Эхлэл хэсгийг дараах линкээр дарж уншаарай. https://ergelt.mn/news/1/single/58895
Эргэн санавал, 2018 оны арваннэгдүгээр сарын 29-нд АТГ-аас хэвлэлийн хурал хийж, “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүд ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг шалгаж байгаа” гэж мэдэгдэж байв. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг ямар компаниар дамжуулан зээл авсныг нь нууцлаад өнгөрсөн. АТГ-ын энэхүү хэвлэлийн хурлаас хоёр цагийн дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж “Албан ёсоор хэлье. Надтай хамаарал бүхий нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй, авах ч үгүй. Миний хамаарал бүхий этгээдүүд ЖДҮХС-гаас зээл авсан нь баримтаар гарч ирвэл би өнөөдөр ч УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөхөд бэлэн байна” гэж мэдэгдэж байлаа.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн “Миний хамаарал бүхий этгээдүүдээс ЖДҮ-ийн зээл авсан хүн байвал ажлаа өгье” гэсэн амлалт нь одоо ч хүчинтэй хэвээр бол түүнээс ам асуух нэг баримт байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэнгийн төрсөн дүү нь Дагдангийн Баярсүрэн гэж хүн бий. Харин Д.Баясүрэнгийн охин Батмөнхийн Мөнхтуяа гэж эмэгтэй бий. Б.Мөнхтуяа нь 1998 онд Бэрх тосгоны ЕБС-ийн 10В ангийг Л.Оюун-Эрдэнэтэй хамт төгссөн. Өөрөөр бол, Б.Мөнхтуяа нь Л.Оюун-Эрдэнийн үеэл, нэмээд 10 жилийн ангийн найзууд гэсэн үг. Тэгвэл Б.Мөнхтуяагийн нөхөр нь Чогсомын Хашчулуун гэж хүн бий. Ч.Хашчулуун нь “Хашдэ” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд 2018 оны зургадугаар сарын 8-нд ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан. Гэтэл Ч.Хашчулуун “Хашдэ” ХХК-ийнхаа нэрээр авсан 400 сая төгрөгийн зээлээ одоо хүртэл эргэн төлөөгүй, хүү алдангитайгаа 425 сая төгрөг болчихсон явж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хавар “УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд, аймаг, дүүргийн засаг ноёдууд хамаарал бүхий этгээдүүдээрээ төрөөс тендер авч, тэрбумтан болдог бусармаг явдлыг таслан зогсооно” гэж сүржин мэдэгдээд, Ашиг сонирхлын тухай хуульд өөрчлөлт оруулж байв. Үүгээрээ Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө төрөөс тендер хөөцөлдөж гүйдэггүй, ашиг сонирхлын зөрчилгүй, айхтар дэг журамтай хүн мэтээр харуулсан юм даг. Харамсалтай нь, бодит байдал дээр тийм биш. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болмогцоо төрөлх Хэнтий аймгийн Норовлин, Бэрх, Биндэр, Дэлгэрхаан, Дадал, Батноров суманд аялал жуулчлалын зургаан цогцолбор барих төслийг санаачилж, төсөв хөрөнгийг нь 2018 оноос улсын төсөвт суулгаж эхэлсэн байдаг. Улмаар 2018 оны тавдугаар сард Хэнтий аймгийн Биндэр суманд “Их хуралдай” аялал жуулчлалын цогцолбор барих тендер зарлагдаж, тус тендерт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бүртгэлтэй “Мөнх-Өргөө” ХХК шалгарсан. Хөвсгөлд бүртгэлтэй барилгын жижигхэн компани хаа байсан Хэнтийд түүхэн аялал жуулчлалын цогцолбор барих тендерт өрсөлдөгчгүй шалгарсныг нь тухайд үед хэн ч анзаарсангүй, хэл ам хийсэнгүй. Ингээд 2018 оны наймдугаар сард Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр Хэнтий аймгийн Биндэр суманд очиж, “Их хуралдай” аялал жуулчлалын цогцолборын шавыг тавьж, “Мөнх-Өргөө” ХХК-ийг ажилд нь оруулсан байдаг. Дараа нь, 2022 оны зургадугаар сард өнөөх Хэнтийн аймгийн Биндэр суманд баригдаж буй “Их хуралдай” аялал жуулчлалын цогцолборын зоорийн давхрын тохижилтыг хийх 529 сая төгрөгийн нэмэлт тендер зарлагдаж, тус тендерт мөн л “Мөнх-Өргөө” ХХК шалгарсан. Ингээд “Мөнх-Өргөө” ХХК өнгөрөгч 2024 оны хавар “Их хуралдай” цогцолборыг ашиглалтад оруулсан. Сая сар шинийн баярын өмнөхөн “Мөнх-өргөө” ХХК-ийн барьсан “Их хуралдай” аялал жуулчлалын цогцолборыг “Модон луу жилийн шилдэг барилга”-аар шалгаруулж, шагнал гардуулсан байдаг.
