоглож эхэлсэн үеэс нь яриагаа эхлэх үү?
-Ах маань готик металл урсгалыг Монголд анх оруулж ирсэн хамтлагийн гитарчин л даа. Ахынхаа хөгжим тоглож байгааг багаасаа харж, дуунуудыг нь сонссон учраас металл хөгжимд дуртай болсон. Гэртээ байгаа савнуудаа доош нь харуулж байгаад савх барьчихаад л зурагтаар гарч байгаа бөмбөрчдийг дуурайж нүддэг хүүхэд байлаа. Тавдугаар ангид байхад ах маань надад бөмбөр авч өгсөн. Гэртээ бөмбөр тоглож, хүүхэд нас минь өнгөрсөн дөө. 15 настайдаа хөгжмийн тэмцээнд орж, Монголын шилдэг бөмбөрчин болсон. Үүнээс хойш 2009 онд “Хоссүх” хамтлагаа байгуулсан. Хамтлаг дөрвөн жил гаруй хугацаанд завсарлаж байгаад энэ оноос дахин уран бүтээлээ хийж байна. Мөн Монголын хамгийн анхны металл хамтлагийг 1984 онд байгуулсан их түүхтэй “Аясын салхи” хамтлагт бөмбөрчнөөр нэгдээд зургаан жил болж байна.
-Металл урлагийн юу нь таны сонирхлыг татсан юм бэ?
-Анх сонсоход чихэнд тээртэй, төвөгтэй хөгжим мэт санагдаж болно. Миний хувьд хөгжмийн талаар мэддэг мэдрэмжтэй, хөгжмийг ойлгодог хүмүүс л амьд хөгжим сонсдог юм шиг санагддаг. Металл хөгжим бол хүний толгойг хамгийн их ажиллуулдаг хөгжим. Анх сонсоод ойлгохгүй байж болох ч сонсох тусам гүн утгатайг нь мэдэрдэг. Хүссэн, дуртай хүн л ойлгох хөгжим дөө. Хичээлээ тарсны дараа хоёр хуушуур аваад сургалт руугаа яваад бүтэн өдөржин зөвхөн бөмбөрийн бэлтгэл хийдэг байсан. Өдөржин бэлтгэл хийж байгаа нь огтхон ч хэцүү санагдахгүй. Хамгийн гэгээлэг үе минь тэр он жилүүд.
-Биедээ хэр олон цоолбор, шивээстэй вэ. Анхны шивээсээ хэзээ хийлгэж байсан бэ?
-Би 26 цоолбортой, бүгдийг нь өөрөө хийсэн. Интернэтээс сонирхсон цоолбороо харж байгаад л хийчихдэг. Тавдугаар ангидаа харандаагаар уруулаа цоолсон. Сургууль дээр ээмэг зүүлгэхгүй учраас яг хичээлдээ орохын өмнө ээмгээ авчихна. Тухайн үед Хархорин зах орж ээмэг авдаг байлаа. Бага багаар цуглуулсан мөнгөөрөө өөртөө чамин харагдсан ээмгээ авдаг. Тухайн үед миний сонирхсон ээмэг 300-1000 төгрөгийн л үнэтэй байсан. Металл хөгжмийн дэлгүүрт зарагдаж байгаа 3000 төгрөгийн үнэтэй ээмгийг мөнгө цуглуулж авна гэдэг тэр жаахан хүүхдэд зорилго, мөрөөдөл нь болж байсан үе. Анхны шивээсээ 14 настайдаа хийлгэсэн. Миний анхны шивээсийг н.Ганболд ах хийсэн юм. Тэр үед жаахан хүү “Ах аа, би шивээс хийлгэх гэсэн юм. Надад 7000 төгрөг л байна” гээд ороод ирсэн гэсэн. н.Ганболд ахад их эгдүүтэй харагдсан гэж одоо ярьдаг юм. Шивээс хийлгэнэ гээд зогсож байтал намайг “Цайны газар ороод мөнгөөрөө мантуун бууз аваад ир” гээд явуулсан. Хэлснийг нь аваад ортол н.Ганболд ах надаас нэлээд шалгааж байгаад цээжин дээр соёмбо шивж өгч байлаа. Миний биеийн 40 гаруй хувь нь шивээстэй болсон, одоо.
.jpg)
-Гэр бүлийнхэн нь бөмбөрчин болсныг нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх дургүй байсан. Бүгд шахуу “Чи буруу зүгт явж байна. Болохгүй” гэж хэлдэг байсан. 2009 онд Монголын шилдэг бөмбөрчин болоод шагналынхаа мөнгөнөөс 200 мянган төгрөгийг нь ээждээ өгч байлаа. Одоо бол огт өөр “Миний хүү чинь металл хөгжимчин байхгүй юу” гээд бахархаж ярьдаг болсон. Хүлээн зөвшөөрүүлж чадсан. Манай хамтлаг металл хөгжим сонирхогч залуусынхаа дунд нэр хүндтэй л дээ.
-Тайзан дээр бөмбөр тоглож байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?
-Миний хамгийн өөртөө итгэлтэй байдаг үе. Бидний тоглож байгаа хөгжмийг сонсож, мэдрээд алга ташиж байгаа хүмүүсээс хамгийн сайхан энерги авдаг.
-Хувцас загвар сонирхдог, оёдол хийдэг гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Багаасаа гарын уртай, зураг зурдаг байсан. Зураг зурж олон ч дэвтэр дуусгасан. Би зүү ороох оёдлыг хөл хорионы үед сурч, цөөн даалин оёсон. Металл хамтлагийн бөмбөрчин даалин оёод сууж байна гэхээр хүмүүсийн санаанд буухгүй л байх. Гэхдээ юм оёх гоё шүү дээ.
.jpg)
-Хүмүүсийн хандлагыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Металл хөгжимчин гэхээр хүмүүс хэрхэн харилцахаа мэддэггүй шиг байна лээ. Тэгээд өөрсдөөс нь жаахан өөр санагдвал харилцахаас төвөгшөөдөг. Харин ямар нэгэн байдлаар ярилцаад үзсэн хүмүүс “Харагдаж байгаагаасаа огт өөр хүн байна” гэдэг. Хийсэн уран бүтээлийг минь анх удаа сонсоод ойлгохгүй ч агуулгыг нь мэдсэнийхээ дараа “Ямар гүн агуулга вэ” гэдэг. Миний шивээс, цоолборыг харчихаад “Хайран сайхан биеийг зургийн дэвтэр болгочихож” гэх хүн байдаг л юм. Олон хүн шивээснээс минь болоод намайг муу хүн гэж боддог байх. Гэхдээ хүмүүсийн бодол надад огт хамаагүй ээ. Амьдарч байх хугацаандаа хийхийг хүссэн бүхнээ хийж, аз жаргалыг өөрийнхөөрөө мэдрэх хэрэгтэй гэж боддог. Өөрийнхөөрөө л амьдарч байгаа минь энэ.
-Хамгийн их хүсэж, сонирхож хийлгэсэн шивээс, цоолборынхоо тухай?
-Надад микки маусны хос шивээс бий. Долоон жил үерхсэн бүсгүйтэйгээ хийлгэж байсан юм. Одоо харилцахаа больсон ч миний хамгийн хайртай шивээс хэвээрээ. Миний хамгийн нандин дурсамжийг эргэн сануулдаг шивээс.
| Г.БОРХҮҮ: МЭДЛЭГТЭЙ, МЭДРЭМЖТЭЙ ХҮМҮҮС Л МЕТАЛЛ ХӨГЖИМ СОНСДОГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |