• Өнөөдөр 2024-05-01

Б.АРИУНЦЭЦЭГ: "FIBA 3X3 ASIAN CUP" 2024 НААДМААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДААРАА ХАМГИЙН ИХ БАХАРХАЖ БАЙНА

          Монгол Улсын 3х3-ын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээнээс хос хүрэл медаль хүртэж, Монгол Улсын түүхийн хуудсыг нэгээр нэмлээ. Эмэгтэй шигшээ багийн тамирчид хүрэл медалийн төлөө Тайвань Улсын багтай тоглож, 17:10 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Ингээд эмэгтэй шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэгтэй ярилцсанаа танд хүргэж байна. Тэрбээр "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний шилдэг эмэгтэй гарааны бүрэлдэхүүнд багтсан юм.

              Б.Ариунцэцэг нь “Ulaanbaatar Amazons” багийн тамирчин бөгөөд 2001 оны нэгдүгээр сарын 17-нд Сэлэнгэ аймагт төрсөн. Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйчээр төгссөн. “Ханжоу 2022” Азийн наадмын Монголын багийн тугчаар сонгогдсон. ОУХМ Б.Ариунцэцэг “FISU 3x3” 2022 оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “FIBA 3x3” 2018 залуучуудын ДАШТ-ий тавдугаар байр, “FIBA 3x3”   national league 2019 тэмцээний Ази Африк бүсийн аварга юм.

-Танд болон багийнханд нь баяр хүргэе. Азийн аварга шалгаруулах "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ шүү дээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Азийн аваргын хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Медаль хүртэх мөчийн мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байлаа. Багийнхныхаараа болон өөрөөрөө үнэхээр их бахархлаа.

-Хүрэл медалийн төлөөх тоглолт ямар байсан бэ. Медаль авах зорилгодоо хүрлээ шүү дээ. Тухайн тоглолтын талаар яривал?

                -Таван байж, анхааралтай тоглохыг хичээсэн. Дасгалжуулагч маань өмнөх тоглолтыг мартаж, хүрэл медалийн төлөө хүчтэй, өөрсдөдөө итгэлтэй тоглоорой гэсэн. Азийн наадмаар Тайван Улсын багийг ялж байсан учраас энэ жил бидэнтэй илүү хүчтэй өрсөлдөх байх гэж бодсон. Бид үнэхээр ширүүн өрсөлдсөн.

-Энэ удаагийн тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байв?

                -Багууд ер нь жигд хүчирхэг, өөрсдийн тоглох арга барилтай байлаа. Миний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Хятад болон Австрали Улсын баг байсан.

-Азийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг эмэгтэй гарааны бүрэлдэхүүнд багтсан сэтгэгдлээсээ хуваалцвал?

                -Энэ шагналыг авахад ганцхан миний хөдөлмөр нөлөөлсөн гэж бодохгүй байна. Багийнхныхаа хүчээр авч чадлаа. Анх удаа олон улсын тэмцээний гарааны шилдэг эмэгтэй тамирчнаар нэрлэгдсэндээ баяртай байгаа.

-Монгол Улсын шигээ багт хэдэн насандаа ямар тэмцээний дараа дуудагдсан бэ. Тэр үед ямар мэдрэмж авч байв?

                -2017 онд Хүүхдийн их наадмын үеэр Монгол Улсын шигшээ багт дуудагдсан. Тухайн үед хоёр шигээ баг бүрдүүлж, би нэгдүгээр багт нь харьяалагдаж байлаа. Эх орноо төлөөлөх шигшээ багийн тамирчин болно гэж төсөөлж ч үзээгүй надад үгээр хэлэмгүй сайхан мөч байсан. Миний илүү их хичээх шалтгаан болсон юм байх.

-Шигшээ багийн тамирчидтай олон тэмцээнд оролцоо шүү дээ. Багийнхныхаа талаар ярихгүй юу?

                -Нэг болж чадсан хүмүүс. Тамирчин байх ёстой бүх л чанарыг өөртөө шингээсэн хүмүүс. Үргэлж нэгнээсээ суралцаж, хичээж байдаг. Гэр бүл шиг л нэгэндээ нээлттэй, сэтгэлээсээ ханддаг хүмүүс.

-Сагсан бөмбөгийн спортоор хэзээнээс, яагаад хичээллэж эхэлсэн бэ. Юу нь таны сонирхлыг татав?