Тэгвэл Хэнтий аймгийн Биндэр суманд “Их хуралдай” аялал жуулчлалын цогцолборыг 2.5 тэрбум төгрөгөөр барьсан “Мөнх-Өргөө” ХХК-ийг Батчулууны Батхишигт эзэмшиж, удирддаг. Харин Б.Батхишигт бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэнгийн төрсөн эгч Д.Хишигсүрэнгийн том хүү. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үеэл ах Б.Батхишигтийнхээ Хөвсгөл бүргэлтэй “Мөнх-Өргөө” ХХК-ийг “Их хуралдай” цогцолборын гүйцэтгэгчээр шалгаруулж, 2.5 тэрбум төгрөг өгсөн гэсэн үг юм. Эргэн сануулахад, Хэнтий аймагт баригдсан аялал жуулчлалын зургаан цогцолборын анхных нь болох “Андлалын өргөө” цогцолборын 2.0 тэрбум төгрөгийн тендерийг Л.Оюун-Эрдэнэ эцэг нэгтэй ах Б.Баатарынхаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн Зургийн дарга Л.Батсүрэнгийн компанид өгсөн баримтыг бид “Эргэлт” сэтгүүлийн анхны дугаартаа илчилж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэнгийн төрсөн эгч Д.Хишигсүрэнгийн дунд охин нь Батчулууны Мөнхзул гэж эмэгтэй бий. Л.Оюун-Эрдэнэтэй нас чацуу. Нэмээд, Л.Оюун-Эрдэнэтэй адилхан сэтгүүлч мэргэжилтэй, Монголын үндэсний телевизэд нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилладаг. Л.Оюун-Эрдэнэ ч нэгэн цагт Монголын үндэсний телевизийн “Охид хөвгүүд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байснаа сайрхан ярих дуртайг бид мэднэ. Нас чацуу, нэмээд нэг мэргэжилтэй болоод ч тэр үү, Л.Оюун-Эрдэнэ үеэлүүд дундаасаа Б.Мөнхзултай хамгийн дотно өссөн, өдгөө ч ялгаагүй. Жишээ нь, 2015 онд Л.Оюун-Эрдэнэ Харвардаас дөнгөж ирчихээд “Азийн хүлэг улс” номынхоо нээлтийг хийхэд хүндэт зочдын индэрт нь МАН-ын томчуудтай зэрэгцээд үеэл Б.Мөнхзул, төрсөн дүү Б.Урантөгс хоёр нь заларч байлаа. 2016 онд Л.Оюун-Эрдэнийн эх нэгтэй төрсөн дүү Б.Баярнэмэх хуримлах үед эхний ширээнд нь Б.Мөнхзул нөхөр Д.Азжаргалтайгаа, төрсөн дүү Б.Урантөгс нь нөхөр Ц.Сугаржавтайгаа заларч байлаа. Сүүлд, 2023 оны улсын баяр наадмаар Л.Оюун-Эрдэнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд залрахдаа ганцхан Б.Мөнхзулдаа л ярилцлага өгчихөөд явж харагдсан.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн үеэл Б.Мөнхзулынх нь нөхөр Дагвасүрэнгийн Азжаргал гэж залуу бий. Хуульч мэргэжилтэй, 2017-2021 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан. Тухайн үед Д.Азжаргал жид 22 сая төгрөгийн орлоготой, 110 сая төгрөгийн нэг орон сууцтай, 21 сая төгрөгийн Harrier автомашинтай, зургаан үхэртэй, өөр өөрийн гэж өмчлөх юмгүй гэж мэдүүлдэг байсан. Улмаар Д.