-Монгол банхарыг өсгөж, үржүүлэх болсон шалтгаан нь юу байсан бэ?
-Анх нохой тэжээх хүсэл сонирхол төрж, олон үүлдрийн нохойг судалж үзсэн. Харин монголд гадаад үүлдрийн нохой тэжээдэг цөөнгүй хүн бий. Гэвч Үндэсний гэх тодотголтой Монгол банхарыг монголчууд л мэдэхээс, олон улсад төдийлэн танигдаж, бие даасан үүлдэр болон бүртгэгдээгүй байсан юм билээ. Тиймээс 2010 оноос хойш монгол банхар тэжээж, өсгөн үржүүлж, цаашлаад сонирхол нэгт залуустайгаа нэгдэж Монгол банхарыг судлан хөгжүүлж дэлхийд бүртгүүлэх зорилготой "Монгол банхар судлалын холбоо" ТББ-ыг байгуулан ажиллаж байна.

-Дэлхий дээр цөөнгүй үүлдрийн нохой бий. Түүнээс Монгол банхарын ялгарах онцлог, хэв шинжийг та хамгийн сайн мэдэх байх ?
-Дэлхий дээр байгаа ихэнх үүлдэр нь хүний гар, үржил селекцийн үр дүнд бий болсон. Харин Монгол банхар бол тэднээс өөр. Учир нь олон жилийн туршид байгалийн эрс тэс уур амьсгал, монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, уламжлалт ёс заншлын нөлөөнд бий болсон Монгол Үндэстний уугуул нохой юм. Эртний нүүдэлчин монголчуудын салшгүй анд нөхөр байсаар ирсэн энэ нохой байгалийн зөн билэг өндөр хөгжсөн, сүргээр болон бие даан амьдрах чадвартай, ухаалаг, тэвчээртэй, дайчин байдлаар бусад үүлдрээс ялгарах болсон. Цаашлаад мал аж ахуй эрхэлж амьдардаг нүүдэлчин ардын таван хошуу мал, бусад эд хөрөнгийг ямарваа нэгэн аюулаас хамгаалсаар ирсэн эртний баялаг түүхтэй амьтан юм. Тиймдээ ч Монгол банхарыг дэлхийд нэн эртний уугуул үүлдрийн нохой гэж үздэг.
-Монгол нохойнд байгалийн зөн байдаг гэлээ. Энэ тухай баримт, мэдээлэл байдаг болов уу?
-Монгол банхар нь төрөлхийн байгалийн зөнтэй, ухаалаг, даруу амьтан. Гэхдээ шаардлагатай үед хурц, ширүүн зан араншингаа гаргаж чаддаг онцлогтой. Монголын түүхийн олдворуудаас Монгол банхарын тухай олдвор, баримт илэрч байсан удаа ч бий. Энэ нь Монгол банхарыг хэзээнээс бидний дунд нутагшиж, олон зууны турш өвөг дээдэстэй минь хэрхэн аж төрөн байсныг илтгэнэ. Одоо ч малчны хотонд байгаа банхар отор нүүдэлд явж, эзэндээ үнэнч байсаар байна. Түүнчлэн, хол газраас гэрээ олоод ирэх, идэш тэжээлээ өөрөө олж идэх гээд дурдаад баршгүй. Цасан шуурганд төөрсөн эзнээ аварсан монгол банхар, газар хөдлөлтөөс айл гэрээ хамгаалсан монгол банхар гээд тохиолдсон явдал олон байдаг.