                -Ах нартайгаа сагсан бөмбөгийн шийдэн дээр өнждөг хүүхэд байлаа. Сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа медалийг хүртэж байлаа. Бөмбөг цагаригт орж буй мөч, тэр чимээ хамгийн сайхан санагдаж, дахин дахин тоглоод баймаар мэдрэмж өгдөг. Сагсан бөмбөг бол миний амьдралыг салшгүй нэг том орон зай шүү дээ.

-“Ulaanbaatar amazons” баг Дээд лигээс мөнгөн медаль хүртсэн шүү дээ. Дөрвөн сарын турш үргэлжилсэн тус тэмцээний талаар яривал?

                -Өмнө жилийнхээ аварга нь байсан учраас аваргын цомоо хамгаална гэсэн зорилготой Дээд лигтээ хүч үзсэн. Гэхдээ харамсалтай нь аваргын цомоо хамгаалж чадалгүй, дэд байрт шалгарсан. Манай багийн гишүүд 5х5, 3х3-ын шигшээ багийнхантай зуны турш амралтгүй бэлтгэл хийж, тэмцээнд оролцсон учраас ядралттай байсан байх. Багт маань олон залуу тамирчид нэгдсэн. Тийм учраас бидэнд туршлага болсон жил гэж бодож байгаа. Өөрсдөдөө дүгнэлт хийж, алдаагаа засаад дараагийн Дээд лигийн тэмцээний хүчтэй өрсөлдөгч нь байна гэж бодож байгаа.

-3х3 сагсан бөмбөгийн онцлогийн талаар ярихгүй  юу. Таны хувьд ямар онцлогтой санагддаг вэ?

                -Миний хувьд хамгийн гоё спортын төрөл гэж боддог. Хурдан довтолгоо, хамгаалалт шаарддаг төрөл. Бөмбөгнөөс нь эхлүүлээд бүх зүйлд нь дуртай. Надад илүү сайхан мэдрэмж төрүүлдэг төрөл.

-Сагсан бөмбөгийн спорт таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

                -Би нэлээн дотогшоо зантай төрлийн хүн. Сагсан бөмбөгийн спорт л намайг ил гаргаж, нээлттэй хүн болгодог юм шиг санагддаг. Хүнтэй зөв мэндлэхээс эхэлээд намайг хамгийн сайнаар нээж, хүмүүжүүлсэн.

-Оролцож байсан тэмцээнүүд  дундаас нь хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээн бий юү. Онцолж яривал?

                -Олон тэмцээн бий. Тэр дундаас “Ханжоу” Азийн наадмын Тайвань Улсын багтай тоглосон тоглолт миний сэтгэлд хамгийн тод үлдсэн. Хожиж байгаад оноогоо бариулаад оноо тэнцсэн. Тоглолд дуусаж хожигдохоос хэдэн секундийн өмнө шийдвэрлэх оноог манай баг авч ялсан. Эгзэгтэй мөч олон байсан учраас тэр тоглолтыг огт мартахгүй байх.

-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юү. Охиныгоо сагсан бөмбөгөөр хичээллэж, амжилттай дүүрэн байгааг гэр бүл нь хэрхэн хүлээж авдаг вэ?

                -Ээж минь оюутан байхдаа сагсан бөмбөг, волейболоор хичээллэдэг байсан юм билээ. Гэр бүлийнхэн нь миний арыг дааж, намайг зөвхөн сагсан бөмбөгөөр хичээллэж, бэлтгэлдээ анхаарал хандуулахад тусалдаг. Намайг үргэлж дэмждэг тэдэндээ хайртай шүү гэж хэлмээр байна.

- Тэмцээнд оролцохоосоо өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Талбай дээр гарахаасаа өмнө заавал хийдэг зүйл, зуршил бий юү?

                -Талбай дээр гарахаасаа өмнө бага зэрэг сандардаг. Сандралаа давахын тулд урт амьсгаа авна, дуу сонсоно, утсаараа тоглож, тоглож өөрийгөө тайвшруулдаг.

-Таны дараагийн мөрөөдөл, зорилго юу байгаа вэ?

                - Хонконгод болох олимпын эрхийн тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж байна. Олимп оролцох миний мөрөөдөл. Мөрөөдөлийнхөө төлөө хичээж байгаа.

 


 

 


Б.АРИУНЦЭЦЭГ: "FIBA 3X3 ASIAN CUP" 2024 НААДМААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДААРАА ХАМГИЙН ИХ БАХАРХАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188