Азжаргал 2022 оны хоёрдугаар сард “Аз транспортэйшн девелопмент” ХХК-ийг байгуулсан. Тус оныхоо наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн сайдын А235 тоот тушаалаар Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байдаг. Ингээд өнгөрөгч 2024 оны аравдугаар сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д зургаан сарын хугацаатайгаар 50 ширхэг ачааны вагон түрээслүүлэх 2.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, 2024 оны арваннэгдүгээр сард “Дарханы төмөрлөгийн үйлдэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, “Аз транспорттэйшн девелопмент” ХХК-ийн захирал Д.Азжаргал хоёр гэрээ байгуулжээ. Ачааны галт тэрэгний нэг цуваа нь 50 вагонтой байдаг. Тэгэхээр Д.Азжаргал бүхэл бүтэн нэг цуваа вагонтой, түүнийгээ төрд буюу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д зургаан сарын хугацаатайгаар 2.2 тэрбум төгрөгөөр түрээслүүлсэн гэсэн үг.
Цаашилбал, Д.Азжаргалын “Аз транспортэйшн девелопмент” ХХК-ийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай байгуулсан 2.2 тэрбум төгрөгийн зургаан сарын хугацаатай вагон түрээсийн гэрээ энэ дөрөвдүгээр сард дуусна. Тиймээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас саяхан вагон түрээсэлж авах тендер зарласан бөгөөд тендерийн ялагчийг энэ дөрөвдүгээр сард шалгаруулна. Ноцтой нь, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК энэ удаад 650 ширхэг ачааны вагон, 100 ширхэг тавцант вагон түрээсэлж авахаар нийт 72 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр тендерээ зарласан байна. Төрд ажиллаж байхдаа 21 сая төгрөгийн Harrier автомашинаас өөр өмчлөх хөрөнгөгүй гэж мэдүүлдэг байсан Д.Азжаргал хаанаас ч юм 50 ширхэг вагонтой болоод, түүнийгээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д түрээслүүлэх тендерт шалгарч чадсан юм чинь энэ удаад 100, 200 ширхэг вагон түрээслүүлэх тендерийг ч авахыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн вагон түрээсэлж авах 72 тэрбум төгрөгийн тендерийг, тэр тусмаа Д.Азжаргалын “Аз транспортэйшн девелопмент” ХХК шалгарах эсэхийг анхааралтай ажилах ёстой болж байна.

Гол нь, ачааны нэг ширхэг вагон худалдаж авъя гэвэл 80 мянган ам.доллар буюу 270 гаруй сая төгрөгийн үнэтэй байдаг. Харин 50 ширхэг ачааны вагон 4.0 сая ам.доллар буюу 13.8 тэрбум төгрөг болно. Тэгэхээр жилд 22 сая төгрөгийн төсвийн цалинтай төрийн албан хаагч байсан, тэгэхдээ 110 сая төгрөгийн байр, 21 сая төгрөгийн автомашинаас өөр хөрөнгөгүй байсан Д.Азжаргал “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д түрээсээр ашиглуулж буй 50 ширхэг вагоноо багадаа 13.8 тэрбум төгрөгөөр өөрөө худалдан авсан байх боломжтой юу, эсвэл тэр 50 ширхэг вагоноо бусдаас “зээлдэж” аваад дамлан түрээсэлж ашиг олж байгаа юу гэдэг асуулт гарч ирнэ.