-Танай байгууллагаас Монгол банхар авах гэж малчид цөөнгүй зорин ирдэг байх?
-Тэгэлгүй яахав. Малчид хөдөөнөөс Монгол банхарын эр, охин гөлөг авахаар жил бүр л зорьж ирдэг дээ. Манай байгууллагын зүгээс малчиддаа боломжийн үнээр, уриалгахан хүлээн авч өгдөг. Харин авсан нохой нь хожим гавьяа байгуулж, хоттой малаа сайн манаж байсан олон тохиолдол байгаа шүү. Эзэд нь байнга тэднийгээ магтаж, бидэнтэй холбоотой байдаг. Хөдөө очоод бэлчээрт малаа дагаж, араатан зэрлэг амьтдаас хот айлаа хамгаалж чадсан нэг нохойны эзэн бидэнд бэлэг хүртэл өгч байлаа. Үүнийг Монгол банхар л чадна шүү дээ. Тийм учраас бид дэлхийд албан ёсоор бие даасан үүлдэр болгон бүртгүүлж, малчин айл бүрийн хот монгол банхартайгаа байгаасай гэж хүсдэг. Үүний тулд сэтгэл санаа нэгдсэн олон залуус ажиллаж байна даа.
-Анх тэжээж, өсгөж байх явцад юуг илүү анхаарах шаардлагатай байдаг вэ. Энэ талаар судалж байв уу?
-Анх малчны хотонд хонио хариулаад явж байсан Монгол банхарыг л бид Улаанбаатарт авчирч, өсгөн үржүүлсэн шүү дээ. Тэжээж байх явцад зан араншин, хоол тэжээл, үржлийн онцлог гээд бүх зүйлийг зэргийг бид ажиглаж судлаад явж байгаа. Анх тэжээж байгаа хүмүүст юу чухал вэ гэвэл хамгийн энгийн үйл явц буюу гөлөг байхаас нь л вакцин, туулга, тохиромжтой хоол хүнс хэрэглэх явдал. Хүмүүс хувь хүнээс удам гарал нь тодорхойгүй, албан ёсны удмын бичиг чипгүй гөлөг авчихдаг. Тэдгээр гөлөг нь вакцин туулга тариулах нь битгий хэл эхийнхээ сүүнээс ч салаагүй жижиг гөлөг байх нь олонтай. Тиймээс монгол банхарын гөлөг тэжээе гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд албан ёсны үржлийн газраас эрүүл мэндийн баталгаатай вакцин туулгатай хоёр сар хүрсэн гөлөг аваарай гэж зөвлөмөөр байна.
-Одоогоор Монголд бүртгэлтэй хэчнээн тооны Монгол банхар байдаг вэ?
-Монголын нохой судлалын холбоонд бүртгэлтэй таван мянга орчим Монгол банхар байдаг. Үүнээс 200 гаруй үржүүлгийн газар бий. Энэ нь тусгай бичиг баримт, чип зэргээр хангасан нохойн тоо толгой. Үүнээс бүртгэлгүй байгаа олон Монгол банхар ч бий. Одоо бид Монгол банхараа дэлхийд бүртгүүлэхийн тулд шаардлагатай үйл ажиллагааг явуулж байна.
-Эртнээс байгальд дасан зохицож, Монгол ахуйд амьдарсаар ирсэн нохойг суурин газар үржүүлж, өсгөх болсонд шалтгаан бий байх?
-Монгол банхартай адил уугуул үүлдрийн нохой цөөнгүй бий. Харин эдгээр уугуул үүлдрийн нохой хүний амьдрах орчин нөхцөл, бусад шалтгаанаар ахуй байгалиас суурин газар шилжиж хувьсан өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл урт хугацааны туршид өөрчлөгдөж байгаа жам ёсны л асуудал. Аливаа үүлдэр он цаг өнгөрөх тусам л амьдрах орчин гадаад дотоод хүчин зүйлээ даган өөрчлөгддөг. Гэхдээ манай холбооны зүгээс Монгол банхараа нүүдэлчин ахуйгаас холдуулахгүй юмсан гэж санаа зовнидог. Тиймдээ ч бид Говь-Алтай, Өмнөговь аймгуудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ төслийн хүрээнд тус аймгийн малчдын хотонд Монгол банхараа нутагшуулж, нүүдэлчин ахуйд нь хүргэж байна. Цаашлаад малчны хотыг байгалийн зэрлэг ан амьтдаас хамгаалж байх зорилготой юм. Үүний хүрээнд бид эхнээсээ нааштай үр дүнд хүрээд явж байна. Төсөл хэрэгжүүлсэн айлын хотонд байгалийн зэрлэг ан амьтан орж, тоо толгойг нь бууруулах нь эрс багассан тоо баримт бий. Энэ бол хоточ Монгол банхарын бахархам чадвар юм.

-Нохойны хариуцлагагүй үржүүлэг ихээр явагдах болсон шүү дээ. Тиймээс Монгол банхарын хариуцлагатай үржил, үнэ цэнийг хэрхэн хадгалж байна вэ?
-Хариуцлагатай үржүүлэгч байх нь чухал. Монголд хариуцлагагүй үржүүлэг элбэг явагдах болсон нь гудамжны нохой элбэгших шалтгаан болж, үнэ цэн алдагдахад хүрээд байна. Үүнээс сэргийлэхийн тулд Монгол банхараа үнэ цэнтэй байлгах үүднээс Монгол нохой стандартыг баталж, олон нийтэд сурталчилах үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ ч жил болгон үзэсгэлэн болон тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулж байна. Хамгийн чухал үйл ажиллагаа бол үзэсгэлэн тэмцээн байдаг. Монголын нохой судлалын холбоо дэлхийн нохой судлалын холбоонд элсэн орсон цагаас хойш нохойн эрүүл мэнд, хөдөлгөөн, бие махбодь дээр анхаарсаар ирсэн. Үзэсгэлэн тэмцээний үеэр Монгол банхарын биеийн стандарт, өсөлт, хөгжил зэргээр шилдгүүдийг шалгаруулдаг. Мөн жилийн дөрвөн улиралд цугларалт зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагаа нь нохой сонирхогч залуусд Монгол банхарын талаарх мэдээ мэдээллийг хүргэх, туршлага солилцох боломжийг олгож байдаг.

| Б.БАТ-ЭРДЭНЭ: МАЛЧИН АЙЛ БҮРИЙН ХОТОНД МОНГОЛ БАНХАР БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |