• Өнөөдөр 2024-05-19

ЦАГААН ХАДАНД НҮҮРС ТЭЭВЭРЛЭСЭН АНХНЫ ЖОЛООЧДЫН НЭГ А.ГАНБОЛД: МОНГОЛЫНХОО БАЯЛГИЙГ 17 ЖИЛ ГАДАГШ НЬ ЗӨӨЖ БАЙГААДАА ХАРАМСДАГ Ч АМЬДРАЛАА ЗАЛГУУЛАХЫН ТУЛД АЖИЛ ХИЙХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

2024-05-11,   1750

     ТӨДИЙГӨӨС ӨДИЙГ ХҮРТЭЛ ЗҮТГЭСЭН ЖОЛООЧ МИНИЙ АМЬДРАЛ ДЭЭРДЭЭГҮЙ  БАЙНА 

    17 жил улсынхаа ачааг нуруундаа “үүрч”, халуунд халж, хүйтэнд хөрж яваа нүүрс тээврийн жолооч А.Ганболдтой ярилцлаа.

-Тавантолгойгоос Цагаан хад руу нүүрс тээвэрлэдэг анхны жолоочдын нэг нь та байсан шүү дээ. Таныг ажилд ороход Цагаан хадны амьдрал хэрхэн өрнөдөг байсан бэ?

      -Би 2007 оны хавар Цагаан хад руу нүүрс зөөдөг жолооч болсон. Тухайн үед Монголын талаас “Транс-1” ХХК,  Хятадын нэг компани нүүрс тээвэрлэдэг байсан юм. Тавантолгойгоос Цагаан хад хүртэл талдаа 240 километр шороон замаар явдаг байлаа. Сайн явж чадвал 3-4 хоногт нэг явна гэсэн үг. Одоо дараалал ихтэй болчихсон болохоор жолооч нар сард нэг явж чадахтай үгүйтэй болоод байна. Намайг нүүрс зөөж эхлэхэд Цагаан хад одоогийнх шиг эвдрээгүй, ургамал ногоо нь ургадагаараа ургадаг сайхан байгальтай байсан. Одоо тоос, шороо бужигнасан, гишгэх газаргүй болтлоо эвдэрсэн байгаа. Дээрээс нь явах, явахгүй машины бааз бий болчихсон байгаа. Тухайн үед бидний Цагаан хаданд буулгасан нүүрсийг  хятадын жолооч нар амдаж авдаг байсан. Монголын нутаг дэвсгэрт нүүрс зөөдөг хятад тун цөөн байсан. Биднээс өмнө хятад жолооч нар ч байгаагүй. Бидэнтэй зэрэг л тээвэрлэж эхэлсэн юм.

-2006, 2007 оны үед Хятад, Монголын талаас нэг, нэг компани үйл ажиллагаа явуулдаг байж. Монголын “Транс-1” ХХК-д хэчнээн жолооч ажилладаг байсан бэ. Таны жолооч болсон шалтгаан юу вэ?

        -Тухайн үед “Транс-1” ХХК 100 машинтай байсан. Би Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд малчин байсан. Малаар амьдарч боломгүй болохоор нь тээврийн жолооч болсон юм.  Тэгээд “Норд бенз” гэдэг машин барьж,  нэг явалтаар 70 тонн нүүрс ачдаг байлаа. "Транс-1" ХХК-д гурван жил ажиллаж байгаад “Мөнхийн буухай” ХХК-д өнөөг хүртэл ажиллаж байна. 480 километрт нэг явалтаар 70 тонн нүүрс ачдаг гэхээр жилд дунджаар 5880 тонн нүүрс тээвэрлэж, 40320 километр явдаг байсан. Харин сүүлийн үед явахгүй байгаа.

-Тухайн үеийн жолооч нар хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?       

       -Нэг яваад 30 мянган төгрөг авдаг байсан. Бидний цалин 30 мянган төгрөгөөс л эхэлдэг байлаа шүү дээ. Тухайн үедээ болчихдог л байсан. Одоо давхар чиргүүтэй жолооч нар сард 800 мянгаас нэг сая хүртэл төгрөгийн цалин авдаг гэсэн. Монголчуудыг нүүрс зөөж эхлэхээс өмнө Хятадын хил улиралд 20 хоног нээдэг бараа хомс байлаа.

-Та хоол, хүнс, аюулгүй байдлаа хэрхэн хангадаг байсан бэ. Саад бэрхшээл хэрхэн тулгардаг байв?

    -Зуны цагт шавар, шалбаагт суух, өвөл цасанд суух гээд бэрхшээл их. Машин эвдэрч, саатах тохиолдол ч цөөнгүй. Тухайн үед холбоо барих утасгүй байсан учир замын жолоочоор хэл хүргүүлдэг байлаа. Манайхан хэзээ ирэхийг нь мэдэхгүй учир даарсандаа хөнжлөө нөмрөөд хэвтэхээр толгой дээгүүрээ номорсон хэсэг цанатаад хөлдчихдөг байсан. Тийм л хүйтнийг, аагим халууныг  туулж, өмнийн говиор амьдрахын төлөө зүтгэдэг байлаа. Одоо ч хэдэн мянган жолооч яг л тэгж амьдрахын төлөө зүтгэж, амиа өгөхөөс буцахгүй яваа шүү дээ. Тухайн үед манайх зам дагуу байсан болохоор гэрээрээ орчихдог байсан. Заримдаа цайны газар хоол идчихээд ундааны саванд бор цай хийхээд л гардаг байлаа даа. Одоо холбоо барих утастай, хаа сайгүй дэлгүүр, цайны газартай болчихсон болохоор өлсөнө гэж лав үгүй байх аа. Гэхдээ л жолоочийн зовлон дуусахгүй. Хөдөө машин эвдрээд суучихвал хэцүү шүү дээ. 