Манай улсад бусдад вагоноо “зээлдүүлэх” боломжтой, хувьдаа хамгийн олон вагонтой ганцхан хүн байдаг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газрын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан. Манай улс 11 мянган вагонтой, үүнээс 7000 нь улсын мэдлийнх, 3000 нь Б.Дэлгэрсайханы “Монголиан транс ложистик” ХХК-ийн мэдлийнх, үлдсэн 1000 нь бусад компанийнх гэх мэдээлэл бий. Манай улсын төмөр замын нийт ачаа тээврийн 45 хувь нь зөвхөн Б.Дэлгэрсайханы вагонуудаар хийгддэг гэсэн статистик ч бий. “УБТЗ” ХНН хүртэл ачаалал ихтэй үедээ Б.Дэлгэрсайханаас вагон “царайчилдаг” гэлцэх. Цаг хугацааны логикоор нь хөөж үзэхээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай хоршиж эхлэхтэй яг зэрэгцээд хүргэн Д.Азжаргал нь “Аз транспортэйшн девелопмент” ХХК-аа байгуулсан байж таардаг. Тодруулбал,

2022 оны нэгдүгээр сарын 12-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг концессын гэрээгээр барихаар шийдвэрлэж, 28 дугаартай тогтоол гаргасан.
2022 оны хоёрдугаар сарын 14-нд Л.Оюун-Эрдэнийн хүргэн Д.Азжаргал “Аз транспортэйшн девелопмент” ХХК-ийг байгуулсан.
2022 оны гуравдугаар сарын 9-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барих концессын гэрээг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-тай байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгасан.
2022 оны наймдугаар сард Д.Азжаргалын “Аз транспортэйшн девелопмент” ХХК нь төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас авсан.
2022 оны арваннэгдүгээр сарын 25-нд Б.Дэлгэрсайхан Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг ашиглалтад оруулж, нээлтийн ёслолд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн очиж оролцсон.
2023 оны аравдугаар сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Түгжрэлийн сайдаар Б.Дэлгэрсайханыг томилж, Засгийн газартаа авсан.
2024 оны зургадугаар сарын 23-25-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ говийн бүсийн тойрог буюу Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудаар тойрч, сонгогчидтой уулзалт хийхдээ “Улс төрд гал атгаж чаддаг, ачаалал дааж чаддаг, том төслийн ард гарч чаддаг тун цөөхөн хүн таардаг. Тэдний нэг нь манай Б.Дэлгэрсайхан сайд. Тэр даалгаж өгсөн ажлыг заавал хийж чаддаг. Тиймээс та бүхэн түүнийг дэмжээрэй. Би ч бас Б.Дэлгэрсайханд итгэл хүлээлгэж, Богд уулын доогуур түнэл гаргах ажлыг түүнд даалгах бодолтой байгаа” гэж байв.
2024 оны долдугаар сарын 10-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хамтарсан Засгийн газраа байгуулж, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Дэлгэрсайханыг томилж, хоёр дахь удаагаа Засгийн газартаа авсан. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнэ сонгуулиас ч өмнө “Би Д.Дэлгэрсайханыг Зам, тээврийн хөгжлийн сайд болгож, Богд уулыг нүхлэх ажлыг даалгана” гэж амлаж байгаад сонгуулийн дараа сайд болгосон гэсэн үг.
2024 оны наймдугаар сарын 1-нд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсад түрээсээр ашиглах зорилгоор ачааны болон тавцант вагон гаднаас оруулж ирэхийг хоёр жилийн хугацаагаар хориглох тушаал гаргасан. Өөрөөр бол, төрийн өмчит компаниуд гадаадаас вагон түрээсэлж авч болохгүй, дотоодод ашиглагдаж байгаа түрээсийн вагонуудыг түрээслэхийг үүрэгдсэн. Ингэснээр Б.Дэлгэрсайхан хувийн 3000 вагоноо “үнэд” оруулсан. 2024 оны аравдугаар сарын 24-нд Д.Азжаргалын “Аз транспортэйшн девелопмент” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ачааны 50 ширхэг вагон түрээслүүлэх тендерт шалгарч, гэрээ байгуулсан.
Нэгтгэж харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Дэлгэрсайханд 226 км төмөр замын концессыг “бэлэглэсэн”, нэмээд хоёр удаа сайдаар томилж Засгийн газартаа авсан. Л.Оюун-Эрдэнэ ингэж Б.Дэлгэрсайханыг “эрхлүүлэх” хугацаанд хүргэн Д.Азжаргал нь вагон түрээслэгч болж хувирсан. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Б.Дэлгэрсайханыг төмөр замаар ч, төрийн сайдын сэнтийгээр ч “эрлүүлснийхээ” хариуд түүнээс вагон “зээлдэж”, түүнийгээ хүргэн Д.Азжаргалаа дамжуулан дамлан түрээсэлж, сул ашиг хүртэж байж болзошгүй ноцтой сэжүүр гарч ирж байгаа юм.
Жич: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үеэл Б.Мөнхзул нөхөр Д.Азжаргалаасаа саяхан салсан, тусдаа амьдарч буй гэх мэдээлэл байна. Хэрвээ тийм бол дээрх баримтууд Б.Мөнхзул нарын гэр бүл байхдаа бүтээсэн, түүх гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Одоогоос яг 20 жилийн өмнө, өвөөгөө өөд болсон тэр өдөр төрсөн ахтайгаа анх танилцсан гэж ярьдаг, Л.Оюун-Эрдэнэ. Нэг нь урлагийнх, нөгөө нь улс төрийнх учраас танилцсан түүхээ ийм уярмаар, уран сайхны болгож “зохиосон” ч байж болно. Ямартай ч яг ингэж л ярьдаг. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ 2000 гаруйхан оршин суугчтай буйдхан Бэрх тосгоноосоо орж ирээд удаагүй, харин Б.Баатар “Боролдой” студийн зураачаа больж “Херо”-г байгуулаад ердөө жил л болж байж. Ах, дүү хоёрын “Херо” хэмээх хоршил хамтрал эхэндээ улс төр гэхээсээ урлаг, уран сайхан байлаа. 2008 оны УИХ-ын сонгуулиар С.Баярын “захиалга”-аар найруулсан “Өглөө шиг эх орон” дууны клип, 2009 оны “Би чамд хайртай-II” УСК, 2010 оны “Татар ажиллагаа” УСК гэх мэтээр. Харин 2010 оноос “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг найруулж эхэлснээр хожмоо улс төрийг найруулах эхлэл нь тавигдсан. Ялангуяа 2013 оноос өрнөсөн Х.Баттулга, Ж.Оджаргал хоёрын төмөр замын “теле-тулаан”-д “Херо”-гийн ах дүүс шийдвэрлэх үүрэгтэй оролцсон. Харлуулах, хайрлуулах, үнэмшүүлэх, үзэн ядуулах үндсэн бүх арга барилаа чухам энэ үед олж авсан гэж хэлж болно.