-Сүүлийн үед жолооч нар удаан хугацаагаар оочерлож, нүүрсээ ачуулдаг болохоор архидах, хоорондоо муудалцах асуудал их гардаг юм шиг байна?

     -Цагаан хаданд 10 мянган машин бий гэх албан бус тоо байдаг. Нүүрсэндээ оочерлодог жолооч нар уйдсандаа архи ууж, маргалдах, нэгнийгээ хөнөөх асуудал  гарна. Зарим нь машиндаа унтаж байгаад шатаж үхсэн тохиолдол ч байдаг. Сүүлийн үед тоос, шороо ихтэй болохоор хоорондоо мөргөлдөөд осол их гардаг болсон байна лээ. Би ч гэсэн автомашинтай мөргөлдөөд бүтэн сар ажилдаа явж чадаагүй үе байсан.

-Та Цагаан хадыг байгалиараа байхад нь жолоочоор ажиллаж байсан гэлээ. Одоо нөхцөл байдал ямар болсон бол. Жолоочдын амьдрал дээрдсэн үү?

      -Цагаан хад өнгөрсөн жил цахилгаантай болсон. Түүнээс өөрөөр өөрчлөгдөж, хөгжсөн зүйлгүй. Харин хятадын тал 99 хувь өөрчлөгдсөн, баяжсан. Захын хятад л 10-20 нүүрсний машинтай монгол жолооч нарыг ажиллуулж байх жишээний. С зөвшөөрөл гарснаас хойш хятад жолооч нар нүүрс зөөхөө больсон. Монголчууд л Хятадын боол болж байгаа шүү дээ. Тэглээ гээд жолоочдын цалин хөлс нь хангалттай биш. Одоо дан чиргүүтэй машинуудыг Цагаан хад руу явуулахаа больчихсон. Танил талтай, мөнгөтэй компаниудын машин явж байгаа.

-Та 17 жил Цагаан хад руу нүүрс зөөжээ. Монголынхоо баялгийг тээвэрлээд явж байхад юу бодогддог вэ?

     -Улсынхаа баялгийг хятадуудад хямдхан өгч байгаадаа харамсдаг. Би ганцаараа харамслаа гээд яалтай билээ. Хэдэн төгрөг олохын тулд хий гэснийг нь хийгээд л явна шүү дээ. Цагаан хад руу нүүрс зөөхөө больсон жолооч нарыг Ханги мандалын хил рүү талдаа 500 гаруй километр яв гэдэг болсон. Тэгээд цалин хөлс нэмэгдэхгүй болохоор цалингаараа машины сэлбэг аваад л дуусчих юм. Тээврийн хөлс бага болохоор жолоочийн амьдрал төдийгөөс өдийг хүртэл дээрдэхгүй байна. Би Ханги мандал руу арай яваагүй байгаа. Сонгууль дөхөхөөр нүүрс тээврийн жолоочид ажилгүй болчихдог.

-Та насаараа шахуу тээврийн жолоочоор ажилласан байна. Гэрийнхнээс нь таниас өөр жолооч болсон хүн бий юү?

      -Би Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 1966 онд төрсөн. Нэг хүүхэдтэй. Эцэг, эхээс наймуулаа. Цэргээс халагдаж ирээд жолооны сургалтад сууж, 53 машин хувьдаа авч байсан. Машин барих сонирхолтой болохоор гэрийнхнээсээ ганцаараа жолооч болсон. Олон жил жолоо мушгиж, онц тээвэрчин, Хөдөлмөрийн хүндэт маделиар шагнуулж байлаа. Цагаан хадны жолооч нарын үс амархан бууралтдаг юм шиг надад санагддаг. Бас тоос, тортогтой орчинд яваа бидний уушги, цээж авах юмгүй болсон байдаг байх. Эр хүн гэсэндээ л гүрийсээр, зүтгэсээр л явна даа, бид.


ЦАГААН ХАДАНД НҮҮРС ТЭЭВЭРЛЭСЭН АНХНЫ ЖОЛООЧДЫН НЭГ А.ГАНБОЛД: МОНГОЛЫНХОО БАЯЛГИЙГ 17 ЖИЛ ГАДАГШ НЬ ЗӨӨЖ БАЙГААДАА ХАРАМСДАГ Ч АМЬДРАЛАА ЗАЛГУУЛАХЫН ТУЛД АЖИЛ ХИЙХЭЭС ӨӨР АРГАГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 10:02:50
    иргэн: тийм ч бага орлоготой биш байхаа сая төгрөгний төлөө тэнд байдаг хүн ч бхйхгүй байхаа дан хүний жолооч хийгээд байхаар яаж өөдлөхөв дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188