Ийнхүү төрийн тайзнаа бусдын “концерт”-ыг найруулж өгдөг байсан “Херо”-гийн ах дүүс өдгөө өөрсдийнхийгөө найруулж буй. Тайзнаа дүү Л.Оюун-Эрдэнэ нь дуулж, харин хөшигний ард ах Б.Баатар нь хөгжимдөж суугаа. Морин хуур ч, метал рок ч, төгөлдөр хуур ч тоглож чадна, Б.Баатар. Харин Л.Оюун-Эрдэнэд Н.Норонбанзадын ч, Э.Амартүвшингийн ч “хоолой” бий. Өөрөөр бол, 25 жилийн ялтай Ц.Амгаланбаатарыг хорихын “камер”-аас ярилцлага өгүүлсэн шиг, 26 жил хэнд ч ам нээлгүй “харууссан” Б.Булганыг телевизийн камерын өмнө тас тас хөхрүүлсэн шиг “галзуу” санаа чухам Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар хэмээх “Херо”-гийн ах дүүсээс л гарна. Өдгөө төрийн шийдвэр чуулганы танхимаас биш, засгийн заалнаас ч биш, “Гэрэгэ тауэр”-аас гардаг болсныг амтай бүхэн ярьцгааж байна. Өмнө нь “Цэнтрал тауэр”-аас, түүний өмнө “Твин тауэр”-аас гардаг байсан шиг. Гэхдээ “тауэр” бүр өөрийн цаг хугацаатай. “Твин тауэр”-ийнхан өдгөө шүүхээр дэнслэгдэж буй. Харин “Цэнтрал тауэр”-ийнхан хамаг байдгаа алдахдаа тулчихаад сандралдаж байгаа. Хожмын өдөр “Гэрэгэ тауэр”-ийнханд ч ийм цаг ирэхийг үгүйсгэх аргагүйг сануулах нь зүйтэй биз ээ.
Он гарснаас хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энержи ресурс” ХХК буюу “МCS”-ийн эзэн Ж.Оджаргалтай “дайн” эхлүүлж, “Тавантолгойн бүлэг ордын нэг орд болох Ухаа худагийн ордыг хууль бусаар хувьдаа авсан” гэх үйлдлийг нь шалгах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлдээ даалгасан. Ийнхүү хаваржин “дайтсан”-ы эцэст “МСS”-ийн эзэн Ж.Оджаргал саяхан хэвлэлд “Засгийн газрын Үндэсний баялгийн сангийн санаачлагыг бүрэн дэмжиж байгаа. Ухаа худагийн ордын 34 хувийг төрд эзэмшүүлэх замаар хэлэлцээр хийж, шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж буулт хийсэн аятай ярилцлага өгч харагдсан.
Тэгвэл Тавантолгойн бүлэг ордын анхны эзэн, “Энержи ресурс” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Сү.Батболд гэдгийг бид мэднэ. Тавантолгойн бүлэг ордыг Сү.Батболд, Ж.Оджаргал нар “Энержи ресурс” ХХК-аараа хамтран эзэмшиж байгаад, 2008 онд бүхэлд нь төрд буцааж өгч байна гэж өөрсдөдөө баахан алга ташуулаад, ардуур нь Тавантолгойн бүлэг ордын хамгийн сайн чанарын нүүрстэй Ухаа худагийн ордыг өөрсдөдөө авчихсан түүхийг ч бид мэднэ. Ингээд болоогүй, Сү.Батболд 2009 онд С.Баярыг залгамжлан Ерөнхий сайд болж, Ухаа худагийн орд дахь “Энержи ресурс” ХХК-ийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа цэгцэрч жигдэртэл гурван жил Ерөнхий сайдын сэнтийд суусан түүх нь ч бэлээхэн.
Зүй нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын хамгийн баялаг орд болох Ухаа худагийн орд ямар замаар “Энержи ресурс” ХХК-д очсоныг Сү.Батболдоос эхлэн шалгах ёстой байсан. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сү.Батболдоос ял асуух байтугай, ямба эдлүүлэхээр өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын 14 мега төсөлд зөвлөх, гадаадын санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг бүхий Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилоод буй.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээж Л.Даваасүрэнгийн төрсөн эгч Д.Хишигсүрэнгийн бага охин Батчулууны Урантөгс гэж эмэгтэй бий. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнийн үеэл дүү. Гэтэл Б.Урантөгс нь “Ган орд констракшн” ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулж, 2021 оноос Бат-Очирын Ишжамц гэгчтэй хамтран эзэмшиж байгаа. Тус компанийн эцсийн өмчлөгчөөр нь Батчулууны Урантөгс бүртгэлтэй байдаг. Гэтэл “Ган орд констракшн” ХХК-ийг хамтран эзэмшигч Бат-Очирын Ишжамц нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очирын хүү юм. Тэгээд болоогүй С.Бат-Очирын эхнэр, Монголбанкны Дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байсан Тамирын Амарсайхан 2021 оны ХОМ-тээ “Ган орд констракшн” ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг ажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үеэл дүү Б.Урантөгстэй “Ган орд констракшн” ХХК-ийг хамтран эзэмшигч, халаас нэгтэй Б.Ишжамцын аав С.Бат-Очирын хувьд 2016 онд төрсөн дүү Сү.Батболдынхоо гадаад дахь оффшор дансыг эзэмшдэг гэх баримтаар олны эчнээ танил болж байсан нэгэн гэдгийг дурдах нь зүйтэй.

Цаашилбал, Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Харвардыг төсгөж ирээд 2015 онд “Монголд та хэрэгтэй” ТББ-ыг байгуулсан байдаг. Улмаар Б.Баттүшиг “Монголд та хэрэгтэй” ТББ-ынхаа ТУЗ-ийн гишүүнээр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Алсын хараа-2050” Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Тана хоёрыг томилон ажиллуулж байсан баримт ч байна.
Нэгтгэж харвал, үеэл дүү Б.Урантөгс нь Сү.Батболдын төрсөн ахын хүү Б.Ишжамцтай “Ган орд констракшн” ХХК-ийг хамтран эзэмшдэг буюу халаас нэгтэй. Нэмээд, Л.Оюун-Эрдэнэ өөрөө Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн ТББ-д ТУЗ-ийн гишүүн хийгээд гүйж явсан. Энэ мэт холбоо хамаарлаар Л.Оюун-Эрдэнэ Ухаа худагийн ордын асуудалд Сү.Батболдыг татан оролцуулаагүй, харин ч Засгийн газрын 14 мега төслийн Зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болгож “хамгаалалт”-ндаа авсан дүр зураг гарч ирж байна.
Эх сурвалж: "Эргэлт 126" сэтгүүл
| Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II |
|
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-05-05 08:18:23
Г.БАТЗОРИГ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
2026-05-05 07:34:44
2026-05-05 07:20:00
Спортын “СОЁЛЫН БОЛОВСРОЛ-НЭГ МОНГОЛ” нээлттэй өдөрлөг боллоо
2026-05-05 07:10:00
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II
2026-05-05 07:00:20
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-05 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГУУДЫН БАГШ “АЛДАР”-ЫН Ц.ХОСБАЯР
2026-05-05 07:00:00
ОБЕГ: Гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, найман автомашиныг хамгаалжээ
2026-05-04 15:26:33
Монголын хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
2026-05-04 11:28:46
Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэжээ
2026-05-04 10:34:31
Японы хүчирхэг баг “Улаанбаатар-2026” их дуулгад ирнэ
2026-05-04 09:45:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-05-04 09:22:40
“Ulaanbaatar MMC Energy” баг, ”FIBA 3x3 World Tour”-д гуравдугаар байрт орлоо
2026-05-04 08:35:43
Аймгийн арслан М.Эрхэмбаяр Ш.Санжсүрэн арслангийн нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-05-04 08:26:34
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-04 07:00:13
ХОТЫНХОН ТОЛХИЛЦООД ЭХЛЭХЭЭРЭЭ АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭР НЭГНЭЭ УНАГААД ДУУСДАГ ДАА
2026-05-04 07:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-04 07:00:00
ГААЛИЙН УЛСЫН 40 БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
2026-05-04 07:00:00
2026-05-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |